СТА дуучин Э.Төрмандах: Ээжийгээ өвчтэй байхад дуулж тайтгаруулдаг байсан

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 15 -нд

СТА  дуучин Э.Төрмандах
...Уугуул нутгийг таалаад
Урин салхи нь сэвэлзээд
Үүл нь салхины үзүүрт сэргээ юм уу
Унаган хүлгийн минь хатир чангараад
Энх улирал шимтэн шимтэхийн эхэн
Энх  улирал мянган жаргалын үүд ээ... Энэ  бол залуу дуучин Э.Төрмандах юм. Дуу хуурын өлгий  Дундговь нутгийн хүү багын л дуулахын хүслээр жигүүрлэсэн нэгэн явсан гэдэг. Бас үндэсний бөхөөр шаггүй нэгэн байсан гэж байгаа. Ямартаа л сумынхаа наадамд сумын зааныг давчихаад шуугиулж явсан гэх.  Хожмоо  спортын  эсвэл урлагийн хүн болохын аль нэгийг нь сонгох хэрэг гарснаар дуучин болсон тухайгаа хөөрөлдсөн түүнийг ярилцлагыг бид хүргэж байна.
-Уран бүтээлийн сонин сайхан юу байна даа? Уран бүтээлчдийн хувьд “завсарлагын цаг” эхэлчихсэн байна.
-Тийм шүү. Жилийн дөрвөн улиралтай бидний хувьд урин дулаан цагт амжиж амрахыг хүн бүр л хичээдэг. Гэхдээ одоогоор амралт эхлэх арай болоогүй байна.  Шинэ уран бүтээлийн ажлаа амжуулаад л явна. Сүүлд “Т-records” студид хөгжмийн зохиолч Аранзаа ахын ая, яруу найрагч Амарсайханы шүлэг “Улаан эрэг” киноны дууг дуулж бичүүлсэн. Үндэсний телевизээр гарч байгаа кино л доо. Бас Зундуй гавьяатын  дуулж байсан “Үүрийн шөнийн нулимс” гээд сэргээн дуулсан байгаа. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн сайхан дуу байгаа юм.
-Үүнээс өмнө киноны дуу дуулж байв уу?  Киноны дуу ямар онцлогтой вэ?
-Түрүү жил “Утаа” гээд жүжгийн дууг дуулсан. Мөн “Тусгаар тогтнол”, “Тнгри” киноны дуу дууллаа. Энэ мэт энэ жилийн хувьд кино, жүжгийн дуугаар амьсгалсан жил болж байна. Ер нь эх орны  сэдэвтэй дуунууд
миний хоолойнд тохироод байдаг юм. Би ч гэсэн эх орон, эрчүүдийн сэдэвтэй дууг дуулахаар өөрийн эрхгүй сэтгэл хөөрөөд байдаг юм. Гэхдээ мэдээж мэргэжлийн дуучны хувьд янз бүрийн ритмтэй дуу дуулж өөрийгөө сорих дуртай.
СУИС-ийн хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, хөгжмийн зохиолч Бямбабаяр багшийн ая,  яруу найрагч Жамбалсүрэн ахын шүлэг “Нарны орон” дуугаа анх дуулж байлаа шүү дээ. Энэ дууны маань клипийг  “Hero” entertainment”-ийнхан хийсэн. Анхны уран бүтээл учраас нэлээн ч хөрөнгө зарлагадсан. Анхны гэдэг утгаараа энэ дуугаа дуулах их дуртай шүү.
-Багын л дуулахын хүслэнд автсан хүү байсан гэдэг байхаа?
-Тийм шүү. Удмын юм байдаг юм шиг байгаа юм. Манай аав Ч.Эрдэнэсүрэн уртын дууг их сайхан дуулна.
Мал эмнэлгийн жолооч хийдэг байлаа. Би дөрвөн хүү, нэг охинтой айлын хамгийн бага нь. Ер нь манай өвөг дээдсүүд найранд гурван дуутай улс байсан юм билээ. Сургуульд орсон цагаасаа эхлээд л дуулсан. Урлагийн үзлэг алгасаж байсангүй. Наймдугаар ангидаа анх сургуулийн аварга дуучин болж, тэр жилээ  Дундговьд дууны тэмцээнд явж байлаа. Багадаа гурван ч том тэмцээнд орж алт, мөнгө, хүрэл медалийг нь хүртэж явлаа. Энэ нь жаахан хүү миний хувьд дуулах хүслийг маань илүү дэврээсэн хэрэг болсон. Ингээд  дунд сургуулиа төгсөхдөө дуучин болохоор эргэлт буцалтгүйгээр шийдчихсэн байсан. 2005 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид Ц.Ерөө багшийнхаа удирдлаган доор суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд хоёр сарын дараа Монгол үндэстний дууны их наадамд оролцон тэргүүн байрыг эзэлж, Монгол улсын СТА болж байлаа.
-Бага насны хөгжилтэй дурсамжуудыг эргэн санах бүрт таатай санаддаг даа. Хүүхэд насныхаа хөгжилтэй дурсамжуудаас хуваалцаач? 
-Зуны амралт эхэллээ л бол хөдөө явдаг байлаа. Багадаа хурдан морины унаач хүүхэд явлаа. Таван жил орчим унасан байх шүү. Харамсалтай нь айрагдаж үзээгүй, зүгээр их сайхан уначихдаг байлаа. Хүүхэд л болсон хойно түрүүлж, айрагдсан хүүхдүүдийг хараад бяцхан атаархнаа./инээв/ Бас эмнэг адуу даага сургадаг байлаа. Ер нь л адуунд их дуртай хүүхэд байсан. Гэхдээ ах нар маань хүнддэнэ гээд хурдны морь унуулах тийм  ч дуртай биш байсан. Мөн бөх их сонирхдог байлаа. Сургуулийнхаа 80 жилийн ойн өсвөрийн барилдаанд түрүүлж хөөрхөн даага, дугуй бас хөгжмөөр шагнуулж байсан маань хүүхэд насны маань баярт мөчүүдийн нэг шүү. Дараа нь наймдугаар ангидаа сумын зааныг давж “од” болж байлаа. Яваандаа урлагаар уу, эсвэл бөх үү гэдгийг сонгох хэрэгтэй болсон. Сонирхуулахад  ээжийн маань удамд МУ-ын заан цолтой бөх байсан юм билээ.
-Шагналын даагаа яасан бэ?
-Шагналын даага маань манайханд хоёр төл гаргаж өгсөн. Даанч зуднаар эндчихсэн.
-Ээж чинь ч гэсэн бас дуулдаг байсан уу?
-Эжий маань Дундговь аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Д.Цэцгээ гэж хүн байлаа. Дундговь аймгийн холбоонд олон жил ажилласан даа. Ээж маань их зөн совинтой хүн байсан юм санагддаг юм. Намайг багад Андгайг багын нэр аргал түлшинд битгий оролцул, гар нь муухай болчихно. Энэ чинь том болоод урлагийн хүн болох гээд л хэлдэгсэн. Ер нь миний  сайн зөвлөх байсан. Даанч намайг СУИС-д ордог жил бурхан болчихсон. Ээждээ  өөрийнхөө дуулсан дууг сонсгож чадаагүйдээ одоо ч харамсдаг юм. Хөөрхийдөө өвчтэй байхад нь дуу дуулж тайвшруулдаг байсан сан. Уран бүтээлч хүүгийн хувьд ээжийнхээ дурсгалд зориулан нэг их сайхан дуу хийх юмсан гэж боддог. Хэд хэдэн хөгжмийн зохиолчид хэлчихсэн байгаа. Хүмүүс ч залгаад нэг ийм ээжийн тухай дуу байна гэж санал болгодог ч яг миний дотор байгааг гаргасан дуу таарахгүй л байна.
-Ээжийн зөн совин биелэлээ олжээ. Гэрийнхэн чинь Төрмандахын үнэнч дэмжигчид биз дээ?
-Бид тав өөр өөрийн амьдралаа хөөж аавын гэрээс гарсан байна. Гэсэн ч байнга л холбоотой байдаг юм. Бүгдээрээ л санаа тавина гээч. Шинэ уран бүтээл юу байна, ийм нэг дуу байна тэрийг дуулбал яах уу гээд л. Тийм дуу чинь аятайхан болсон байна лээ шүү гэхчилэн зөвлөнө шүү дээ. “Зүүдэн бороо” дуу л гэхэд ах маань анх санал болгосон.
Эхнэр маань бас урлагийн хүн л дээ. СУИС-ийн уртын дууны ангийг төгссөн Увс аймгийн харьяат Гансувд гэж бүсгүй бий. Тийм болохоор уран бүтээлийн маань хамгийн анхны сонсогч байж зөвлөнө, зэмлэнэ.

-Эхнэр тань хаана ажиллаж байна вэ?
-Бид хоёр охинтой. Том нь ой гарантай, бага нь саяхан төрсөн болохоор эхнэр маань одоохондоо гэртээ байгаа.  Би ч гэрийнхэндээ ховор олддог хүн дээ. Гэхдээ хүүхдүүд маань бага байгаа болохоор гэр бүлдээ цаг зав гарвал байнга л хамт байж эхнэртээ туслахыг хүсдэг.
-Дундговь бол дуу хуурын өлгий нутаг. Тийм ч болохоор магадгүй илүү хариуцлага хүлээх, бусдаас чадварлаг байх ёстой болов уу?
-Тийм шүү. Миний төрсөн нутаг Дундговь бол дуу хуурын өлгий. Тэр дундаа манай Дэлгэрхангай сум, Дэлгэрхангай уулыг урлагийн талдаа илүү энергитэй газар гэж ярьдаг. Энэ ч үнэн байх шүү. Зөвхөн манай сумаас гэхэд  29 Монгол улсын гавьяат төрсөн байдаг юм. Тийм ч болохоор би Дэлгэрхангай ууландаа жил болгон очдог. Яагаад ч  юм уулаа харахаар өөрийн эрхгүй нулимс гарна гээч. Хоёр жилийн өмнө манай нутагт их ган болсон. Тэр жил яагаад ч юм нутагтаа очмоор санагдаад. Гундуухан байгаа нутгийнханаа хараад үнэхээр өр өвдсөн. Тэгээд өөрийн чадах хэрээр туслахыг хүсч, тэднийхээ сэтгэлийг жаахан ч болов сэргээхээр хоёр өдөр үнэгүй тоглолт хийж байлаа.
-Ингэхэд анхны тоглолт хэзээ байсан бэ?
-Хүний анхны гэсэн тодотголтой бүхэн сайхан санагддаг. Монгол үндэстний дууны их наадамд түрүүлдэг жил миний хамгийн анхны “Сайхан”  цомог бэлэн болж байлаа. Миний өмч гэдэг утгаараа нэг тийм үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрүүлж байсан шүү. Дараа нь анхны бие даасан тоглолт маань байна. Их олон давааг давж тоглолт бэлэн болоход яагаад ч юм үзэгчид ирэхгүй бол яанаа гэсэн бодол толгойд эргэлдэн зовоож байж билээ. Гэхдээ мэдээж дуулахаасаа айгаагүй л дээ. Бэлтгэлээ маш сайн хийсэн байсан учраас. Гэтэл Монгол бөхийн өргөө дүүрээд, дээр нь нэмж зассан 800 суудал пиг дүүрсэн байхыг хараад нулимсаа барьж дийлээгүй дээ. Анхны тоглолт гэдэг утгаараа алдаа оноо байсан ч  бөхийн өргөөнөөс хамгийн “баян” хүн гарч байлаа.

-Дараагийн тоглолт, дараагийн цомог хэзээ вэ?
- 15 дуутай “Энх улирал” цомог  маань бэлэн болчихсон байгаа. Олон сайхан дуу багтсан байгаа. Уг нь дөрөвдүгээр сард тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан. Намар тоглоно доо.
Залуу уран бүтээлчийн хувьд хийхээр төлөвлөсөн олон ажил байна. Би чинь мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүн шүү дээ. Тийм болохоор Монголдоо ардын болон нийтийн дууны урсгалаар номер нэг дуучин болохыг хүсч байна.  Би дуурийн дуулаачийн ангийг төгссөн хүн. Тийм болохоор дуурийн дуугаа ч дуулна гэж боддог юм: Мэдээж энэ бол амаргүй. Гэхдээ хичээх болно. Нас залуу байна, бас би Монгол хүн.  Тийм болохоор  эхлээд Монгол нийтийн дуугаа дуулж байгаад яваандаа гадагшаа мэргэжил дээшлүүлж сурна гэж бодож байгаа. Энэ мэт олон ажлыг төлөвлөчихөөд л явна.
-Дуулсан дуу хит болоход яг ямар мэдрэмж төрдөг болоо?
-Сайхан даа. Ер нь дуу хит болно гэдэг хувь тавилан гэж би боддог. Нэг дуу дуулаад л энийг би хит болгоно гээд мөнгө цацаад л зохицуулчихдаг юм биш.  Сонсогчид хамгийн шударга шүүгчид байдаг юм. Бас хэчнээн сайхан хоолойтой ч өөрийн дуугаа олохгүй бол тэр дуу замхраад алга болчихно гээч. Миний “Зүүдний шувуу шиг бүсгүй” дууг хүмүүс их сайхан хүлээж авсан. Хийсэн ажлынхаа үр дүнг амсаж байгаа болохоор сайхан байлгүй яахав. Илүү сайныг хийнэ л гэж боддог юм билээ.
-Амжилт хүсье. Баярлалаа.
 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.