Сумын Алдарт уяач Д.Коморов: Хээр морь суманд байгаагүй өндөр байг надад авчирсан

Сэтгүүлч
5-р сарын 11 -нд

Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт VI багийн харьяат, сумын Алдарт уяач Дашлодойн Коморов нь 1957 онд Цагаангол хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр Уянга сумын 80 жилийн ойн медалиар шагнагдаж байсан аж.

-Таны нэр их содон юм аа. Орос эмч эх барьж авсан юм уу?

-Намайг Адъяацэвэл гэж чавганц эх барьж авсан гэнэ лээ. Түүний өгсөн нэр. Тэр үед чинь гэртээ л төрчихдөг байсан гэдэг дээ. Сүүлд өөрөө сонирхоод судлаад үзсэн Өвөрхангай аймагт ийм нэртэй орос эмч ажиллаж байсан юм билээ. Ямар учиртай өгсөн юм бүү мэд. Тэр үедээ аав ээж маань ч учрыг нь асуугаагүй өнгөрсөн байдаг. Би чинь анхны хүүхэд нь.Бодвол залуу улс юм санаагүй биз дээ.

-Дүү нар чинь ямар нэртэй вэ?

-Бүгдээрээ монгол нэртэй. Надаас доош есөн хүүхэд бий. Эднээс нэг нь нас барсан. Бусад нь ажил амьдралтай сайн сайхан явцгааж байна.

-Нэрний тухайд ийм байдаг байж. Та морь уяад удаж байна уу?

-Багадаа хүний моринд ганц хоёр удаа явсаан. Гэхдээ байнга ч яваагүй л дээ. Тэгээд наймдугаар анги төгсдөг жилээ өөрийнхөө унадаг соёолон хээр үрээг уяад, дүүгээрээ унуулж дөрөвлүүлсэн. Тэр их урам өгсөн. Ер нь түүнээс хойш моринд илүү дурлах болж, үргэлжлүүлээд цэрэгт очоод ч морь уясан. Заставуудын наадамд морь түрүүлгэж явлаа шүү дээ. Ингээд 1983 онд цэргээс ирээд, ганц хоёр морьтой болсон ч амжилтанд хүрээгүй. Гэхдээ оролдсоор яваад 1993 онд нэг хээр морь авлаа. Өнөөхийн маань амжилт сумын цолонд хөтлөх нь тэр. Тухайлбал, 1998 онд Сайн ноён ханы 120 жилийн ойгоор сумандаа түрүүлээд тэр үед байгаагүй шагналыг авч байлаа. 330,0 төгрөгийн үнэтэй Японы “Sony” гэж том өнгөт телевизорын эзэн болсон юм. Улсууд суманд байгаагүй өндөр бай авлаа гэж хэсэгтээ л ярьж байлаа шүү дээ.

-Тэр хээр морь хаанахын адуу юм бэ?

-Манай сумын сайн адуутай Хачиймаа гэж айлын адууны удамтай. Тэр их сайн адуутай айл байсан гэсэн.

-Та хэдтэйд нь авч байсан юм?

-Дөнгөж нас нийлээд байхад нь авсан. Битүү морь надад ирсэн.

-Ямар ханштай байх уу?

-Гурван үнээгээр л авсан. Үсэргээнд аюулын давхиад байгаа адууны ханш тиймэрхүү л байсан.

-Хээр морины амжилтыг нэг бүрчлэн ярих уу?

-Хавчиг морь аваад нас нийлээд уяж, Уянга сумын наадамд гуравлаад, овооны наадамд хэд хэд айрагдсан. Дарааллаад гурав, дөрөв ч айрагдчихсан байх шүү. Зургаагаар ч хэд ирсэн. Тэгээд 1998 онд нэг түрүүлсэн. Тэрнээс хойш Тарагтад нэг айрагдсан юм байна. Тэгээд яах аргагүй л нас нь больсон, хөөрхий. Энэ хээр мориноосоо өмнө Жаргалант бригадын дуучин, уяач Батцагаанаас Хайрхандулаанд түрүүлсэн сартай зээрд морь авч уясан. Даанч өнөөхөө наранд өлдүүлж эндүүлчихээд хэдэн жил хашраад завсарласан тал бий.


-Өөр сайн давхиж байсан ямар морьд байна даа?

-Өшөө нэр гаргаж гоц гойд давхисан нь алга байна. Би Дорнод аймгийн Матад, Цагаан-Овоогийн хоёр азарга авсан. Одооноос л уяж үзэж байна. Ямартаа ч сургуулийн болон жижиг наадмуудаар айрагдсан. Суманд бол арай л чадахгүй байна. Яваандаа юм дуулгах байх гэж горьдоод л.

-Аав тань жороо мориор сайхан наадаж байсан гэсэн. Та жороо мориор наадаж байна уу?

-Одоо ч жороо морь ховордчихож. Тэрнээс санаа бол байна. Аав маань хурдан морь уяхгүй ч жороо морь сонирхдог хүн байсан юм. Бүүр жороо морийг үнэлж авна гээч. Дашцэмпилийн халзан гээч морийг тэр үедээ 10 шүдлэнгээр авч байсан. Би хүүхэд тэрийг нь унаж байлаа. Мөн Базарын зээрд гэж алдартай жороо морийг 10,000 төгрөгөөр авсан. Далаад оны 10 мянга гэдэг ямар байх уу. Ер нь жороо мориор их уралдсан л даа. Сайхан аав минь энэ жил 80 гараад бурхан боллоо.

-Аавын тань морьд хэдэн алдын жороо байсан бол оо?

-Мэдэхгүй, алдаар хэмжиж үзээгүй. Базарын зээрдийг 60 миллтэй л явдаг гэж ярьж байсан. Энэ зээрд Жаргалант бригад багийн Гөөгөө Базар гэж хүний морь байсан юм. Түүнд байхдаа олон түрүүлсэн байдаг. Бүүр гайхалтай, энэ ойр хавьдаа байхгүй морь гэдэг байсан. Тэгэхэд би тав, зургаадугаар ангийн хүүхэд явлаа.

-Тэр жороо морь нь сумандаа хэдэн жил түрүүлсэн бэ?

-Жил болгон шахуу түрүүлсэн байх аа. Энд чинь олон жороо морьтой улсууд байдаг. Тэд чинь хоорондоо өрсөлдөөд л уралддаг байлаа. Бас сайхан эмээл хазаараараа өрсөлдөнө гээч.

Аав сайхан арван гялаантай эмээл хэрэглэдэг байснаа манай дүү Батбаярт өгсөн. Өнөөхийг нь ерээд онд буюу зах зээлийн үед хүнд зараад тэр хүн нь Богд суманд 69-өөр өгч байсан. Тэгэхээр тэр аюулын л эмээл байсан байгаа биз.

-Аав тань ямар ажил хийж байсан юм бэ?

-Аав маань малчин байгаад дараа нь бригадын дарга, тоо бүртгэгч, албаны ажил хийдэг байлаа.

-Танайханд танаас өөр уяач бий юу?

-Байхгүй ээ. Бид эцэг эхээс арвуулаа. Таван эмэгтэй, таван эрэгтэй. Бусад маань голцуу төв орон газар ажил алба хашдаг. Би л мал дээр байх шив дээ.


-Танай хүүхдүүдээс морь мал уях уу?

-Уяна аа. Би ч “Больж байна” гэж үглээд л байгаа юм. Би чинь залгамжлах гурван бандитай хүн. Эднээс том маань уяж эхэлж байна. Сумын төв дээр хувиараа ажил эрхэлдэг нэг залуу бий. Тэр ч бас адуунд дуртай. Яваандаа уях биз дээ.

-Энэ Бөөрөлжүүтээр сайн уяач олон байна уу? 

-Уламбаяр, Амгаабазар бид нэг үеийнхэн. Биднээс өмнө гэвэл Янжин гэж айхтар сайн уяач байлаа. Түүний зээрд морь аймагт түрүүлж, сумандаа гурван нас түрүүлгэж байсан. Намайг морь уяж эхлэхэд их тус болсон доо, хөөрхий. За бас Гаадаг, Эрдэнээ нарын уясан морьд ч дээгүүр л давхина. Аймгийн Алдарт уяач Амгаабазарын эхнэрийнх нь аав Томоонжав гэж адуу сайтай хүн байлаа. Одоо хүү нь Ухнаа гэж сумын Алдарт уяач бий. Даанч тэр үед янз бүрийн алдар цол тодорхойлдоггүй байж дээ.

-Танай эндхийн азарга, их морины аль нь илүү хурдан бэ?

-Их морь л гайгүй давхиад байх шиг байна.


-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн сайхан нь хэзээнийх байсан бэ?

-1995 онд Есөнзүйлийн анхны даншиг руу явж оролцсон юм даг. Тэнд 500, 600 мориноос миний хээр 102-т ирсэн. Энэ хээр морийг морийг унаж байсан Даваадорж одоо улсын Алдарт уяач болчихлоо.

-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцаж байдаг улс. Таны хувьд сургамж үлдээсэн ямар наадам байдаг вэ?

-Тэр жил Зүйлийн даншигт очиход хоёр, гурван хэсэг болж сунгаа хийсэн юм. Тэгэхэд миний хээр морь нэг сунгаанд нь тавлахаар нь гайгүй давхих нь гээд бодчихгүй юу. Тэгсэн орой нь их устай бороо ороод, зогсохоор нь дүүгээ “Морио усалчихаад ир” гээд явуулсан юм. Өнөөх чинь Зүйлийн хажуугийн голоос усалчихсан чинь тэр нь хужиртай байж таараад, чацга алдаад гэдэс нь солигдоод үхчихсэн. Үнэхээр харамсалтай хэрэг болсон. Их ч сургамж үлдээсэн.

-Тэгвэл уяач хүнд байх ёстой хамгийн гол чанар юу вэ?

-Морио сайн давхилаа гэж онгирохгүй, муу давхилаа гэж гомдохгүй. Олонтойгоо эвтэй л явах хэрэгтэй. Зарим хүн чинь морио сайн давхиад ирэхээр янз бүрийн зан гаргадаг. Зарим нь давхихгүй болохоор гуньж гутардаг. Би бол нэг зангаараа л явбал болоо гэж боддог юм аа.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээж авч ярилцсанд баярлалаа.

Б.Хастөр

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.