Уралдаанч Б.Мягмарцэрэн: Улсынхаа баяр наадамд гурав дахь жилдээ оролцож байна

Сэтгүүлч
10-р сарын 23 -нд

2019.07.12. Хурдан дааганы уралдаанд түрүүлж, айрагдсан багачуудтай хэдийнэ танил болж амжжээ. Айргийн тавд орсон уралдаанчийн гурав нь наадмын энэ өдрүүдэд танилцсан “найзууд” маань байх нь тэр. Харин унасан даагаа айргийн дөрвөөр хурдлуулсан Б.Мягмарцэрэнтэй танилцаж, шинэ танилуудын тоогоо ахин нэгээр нэмлээ. Ийнхүү уралдаанчдын ертөнцөөр аялсан наадмын гурван өдөр нэг иймэрхүү байлаа.

-Баяртай байна уу?

-Тийм ээ, баяр наадмын сэтгэгдэл өндөр байна.

-Хэд дэх жилдээ морь унаж байна даа?  Айраг, түрүү олонтой юу?

-Улсынхаа баяр наадамд гурав дахь жилдээ оролцож байна. Эхний жил нь даагатай түрүүлээд хасагдаж, уржнан МУ-ын Тод манлай уяач Бат-Эрдэнэ ахын хязааланг дөрөвлүүлсэн. Өмнө жил хонгор халзан морьтой Булганд аман хүзүүлсэн. Уржнан Говь-Алтайд болсон  өвлийн бүсээр аман хүзүүлээд, Сэлэнгийн бүсээр гурав айрагдсан.


-Энэ удаад хэдэн нас унаж, яаж давхиулав?

-Энэ жил гурав нас уналаа. Үүнээс азарга 70,  их морь 50 хэдээр орсон.  Харин хүрэн халзан даагатайгаа дөрөвлөлөө. Энэ наадмын анхны айраг болж байгаа юм. Маргааш эрлийз унана даа.

-Ямар насны морь унах дуртай вэ?

-Соёолон, их морь унах дуртай.

-Сая даага унасан шүү дээ. Голонгуй мордсон юм биш биз?

-Үгүй ээ.

-Аль сургуульд сурдаг билээ?

-Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 59-р сургуульд сурдаг.

-Ярилцсанд баярлалаа. Дүүгийнхээ сурлага, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.

П.Унпраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна