Сумын Алдарт уяач Ш.Баттулга: Төрийн наадамд морь айрагдуулахын төлөө хичээж байна

Сэтгүүлч
2021 оны 12-р сарын 04 -нд

Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Ш.Баттулгын ярилцлагыг хүргэж байна.

-Дөрвөн үеийн эрдэмт уяачдын үр сад багадаа хурдан морь унаж л байв уу?
-Анх таван настайдаа Монголын нууц товчооны 750 жилийн ойд хурдан морь унасан. Тэр том бүсийн хэмжээний уралдааны олон морины тоосон дунд төөрчихөөд уйлж байснаа мартдаггүй юм. /инээв/ Түүнээс хойш уралдах морьдоо хөтлөөд л, морин дээрээ унтаад олон хоногийг замд үдсэн. Хамгийн хол нь улсын баяр наадам байсан байх. 
-Улсын баяр наадамд унасан морьд нь хэрхэн давхиж байсан бэ? 
-Айрагдуулж чадаагүй ээ. Арваадаар л ордог байсан. Харин сумын баяр наадамд бол нэлээд олон түрүү, айраг хүртсээн. Би бие багатай хүүхэд байсан болохоор 15, 16 нас хүртлээ хурдан морь унасан. Гэрийнхэн дотроо хамгийн сэргэлэн бөгөөд хурдан морь унахдаа авхаалжтай нь л гэгддэг байсан. Тэгээд мориноос хасагдсанаасаа хойш аав, Баттөмөр ах хоёрынхоо заавраар морь уяж байна. Ер нь багаасаа уяач болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Түүндээ хүрч, унаган адуугаараа наадаж байна. 
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2012 онд 10 түрүү, 25 айргийн амжилтаар сумын Алдарт уяач цол хүртсэн. Миний уясан  морьдоос хамгийн өндөр амжилт гаргасан нь хонгор, саарал, шарга морьд маань. Хэдийгээр бид удам дамжсан уяачид ч цаг үеэ даган суралцах хэрэгтэй юм билээ. Уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж үгүй гэдэг. Тэр утгаар нь орчин цагийн уяанд суралцахаар Баттөмөр ахыгаа даган Өлзийт хороололд очиж гурван жил морь уясан. Түүнээс хойш морьд илүү давхиж байгаа шүү. Тэнд байх хугацаандаа “Дүнжингаравын хурд”-д ахын саарал морийг гуравлуулж, 2015 онд таваар давхиулсан.
-Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ амжилтаараа бахархдаг шиг үр хүүхэд нь амжилтаа харуулж баярлуулахыг хичээдэг. Аавыгаа баярлуулж чадаж байна уу?
-Хэн нэгэн маань томоохон наадмаас айраг хүртэхэд ахан дүүс бүгдээрээ л баяр хөөр болцгоодог юм. 2015 онд саарал шүдлэн Занабазарын нэрэмжит бүсийн уралдаанд гуравлахад манайхан цөм баярлацгаасан. Удахгүй төрийнхөө их баяр наадамд морь айрагдуулах сайхан мөч тохионо хэмээн итгэж байгаа. Түүний төлөө хичээж байна. 
-Хүн бүр дор бүрнээ адуугаа чанаржуулахад анхаарч байна. Таны хувьд...?
-Нэг удмын адууг цус сэлбэхгүйгээр олон жил уявал цус ойртоно шүү дээ. Тиймээс аав маань хурдан адууны удмаа таслахгүйн тулд Хэнтий, Сүхбаатар аймгуудаас  адуу авсан. Мөн Өвөрмонгол адуугаар цусаар холдуулж байна. 
-Төрийн наадамд уясан морио айрагдуулах баярт мөчид илүү дэлгэрэнгүй ярилцъя.  Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. 
-Баярлалаа. Морины цагаан хийморь монгол түмнийг ивээх болтугай. 

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.