Болж өгвөл 10-аас дээш насны хүүхдээр морь унуулах хэрэгтэй

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 04 -нд

Хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтэн Г.Ойнбаяр: Болж өгвөл 10-аас дээш насны хүүхдээр морь унуулах хэрэгтэй
-Хэдхэн хоногийн дараа улсын баяр наадам болох нь ээ. Тиймээс хоёулаа унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрх хамгааллын талаар яриагаа эхэлье?
- Тиймээ, баяр наадам хаяанд ирчихлээ. Хүүхдийн төлөө газраас  хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрх хамгааллын асуудал дээр  анхаарч, хяналт тавьсаар ирсэн. Мөн эцэг эхчүүд, уяачид, хүүхдүүдэд зориулсан нөлөөлөл сурталчилгааны ажлууд явагддаг юм. Хурдан морь унаснаар хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байдаг. Учир нь хичээл номондоо явахгүй байх, намар оройтож хичээлдээ ирэх гэх мэт. Үүнээс гадна хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаар хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр уралдаан тэмцээнд оролцуулах зэргээр хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх зүйлс байдаг.
-Унаач хүүхдүүдийг  хамгаалалтын хувцас хэрэглэлээр жигдлэх талаар яригддаг ч яг биелэлээ олсон зүйл байдаггүй. Энэ тал дээр танай байгууллага ямар байр суурьтай байдаг вэ?
-Энэ байдалд  манай байгууллага хяналт тавьж ажилладаг. 2012 оны 2 сарын 1-ээс эхлэн үндэсний морин спортын унаач хүүхдүүдийн хувцас, морины хэрэгсэлд тавигдах стандарт гэж бий болгосон. Энэ нь шууд хэрэгжиж эхлээд  байна. Стандартын хамгаалалтын хэрэгсэлтэй ,стандартын хамгаалалтын хувцасыг хүүхдүүд өмсөж уралдах ёстой. Малгай гэхэд л хүүхдийн толгойг доргилтоос хамгаалах зөөлөвчтэй малгай байх ёстой. Мөн өвдөгний хамгаалалт, толгой доргихоос хамгаалсан малгай, эгмийг хамгаалсан цээживчийг өмсүүлнэ.
-Ирэх наадмаараа бүх унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэлтэй уралдана гэж ойлгож болох уу?
- Одоогоор энэ тал дээр ММСУХолбоо анхаарч ажиллаж байна. Стандартын шаардлагад нийцсэн малгай, хувцас 3000 ширхэг захиалгаар ирээд 40.000 төгрөгөөр зарагдаад эхэлчихсэн байгаа. Гэхдээ хүүхдийн байгууллага болон  уяачдын холбоо нь бизнесийн байгууллага биш учраас стандартад нийцсэн хувцас өмсгөх шаардлага, хяналтыг   тавих үүрэгтэйг ойлгох хэрэгтэй. Бид нар хувцсыг нь оруулж ирээд зарах, түгээх үүрэгтэй биш. Хамгийн нэн түрүүнд шаардлагатай байгаа стандартын хувцсыг оруулж ирээд байна.
-Мориноос унаж, гэмтсэн хүүхдүүдийн тоо баримт танай байгууллагад байдаг байх?
-Байдаг.  Хүүхдийн төлөө байгууллага, төрийн байгууллагууд нь  ЗГ-аас тогтоосон хуваарийн дагуу батлагдсан уралдаануудад жилийн жилд  хяналт тавьж, яг ажилладаг. Гэтэл албан бус, төрөөс батлагдаагүй уралдаанууд зөндөө болдог. Ийм  хяналтгүй уралдаанууд олон зохион байгуулагдаж, хүүхдүүд ямар нэгэн мэргэжлийн байгууллагуудын хяналтгүйгээр уралдаанд оролцдог. Эдгээр уралдаануудад цагдаагийнхан, хүүхдийн байгууллагынхан гэх мэт хяналт тавьдаг,  мэдээлэл хийдэг хүмүүс оролцдоггүй учраас хүүхдүүд олноороо бэртэж гэмтэх асуудал гардаг.  Гэвч дараа нь хариуцлага тооцох эзэн олддоггүй. Олдсон ч эргээд хариуцлага тооцох болохоор  ямар нэгэн хяналт тавих боломж хязгаарлагддаг. Үүнийг тухайн сум орон нутгийн засаг дарга нар хариуцаж, зөвшөөрөл өгөх ёстой. Зүүн, баруун, төвийн гэх мэт таван бүсийн болон улсын  уралдаануудад бид хяналт тавьж оролцдог.  Уралдах газраа үзээд,  шалгаад,  хүүхдүүдээ даатгалд хамрагдсан эсэхийг шалгадаг.  Энэ жилийн наадмаар ч бас хяналт тавихаар бэлтгэж байна.
-Унаач хүүхдүүдийн эцэг эхчүүд юуг хамгийн их анхаарах ёстой вэ?
-Үндэсний спорт,  үндэсний соёл хандлагыг өөрчлөхгүй л бол мэдээж хүүхдүүд хурдан морийг унасаар л байх болно. Эцэг эхчүүд ч зөвшөөрөл олгосоор л байна.Үүн дээр эцэг эхчүүд маш сайн хариуцлагатай хандах хэрэгтэй. Хүүхдээ хурдан морь унаж чадах насанд нь  буюу дунджаар  7 наснаас хойш гэж заасан байгаа ч , болж өгвөл 10 наснаас хойш унуулах хэрэгтэй. Хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс унаач хүүхдүүддээ яг стандартын хувцас олгох, хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй оруулж байх шаардлагатай байна. Уяачдад нь зөвшөөрөл өгөхдөө стандартын хувцас заавал өмсүүлж уралдуулах тухай шаардлага тавьж, биелэлтийг нь шалгасны үүднээс хүүхдээ уралдаанд гаргаж байх хэрэгтэй. Мөн зуны амралт, чөлөөт цагаар нь уралдаан наадамд оруулах нь зөв. Хичээлтэй үеэр нь сургуульд нь явуулах, хүүхдийнхээ сурч боловсрох үйлд нь анхаарах, нас, бие, сэтгэхүйн онцлогийг нь харгалзан үзэх, анхаарал халамжийг тавьж байх ёстой. Эцэг эхчүүд маш сайн хариуцлагатай байж ,бага насны хүүхдээ өөрөө хамгаалж, өөр аймаг сумруу хүн дагуулж явуулахгүй, танихгүй айлд амьдруулахгүй байх тал дээр анхаармаар байна. Хүмүүжил төлөвшлийг эцэг эхчүүд өөрсдөө л өгөх үүрэгтэй.
-Унаач хүүхдүүдийн эрх гэлтгүй олон зүйл дээр хүүхдийн эрх зөрчигддөг шүү дээ. Энэ бүхнээс насанд хүрээгүй хүүхдүүд хөдөлмөр эрхлэдэг нь нууц биш?
-Монгол улсын хөдөлмөрийн хуулинд хөдөлмөр эрхлэх насны тоо  14 байдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын  хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах конвенцид хүүхдийн хөдөлмөр эрхлэх насыг 14-15 нас гэж заасан. Ер нь бол 18 нас хүртэлх насны хүнийг хүүхэд гэнэ хэмээн хүүхдийн эрхийн конвенцед тодорхойлсон байдаг. 18-аас доош насны хүнийг хортой хүнд нөхцөлд ажил хийлгэхийг хориглодог. Насанд хүрээгүй хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэх, ялангуяа хүнд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх нь хууль зөрчсөн асуудал юм. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь нас болон биеийн онцлог, сэтгэхүйд тохирсон байх ёстой.
-Монгол улсад хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тоо хэд байдаг вэ?  Тэдний хөдөлмөр эрхлэх гол шалтгаан нь юу болдог бол?
-Хүүхдийн хөдөлмөр эрхлэх байдал бол нийгмийн гарал болон ядуурал, өрхийн орлогын түвшин доор байх нөхцөл байдалтай холбоотой байдаг. Гэхдээ хэдийгээр ажилгүй иргэд олон ч хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхгүй байх бололцоо нөхцөл манай улсад бий. Гэтэл хүүхдүүд хөдөлмөр эрхэлсээр л байна. Сүүлийн үеийн тоогоор бол 11 мянга гаруй хүүхэд хүнд хөдөлмөр эрхлэж байна гэсэн судалгаа байгаа.
-Хүүхдүүд  тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлэж байна гэсэн. Энэ нь ямар төрлийн ажил вэ? 
-Хүүхдүүд олон салбарт хөдөлмөр эрхлэж байна. Яагаад гэвэл хүүхдүүд дуулгавартай, хурдан шуурхай хөдөлгөөнтэй, бага цалингаар ажиллуулах  боломжтой байдаг учраас тэднийг ажиллуулах сонирхол нийгэмд байдаг.  Энэ нь даамжраад хүүхдийн сургууль завсардалт, хичээлдээ явах боломжоор нь хангахгүй байх сөрөг асуудалд ордог.  Хүүхэд мөнгө олоод, гэр бүлдээ нэмэр болж байна гэсэн сэтгэхүйтэй болоод даамжруулан ажилладаг. Энэ нь яваандаа мэргэжилгүй , ажилгүй хүмүүсийн тоог нэмдэг  сөрөг хандлагууд ихтэй. Монголд хөдөө аж ахуйн салбарт,  мал дээр, уул уурхайн салбарт ялангуяа том том уурхайнуудад дандаа сайн дураараа гар аргаар, задгай талбай дээр, хүүхдүүд хөдөлмөр эрхлэж байна. Зарим тохиолдолд зах, хогийн цэг , том том худалдааны төвүүд дээр  ажиллаж байна. Мөн гуйлга гуйлгуулж , жижиглэн худалдаа хийлгүүлэх  гэх мэтчилэн олон газар хүүхдүүд бизнесийн үйл ажиллагаанд оролцдог
-Гуйлга гуйж буй хүүхдүүдийн ард хэн байдаг вэ? Бизнесийн зорилготой хүмүүс байдаг гэх яриа байдаг л даа?
-Яг бизнесийн зорилготой ийм тийм хүмүүс байдаг гэж хэлж болохгүй. Учир нь бизнесийн зорилгоор гуйлга гуйлгуулсан баталгаа, нотолгоотой зүйл байхгүй. Эцэг эх нь үүргээ ухамсарлаагүйгүйн үүднээс  хүүхдүүд тийм зүйл хийж байна. Хялбар аргаар мөнгө олох зорилгоор л гуйлга гуйлгадаг л даа.
-Эдгээр хүүхдүүдийн хувьд төрөөс ямар арга хэмжээ авдаг вэ?
-Орон нутагт бол энэ тал дээр шат шатны засаг дарга нар, үүрэг хариуцлага хүлээх ёстой. ЗГ-аас  2011 онд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах үндэсний хөтөлбөр гэж батласан байгаа. Энэхүү үндэсний хөтөлбөр  2012-2016  оны хооронд хэрэгжиж дуусна. Үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг НХХЯ  батлаад гаргачихсан. Төрийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоо нь хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд орчихсон явж байгаа. Энэ зүйл дээр  бүх шатны хүүхдийн байгууллага, НХХЯ, хүүхдийн байгууллагууд, бүх шатны засаг дарга нар , иргэний нийгмийн байгууллалууд , хууль хяналтын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллага гээд  бүгд оролцоно гээд заачихсан.
-Ярилцсанд баярлалаа.

Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна