Аймгийн Алдарт уяач Б.Чөдөр-Эрдэнэ: Улсад айрагдана гэдгийг нь мэдэж байсан

Сэтгүүлч
Баасан, 12:16 минут

АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд хээр азаргаа айрагдуулсан Булган аймгийн Хангал сумын уугуул Б.Чөдөр-Эрдэнийн баярын сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.

-АХ-ын 98 жилийн ойд азарга айрагдуулсан танд баяр хүргэе.

-Баярлалаа. Сүүлийн таван жил төрийн наадамд морь мордуулж байгаа. Өнөө жил анх удаа айраг хүртсэндээ  баяртай байна. Миний хувьд хүүхэд ахуй цагаасаа адуу малтай ойр байсан хүн. 2013 оноос эргэн мориндоо орж адуу мал цуглуулан Баян-Өлгий аймгийн Алдарт уяач, уяачдын холбооны тэргүүн найз Нурлаттайгаа хамтран гал уяа байгуулан дөрвөн жил хамт морь уясан.

-Бүртгэл дээр Булган аймгийн Хангал сумын уугуул хэмээн тэмдэглэгдсэн байна лээ.

-Тийм ээ. Би Булган аймгийн Хангал сумын хүн. Хүүхэд нас маань тэнд өнгөрсөн. Найзыгаа дагаж Баян-Өлгийд очиж их уралддаг байсан  болохоор зарим хүн гайхдаг байх.

-АХ-ын 98 жилийн ойд хэдэн насны морь мордуулсан бэ?

-Даага, хязаалан 20 гаргаж давхисан. Ер нь жил болгон уясан морьд маань 30 дотор давхидаг юм.


-Хоёр бүсийн уралдаанд айрагдчихсан болохоор хээр азаргандаа нэлээд найдлага тавьж байсан болов уу гэж бодож байна.

-Улсад айрагдана гэдгийг мэдэж байсаан. |Жаахан тарган тавиад, “Их хурд”-д уралдуулна гэж тооцсон юм. Гэтэл хугацаа нь ойртчихлоо. Улсад үзчихээд бүсэд уралдуулсан бол амжилт гаргах байж гэж бодож байна.

-“Их хурд”-ын дараа амраачихсан юм уу?

-Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээний 380 жилийн ойд авч очсон ч мордуулаагүй.

-ММСУХ-ны VII их хурлын шийдвэрийн тухайд ямар бодолтой яваа вэ?

-Аль ч газрын уяачдын зовлон нэг болчихоод байна. Яг ямар адуугаар уралдах нь нь тодорхойгүй. Өнөөдрийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд сэрвээний өндрийг харах л хамгийн зөв шийдэл болоод байна. Тиймээс үүлдэрлэг байдлыг харгалзана хэмээн уяачдыг талцуулахаа болих хэрэгтэй. Сүүлдээ бүр морио мордуулахын тулд 10, 20 саяын хахууль өгдөг болсон ч гэх шиг. Энэ шударга бус байдал хавтгайрвал наадам гэдэг жинхнээсээ цөөн хэдэн хүний зугаа болно шүү. Тиймээс эртхэн нэг тийш шийдэх нь зөв.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна