Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор хүрэн морио, жороо улаантайгаа айрагдуулж, анхны медалиа ихэрлүүлэн авч байлаа

Сэтгүүлч
2023 оны 8-р сарын 21 -нд

Увс аймгийн Тэс сумын уугуул Л.Лхамжавын ярилцлагыг хүргэж байна.

-Таны дээдчүүл хурдан морины уяа сойлго тааруулж байв уу?

-Манайхан дээр үеэсээ адуутай явсан улс. Манай хөгшин аав Өөдлөх гэж адуу сайтай, жороотой ч, хурдтай ч хүн байлаа. Тухайн үедээ Их эмээлтийнхэн гэж нэрлэдэг байсан. Том эмээлтэй байсан шиг байгаа юм. Бас миний үеэл ах Ядмаа ч морь маланд хорхойтой хүн. Жараад оны үед аймагт жороо хээр мориотав, зургаан удаа түрүүлгэсэн. Харин миний аавын тухайд сайн адуутай ч хурдан морь уяж байгаагүй, 2007 оны улсын сайн малчин байна. Одоо 83-тай хөгшин бий. Хуучин цагт хэлмэгдэж явсан аав маань ерээд оноос хойш олонд хүнд тус болж явна. Аавд үзүүлж харуулах гэж газрын уртыг ажралгүй ирэх хүмүүсийн хөл татардаггүй юм. Увс, бараг улс даяараа Увсын Хар хөгшин гэхээр андахгүй дээ. Аав Цагаанхайрханы Мөндөөхэй сургуульд сурч байгаад долдугаар анги төгсөөд гэрээр ном үзэж байсан хүн. Захиргаадалтын үед овоо тахина гэдэг ямар их хэцүү билээ. Тэгэхэд өглөө үүрээр хоёр хүн дагуулж очиж сан тавиад ирчихдэг байлаа шүү дээ. Ер нь манайхан удам тасраагүй номтой улс байсан юм билээ. Манай үеэл ах улсын сайн малчин Гэжээ гэж хүн бий. Түүний хоёр дахь хүүхэд Дүгэрсүрэн одоо Энэтхэгт 14-15 жил сурч байна. Ноднин босгосон буяны цагаан суварганд орох ном судар, ганжуур, данжуурыг тэндээс цуглуулж ирсэн хүн дээ. 
-Та бас аймгийн сайн малчин гэсэн байхаа?
-Тийм ээ, 2004 онд аймгийн сайн малчин бол 2014 онд Хөдөлмөрийн хүндэт медаль авлаа. Энд галынхны маань амжилт бас нөлөөлж байгаа юм. Би “Таван тэсийн хурд” галынхаа уяачдыг толгойлдог юм. 2011 онд байгуулагдсан манай галын тэргүүнээр Цогоо гэж хүн ажилладаг бөгөөд хориод гишүүнтэй. 

-Таны хувьд хэзээнээс морь уяж байна вэ?
-Багадаа хурдан морины унаач явлаа. Нагац ах Баатар, аймгийн Алдарт уяач Гунгаа, Сүхбаатар, Төмөр  нарын хөгшчүүлийн уясан морьдыг унаж хурдлуулна. Ямар ч байсан тухайн үедээ сайн унаачийн тоонд орж явсан. Ингээд хожмоо 1983 онд цэрэгт явж, гурван жилийн дараа халагдаж ирсэн. Түүнээс хоёр жилийн дараа буюу 1988 оноос бие даан морь уях болсон юм. Ингээд 1991 онд Малчин сумын ойгоор таван настай хүрэн, жороо улаан морио айрагдуулж, анхны медалиа ихэрлүүлэн авч байлаа. Түүнээс хойш хорин хэдэн жил морины араас явна. Энэ хугацаанд гаргасан амжилтаараа 2006 онд аймгийн Алдарт уяач болсон.  Надаас өмнө 2002 онд манай дүү Лангаажав аймгийн Алдарт уяач болж байлаа. Бид эцэг эхээсээ наймуулаа. Эндээс хоёр эрэгтэй нь бид байгаа юм. Харин би таван хүүтэй. Эднээс өдгөө хоёр хүү маань уламжлан морь уяж, сумын Алдарт уяачид болцгоолоо. 
-1991 онд анхны айраг амссанаас хойш ямар, ямар амжилт гаргав?
-Амжилт дагуулсан хүрэн морио Зүүнговийн Юнгэр гэж хүнээс шүдлэнд авч байсан юм. Ингээд хязаалан өнжөөгөөд, таван настайд нь Малчин сумын ойд тавлуулснаас хойш 11,12 хүртэл нь уясан. Сүүл рүүгээ хөл нь болиод уяхаа байсан. Би чинь нэг хэсэг том, бага хүрэн мориор нааддаг байлаа. Том хүрэн морь аймагт нэг их амжилт гаргаж чадаагүй. Наймаар нэг ирж, Сагилын ойд зургаалж байсан. Харин бага хүрэнгээ шүдлэнд нь 2002 онд аймагт гуравлуулж, хязааланөнжөөгөөд, соёолондоо тавлуулсан. Манай дүү IIбригадын хүнээс нэг азарга авсан нь Лангаажавын Булаг бор байгаа юм. Тэр нь манай адуунд хурд тарьсан. Үүний нэг нь бага хүрэн  байна. 
Мөн Орой хээр байна. Манай адууны гол цөм болсон азарга байгаа юм. Би бүдүүрсэн хойно нь уяж, суманд хоёр айрагдаад, Зүүнговийн ойд хүүхдээ унагаачихсан. Дараа нь сургуулийн ойд гарч /түрүүлсэн/, Шар хөдөөгийн бооцоот уралдаанд бас түрүүлсэн. Манай II бригадын Тогмид гэж адуучнаас охин хээр даага авсан нь эх нь байгаа юм. Харин эцэг Хан Хөхийн адуу болох хар азаргыг Баруунтуруунаас үеэл ах Ядмаагаасаа авч байлаа. Хээгч гүү, хар азарга хоёроос олон хурдан морь гарсны нэг Орой хээр байна. Мөн аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгийн хээр азарга их сайн давхисан. Одоо арван хэдтэй азарга бий. Мөн манай дүүгийн хүү Жамсрангийн хүрэн, Лангаажавын хүрэн, миний хүрэн бүгд л хар азарганы удамтай. 

-Увс аймагтаа зохион байгуулагдсан баруун бүсийн наадамд оролцож байв уу?
-Очиж байсан ч амжилт гаргаагүй. Шарбүрдийн даншигт миний хүрэн морь 20 хэдээр, Жамаагийн халтар морь арван хэдээр ирсэн санагдана. Харин 2011 онд миний шар халтар азарга гучин хэдээр, хүүгийн шар халтар азарга хорин хэдээр давхисан. Мөн зээ хүү Лхагвасүрэнгийн хээр азарга Намираа халтартай эхэлж гүйгээд, доохно нь долоогоор ирсэн. Тэгэхэд Баянаа Аварга ирж наадсан юм. Тэгээд “дараад явсан бол чиний хээр азарга айрагдах байлаа. Даанч хүүхэд нь буруу тактикаар уначихлаа” гэж хэлж байлаа. 
-Өнгөрсөн жил болсон Тэсийнхээ 90 жилийн ойгоор сайхан наадав уу?
-Тийм ээ сайхан наадсан шүү. Азарганд манай хүү Диваанансалын шар халтар азарга түрүүлж, зээ хүү Жамсрангийн саарал морь гуравласан. Бас дүү Тангаагийн соёолон гарч \түрүүлж\, Диваанансалын хээр даага гуравласан бол Жамсран дүүгийн шүдлэн аман хүзүүдлээ. Харин миний хувьд айраггүй ээ. 

-Адууныхаа чанар чансааг сайжруулах тал дээр хэр анхаарч байна вэ? 
-Жамсран маань Сүхбаатар, Хэнтийгээс халтар, халиун зүсмийн хоёр азарга авчирлаа. Аймгийн Алдарт уяач, аймгийн арслан цолтой бөх хүн байна, манай зээ.
-Жороо морио уралдуулж байна уу?
-Монгол жороо морь ч сайхан шүү. Гэхдээ одоо надад баярт орж байгаа жороо морьд байхгүй. 
-Энэ 2015 он гарсаар хаагуур хаагуур наадав?
-Аймгийн төвийн бүсийн бооцоонд очиж зээ хүү Жамсрангийн саарал морь түрүүллээ. Манай нутгийнхан ах дүүгийн хүүхдүүдийг ач, зээ гэж ярьдаг юм. Бас манай хүү хоёр үрээтэй очоод нэг нь долоогоор ирсэн. Манай адуу ихэнх нь дотор талдаа, Тэсийн говьд байгаа болохоор газар жаахан холдоод явж чадахгүй л байна. Сумандаа болсон нэг жижиг бооцоот уралдаанд хоёр дахь хүүхдийн таван настай азарга гарлаа, нэг шүдлэн аман хүзүүдлээ. Миний их насны хар морь дөрөвлөлөө. Манай Тэсэд овоо  их бий. Тийм болохоор жилдээ овооны наадам тасрахгүй. Цагаан эргийн овоо, Цагаан толгойн овоо, Нуур эхний овоо гээд л явна шүү дээ. 

-Та бүхэн жилдээ хэдэн насны хичнээн морь уяж байна?
-Манайхны хотонд 30 гаруй морь уягддаг юм. Хотоороо нэг отог болж явдаг. Харин томоохон наадмуудад “Таван тэсийн хурд” галаараа нийлээд гарцгаадаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. “Таван тэсийн хурд” галынханд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүлийн Увс аймгийн тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна