УРАЛДААНЧ Ц.БОЛОР-ЭРДЭНЭ: ЭНЭ МИНИЙ УЛСЫН НААДМЫН АНХНЫ АЙРАГ

Сэтгүүлч
8-р сарын 05 -нд

Морь уях төрийн хэрэгт шамдан буй шинэ үеийн хийморилог уяачдын нэг нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уугуул, залуу уяач П.Мөнхтулга байлаа. Энэ удаад түүний хурдан бор азаргыг 11 настай Ц.Болор-Эрдэнэ хүү унаж, айргийн гурваар давхиулсан амжилтыг үзүүлсэн юм. 443 дугаартай уралдаанч хүүг Хүйн долоон худгийн цэнхэр хашаанд орж ирэхэд сэтгэгдэл авахаар зэхээд байсан ч нүд ирмэхийн зуурт л алдаж орхих нь тэр. Дараа нь галаас нь “олчихно” гэж бодсон ч наадмын энэ өдрүүдэд томчуудын адилаар хамгийн завгүй хийгээд олддоггүй нөхдийн нэг болох нь тэр. Ингээд долдугаар сарын 12-нд Төв цэнгэлдэхэд  цоллуулахаар ирэхэд нь цөөн хором ярилцах боломж гарлаа. Бяцхан хүү “ажлын хувцсаа” сольж гоёлоо өмсөөд, найзуудтайгаа Төрийн тэргүүнээс шагналаа авахаар индэрийн өмнө ээлжээ хүлээн зогсоно. Хүүхдүүд сэтгэл нь их хөдөлсөн нь илт. Ямар сайндаа л тогтож ядан, асуултанд маань тун ч товчхон хариулна. Хажуунаас галын нөхөд нь оролцоод бидний яриаг инээдэм болгож “баллана”. Ямартаа ч баяр хөөр дүүрэн түүний сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна. 

-Сайхан наадаж байна уу? 

-Сайхаан, та сайхан наадаж байна уу? 
-Миний дүү манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
  

-Намайг Цэрэндагвын Болор-Эрдэнэ гэдэг. Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн 
зургадугаар ангид сурдаг. 
-Хэд дэх жилдээ хурдан морь унаж байгаа вэ

-Дөрвөн наснаасаа морь унаж сурсан. Манай аав Төв аймагтаа морь уядаг юм. Тэгээд яваандаа хурдан морь унадаг болсон. 
-Улсынхаа наадамд морь унаж оролцож байв уу? 

-Анх удаа л оролцлоо. Энэ миний улсын наадмын анхны айраг. 
-Одоо Ерөнхийлөгчөөс бэлгээ авах нь дээ. Гоё байна уу? 
-Догдолж байна. /Хажуунаас азарга айрагдуулсан нөхдүүд нь инээдээр “өдөж”  хүү бяцхан ичингүйрнэ./
-Найзууд нь ямар дүрсгүй юм бэ? 
-Найзуудтайгаа ингээд зогсох гоё байна. Бүгдээрээ догдолчихсон болохоор нь тэр байх аа. 
-Та хэд ч бидний яриаг баллаж байна даа. /Бүгд инээлдэв/ Ярилцсанд баярлалаа. Дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. 
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна