Их хурдын хишигтэй Ж.Үхэртарын буурал

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 18 -нд

МУ-ын таван Алдарт уяач төрөн гарсан Архангай аймгийн Өлзийт  сумын уугуул Жамбалын Үхэртар эрчүүдийн хэлдгээр “хоншоортой” эр. Айрагтай адуутай газрын хүү сургууль соёлын мөр хөөсөн ч “мориноос” сэтгэл  буруулж төвдөлгүй байсаар сум нэгдлийн даргаар ажиллаж байхдаа “Монгол адуу” нийгэмлэгийг суурийг анх тавьж байсан гэдэг.
Адуу гээч өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан хэн бүхний магнай тэнийлгэдэг ач санадаг буянтай амьтан. Чухам тийм л ерөөлөөр олон жилийн дараа Ж.Үхэртар санаандгүй байж байгаад төрийн наадмын хишиг хүртжээ. Тэгэхдээ бүр тоосонд нь ороход хийморь сэргэдэг гэдэг соёолон үрээ аман хүзүүнд хурдлуулав.
Дааганд нь Багануур дүүргийн уяачдын холбооны дарга Ч.Элбэгсайханаас авч байсан хээр үрээ соёолондоо төрийн наадамд айрагдан уясан эзэн, унасан хүүхдийнхээ магнайг тэнийлгэсэн ч Ж.Үхэртар өөрийн нэр дээр цоллуулж чадаагүй гэдэг. Хурдан морь сонирхогчдын дунд “Элбэг” хэмээн алдаршсан хээр үрэний уяаг Тод манлай уяач Ц.Дуламсүрэн тааруулж байсан бөгөөд улс бүсийн наадмаас хоёр түрүү, гурван айраг хүртсэн хурдан буян билээ.
Ийнхүү төрийн наадамд соёолон үрээ айрагдуулж томоохон наадмын өм нээгдсэн Ж.Үхэртар 2007 оны “Их хурд-4” уралдаанд буурал морио айрагдуулан адуунд хоёргүй сэтгэлтэй явсныхаа  хишгийг хүртсэн. Монголын морины их олимп хэмээгддэг шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд газар газрын 160 гаруй хурдан буян шандас шалгаж, Ж.Үхэртарын буурал айргийн дөрөвт хурдалсан юм.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна