“Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Золжаргал: Бид өөрсдөө үр хүүхдээ ахуй соёлоос нь холдуулж байна

Сэтгүүлч
2-р сарын 13 -нд

Сүхбаатар аймгийн Онгон сумын “Нутгийн хийморь” МСУХ-г залуучууд удирддаг. Түүний нэг нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангагч Даваагийн Золжаргал юм. 2010 оноос сумын МСУХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж буй тэрээр 1984 оны өвөл хоёр талаас уяачийн удамтай морьтны гэр бүлд төржээ. Сургууль соёлын мөр хөөж мал ахуйгаас хөндийрсөн ч нутгаа, адуугаа гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн харьж ирсэн гэнэ лээ. 

Түүний хичээл зүтгэлийн үнэлэмж болсон МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, АХ-ын 90, ММСУХ-ны 20, Сүхбаатар аймгийн 70 жилийн ойн медалиуд тус тус хадгалагддаг юм билээ.

-МСУХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулагч нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хэдий үеэс хашиж байгаа вэ?
-2010 онд “Нутгийн хийморь” МСУХ удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл хийж, Хүрэлбаатар ах тэргүүнээр нь, харин би нарийн бичгийн даргаар сонгогдсоноос хойш 10 дахь жилдээ энэхүү албыг хашиж байна. Ажил авснаас хойш уяачдаа бүртгэлжүүлэх, гаргасан амжилтыг нь тухай бүрт нь тооцон сум, аймгийн Алдарт уяач цолонд тодорхойлох, морины зүтгэлтнүүдээ урамшуулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлсний зэрэгцээ анх удаа “Битүүлэг” арга хэмжээг зохион байгуулж, шилдэг зургаан насны морьд, шилдэг уяачид, шилдэг уралдаанчдаа шалгаруулдаг болсон. Сар шинийн босгон дээр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ уяачдын хүсэн хүлээдэг ёслол болсон бөгөөд өдгөө уламжлал болон тогтоод байна. 
Үүнээс гадна аймгийн өмнөд бүсийн уралдааныг анх удаа сумандаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаанаас хойш нутгийн уяачид аймаг, бүсийн уралдааныг зорих нь ихэссэн бөгөөд тэр хэмжээгээрээ амжилт гарган улам бүр урамшиж байна. 
-Өөрсдийн чадвар болоод хүлгийн чадварыг таньсан хэрэг байх л даа. Газар орны баримжааг тань хараад уралдаан, наадам нь сайхан болдог байх гэсэн бодол төрж байна.

-Өө, тэгэлгүй яахав. Манай сумын наадам хэзээнээсээ эмх журамтай болдог. Дээр нь бид төв холбооноос гаргасан бодлого шийдвэрийг мөрдөж, гарааны төхөөрөмж хэрэглэхийн зэрэгцээ уралдаанч хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг. Бид зөвхөн сумын баяр наадам, хаврын уралдаан гэлтгүй сунгаан болон багуудын өдөрлөгт хүртэл гарааны төхөөрөмж ашигладаг. 


-Хүүхэд хамгааллын асуудлыг орон нутагт цалгардуулаад байх шиг санагддаг. 

-Манай сумын тухайд гайгүй ээ. Бид сумынхаа хүүхдийн зөвлөл, хүүхэд хамгааллын байгууллага, нийгмийн ажилтан зэрэг хүүхдийн төлөө ажилладаг хүмүүстэй байнга хамтран ажиллаж, холбогдох зөвлөмж зааврыг цаг тухайд нь хүргэж байдаг. Мөн бүхий л уралдааныг Засаг даргын захирамжаар зохион байгуулдаг. 
-Энд ирээд уулзсан уяачдын нэлээд нь “Хүүхэдгүйн улмаас морио уяж чадахгүй байна” гэж байна. Орон нутагт, тэр дундаа хурдны өлгий Сүхбаатар аймагт ийм байгаа нь эмзэглүүштэй санагдсанаа нуугаад яах вэ. Энэ юутай холбоотой вэ? 
-Бидний үеийнхэн багаасаа морио унаж, түүндээ дурлан, өдөр тутмын амьдралдаа ашигладаг байлаа. Гэтэл одооны хүүхдүүд морио унахаа байсан. Үүнд аав, ээжийн нөлөө бас их байна. Ухаан орсон цагаас нь эхлээд мотоциклийнхоо ар дээр сундлаад давхичихдаг.Тэгэхээр нөгөө хүүхэд морь унах сонирхолгүй болж, хөл нь дөрөөнд хүрэв үү, үгүй юу мотоцикль унаж байна. Тэр бүү хэл, хүүхдээ морь малд ойртуулахгүй гэдэг ч хүмүүс бий. Энэ мэтчилэн эцэг эхчүүд өөрсдөө үр хүүхдээ ахуй соёлоос нь холдуулж байна. Дараагийн нэг хүчин зүйл нь хүүхдийн эрхийн асуудал, аюулгүй байдал нэрийн доорх янз бүрийн сөрөг мэдээлэл сурталчилгаа. Хүүхэд морь унаснаар бие бялдрын болоод оюун санааны ямар хөгжил дэвшил гарч байгааг ярихгүй хэрнээ нэг хүүхэд мориноос ойчиход хэдэн талаас нь ярьдаг. Өөрөөр хэлбэл, сөрөг талыг илүүтэй ярьж сурталчилж байна. Үүнээс болоод хүүхдүүдэд айдас болгоомжил үүсээд морь унах сонирхолгүй болж байна. “Нутгийн хийморь” МСУХ-ны зүгээс энэ байдалд дүгнэлт хийгээд сургуулийн нийгмийн ажилтантай хамтран Дарганга нутгийн гийнгоо, марзай цээжлүүлэх, морины тухай сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийж байгаа. 
-Сургалт сурталчилгааны ажил, томчуудын үлгэрлэл чухал шүү. Жишээлбэл, та багадаа хурдан морь унаж байсан уу?
-Уналгүй яахав. Өвөө, аав, ах нар гээд манайханд уяачид олон. Тэр утгаараа багаас адуу малтай ойрхон өссөн. Энэ нутгийн эрдэмт сайн уяачдын нэг Уваа гэж хүн бол миний ээжийн аав. Аавын аав Монхор гэж хүн хурдан хүрэн азаргатай байсан. Авга ах Нямаа маань Алтан овооныхоо их тахилгад бор азаргаа айрагдуулсан. Энэ мэтчилэн миний эргэн тойронд олон уяач байдаг тул адуу малаас хөндий байх аргагүй юм. Ээжийн аав Уваа гэдэг хүн аавыг хүргэн болоод ирэхэд нь нэг халтар гүү өгсөн юм билээ. Аав түүнийг нь өвөөгийн хүрэн азарганд хураалгаад өдгөө бид үр төлөөр нь наадаж байна. 


-Өвөөгийн тань хүрэн азарга уягдаж байсан юм уу?
-Уягдаагүй. Харин төл хүрэн даага нь 1989 онд сумын наадамд түрүүлж байсан. Нөгөө халтар гүүний унага гэсэн үг шүү дээ. Тэр хүрэнгээр азарга тавьж, төл нь болох хүрэн азарга 2008 онд сумын наадамд аман хүзүүдэж байлаа. 
-Уяач дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн   хэдий үеэс моринд шимтэх болсон бэ?

-Манайх 2000-гаад оны эхээр хот руу шилжихдээ Наран сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гомбодорж гэдэг аавын найзынд адуугаа үлдээгээд явсан юм. 2009 онд нутагтаа буцаж ирээд нөгөө айлдаа очиж ухаа халзан гүүгээ халзан даагатай нь авсан. Тэгээд тэжээгээд уралдуулж Дарьганга сумын гүүрний нээлтэнд айргийн дөрөвт, Наран сумын сургуулийн нээлтэнд түрүүлгэсэн. 
Дараа жил нь шүдлэн үрээ Асгат сумын Их уулын тахилгад гуравлаж, Баяндэлгэр суманд болсон овоо тахилга болон Салааны уралдаанд түрүүлсэн. Хязааландаа сумын наадамд тавд давхисан. Зургаан медальтай азарга одоо бий. Халзан азарганы эх тал нь манай үндсэн хүрэн азарганы угшилтай. Эцэг нь болохоор аймгийн Алдарт уяач Гомбодоржийн адууных. 
-Наадмын цуваа шивж байхдаа Золжаргал гэдэг нэрийг хэд хэд бичсэн санагдах юм. Өөр ямар адуунууд сумынхаа наадамд айрагдуулсан бэ?
-Өнгөрсөн жил тожин морио айргийн дөрөвт давхиуллаа. Бага насандаа 10 дотор олон уралдсан морь. Уяа сойлгыг нь сумын Алдарт уяач Өсөхбаяр тааруулдаг юм. Миний морьдын уяа сойлгыг Үнэнбаяр, Өсөхбаяр ах дүү хоёр уяач тааруулдаг. 
-Халзан морины эзэн Үнэнбаяр уу? 
-Тийм. Өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач Үнэнбаяр найзаасаа хүрэн халзан даага авч, Наран сумын “Нарангийн хурд” уралдаанд аман хүзүүнд, Онгон суманд уяачдын холбооны уралдаанд түрүү магнайд хурдлуулаад, Баянхонгор аймагт очиж багахан уралдаанд гурваар давхиулсан. Халзан үрээг найз маань өөрөө уядаг юм. 
-Залуу уяачийг хиймориор тэтгэсэн өөр ямар хурдан хүлэг байна вэ?

-Халиун морь маань даагандаа Онгон сумын Шарбүрдний овоо тахилгад түрүүлж, Баяндэлгэр сумын сургуулийн нээлтэнд айргийн дөрөвт, шүдлэндээ Баяндэлгэр сумын тахилгад түрүүлсэн.
-Сумынхаа уяачдыг уриалан нэгтгэж анхны гал уяаг байгуулсан гэсэн. Тэр талаараа яриач?
-2009 онд нутагтаа буцаж ирчихээд 2010 онд “Торгон жолоо” галаа байгуулан гурав, дөрвөн жил тэргүүнээр нь ажилласан. Тэргүүнээр ажиллах хугацаандаа галын нэрэмжит хязаалангийн уралдааныг санаачлан зохион байгуулж, уламжлал болгосон. Өдгөө манай галын тэргүүнээр нэгдүгээр багийн дарга Галхүү маань ажиллаж байна. 


-“Торгон жолоо” галд ямар уяачид багтдаг юм бэ?

-Манай галд аймгийн Алдарт уяач Монхорын Нямаа, аймгийн Алдарт уяач Очирбатын Үнэнбаяр, Очирбатын Үнэнбор, аймгийн Алдарт уяач Энхбаатар, аймгийн Алдарт уяач Түвшинбаяр, сумын Алдарт уяач Говийнхүү, сумын Алдарт уяач Өсөхбаяр зэрэг 10 гаруй уяач багтдаг. 
Моринд дуртай залуу хүний хувьд хүлэг эрдэнээ дээдэлж, уяачид маань бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандаасай гэдэг үүднээс гал уяаны зохион байгуулалтанд оруулсан. Морь гэдэг өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан хүнд ивээл хишгээ харамгүй өгдөг буянт мал шүү дээ. 
-Сүүлийн өгүүлбэртэй зуун хувь санал нийлж байна. Залуу уяачид тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе. 
-2010 онд Наран сумын сургуулийн нээлтэнд миний халзан даага түрүүлэхэд үнэхээр их баярласан. Баярласандаа болоод нулимсаа барьж дийлээгүй (инээв). Нутгаасаа гараад олон жил болчихсон адуунд дуртай аавын хүүгийн санасан сэтгэлийн илрэл байх л даа. Тэр наадмыг дурсах дуртай. 


-Ийм баяр бахдалт наадам олон тохиох биз ээ. Бидний ажлыг хүндэтгэн дэмжлэг үзүүлсэнд баярлалаа.

-“Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олны ажил үйлсэд амжилт хүсье. 

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна