Дэлтэй цэнхэрийнхэн шилдгүүдээ тодруулжээ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 31 -нд

Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ 2017 оны босгон дээр шилдгүүдээ тодруулжээ. Жил бүр шилдэг зургаан насыг тодруулж батламж дурсгал гардуулдаг билээ.
Шилдэг азарга:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Т.Болдбаатарын Магнай халиун. 2017 оны Ардын хувьсгалын 96 жилийн ой, улсын баяр нааадамд түрүүлж "Даян түмэн эх" цол чимэг хүртэн, МУ-ын Засгийн газрын тогтоолтой "Зүүн бүсийн хурд" наадамд аман хүзүүнд давхисан амжилтаар Хөвсгөл аймгийн төдийгүй 2017 оны чансаа өндөр азаргаар хоёр жил дарааллан тодорлоо.
Шилдэг их нас:
Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Нацагдоржийн ягаан халзан морь. МУ-ын Засгийн газрын тогтоолтой “Дэлтэй цэнхэрийн хурд-2017" хангайн бүсийн хаврын уралдаанд айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Түмэн адууны баярт түрүүлээд, АХ-ын 96 жилийн ой, улсын баяр наадамд 15-д хурдалсан амжилт гаргажээ.
Шилдэг соёолон:
АХ-ын 96 жилийн ой, Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн Арбулаг сумын уяач М.Отгондэлгэрийн цоохор үрээ.
Шилдэг хязаалан:
Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Пүрэвдоржийн Шувуун саарал. Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ой, МУ-ын Засгийн газрын тогтоолтой хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан. Мөн АХын 96 жилийн ой, Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлэн, Галт сумын МСУХ-ны 20 жилийн ой, Идэрийн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлсэн.
Шилдэг шүдлэн:
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн Суман хүрэн. "Сэлэнгэ хурд-2017" МУ-ын Засгийн газрын тогтоолтой хойд бүсийн хурдан морьдын уралдаанд аман хүзүүнд хурдалсан амжилтаар
Шилдэг даага:
Хөвсгөл аймгийн Тариалан сумын цяач Н.Гансүхийн хүрэн. "Хан Хөхийн хурд-2017" баруун бүсийн хурдан морьдын уралдаанд айрагдсан амжилтаар тус тус шилдгээр тодорлоо.

Шилдэг уяачаар:
1. МУ-ын Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанаас 3 түрүү, 2 айраг хүртсэн амжилтжаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн Алдар уяач Цэрэнбатын Чимидбавуу
2. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатын Батболд. Түүний Сүлд хул үрээ  АХ-ын 96 жилийн ой, улсын баяр наадмын эрлийз дунд ангиллын морьдын уралдаанд  айргийн гуравт, Засгийн газрын тогтоолт Зава-Дамдины мэндэлсний 150 жилийн ой, говийн бүсийн хурдан морьдын уралдааны эрлийз дунд ангилалд түрүү магнайд, буурал морь нь “Дэлтэй цэнхэрийн хурд” хангайн бүсийн хурдан морины уралдаанд аман хүзүүнд хурдалсан юм.
3. Төвийн бүсийн хурдан морины уралдаан Хангарьд-2017 уралдаанаас 3 айраг хүртсэн амжилтаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Монгол улсын Манлай Уяач Гордоогийн Доржпүрэв нар оны шилдгээр нэрлэгдлээ.
Улс, бүсийн наадмуудад уясан хүлгээ түрүүлгэж, айрагдуулсан шилдэг 3 уяачийг батламж, мөнгөн шагналаар шагнаснаас гадна  Шилдэг салбар холбоогоор Тариалан сумын холбоо, Шилдгийн шилдгээр, Д.Пүрэвдорж тэргүүнтэй Галт сумын холбоо шалгарлаа.
Т.Наранхүү

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна