Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түрүү, бүсийн уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг хүртээд байна

Сэтгүүлч
1-р сарын 30 -нд

-АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд таны хул даага түрүүлсэн. Төрийнхөө наадамд даага түрүүлгэсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Эрлийз бага ангилалд аавын минь адууны хул даага түрүүлсэнд сэтгэл өндөр байгаа. 
-Ганц даага бус, их насанд танай адууны угшилтай бор морь айрагдсан шүү дээ.
-Тийм ээ, аавын адууны бор морь Ховд аймгийн Буянт сумын харьяат Батсуурийн Эрдэнэбаяр гэдэг хүний нэр дээр уралдаж, айргийн дөрвөөр давхисан. Ийнхүү унаган адуугаа төрийн наадамд нэг дор түрүүлгэж, айрагдуулах бахтай сайхан байлгүй яахав.
-Ийм баярт агшин тохиох тухай төсөөлж байв уу?
-Сунгаануудад гайгүй байсан болохоор саарал морио айрагдчих болов уу гэж бодож байсан. Харин хул дааганы тухайд түрүүлчихнэ гэж бодоогүй ээ. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдагчилан айрагдуулчих юм сан л гэж бодож байлаа. Гэтэл сайхан түрүүлсэн. Хул дааганы эх нь манай адууны эрлийз хонгор халзан гүү. Харин эцэг нь 2013 онд байх аа, төрийн наадамд хязааландаа түрүүлсэн Тод манлай Түвдэнжаажидын Батзоригийн адууны Дугараа Тод манлайд байсан хээр азарга. 


-Анх ирээд л төрийн наадмаас түрүү хүртчихсэн үү? 
-Улсын баяр наадамдаа гурав дахь жилдээ оролцож байна. 2018 онд анх ирээд саарал морио хязааланд нь 16-д давхиулж байлаа. Эндээсээ Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд очиж аман хүзүүдүүлсэн. Түүний дараа жил дахин улсын наадамдаа ирж саарал морио наймаар давхиулсан. Тэгээд энэ жил хавчиг морь улсад дөрөвлөж байгаа нь тэр. Өнөө жилийн тухайд дөрвөн насны морьтой ирээд, хязаалан, шүдлэнгээ мордуулж чадсангүй. Харин манай уяаны шүдлэн үрээ (Дорнод аймгийн Халхгол сумын уугуул Бавуугийн Батсүхийн)айргийн гурваар давхилаа.
-Улсын наадмын анхны айраг, түрүүгээ өнөө жил хүртэж. Харин бүсийн уралдааны тухайд...

-Би 2016 онд аймаг, бүсийн чанартай уралдааны 15-16 айраг, түрүүгийн амжилтаар аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Бүсийн уралдааны нэг түрүү, дөрвөн айрагтай. 


-Хэдэн оны аль бүсийн уралдаанд морь айрагдуулж байлаа.
-2014 онд Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд соёолон түрүүлгэсэн. 2016 онд Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд саарал шүдлэн айргийн гуравт, 2018 оны Булганы 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд хязаалан аман хүзүүнд, 2019 онд Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд шүдлэн үрээ аман хүзүүнд хурдлуулж, эрлийз дунд ангилалд бас нэг үрээ тавд давхиулсан. 
-Зүүн бүсдээ сайхан наадчихдаг юм байна. Ингэхэд танайхан хэдэн үеэрээ морь уяж байгаа улс вэ? 
-Миний мэдэхийн гурван үеэрээ морь уяж байна. Миний өвөө Сүх гэдэг хүн хурдан хар азаргаараа сайхан наадаж байсан хүн. Харин миний аав Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүхийн Жадамбаа гэж хүн бий. Мөн миний төрсөн дүү морь уядаг. 


-Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэгсдийг хүлгийн хийморь ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.