Есөнзүйл сумын морин спорт уяачдын “Толин сарт" холбооны тэргүүн, сумын Алдарт уяач Ж.Чинтогтох: Манай сумын унаган адуу гурван хамар давдаг төв халхын богино хөлтэй хүлгэд бий

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 28 -нд

-Морин дэл дээр хийссэн хүүхэд насны дурсамжаас тань яриагаа эхэлбэл ямар вэ?
-Бололгүй яахав. Гэхдээ өөрийнхөө тухай ярихаасаа өмнө миний аав, өсгөсөн аавынхаа тухай  ярих нь зүйтэй байх. Би айлын өргөмөл хүүхэд байгаа юм. Таван настайгаасаа эхлээд долоодугаар анги төгстлөө хурдан морь унасан. Моринд томдоод хасагдаад ирмэгцээ аавыгаа дагаж морь уях болсон юм. Манайх найман хүүхэдтэй, би тав дахь. Дээрээ нэг ахтай, доороо гурван дүүтэй ч би л адуундаа морддог байлаа. Дурандаа шүү дээ. Тэгэхээр морь гэдэг их багын хобби байгаа биз.
-Одоогийнхоор нь дүгнэвэл шаггүй унаач байсан байх шүү?
- Хэрэндээ л байсан байлгүй дээ. Одоо санаж байгаагаар дөрвөн  түрүү, зургаан айраг авсан юмдаг. Харин морь уядаг болоод зургаан түрүү 9-10 айраг авсан байх шүү.
-Сумын Алдарт уяач цолтой юу?
-Тиймээ. Сумандаа нэг түрүүлж, тав айрагдсан хурдан хар морины маань буян юм даа. Хар морь маань манай аймагт зохиогддог бүсийн уралдаанд нэг түрүүлсэн. Мөн нэг дүү хүүгээсээ хар алаг морь авсан. Уг нь хурдан буян байгаа юм. Даанч ахынх нь хоншоор дутаад айрагдуулж чадаагүй. Хоёр гурван ч удаа зургаад давхисан. Олон удаа хамраараа тасдуулах дэндүү харамсалтай  байдаг юм билээ.
-Хамгийн их сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Сая ярьсан даа. Хурдан хар алаг морь авсан гэж. Тэр морь маань 2007 онд сумынхаа наадамд гарсан цагаасаа айрагт хурдалсаар барианд орохын агшинд арын мориндоо идүүлж зургаалсан юм. Тэр наадам айраг түрүү аваагүй ч санаанаас гардаггүй юм. Арын морь нь бараг километрийн зайтай явсан болохоор айрагдах нь тодорхой гэж бодож байтал идүүлчихээр эвгүй л юм билээ. Миний тэр алаг морь уг нь их хурдан адуу л даа. Бас нэг  удаа ганцаараа тасархай ирж байгаад намайг наанаас нь мордоод  ухасхийхэд нам суугаад найм есөөр орчихсон. Зарим үед ахмадуудынхаа үгийг сонсож баймаар юм байна гэдгийг тэгэхэд мэдэрсэн шүү. Намайг амдах гэсэн настай хүмүүс “морь чинь ирж байхад сууж бай” гээд байсан. Эргээд бодоход үгэнд нь орох л байсан байна лээ. Тэр наадам надад их том сургамж болсон. Гэхдээ өнөөдөр минйи морь айрагдана гэж аархаж байгаад оруулж байсан сайхан түүх ч бас бий.
-Алдарт уяач сумынхаа уяачдын холбооны даргаар хэзээ сонгогдсон юм бэ? Холбооны талаар манай уншигчдад танилцуулаач?
-Манай сумын уяачдын холбоо “Толин сарт” нэртэй. Байгуулагдаад зургаан жилийн нүүр үзэж байна. Цэрэндагва гэлэг хүн анхны
даргаар нь ажиллаж байгаад, саяхан би сонгогдсон. Гэмгүй явж байгаад нэг л өдөр уяачдынхаа саналаар тэргүүн болчихсон. Нэгэнт нутгийн олон итгэл хүлээлгэж байхад гээд багаа бүрдүүлээд чадах ядахаараа зүтгэж байна. Миний бие сум дундын эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилтай. Тэрнийхээ хажуугаар холбооны ажлаа амжуулдаг. Манай сумын уяачдын холбоо 80-аад гишүүнтэй. Үүнээс 17 нь сумын Алдарт уяач, долоо нь аймгийн Алдарт уяач. Мөн Монгол улсын Алдарт уяач Дулам гэж хүн байсан.
-Адууныхаа угшлыг сайжруулах тал дээр?
-Энэ тал дээр манай сумын уяачид ихээхэн анхаарч байгаа шүү. Хэнтий, Сүхбаатар, Дорнод гээд зүүн зүгээс олон адуу  авчирсан. Хоёр жилийн дараа гэхэд өөрсдийн адуугаар уралддаг болчих байх. Манай сумын унаган адуу болохоор төв халхын богино хөлтэй адуу. Манайхан  ямар ч байсан гурван хамар давна гэж ярьдаг юм. Тэрэн дээр нь зүүн зүгийн хурд нэмчихээр тэсвэр тэвчээртэй, басхүү хурдтай нэг үгээр бол хамар давдаг, хаана ч уралддаг адуу гарах биз./инээв/ Ойр тойрын сумдынхан адуу аваад зах зухаасаа ирж байгаа дуулддаг шүү.
-Хамгийн ойр зорилго юу байна?
-Манай сумын уяачдын холбоо “Есөн зүйлийн унага”, “Шарын голын унага” гэсэн хоёр галтай. Бидний хамгийн ойрын зорилго гэвэл аймгийнхаа бүсийн наадмуудад дийлж уралдах, цаашлаад улсын наадамд явах л байна даа.
-Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай. Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна