Б.Амарсанаа: Дараа жил ч гэсэн Өмнөговиос төрийн наадмын түрүү тодорно
Өнөөдрийн зочноор Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, "Өмнийн говийн хүлэг" холбооны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач, аймгийн Заан Б.Амарсанаа оролцож байна. Эрийн гурван наадмаар тэгш сайхан наадчихдаг, нутаг орноо гэсэн чин сэтгэлтэй түүний яриа уншигч та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
-“Өмнийн говийн хүлэг” холбооны үүх түүхийг ойроос мэдэх хүний нэг гэсэн. Тэр түүхээсээ хуваалцвал сонин байна байх?
-Арван жилийн өмнөх явдал л даа. Намайг бөхийн ертөнцөд хөтлөн оруулсан Буянтогтох багш маань “Чи морь сонирхдог хүн. Багштайгаа хамтарч ажилла” гэсэн санал тавьсан юм. Тэгээд л багшийнхаа хэлснээр “Говийн хүлэг” холбооныхоо дэд тэргүүнээр ажиллахаар болоход уяачид, мориныхон маань ч гэсэн сайхан хүлээж авсан. Тэгтэл 2009 онд багш маань тэтгэвэртээ гарахаар болж, “хөдөө гарч морь малаа уяна” гээд надад ажлаа өгөх гэхэд нь би аваагүй юм.
-Яагаад татгалзсан юм бэ?
-Морин спорт эрчимтэй хөгжиж буй өнөө үед уяачдын холбооны тэргүүн гэдэг хариуцлагатай алба. Холбоог хөрөнгө санхүүгийн хувьд дэмжээд аваад явчих хүн хэрэгтэй. Энэ байдлыг бодолцож үзээд Говьшанх нутгийн хүү, хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулж явдаг Түмэнбаяр найздаа санал тавьсан. Найз маань миний саналыг хүлээн авч, Өмнөговийн морины төлөө хамтдаа зүтгэе гэсэн юм. Тэгээд холбоо шинэ бүтэц зохион байгуулалтанд ороод хэд хэдэн зорилтуудыг дэвшүүлсэн. Түүндээ ч хүрч ажиллаж байна. Жишээлбэл адууныхаа чанарыг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Энэ ажлын хүрээнд уяачид маань дор бүрнээ идэвх, зүтгэл гаргаж хурдан удмын 1000 гаруй адууг авчирсан байна. Үүний үр дүн түрүүчээсээ харагдаж манай говьчууд төрийн наадмаас хоёр түрүү, нэг айраг, бүсийн наадмуудаас хоёр түрүү дөрвөн айраг хүртэн, нэг хүн МУ-ын Алдарт уяачийн, хоёр хүн аймгийн Алдарт уяачийн болзол хангачихаад байна. Би аймгийн заан цолтой бөх хүн. Өнгөрсөн жил Мөнхбатыг түрүүлж, Аварга болоход Баянаа аварга “улсад түрүүлчих энэ дайны залуучууд Увсад зөндөө бий” гэж хэлж байсан. Тэр сайхан бэлгээр энэ жил ахиад төрийн наадамд Увсын бөх түрүүллээ. Түүн шиг би “дараа жил ч гэсэн Өмнөговь аймгаас төрийн наадамд морь айрагдуулах хийморьтой аавын хөвгүүд зөндөө бий” гэдгийг хэлмээр байна. Яагаад ингэж бардам хэлж байна вэ гэхээр манай нутгийн адуу тийм хэмжээнд хүрч сайжирч чадсан.
-Нутгийн адуу сайжруулах зорилт биеллээ олжээ. Дараагийн зорилт юу байсан бол?
-Холбооны дэвшүүлсэн дараагийн зорилт бол хурдны чиглэлийн адуунуудаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байлгах үүднээс жүчээ барих тухай асуудал. Энэ талаар Цогтцэций сум тэргүүлж байгаа. Өөр сумдын уяачид ч боломжийн хэрээр жүчээ барьж байна лээ. Говьд өвөлдөө цаг хатуурвал байдал хүндэрдэг учраас жүчээ барих нь олон давуу талтай юм. Адууны чанар сайжирч байнгын бэлтгэл сургуулилттай болсны дараа бидний хийх дараагийн алхам бол хүчээ нэгтгэх. Нэгдсэн журмаар томоохон наадмуудад оролцдог болох.
-“Өмнийн говийн хүлэг” холбооны тэргүүлэгчид дор бүрнээ үүрэг хүлээдэг юм байна. Амарсанаа дэд тэргүүний тухайд?
-“Говьшанхын хурд-2” уралдаан болдог 2003 оны үед гарааны төхөөрөмж дөнгөж л гарчихсан. Хөдөөгийн аймгуудад хараахан хүрээгүй байсан тийм үе л дээ. Тэр үед би Эрдэнэтэд байдаг багынхаа найз Мөнхбатынд очиж учир байдлаа ярилаа л даа. Найз маань намайг дагуулаад Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Д.Байгал гэдэг хүн дээр очсон нь манай Баяндалай сумын гаралтай, монголд анх удаа гарааны төхөөрөмжийг хийсэн хүн байсан. Тэгээд ярьж хөөрч байгаад
хувийнхаа мөнгөөр нэг төхөөрөмж аваад нутагтаа ирж, бүсийн уралдаандаа ашиглаж байлаа. Түүний хүчээр “Говьшанхын хурд-2” уралдааны зургаан насны морьдын уралдаан ямар нэг будлиангүй сайхан болсон. Холбооны гишүүний хувиар хүлээдэг миний үүрэг бол түрүүлж айрагдсан морьдыг цэнгэлдэхэд олны өмнө цоллоход уяачийн овог нэр,нутаг ус, цол гуншин морьдын үүх түүхийг нэг бүрчлэн дуудаж олонд танилцуулдаг. Энэ ажлаа 2003 оноос хойш хийж байна. Ингэж зарлахад олон хүн баярладаг юм билээ. Нэг жишээ хэлье л дээ. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга миний нэг найзын морь манай аймгийн 80 жилийн ойгоор морь айрагдчихлаа. Тэгэхээр нь би зарладгаараа зарласан. Гурван үеэрээ морь айрагдуулж байгаа гээд л. Тэгсэн дараа нь найз маань “үнэхээр их баярласан шүү. Ингэж зарлуулах чинь сайхан юм билээ” гэж байсан. Наадмын чинь утга учир нь хүмүүсийг баярлуулах биз дээ. Тэр утгаараа би энэ ажилдаа их дуртай. Тэгээд ч нөгөө талаар манай Өмнөговьчуудын нэг сайхан давуу тал бол хор шар, атаа жөтөө байдаггүй. Ядаж л айрагдаж түрүүлсэн морьдоо их сайхан цоллоно. Зургаан насны морьдыг зургаан өөр хүн, дээр нь баян ходоодыг хүртэл өөр хүн цоллоно. Гэтэл зарим аймагт морь цоллох хүн олддоггүй шүү дээ.
-Албаны тухайд ийм байдаг байж. Хурдан хүлгийнхээ хөхөлийг боож, сүүлийг нь шуусан уяачийн тухайд ямархан хууч хөөрөх бол?
-Монгол хүн болсон хойно моринд дуртай байлгүй яахав. Хүүхэд байхдаа зуныхаа амралтаар садангийнхаа айлд очиж хонины морь унадаг байлаа. Манай ээжийн талынхан Баяндалай сумандаа эрт дээр үеэсээ морь мал уядаг хүмүүс л дээ. Тэгээд хоёрдугаар ангийн хүүхэд байхад ээж маань Баян-Овоо сумын эмчээр, аав маань нэгдлийн даргаар очдог юмаа. Тэгэхэд их сайхан учрал тохиож, МУ-ын Аварга малчин олны дунд “хангай” хэмээн алдаршсан Мижиддорж гэж хүнтэй таарч, тэднийд бараг урвасан даа. Тэр хөгшний буянаар мал малын захтай ядаж л дээлээ зөв бүслээд өмсчихдөг, гутлаа аятайхан жийрэглэдэг болсон. Тэр сайхан хүн надад хүнтэй таван үг аятайхан сольчих арга ухааныг зааж сургасан юм. Тэр үеэс л адуунд дурлах болсон доо. Залуудаа аймгийн наадамд барилдаад хоёр давчихаад байж байтал нутгийн ахын соёолон айрагдаад, тэрийг үзэж байгаад барилдаанаасаа хасагдчих дөхөж байхав. Ер нь монгол эр хүн морь сонирхохгүй, моринд шимтэхгүй байхын аргагүй дээ.
-Морь уяж эхэлсэн нь хэдэн оны явдал вэ?
-Би МУ-ын Даян аварга Агваансамдангийн Сүхбат гэдэг хүнтэй цолгүй байхаас нь, ах А.Батсүхийг нь сумын Алдарт уяач байхаас нь эхлэн эр хүний илүү дутуугүй сайхан нөхөрлөлөөр нөхөрлөж байгаа юм. Тангаа найз маань өвлийн нэг наадам дээр аймгийн Алдарт уяачийн болзол хангаад байхад нь би таарч хамт сууж байгаад нэг телевизээр ярилцлага өгч, дуу дуулж байсан. Тэр үед би найздаа “За миний найз А.Сүхбат МУ-ын төрд танигдсан улсын цолтой бөх, чи ч мөн адил төрд данслагдсан улсын цолтой уяач болох хүн шүү. Ах дүү хоёр монголын эрийн гурван наадмын хоёр томоохон цолонд хүрнэ. Үр хүүхэд ах дүүсээс чинь сур харвадаг хүн гарвал зүгээр юм” гэж ерөөлийн сайхан үг хэлж байсан юм. Тэр сайхан ерөөл биеллээ олж миний хоёр найз бөх, морины дээд цолонд хүрээд байна. Би яагаад энэ түүхийг ярьж байна вэ гэхээр ингэж сайхан нөхөрлөсөн Аварга найз маань надад Жаргалант угшилтай алаг шүдлэн үрээг бэлгэнд өгсөн.Тангаа Манлай маань Толин сартай зээрд азарга өгсөн. Тэдгээрийн үр төлүүд өнөөдөр урамтай сайхан хурдалж байна.
-Магадгүй сайн найзуудын бэлэг анхны айраг түрүүг авчирсан байх?
-2004 онд бүдүүн морь түрүүлгэж, азарга айрагдуулсан нь хамгийн анхных. Аварга найзын маань өгсөн алаг азарга Баян-Овоо сумын наадамд хоёр айрагдаад, Хүрмэн суманд болдог баруун бүсийн наадамд түрүүлсэн. Эрдэнэт хотод амьдардаг Булган аймгийн Хангал сумын харъяат МУ-ын Алдарт уяач Доржийн Батчулуун гэдэг хүнээс дээхэн үед зорьж очин адуу авсан нь үр төлүүд нь их сайхан давхиж байгаа. Морь уяснаасаа хойш би аймгийн баяр наадмаас 2-3 айраг, аймгийн статустай наадмуудаас 1-2 түрүү, 3-4 айраг хүртээд байгаа. Жижиг наадмуудад бол олон орсон л доо. Эдгээрээс хамгийн их бэлгэшээсэн нь найз маань энергийн төвд жуулчны бааз байгуулж, түүнийхээ нээлтэнд зориулж уралдаан зохион байгуулсан юм. Тэр уралдаанд миний халзан азарга түрүүлсэн. Тэгэхэд би гэр бүлийнхэн маань, ах дүү, найз нөхөд, хамаатан садангууд маань сайн сайхан явах нь дээ гээд их бэлгэшээж билээ. Би хоёр хүү, нэг охинтой хүн л дээ.
-Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэгт итгэдэг хүн юмаа даа?
-Тэгэлгүй яахав. Хүн сайн санаж, сайхан зүйл сэтгэж явбал хэзээ нэг өдөр биеллээ олдог. Үүнд би итгэлтэй байдаг. Дүнжингаравын хурдад хээр морьтой очсон чинь 300 гаруй адуунаас 11-т давхидаг юмаа. Тэгэхэд би найздаа “11 гэдэг ямар гоё тоо вэ? хоёр түрүү гэсэн үг шүү дээ” гэж ярьж байсан юм. Тэр нь энэ жил биеллээ олж манай Өмнөговьчууд улсын наадмаас хоёр түрүү хүртлээ шүү дээ. Цаашид ч олон түрүү хүлээж байгаа байх. Би үүнд итгэлтэй байна.
-Таны хэлсэн сэтгэлчлэн бүтэх болтугай. Ярилцсанд баярлалаа
А. Мөнх-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна