ММСУХ Дэлхийн Үндэсний Спортын Холбоонд гишүүнээр элслээ

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 07 -нд


Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гадаад харилцаагаа бэхжүүлэх, тэлэх бодлогыг баримталсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Азийн болон Дэлхийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсэж байсан бол өнөө жилээс Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар болжээ.

Тодруулбал 4 сарын 20, 21-ний өдрүүдэд Казахстан улсын Алма-Ата хотноо болсон Дэлхийн үндэсний спортын II Их хуралд Ерөнхийлөгч Цогтын Батсайхан, Гадаад харилцаа судалгаа, сургалтын бодлогын хорооны дарга Пүрэвийн Сэргэлэн нарын Монголын Морин Спорт Уяачдын Холбооны төлөөлөгчид оролцсон байна. Дэлхийн 109 оронд гишүүнчлэлтэй тус холбоо үндэсний уламжлалт хэв шинжит соёлын өв болсон спортыг хамгаалан хөгжүүлэх бодлого баримталдаг бөгөөд манай төлөөлөгчид гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлж, таатай хариу хүлээн авчээ.


Өөрөөр хэлбэл ирэх зун Дэлхийн үндэсний спортын холбооны төлөөлөгчид манай улсад айлчилж, гишүүнээр бүртгэсэн тухай албан ёсны батламжаа гардуулахаа амласан байна.

Ийнхүү ММСУХ –ны удирдлагууд өв соёлын дархлаа болсон үндэсний спортоо дэлхийд данслуулж, олон улсад сурталчлан таниулах эрхийг авчээ.

ММСУХ ажлын алба


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.