Төвийн бүсийн уралдааныг зохион байгуулах комисс томилогдлоо

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 17 -нд

Монголын морин спорт, уяачдын холбоо Тэргүүлэгчдийн хурлаа 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хийж, цаг үеийн болон хэтийн зургаан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнээс хэлэлцэж шийдвэрлэсэн цаг үеийн асуудлуудын нэг нь төвийн бүсийн уралдаан зохион байгуулах. Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, холбооны анхны ерөнхийлөгч Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон 2019 оны 05 сарын 12-ны өдөр хийхээр Монгол улсын Засгийн газраас шийдвэрлэсэн. Үүний дагуу тэргүүлэгчдийн ээлжит хурлаар тус уралдааныг зохион байгуулах комисс байгуулж, их нас, соёолон, эрлийз дунд нас уралдуулахаар тогтсон байна.

Мөн Монголын морин спорт, уяачдын холбооны удирдах ажилтны улсын V зөвлөгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 23-нд зохион байгуулахаар болжээ. Тус холбооны шинэчлэн баталсан дүрэмд “Сахилгын зөвлөл”-тэй байхаар шийдвэрлэсний дагуу “Сахилгын зөвлөлийн журам”-ын төслийг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, саналын зөрүүтэй асуудал гарсан тул дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр болсон байна.

Бидний өмнө мэдээлж байсанчлан ММСУХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл нь Хүний хөгжлийн, Адууны хөгжлийн зөвлөлтэй  байхаар яригдаж байсан бол энэ удаагийн тэргүүлэгчдийн хурлаар Соёлын өвийн зөвлөлтэй байхаар хэлэлцэж шийдвэрлэжээ.

Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна