108 дугаарт...​​

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 29 -нд

10 жил гэдэг урт хугацаа. 108 гэдэг багагүй тоо. Энэ бүгдийг сануулсаны учир нь “Тод магнай” сэтгүүл уншигч тантай учран золгоод арван хаврыг угтаж байна. Таны ширээн дээр, номын тавиурт, гэрийн унинд, авдрын ероолд хадгалагдах 108 дахь дугаар хэвлэлтээс гарчээ.

Бэлгэ ерөөл дүүрэн энэ дугаарын зочин хойморт ооч сахлаа илбэн, үе үе хүүхэд мэт адтай инээх буурал уяач тухалсан. Түүнийг Пяранлайн Буд гэдэг. Голомт залгах нуган үрийн мөрөөсөл болсон өвөөгийнхөө магнайг тэнийлгэсэн тэрээр уяачийн эрдмийг нь ч мөн өвлөн авсан юм. Дүүдээ хөтлүүлээд явуулсан гурван адуу нь гурвуулаа төрийн наадамд айрагдсан  Пяранлайнх хурдтай айл. Ач хүү нь түүнийг өвлөн авч, өөрийн чадвараар сайжруулан Их хурд, Улс, Бүсийн уралдаанд эхний тавд хурдлах эрэмбэ дээгүүр адууг бий болгож чадсан юм. “Тод магнайн зочин” булан энэ талаар илүү дэлгэрэнгүйг хүргэнэ.

Төрийн зарлигт наадмын дэлгэрэнгүй цувааг гэрэл зургаар баяжуулан хүргэгч “Уралдаан” буланд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны  түүхт 40 жилийн ой төвийн бүсийн уралдааныг онцолжээ. Хэний ямар хүлгүүд айраг, түрүүнд хурдалсаныг та бүхэн 26-45 хуудаснаас харж болно.

Уяачид, хурдан морь сонирхогчдын шимтэн уншдаг “Мэдэхэд илүүдэхгүй” буланд “Морь уралдуулах сан”,  “Үрээний хүүхдээс үг дуулсан минь”,  “Нууц шинж” зэрэг сонирхолтой нийтлэлүүд хэвлэгдсэн. Далайд дусал нэмэр, уяаны эрдэмд тань тус болно гэдэгт итгэлтэй байна.

Хатан ухаанаар чиглүүлэгч гэргийн буланд Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын гэргий Х.Нарантуяа уригдан оролцож,  энгийн хэрнээ энгүүн яриа өрнүүлсэн билээ.

Сэтгүүлч П.Ундармаагийн хөтлөн явуулдаг “Урлаг соёл” булангийн энэ удаа уран барималч Н.Цогмагнайн ертөнцөөр уншигч таныг аялуулна.

Энэ мэтчилэн тоочоод байвал уншууртай олон нийтлэлүүд багтсан “Тод магнай”-н шинэхэн дугаараа Интер номын салбар дэлгүүрүүд болон редакцийн 95092992 дугаарын утсаар холбогдон аваарай.

  


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна