Эвтэй байхыг бэлгэдэж багийн харваанд л таван сумаар харвадаг

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 18 -нд

Өвөг дээдсийн маань сургаал, сургамж, бэлгэдэл бидний аж амьдралаа төвхнүүлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ахмад дээдсээ хүндэтгэх, уул ус , овоо тахих, аж ахуйгаа эрхлэн хөтлөх, ан гөрөө авлах, цэнгэн наадах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зэрэг өдөр тутмын бүхий л ажил үйлсэд түгээмэл хэрэглэгдэж байдаг гээхийн аргагүй монгол ухаан билээ. Сур харваанд ч энэ бэлгэдэл, сургаал олон зууны тэртээгээс хадгалагдаж ирсэн түүхэн уламжлалтай. 1950-иад оны сүүлчээс үндэсний сурын харваа спортын нэгдсэн ангилалд багтан, цол зэрэг хүртээдэг болж, багийн харвааг ганцхан өрөг харваж, хожлыг шийдвэрлэх цаг үеэс эхлэн сур харвааны зарим уламжлал орхигдон, одоо бараг мартагджээ. Өнө эртнээс даган хэвшсэн өвгөдийн сургаал мартагдах учиргүйсэн. Алунгоо эхийн таван сумны домог сургаалыг хэрэгжүүлэх нэрийн дор 4 сум тавьдаг уламжлалаа гээж, таван сумаар харвадаг болохоор шийдвэрлэж байгаа бололтой. Харваачид бид сур харвааныхаа түүхэн хөгжил, уламжлалт ёс заншил, дэг жаяг, сургаал бэлэгдлээ тун бага мэддэг болсон нь туйлын харамсалтай, сурын холбооны зарим удирдлагуудын мэдлэг дутмаг байгаа нь гачлантай. Сур харвааны түүх, хөгжил уламжлалыг сайтар судалж мэдсэний үндсэн дээр юуг нь өөрчилж сайжруулах, ямрыг нь бататган үлдээх вэ гэдэгт ул суурьтай хандахгүй, хэт сэтгэлийн хөөрлөөр хандах нь өрөөсгөл болно.

Юм болгоныг шинэчлэх гэж хэт улайрснаас бид чинь цуваа харваа, багийн харваа хоёрынхоо түүхэн уламжлал, онцлох ялгааг ч олж харах чадалгүй болчихож. Одоо хэрэгжүүлэхээр зорьж байгаа Алунгоо эхийн таван сумны домог сургаал нь олон зуун жилийн тэртээгээс 1950-иад оны сүүлч хүртэл багийн харваанд уламжлагдан хадгалагдсаар ирсэн зүйл шүү дээ. Тэгэхдээ их учир утгатай. Өөрөөр хэлбэл олон хүн нэгдэж баг үүсгэн харвадаг харваанд хэрэглэж байсан нь өөрийн эрхгүй сонирхол татдаг юм. Одоогоос 40 гаруй жилийн өмнө хоёр багийн харваачид гурван өрөг харваж, нэг нь нөгөөгөөсөө таван сур татаж байж хожилцдог, таван сур татаж чадахгүй бол хэрүүл маргаан үл гарган, эвтэй найртайгаар хайнцдаг байсныг ахмад буурлууд сайн санаж байгаа. Энэ бол Алунгоо эхийн таван сумны домог сургаалын "эвтэй бол хүчтэй" гэдэг гүн утга агуулга сонгодог хэлбэрээр хэрэгжиж байсны тодорхой баримт юм. Алунгоо эхийн домог сургаал тухайн үед орхигдож байгааг ахмад буурлууд ойлгохын дээдээр ойлгож байсан боловч үндэсний үзэлтэн нэр зүүн чичлүүлэхээс болгоомжилж, ханцуй дотроо залбиран харамсаж байсан гэж би боддог. Багийн харваа олны хүчин дээр төвлөрдөг бол цуваа харваа зөвхөн өөрийн хүчинд найддаг. Эвтэй бол хүчтэй гэдэг домог сургаал ёсоор цуваа харвааг таван сумаар харвадаг болгох нь хэр оновчтой шийдэл бол доо. "Эвтэй яваарай" гэж сургаж уу, таван сумаар харваарай гэж захиж уу? Аль нь юм бол доо! С у р ы н харваанд олон сайхан зан үйл бэлгэдэл агуулагдан одоог хү р т э л уламжлагдан хэрэгжсээр байгааг харваачид маань мэдэж мэдрэхгүй, ойлгож ухаарахгүй л байна. Багийн харваа өөрчлөгдөж домог сургаал орхигдоод арван жил ч болоогүй, өвгөдийн сэтгэлийн шарх аниагүй байсан тэр цаг үед өөрт тохиолдсон нэгэн явдлыг толилуулъя. Яг хэдэн болохыг тодорхой санахгүй байна. 60- аад оны дундуур харваачид наадамд эрчимтэй бэлтгэж байсан цаг. Нэг өдөр бэлтгэл дээр улсын наадамд хоёр удаа түрүүлж байсан, цуутай мэргэчүүдийн нэг Мишигдоной гуай "Буриад сум яагаад гурван өдтэй байдаг юм бол доо. Их л хурдан явах юм даа" гэж асууж билээ. Тухайн үед нас залуу, юмны учир начрыг олох ухааны цар дутуу байсан болохоор "мэдэхгүй" гэдгээ хэлсэн. Тэрбээр "Монголчууд хөх тэнгэрийн дор ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист гал голомтоо бадраан, үр хүүхдээ өсгөж аж ахуйгаа эрхлэн амьдарсаар байгаа. Бидний амьдралд хэрэглэж хэвшсэн олон сайхан зан үйл, бэлгэдэл байдаг. Түүний нэгээхэн хэсэг сур харваанд ч байгаа. Харваачид дөрвөн сумтай, сум нь дөрвөн өдтэй, нэг босоонд дөрвөн сум тавьдаг, найман сум харвахыг нэг өрөг гэж нэрлэж хэвшсэн. Энэ нь бидний амьдрал ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист үргэлжилж байгааг илэрхийлсэн бэлгэдэл. Оноог самбарт бичихдээ босоо хэлбэртэй, монгол бичгийн аргаар тэмдэглэж байгаа нь монгол хүн босоо заяатай, өөрийн бичиг соёлтой ард түмэн гэдгийг бэлгэдэж харуулсан хэрэг. Самбарт оноог гурван өрөг болгон тэмдэглэж, багийн харваачид гурван өрөг харваж, таван сурын татлаар хожилцож байсан нь гал голомтоо дээдэлж, эвтэй, хүчтэй байгаагийн шинж шүү дээ, бид тулгын гурван чулуу гэж ярьдаг биз дээ" гэж тайлбарлаж өгсөн нь миний санаанаас огт гардаггүй. Тэр мөчид, буриад харваачид хэдэн сумтай болох, нэг босоонд хэдэн сум тавьдаг, оноогоо яаж тэмдэглэдэг тухай надаас сонирхсон сон. Би буриад сур харвааны тухай өөрийн мэддэг хэмжээгээр тайлбарлаж өгөхийг хичээж билээ. Мишигдоной гуай, "Халх, буриад сур харвааны зан үйл, бэлгэдэл адилхан юм байна. Харин ч буриадууд гал, нар, сараа хүртэл бэлгэдэлдээ оруулжээ. Та нар хадгалагдаж ирсэн энэ уламжлалаа хөгжөөж явах учиртай юм шүү" гэж захиж зөвлөсөн нь их холч мэргэн ухаан байж дээ. Тэгэхдээ Чингис, Алунгоо гэж нэг ч үг цухуйлгаагүй юмдаг. Бодвол үндэсний үзэлтэн болохоос болгоомжилсон хэрэг биз ээ. Урианхай харваанд ямар бэлгэдэл байгааг мэдэхгүй боловч тэд гурван сумтай, нэг босоонд гурван сум харвадаг нь гал голомтоо дээдэлсэн бэлгэдэл гэж үзэх үндэстэй мэт санагддаг юм. Багийн харваанд байсан "эвтэй бол хүчтэй" гэдэг домог сургаал 50-60-аад оны үед цагийн эрхээр орхигдон одоо зөвхөн ном судар, өвгөдийн сэтгэл зүрхэнд хадгалагдан үлджээ. Харин цуваа харваанд байсан зан үйл бэлгэдлийн хувь заяа бүдгэрч мэдэхээр байна. Домог сургаал ч үгүй, зан үйл бэлгэдэл ч үгүй таван сумаар харвах ёстой гэсэн бүдэгхэн замаар бид явах болж байна уу даа. Харваачид бид чухамдаа хаашаа явж байна вэ? Мишигдоной гуайн "Хөгжөөж явах учиртай шүү" гэж захиж хэлсэн үг нь "унтрааж, бөхөөж болохгүй" гэж хойч үедээ үлдээсэн гэрээс гэлтэй. Энэ асуудлыг сөхөн тавихдаа хуучныг хамгаалах, шинийг эсэргүүцэх атгаг хорон санаа огт агуулсангүй. Асуудалд авах гээхийн ухаанаар хандаж, өв соёл, уламжлалаа дээдлэх монгол ухаанаар тунгаан бодоосой гэснийх. Харваачид та бүхэн ч энэ талаарх санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна.

Мухардаан бодонгууд, улсын мэргэн П.Гарамдорж

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна