Л.Дуламрагчаагийн ХОНГОР

Сэтгүүлч
7-р сарын 08 -нд

Сүхбаатар аймгийн Асгат сумын түүхэнд нас нийлээд гурвантаа түрүүлсэн хоёрхон их насны морь байдгийн нэг нь Б.Цэрэнгийн Ланз хүрэн юм. Хүрэн морь 1953, 1957, 1958 онд түрүүлж, 1954, 1956 онд айрагдан тухайн цаг үеийнхээ даалуу адуугаар нэрлэгдэж байсан бол аймгийн Алдарт уяач Лутсүхийн Дуламрагчаагийн хонгор морь 1990-ээд оны дундуур ид шуугиулж байлаа. Шүдлэн цагаасаа уягдсан хонгор морь хязаалан, соёолон дарааллаж сумандаа түрүүлээд, хавчигтаа аймгийн 50 жилийн ойд гуравлаж, долоотой өнжин, түүнээс хойш гурван жил дарааллан сумандаа түрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Л.Дуламрагчаагийн хонгор морь сумынхаа баяр наадамд тав түрүүлж, нэг айрагдсан ховорхон тохиох хурдан хүлгүүдийн нэг билээ. Ингээд хонгор морины удам угшил, амжилтын товчооныг танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Батын Лхамсүрэнгийн хар азарганы төл халтар

Эх: Дарьгангын нийгмийн Тожин азарганы төлийн төл саарал гүү

Амжилтын товчоон:

1989 онд шүдлэн:

- Асгат сумын баяр наадамд 10 гаргаж давхисан

1990 онд хязаалан: 

- Их уулын тахилга наадамд аман хүзүү

- Асгат сумын баяр наадамд түрүү

- Алтан овооны төрийн тахилгад аман хүзүү

1991 онд соёолон:

- Асгат сумын баяр наадамд түрүү

1992 онд хавчиг:

- Сүхбаатар аймгийн 50 жилийн ойд айргийн гурав

1993 онд долоотой:

- Өнжсөн

1994 онд наймтай:

- Асгат сумын баяр наадамд түрүү

1995 онд естэй:

- Асгат сумын 70 жилийн ойн баяр наадамд түрүү

1996 онд аравтай:

- Асгат сумын баяр наадамд түрүү

- Ганга инвестийн таван жилийн ойд түрүү

1997 онд 11 настай:

- Асгат сумын баяр наадамд айргийн тавд тус тус хурдалжээ.

Хонгор морь сүүлд айрагдахдаа нэлээд тарган уралдсан гэдэг бөгөөд түүнээс болж хөлдөө гэм суун дахин уралдаж чадаагүй аж.

 Тод магнай сэтгүүл №102

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна