Америкчуудын нэгэн бахархал

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Миллийн дөрөвний нэг зайд уралддагаараа шагшигдан улмаар энэ зайгаараа нэрлэгдсэн куартер адуу нь өнөөг хүртэл шигшигдэн үлдсэн Америк цусны хамгийн эртний адуу бөгөөд 1941 онд л албан ёсоор угшил гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн юм. XVII зуунд Виржини, Каролины оршин суугчид амралтын өдөр, эсвэл баяр наадмаар хотынхоо гол гудамжаар 400 метр гаруй зайд морьдоо уралдуулж зугаацдаг байжээ. Энэхүү зайд Индианы Чикасо Пони /Араб, Барб, Турк гаралтай мустангууд/ болон Англиас ирсэн Thoroughbred адуутай нийлүүлсэн морьд илүү зохицож, түрүүлдэг байсан учир удалгүй нэгэн төрөл болон өсгөх болсон байна. Гэхдээ Англи адуунуудаас1756 онд Америкт авчирсан Янус хэмээх азаргыг Куартер адууг үндэслэгч гэж үздэг юм. Англидаа Янус дөрвөн милл ойрын зайд уралддаг байсан ч түүний үр төл нь үүнээс хамаагүй богино буюу 400 метр орчим зайд маш амжилттай уралдаж болсон аж. Энэхүү төрөл удалгүй хурдаасаа гадна бусад чанараараа ихэд үнэлэгдэх болжээ. Маш хүчирхэг мөр, хондлойтой учир ачаатай хүн, эсвэл эд барааг хол зайд тээхдээ огт түүртдэггүй байв. Түүнчлэн богино зайд хурдаа амархан авдаг, хөдөлгөөн сайтай учир хонь мал хариулах, туухад онц тохиромжтой юм. Тиймээс Америк тивийн дорно зүгт нүүдэллэгчид болон малчид Куартерийг хамгийн үнэнч туслахаа гэж үздэг байжээ. Орчин үеийн Куартер морь нь хүч, ?урдаараа алдартай төдийгүй маш ухаалаг. Сургаж эдэлгээнд оруулахад мөн хурдан сурдаг учир асар их тархсан. Куартер нь гүйцэтгэх ажил үүргээсээ хамаарч хэд хэдэн төрөл байдаг. Том биетэйг нь мал аж ахуйн ажилд ашигладаг бол жижиг биетэ? нь уралдаанд зориулагдсан байна. Үүнээс гадна ажлын, харайлтын, ангийн, поло спортын гээд нэлээд төрөл бий. Өнөөдрийн байдлаар Куартер морийг АНУ-д хамгийн олон тоогоор адгуулан өсгөдөг бөгөөд тоо толгой нь хоёр саяд хүрчээ. Маш хурдан, онцгой адуу учир дэлхий даяар тархаж Канад, ӨАБНУ, Австрали, Англи, Өмнөд Америкт нэлээд тархсан. Дэлхий даяар /АНУ-ыг үл оролцуулан/ 800 мянга гаруй Куартер морь бий гэсэн тооцоо байдаг.

Гол баримт:

Өнгө: Дан, голдуу хүрэн хээр ӨНДӨР: 150-160 см
Галбир: Богино толгой, булчинлаг хүзүү, богино тагдгар
бие, өргөн хүчирхэг хондлой
Зан төрх:  ухаалаг, аливаа юмыг хялбар сурдаг
Гол хэрэглээ:  Уналга, ахуйн, родео, уралдаан
Удамшил:  Араб, Барб, Турк, Андалуз, Thoroughbred,       

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна