Их уяач Донойн Цэвэгмид түүний үр сад

Санжаадорж
2013 оны 1-р сарын 30 -нд

  Бөгөн хулын эзэн Алдарт уяач Донойн Цэвэгмид
         Монгол улсын Алдарт уяачийн нэгдүгээр үнэмлэхний эзэн   Донойн Цэвэгмид агсантай уулзан золгож   явсан минь одоо хэр нь сэтгэлд өег дотно санагддаг. Орсон гарсан хэнтэй ч сайхан яриа хөөрөө өрнүүлж, хүүхдийг бага гэж гололгүй өхөөрдөн энхрийлж, хэзээ ч байсан инээд хөөр болчихсон сууж байдаг тэр буурлыг нэхэн дурсмаар санагдлаа. Зан сайтай айлд хүн болгон чуулдаг ёсоор тэднийх хөл тасарна гэж барагтай байхгүй. Цагаан сахалтай тэр буурлыг хараад би дотроо лав зуун настай байх л гэж боддог байлаа.  Монгол улсын Алдарт уяач Д.Цэвэгмид гуайн намтар түүх бас сонин.  1908 онд халхын Сэцэнхан аймгийн  Бишрэлтийн буюу Хардэл жанжин бэйсийн хошуу буюу  одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ”Замын ухаа” хэмээх газар малчин ард“ хөлстийн”  Донойн тавдугаар хүү болон мэндэлжээ.
Таван настайгаасаа нутгийн монгол бичигтэнд шавь орж 10 настайгаасаа хошуу тамгын газарт бичээчээр ажиллаж отог, сум, өртөө, хошууны бичиг хэргийг ажлыг амжуулж эхэлсэн нь балчир ухаанд ахадахаар санагдавч, тэрээр бусдын урмыг хугалж байсан удаагүй гэдэг. Харин ч ухаан тэлж унаач хүүхэд биш уяач болох бодол төрсөн байна. Анх 14 настайдаа Дагмид Мээрэнгээс хонгор даага авч уяж хурдлуулсан нь урам өгч түүнээс хойш морь уяхын хүслэнд автжээ. Өвгөн ноёны Элбэг хээрийг уядаг их уяач  “идэмхий“  хэмээх Жунай өвгөний морь уяхыг харж ажиглаж их юм сурсаны дээр өөрөө их юм бичиж тэмдэглэдэг. Морины судар  их уншдаг байсан нь унаган авъяасаа хөгжүүлэхэд ихээхэн тус нэмэр болсон гэдэг. Гэтэл 1921 оны хувьсгал гарч нийгэм өөрчлөгдөн ард гаралтай бичээч хүү Д.Цэвэгмид Хан Хэнтий аймгийн яам, МХЗЭ-ийн Төв хороонд татагдан ажиллаж, улмаар 1928 онд Улаан-Үд хотноо  удирдах ажилтны сургуульд сурч шинэ үеийн боловсон хүчнээр бэлтгэгджээ. Ийнхүү эх орны өмнө  хүлээсэн үүрэгтэй болсон тэрээр нэг хэсэг морь уях ажлаас хөндийрөхөөс өөр аргагүйд хүрчээ. 20 настай Д.Цэвэгмид  Галшар уулын хошууны засаг даргаас эхлээд аймгийн захиргааны хэлтсийн дарга, аймгийн бүх шатны шүүхийн дарга, аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн дарга, 2-р дарга, 1-р дарга, аймгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажлыг  хашиж яваад эрүүл мэндийн шалтгааны улмаас группэд орсон юм. Ийнхүү албанаас чөлөөлөгдсөн даруйд тэрээр цээжний мухарт хадгалаастай байсан морь уях ажилдаа шамдан монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх үйлсдээ зүтгэх болжээ. Д.Цэвэгмидийн адууны  суурийг  Дагмид мээрэнгийнх хэмээн ярьдаг нь оргүй зүйл биш бөгөөд1933 оны үед Дагмид мээрэн эхний удаа баригдаад явахдаа тэр үеийн сум дундын шүүхийн дарга байсан нутгийн  хүү Д.Цэвэгмидэд “За дүү минь би баригдаад явлаа.Эргэж ирэхгүй биз.Манай албан журмын ноогдол 25 төгрөгийг дарж өгөөрэй. Эхнэр хүүхэддээ өр шир үлдээх эдэнд маань дарамт болно” хэмээн аминчилан захиад нэгэн зээрд үрээг бэлэглэжээ. Д.Цэвэгмид албан ажил ихтэйгээс болоод өнөөх бэлэгний үрээг авч амжаагүй байтал Дагмид мээрэнгийн хөрөнгө, адуу малыг хураачихаж, Д.Цэвэгмид ч тушаал дэвшсээр аймгийн төвд ажиллахаар болжээ. Энэ үед Дагмид мээрэн эхний барианаас тавигдаад нутагтаа ирсэн ч удалгүй дахин баригдаад явахдаа хүү Банзрагчдаа “Цэвэгмид хүүд заавал нэг үрээ өгөөрэй” гэж аминчлан захисан гэдэг. Зовох цагт таниулсан нөхрийн чанарыг эрхэмлэн дээдэлдэг байсан тэр сайхан жудгийг харуулж тэрээр ийнхүү хүүдээ захиас болгон үлдээжээ. Банзрагч нь Дагмидын өргөмөл хүү бөгөөд Галшарынхан Дагмид Банзаа гэдэг байсан аж. Нэг үрээ заавал өгнө гээд захиад байгаагийн учир нь удам угшилтай хурдан сайн үрээ өгөөрэй гэсэн үг юм. Түүнээс идэшний адуу өгөх тухай ойлголт огт биш. Хожим 1940-өөд оны дундуур Дагмид Банзаа Донойн Цэвэгмидтэй уулзан “танд эцэг маань заавал нэг үрээ өгөөрэй” гэж захисан юм. Энэ саарал үрээг өгье. Би шүдлэнд нь үнэг хөөгөөд алчихаж байсан юм“ хэмээгээд Өвгөн ноёны Шил зээрдийн удамтай хязаалан саарал үрээг өгчээ. Нутгийн буурлын өвлүүлэн үлдээсэн саарал үрээгээрээ Д.Цэвэгмид азарга тавьж хурдтай болох гараагаа эхэлсэн билээ. Улсын баяр наадмын хурдан морины цуваанд “ 1951 оны АХ-ын 30 жилийн ойн баяраар Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Донойн Цэгмэдийн хөх саарал азарга түрүүлэв”  хэмээн бичсэн байдаг нь дээр өгүүлсэн хөх саарал үрээ юм./ Энд нэг тайлбар хийхэд Цэвэгмид гэж албан баримтандаа бичигдсэн байдаг ба хүмүүс Цэгмэд гэж бичиж хэлээд заншчихсан хэрэг./ Тэр жил Д.Цэвэгмид саарал азарганаас гадна хүрэн халзан хязаалан түрүүлгэж , хул хязаалан тавлуулан одтой сайхан наадсаныг баяр наадмын цуваанаас бэлхнээ харж болно. Үүнтэй холбогдуулаад нэг сонин түүх өгүүлье.
Хул хязаалангийнх нь хөл нь жаахан доголоод байсан тул мордуулахаа больё гэтэл хүү Нанзад нь уралдана хэмээн зөрүүдлээд байж. Д.Цэвэгмид  хүрэн халзан  хязаалангаа охин Валягаараа унуулан гаргаж өгөхөөр индэр лүү явах хойгуур хүү Нанзад нь хул үрээгээ унаад уйлаад давхичихаж. Морьд ч эргэж Буянт-Ухаа дээгүүр түрүүчийн үрээнүүд гарч ирэхэд хул нь халзангаасаа нэлээд зайтай тасарчихсан гарч ирээд хойшоо уяа уруугаа хадуурчих нь тэр. Энэ үед ойр хавьд нь байсан  морьтой хүмүүс буцааж замд нь оруулан хэсэг үрээний араас тавихад хул үрээ урдахаа гүйцсээр айргийн тавд хурдалж их уяачийн самсааг чийгтүүлж байсан билээ. Тэрхүү хул үрээ хожмоо Бөгөн хэмээн нэрлэгдсэн алдарт азарга болсныг морь сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Бөгөн хул бол дээр дурьдсан саарал азарганы гал төл бөгөөд аль ч улиралд уралдсан байнга өнгөнд уралдаж “Монхор” хэмээх  Халтарын Одон улаантай урд хойноо оролцдог байсан гэдэг. Ер алхдаггүй, бөг бөг шогшдог хул азаргыг Бөгөн хэмээн нэрийдсэн бөгөөд хулын төл болгон хурдалсаныг уяачид, нутгийнхан сайрхан ярьцгаадаг юм. Бяраа улаан, Цэвэгмэдийн хүрэн, Гантигдоогийн саарал, Ангасай Банзрагчийн саарал, Галсангийн хул түүний олон төл халхын наадмын дэвжээг чимэн эцгийн шийрийг хатаан уралдсан төдийгүй тэдгээрийн үр төлүүд Хэнтийгээс гадна Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Төв аймгуудын олон сумдад очсон байдаг юм. 1997 онд Галшар суманд болсон Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн наадамд Дорнод аймгийн уугуул, МУ-ын Алдарт уяач А.Дондовын бор азарга айргийн дөрөвт, МУ-ын Алдарт уяач Б.Сүхсайхны бор соёолон аман хүзүүнд хурдлан Дорнод талынхаа нэрийг цуурайтуулсан юм. Дээрх борууд Д.Цэвэгмидийн алдарт Бөгөн хулын төл Бяраа улааны үр сад  бөгөөд Дорнод аймагт шилжсэн Өндөр Гансүхийн бор азарганы төлүүд юм. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын “дийлдэг” хэмээх Дамдингийн бор азарга Бяраа улааны үр бөгөөд бор азарганы  төл Үүлэн бор хэмээх хурдан азарга Төв аймгийн Мөнгөнморьт суманд байдаг бол Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн баяр наадамд аман хүзүүддэг Сүндавын бор басл Бяраа улааны үр сад. Ер нь Бяраа улаан эцэг Бөгөн хулаас дутахааргүй төл сайтай азарга байсан бөгөөд “нүхийн” Дугаржавын Далиу хонгор, Жаргалтхааны “хар”  Базарын цагаан азарга, Баянхутагийн Лувсандамдингийн улаан морь гээд түрүү, айраг салаагүй хурдууд олон бий.
1971 ойн баяр наадамд Банзрагчийн саарал азарга  түрүүлж байхад, Галсангийн хул азарга  Галшар сумандаа түрүүлсэн нь Бөгөний үр  ах дүү азарганууд хоёр газар зэрэг түрүүлж аргагүй хурдан буян гэдгийг нь батлан харуулж байлаа. Гантигдоогийн саарал азаргаа 15 настайдаа уягдаж Намхайн Пүрэвжав унан Галшар суманд түрүүлэхэд нутгийнхан “ясны хурдан буян  юм даа” хэмээн ам амандаа шагшин магтацгааж байсан нь одоо хэр санаанаас гардаггүй юм. Манлай уяач Гарамжав агсны хүсэлт ёсоор Д.Цэвэгмид Бөгөн хулын угшилтай хээр үрээ өгч, түүнээс Өсгий цагаан хар , Гоё хүрэн зэрэг алдарт хүлгүүд төрсөн билээ. Мөн хээр азарганы үр гүүнээс гарсан Элбэг хээр төрийн наадамд түрүүлж байсныг  санаж буй бизээ. Тод манлай уяач Г.Сандуйжав  хээр азарганы үр төлүүд сайхан хурдалж байгаа талаар нэг бус удаа ярьж байсан удаатай. Ийнхүү их уяач Д.Цэвэгмидийн эрдэм, буяны хишиг хүний өөрийн гэлтгүй мялаасаар ирсэн билээ.
Их уяачийн залгамж
  Их уяачийн эрдмийг өвлөн удам залган уяаны эрдэмд шамдаж буй хүн бол түүний хүү, аймгийн Алдарт уяач Ц.Минжүүр юм. Эцгийн   гал голомтыг залгамжлан  буянт сүргээ өсгөн Их-Артдаа нутаглан буй тэрээр “би аавын хэлсэнийг л хийж байж бага зэргийн дөртэй болсон хүн. Уг нь надад их юм хэлж өгсөн ч би багыг тогтоосон” хэмээн ярих нь бий. Нэгэн үе халхын наадмын дэвжээнд шагшигдаж явсан буурал уяач хүүдээ:
-Морь уяж байгаа бол өдөрт гурваас доошгүй удаа харж ажиглаж бай. Ямар ажил хийхийг чинь хэлээд өгнө. Хурдан дааганд долоон шинж бий. Хөөрүү морийг өдөр адуунд тавиад нар битүүд ажил хий гэх мэтчилэн уяаны нарийн ширийнийг сургаж байсан гэдэг. Хурдан хүлгийн уяа эвлүүлэх эрдэмд суралцаж аавын зөвлөгөөг чухалчилдаг байсан Ц.Минжүүр уясан морьдоо аавынхаа нэр дээр цоллуулан хурдтай газрын уяачийн жудаг заадаг байсныг одоо ч нутгийнхан ярьцгаадаг. Ийнхүү зөвхөн морь уях бус адууны их соёлд суралцсан тэрээр нэг жилийн наадамд /Галшар  сумынхаа/ таван даага завсаргүй оруулж, хойтон жил нь дахиад таван шүдлэнгээ дараагаар нь оруулж байсан хийморьтой эр. Хурдны өлгий Галшар сумын наадамд нэг насанд хоёр  жил дараалан өөрийн таван адууг завсаргүй оруулсан уяач Ц.Минжүүрээс өөр тодроогүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байх.
Ц.Минжүүрийн хүүхдүүд М.Гэсэр, М.Лхаажав, М.Лхаасүрэн, М.Мөнхнаран, М.Чулуунбямба нар нь өвгөдийнхөө удмыг залган хурдан хүлгийн уяа эвлүүлж буй бөгөөд нутгийн зон олон дээдсийнхээ шийрийг хатааж, нутгийн нэр цуурайтуулсан мундаг уяачид болно хэмээн сүүн цацал өргөж байна.  
 Төр нийгмийн нэрт  зүтгэлтэн Донойн Цэвэгмид түүний үр садын монголын хурдан морины хөгжилд оруулсан хувь нэмрийг товчхон өгүүлэхэд ийм буюу.
    Намсрайцэрэнгийн     Санжаадорж    2008 он

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна