Хурдан ухаа, Мундаа хээрийн эзэн Хангал хэмээх Э.Аюуш

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 04 -нд

Өмнийн цэнхэр говьд гайхагдаж явсан цуут хүлгэдийн эзэн Шанхайн хэцийн нэрт уяач Р.Аюуш 1900 онд “уургач” хэмээн нутаг орондоо алдаршсан Эрэндоогийн ууган хүү болон Баруун сугийн хийдийн орчим мэндэлжээ. Багаас мал маллах арга ухаанд суралцсан тэрээр эрийн цээнд хүрч, эцгийн гэрээс голомт тасдан гараад нэгдэл нийгмийн ажилд 30-аад жил хүчин зүтгэсэн хэмээдэг. Хожмоо сайд нарын зөвлөлийн дарга болтлоо дэвшсэн нам төрийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсантай /Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд/ гар сэтгэл нийлэн ажиллаж байсан нь түүний амьдралын бахдалт мөчүүдийн нэг.
Ийнхүү нутаг орны хөгжлийн төлөө өөрийн чаддаг мэддэгээ зориулж явсан Р.Аюуш нэлээд хожуу буюу 1946-1947 оны үеэс морь уяж эхэлсэн ч түмнийхээ магнайг тэнийлгэж, төрийнхөө наадмыг чимсэн сайн уяач болж чадсан юм. 1952 онд  Цогтцэций сумынхаа наадамд   хүрэн азарга тавлуулж анхны айргаа амсаж байсан тэрээр 1954 онд  хээр даагаа, 1956 онд  хээр хязаалангаа тус тус түрүүлгэж байжээ. Түүний дараа жил буюу 1957 онд  Ханхонгор сумын наадамд хээр соёолон нь  түрүүлж, ухаа азарга нь аман хүзүүдэн, ухаа даага нь түрүүлж нэг наадмаас хоёр түрүү нэг айраг хүртэн бахтай сайхан наадаж байсан гэдэг.
Нутгийн олноо “Хангал” хэмээн алдаршсан Э.Аюуш  1960 оноос аймгийнхаа баяр наадамд хурдан хүлгэдээ түрүүлгэж айрагдуулах болсон бөгөөд тэр жил ухаа азарга нь түрүүлж, хээр хязаалан нь дөрөвлөн, ухаа даага, соёолон тус тус аман хүзүүнд хурдалж байсан аж.  Харин түүний дараа жил 1961 онд  ухаа азарга нь амжилтаа бататган дахин түрүүлж, хээр  морь нь мөн түмний эхээр цоллуулсан бол хээр соёолон, зээрд шүдлэн, зээрд даага нь тус тус айрагдаж байсан билээ. Эдгээр он жилүүд бол эрхэм уяачийн аз од гийсэн амжилтын оргил үе байсан бөгөөд ухаа азарга нь түүнээс хойш нэг түрүүлж, нэг айрагдсан удаатай.
Хангал Аюушийн нэрийг хамгийн ихээр цуурайтуулсан хурдан хүлэг бол аймгийнхаа баяр наадамд дөрөв түрүүлж, хоёр айрагдсан Галшар зүгийн угшилтай ухаа азарга нь юм. 1953 онд Бархас гэгч мал тууж яваад ухаа шүдлэн үрээ авчирч түүнийгээ Цогт-Овоо сумын уугуул Хув Ёндон гэгчид өгчээ. Ухаа үрээ хязааландаа өнжөөд соёолондоо уягдаад байхдаа Аюушийн нүдэнд тусч тухайн үедээ чамгүй өндөр ханшаар буюу 500 төгрөгөн дээр нэг ат, нэг морь оролцуулан авч байсан гэдэг. Шинэ эзэндээ ирмэгц ухаа азарга айраг түрүү алдалгүй хурдалж өмнийн говь даяар алдраа мандуулсан билээ. 1960 оны зун Аюуш хүүгийн хамт уяа морьдоо хөтөлчихсөн аймгийн наадмыг зорин байхуй дор ийм нэгэн явдал болжээ.
Хүү А.Батчулуун нь морьдоо хөтлөн явж байтал хамбан дээл өмсөж жороо морь хөлөглөсөн хоёр хүн ирж морьдыг нь үзчихээд “Хангал Аюушийн ухаа азарга маргааш л уяа алдахгүй бол өмнө гарах юм алгаа” гэж хэлээд давхичихаж. Төд удалгүй айлд орж амны цангаа тайлахаар явсан аав нь ирж хүү ч болсон явдлыг ярьжээ. Тэгээд энэ хүмүүс хэн бэ гэвэл “Яагаав нөгөө Манлайн нэрт уяач Занданбал чинь шүү дээ” хэмээн хариулсан гэдэг. Их уяачийн нүд алдаагүй байж маргаашийн наадамд Аюушийн ухаа магнайдаа тоосгүй түрүүлэн, түүний дараагаар өөрийнх нь дөрвөн азарга угсраагаар орж байсан гэдэг.
 Хурдан хүлгийн ирэнд ханхалзаж явсан Аюушийн нэртэй өөр нэгэн хурдан ажнай бол олноо Мундаа хэмээн алдаршсан хээр морь нь. Нэг нутгийн Амтын Жамцангаас 1950-аад оны үед хүрэн азарга авч өөрийн хээр гүүндээ хураалган гарсан төл нь Мундаа хээр. Дааган цагаасаа эхлэн уягдаж есөн нас хүртлээ уралдахдаа аймгийн сумын наадмын айраг, түрүүнээс мултарч үзээгүй ажнай.1961 он буюу аймаг байгуулагдсаны 30 жилийн ойн баяр наадмыг Аюуш хамгийн их сэтгэлд хоногшин үлдсэн хэмээн онцолдог. Тийн дүгнэхээс ч аргагүй юм. Тэр жил түүний уясан ухаа азарга, Мундаа хээр морь хоёр нь түрүүлж, соёолон, шүдлэн, даага айрагдан таван насны морь цоллуулж зогссон билээ. Хамгийн гол нь энэхүү баяр бахдалт мөчийг нь залуу цагийн анд сайд нарын зөвлөлийн дарга, Өмнөговь аймгийн анхны дарга  Самбуу  нь хуваалцаж баяр хүргэсэн явдал байлаа.
Э.Аюуш морийг уяанд хэзээд бэлэн байхаар жилийн дөрвөн улирлын турш эдлэхийн зэрэгцээ нэг жил хоёроос дээш уралдуулахгүй таашаадаггүй  байсан гэдэг. Мөн задгай шөрмөстэй адуу хурдан. Битүү шөрмөстэй адуу тааруу. Сагаг богино байх тусмаа сайн. Урт өндөр байвал муу гэхийн зэрэгцээ морины янцгаалтаар хурд шинжиж болно. Хүнгэнэтэл  дуу ихтэй янцгааж байгаа адуу цээж уушигны багтаамж сайтай хэмээн хүүхдүүддээ сургадаг байжээ.
Ийнхүү шандаст хүлгийн буянаар төрийн сайдад үнэлэгдэж явсан Шанхайн хэцийн нэр уяач Хангал хэмээх Аюушийн тухай товч дурьдахад ийм буюу. 
 Аюушийн Батмөнх 
Э.Аюуш хоёр хүүтэй. Хөвгүүд нь уяач эцгийн эрдмийг өвлөн хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн нутаг орондоо нэртэй шаггүй эрхмүүд. Ууган хүү А.Батмөнх нь 1983 онд Цогт-Овоо сумын наадамд ухаа зүсмийн азаргаа аман хүзүүдүүлэн анхны айраг амсаж байсан бол тэр жилээ хамар цагаан хар үрээгээ айргийн дөрвөөр хурдлуулж урам нэмсэн гэдэг. Улмаар 1986 онд сумынхаа наадамд хээр халзан шүдлэнгээ  түрүүлгэсэн бол 1987 онд ухаа шүдлэнгээ аман хүзүүдүүлэн, Босоо хэмээх хүрэн даагаа түрүүлгэжээ. А.Батмөнхийн ухаа үрээ соёолондоо сумынхаа наадамд аман хүзүүдүүдэн, түүний дараа  жил айргийн гуравт хурдалж, 1990 онд аймгийнхаа наадамд  түрүүлж  уясан эзэн унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүлж байсан хурдан буян.  А.Батмөнхийн нэрийг гарган эцгийнх нь магнайг тэнийлгэн хурдалсан босоо хэмээх соёолон нь 2000 онд аймгийнхаа наадамд түрүүлсэн бол 2002 онд алаг морь нь аман хүзүүнд хурдалжээ. Дашрамд сонирхуулахад алаг морь 2003 онд Хүрмэн, Булган сумдын наадамд тус тус аман хүзүүнд хурдалж байжээ.
Аюушийн Батчулуун
Отгон хүү А.Батчулуун мөн л эцгийн шийрийг хатааж уяаны эрдэмд шимтсэн нэгэн. Багадаа аавынхаа уясан морьдыг унаж, нутгийн буурал уяачдын хуучийг сонсож явсан тэрээр Цогтцэций сумандаа тоогддог уяачдын нэг. Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж яваа тэрээр 1974 онд Ханбогд сумаас эрлийз бор азарга авсан нь “Их бүрдийн домог” кинонд дүрээ мөнхөлсөн хийморилог хүлэг байсан гэдэг. Дэлгэцнээ зээр гүйцэн хурдалдаг тэрхүү ажнай амьдрал дээр номхон гэж туйлгүй цэргүүдэд ноологдсон амьтан байжээ. Гэсэн ч А.Батчулуун дахан дор эр, даарин дор хүлэг хэмээн харж өөрийн болгох санал тавьсан хэмээдэг. Бор азарга 1975 онд аймгийн наадамд 10-т давхиад байтал Э.Аюуш харчихаад “миний хүү энэ бор азаргыг битгий уя. Чамд олон төл гаргаж өгөх юм мал байна. Уяад  түрүүлэхгүй ч үгүй” хэмээсэн нь  хожмоо батлагдсан юм. Эрлийз бор азарга төл сайтайн дээр гарсан болгон нь хурдалж эздийнхээ магнайг тэнийлгэж байсан билээ. Бор азарганы төлүүдээс Манлай, Цогт-Овоо, Булган, Цэций, Мандал-Овоо зэрэг сумдад 18 үрээ очсон байдаг бөгөөд МУ-ын Алдарт уяач Шоовдорын Аварга  зээрд мөн л бор азарганы үр сад юм.
А.Батчулуун  уяа эвлүүлсэн 30 гаруй жилийн хугацаандаа аймаг сумынхаа наадамд одтой наадан 2003 онд  аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бөгөөд өдгөө Өлзийт хороололд амьдарч байгаа юм. Түүний хүү Б.Эрдэнэбаяр буурлуудын буянг өвлөн  хурдан морьдын уяа тааруулж, чамгүй амжилт гаргаад байна.
Говьшанхын хурдын хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж явсан Хангал хэмээх Аюуш болон түүний хөвгүүд цөм аймгийн Алдарт уяачийн малгай залаатай эрчүүд гэдгийг энд нэмж тэмдэглэх нь зүйтэй байх.

А.Мөнх-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна