Яруу найрагч С.Мөнхцэцэг: Морины уяа тойроод

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 05 -нд

Морины талаар бичдэг цөөхөн яруу найрагчдын нэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Сэнгээгийн Мөнхцэцэг. Тэрээр хурдан хүлэг, хүчит бөхчүүд, цэрэг эрсийн тухай мөр холбон шүлэг тэрлэх дуртай. Түүний бичсэн олон шүлэг тун удахгүй дуу болон эгшиглэхээр хөгжмийн зохиолчдоо хүрээд буй.  Ингээд түүний шүлгийн дээжээс хүргэж байна.

Морины уяа тойроод

Хангарьдын жигүүр мэт дэвээтэй
Халхын сайхан бөх зодог шуудгаа
Хаа таарсан газар хаядаггүйтэй адил
Хазаар, эмээл, ногтыг хаячихдаггүй юм
 Хурдан морь, бөх, сур харваа
 Хурд, хүч, цэцийн шалгуур
 Хурмаст тэнгэрт тоосоо өргөсөн
 Хулжиж одохгүй наадмын дэвжээ
Өнөөдрийн сунгаанд өнгөлж давхисан хүлэг
Өвчүүгээ цохилж, өвсөн дээр хөрвөөнө
Өчигдөрийнхөөс өндөр болчихсон үзэгдэж
Өөрийн эрхгүй, нар ташаан дээр нь гялбана
 Хус модон хоёр шон, наадмын сойлго дуустал
 Хуудуугүй сайхан өвгөдийн хууч яриаг сонсоно
 Хуурын уяхан татлаганд морьдын хийморь сэргэж
 Хурдан дөрвөн туурай нь газрын цавчин тэмүүлнэ
Чогчиго шувуу санаандгүй дэрхийн нисэхийн цагт
Чонон хоёр чих нь сортолзонхон сэрвэлзэнэ
Үүрийн цолмон од магнай дээр нь гялалзахад
Үүрсэн хар дарж зогсоогоороо зүүдэлнэ
 Наран ургах өглөө тэр нэг, адуучин залуу
 Налайтал идээшилсэн сүргээ хурайж айсуй
 Намар намрын эхэнд гийнгоо хангинах талд
Насаараа хураасан адууны хийморь сүлд оршиг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна