Уралдаанч П.Пүрэвбат: Өнөөдөр өчигдрөөс азтай байна шүү түрүүлчихлээ

Сэтгүүлч
8-р сарын 31 -нд

Омогшил төрүүлэх Монгол наадам. Энэ наадмын “гол дүр” их нас. Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд /2019.07.11/ уралдаанч Пүрэвсүрэнгийн Пүрэвбатын унасан бор морь түрүү магнайд хурдалсан юм. /Тэрээр бас долдугаар сарын 12-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, уяач С.Баярсайханы бор халиун соёолонг аман хүзүүнд хурдлуулан шаггуй уралдаанч болохоо харуулж амжсан./ Ингээд бяцхан уралдаанчийн баярын сэтгэгдлээс хуваалцах болоход хуучны танил маань болж таардаг байгаа. Учир нь тэрээр өнгөрсөн удаад мөн л Тод манлайн соёолонг унаж түрүүлгэн баяр бахдал дүүрэн яриа өрнүүлсэн удаатай билээ.

Энд нэмж сонирхуулахад П.Пүрэвбат хүү 2018 онд  Үндэсний баяр наадмын нэг түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн амжилтаараа тухайн оны чансаа өндөр уралдаанчдын есдүгээрт эрэмбэлэгдсэн юм.

- Сайхан наадаж байна уу?

- Сайхаан. Та сайхан наадаж байна уу?

- Сайхан наадаж байна. Төрийнхөө баяр наадмаас хоёр дахь түрүүгээ авч байна. Баяртай байна уу?

- Тийм ээ, үнэхээр их баяртай байна. Өмнө жил Уулсын Галаа ахын соёолонг унаж түрүүлгэсэн. Энэ удаад их морьтойгоо сайхан наадлаа.

- Улсын наадамдаа хэдэн жил морь унаж оролцож байгаа юм бэ?

- Гурав дахь жилдээ оролцож байна. 

- Аймаг, бүсийн наадамд оролцож байна уу?

- Бүсийн наадмуудад олон удаа оролцож байснаас ямартаа ч хоёр даага түрүүлгэсэн.

- Энэ удаад хэдэн нас унаж байна вэ?

- Өчигдөр хязаалан хасагдаад, шүдлэн 15-аар орсон. Харин өнөөдөр өчигдрөөс азтай байна шүү. Түрүүлчихлээ.

- Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг юм бэ?

- Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 59-р сургуулийн 3А ангид сурдаг. Одоо дөрөвдүгээр ангид орно. 

Ийнхүү Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Г.Галбадрах хурдан хүлэгтэй нөхөрлөсөн эр хүн бүрийн сэтгэлийн чинад дахь хүслээ биелүүлж, бүтэн жилдээ хойморт залрах нь ээ. Тодруулбал, төрийн наадамд их морь түрүүлгэнэ гэдэг уяач бүрийн хүсэл гэдэг дээ. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна