Хүрэн гэлэнгийн шийрийг хатаагч Н.Бүргэд Алдарт

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 25 -нд

Шанхайн хэцдээ  хурд ирлэж насаа элээсэн хөх өвгөчүүлийн нэг нь аймгийн Алдарт уяач Намсрайн Бүргэд. Эдүгээ нас сүүдэр 87 зооглож буурал уяач хүй цөглөсөн төрлөх нутагтаа энх тунх амьдарч байна. Сум орон нутагтаа хамгийн өндөр настайд тооцогдон хүндлэгдэж буй буурал уяач цагтаа цалгиж, адуу таних эрдмээрээ гайхагдаж явсан нэгэн.
Түүний ах Намсрай /ахаараа овоглодог/ Шанхайн хэцийн нэрт уяачдын нэг Хүрэн гэлэнгийн төрсөн дүү бөгөөд Н.Бүргэд тэрхүү буурлынхаа адууг уяж уяаны дөр анх суусан гэдэг.
Хүрэн гэлэн гэгч  адууны торгон ирийг нарийн мэдэрдэг түүний уясан адууг өөр ямар ч хүн уяад хурдлуулж чаддаггүй байсан тухай нутгийнхан одоо ч ярьдаг. Чухамдаа Хүрэн гэлэн хүлэг таних нүдтэй, хурд ирлэх эрдэмтэй нэгэн байжээ. Тэрхүү эрдмийг нь дүү Н.Бүргэд нь өвлөн авч Шанхай нутагтаа олон сайхан хурдан буян авчирсан гэдэг билээ. Н.Бүргэдийг уяаны эрдэмт сургаж гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачтануудын нэг нь Шанхайн нэрт уяач Наваан юм. 16 настай бяцхан хүү найз Шийхэрийнхээ хамт Наваан багшид шавь орж, морь уях их эрдэмд суралцсан гэдэг.
Н.Бүргэд морь уяхаас илүүтэй танихдаа гаргуун хэмээгдэж түүнийгээ ч баталж байсан нь олонтаа. Бригадын дарга “ногоон” хэмээх Сүхбаатарын хониндоо унадаг байсан хонгор халзан үрээг хурдан хэмээн авахад зарим нэг нь “хонины морь хурдлаад хурдлаад хаа холдохов дээ” хэмээн шоолонгуй байсан гэдэг. Гэвч Н.Бүргэд халзан үрээгээ хөнгөлөөд морь болгож сумынхаа наадамд хоёр түрүүлгэж, хоёр айрагдуулсан гэдэг.
Мөн түүнчлэн Цэрэнбазар гэгчийн багахан наадамд өнгөлсөн хүрэн даагыг авч Баян-Овоо сумын наадамд түрүүлгэн, Цогтцэцийдээ хэд хэдэн удаа  айрагдуулж байжээ.  Н.Бүргэдийн хурд таньсан түүх үүгээр хэмжигдэхгүй Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цээнзэнгээс хүрэн азарга авсан нь сумандаа олон түрүүлсэн бол Дундговь аймгийн Луус сумын уугуул “хамар” хэмээх  Догсомоос бор азарга, шар хээр морь хоёр авчран хурдлуулж байсан билээ. Тэрхүү бор азарга сумынхаа баяр наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн бол шаар хээр морь нь мөн л хурдан гэдгээ харуулж айрагдаж байсан гэдэг.Н.Бүргэд олон жил мал туусан бөгөөд тэгж явахдаа хар хаатай хүрэн үрээ авчирсан нь олон удаа айрагдаж түрүүлж байсан хэмээн нутгийнхан ярьдаг юм билээ.
Ийнхүү хурд цуглуулсаны үрээр Н.Бүргэдийн унаган адуу цахиур хагалан хурдалж  Таван толгойн уурхайн 20 жилийн ойгоор буюу 1986 онд унаган шарга азарга нь урамтай сайхан түрүүлж байсан гэдэг. Хожмоо буурал уяач шарга азаргаа хүү Баянхүүдээ өмч тасдан өгсөн бөгөөд үр төл олон сайхан шарга адуу одоо ч бий аж. Ийнхүү хурдан хүлгийн хийморьт сүсэглэж, нутгийн адууны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж явсан Шанхайн нэрт уяач Хүрэн гэлэнгийн шийрийг хатаасан Н.Бүргэдийн адуу таних эрдмийн талаар товч өгүүлэхэд ийм буюу.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна