МУ-ын Алдарт уяач Э.Ганбат: Шинэ монгол адуу

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 20 -нд

Өнөөдөр бид Монгол оронд хурдан угшлын адуу бий болгох эрчимтэй хөгжлийн эрин үед амьдарч, энэ үйл явдлийн гэрч нь, оролцогч нь болж явна.

Монгол улсын түүхэнд урьд нь хэзээ ч  8000 бээрийн тэртээгээс хурдан хүлгүүдийг тээн авчирч байсангүй, өнөөдрийнх шиг ийм өндөр шагналын сан, бооцоотой уралдаан болж байгаагүй билээ. Мөн адуу үржлийн ажилд ийм их хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй юм. Монгол адуу бол тэсвэр сайтай, өл хоол сайн даадаг ер нь байгалийн эрс тэс уур амьсгалд онцгой зохицсон адуу юм. Манай зарим эрдэмтэд гадаад адуугаар монгол адууг эрлийзжүүлэхэд дургүйцдэг. Монгол адууны генфондод нөлөөлнө гэж үздэг. Монгол улс 2 сая адуутай. Өнөөдөр миний тооцоогоор 60 гаруй сайн үүлдрийн гадаад азарга Монголд үржлийн ажилд оролцож байна. Нэг азарганд 15 гүү тавина гэж бодоход 60 азарганд 900 гүү ноогдож байна. Энэ нь нийт адууны дөнгөж 0,05 хувь болж байна. Энэ тоон үзүүлэлт бол монгол адууны генфондод нөлөө үзүүлэх тоо биш гэж би боддог.
АНУ нь 6 сая гаруй адуутай боловч цэвэр цусны англи гүү нь ердөө 50 мянга байдаг.
Австрали 21 мянган, Ирланд 20 мянган, Англи 10 мянган, Япон 9 мянган, Франц 8 мянган цэвэр цусны англи гүүтэй. Манай улсад өнөөдрийн байдлаар цэвэр цусны англи азарга 12, гүү 13 байна. Бусад орж ирсэн адуунууд нь Араб, Будённый, Тракен, Ахалтек, Дон, Кабардин, Орловын хатирч, Англи-Араб, Англи-Будённы, Англи-Кабардин,Англи-Крачеев, Англи-Тракен, Англи-Терский үүлдрийнх болно.
Саяхан Монгол туургатны бөхийн барилдаан Улаанбаатарт боллоо. Хувь заяаны эрхээр тархан суурьшсан монголчууд нэгэн далбаан дор барилдахыг харж байхдаа удахгүй Монгол туургатны хурдан морины уралдаан болно доо гэж бодож суулаа. Тэр цагт Халимагууд, Буриадууд хурдан хөлт тоомсог адуугаа хөтлөөд ирэхэд тусгаар туургат Монгол улсын маань адуу тэндээс илүү юу гэхээс дутуу байж яавч таарахгүй.
Дэлхий дээр цэвэр цусны Англи адуу хамгийн хурдан байдаг. Энэ адууг хүн төрөлхтөн бий болгоод 300 гаруй жил болж байна. Гэтэл монгол адуу хэдэн мянган жилийн түүхтэй.
Бид хурдан адууны удмын бичиг гаргамаар байна. Монгол хүмүүс бид өөрсдийнхөө таван үеэ мэдэхгүй байхад Англи адуу 20 үеийн удмын бичигтэй байна. Буянтай буурлууд маань амьд сэрүүн байгаа дээр аймаг, сумдын уяачдын холбоо санаачлага гаргаж нутаг усныхаа хурдан адууны удмын бичиг хөтөлж эхэлмээр байна. Үүнийг дараа нь ММСУХ төвлөрүүлээд монголын хурдан адууны удмын сантай болгомоор байна.
Манай оронд адуу эрлийзжүүлэх    ажил эрт цагийн улбаатай ажээ. Монголын нууц товчоонд бичсэнээр Өгөөдэй хаан зарлиг буулган урт хүзүүтэй, өндөр хөлтэй аргамаг морьдыг жил бүр хүргэн ирүүлж байгтун гэжээ. Эдгээр нь Араб адуу байсан байж болзошгүй.
Мөн хувьсгалаас өмнө Богд хааны сүйх тэргэнд том биетэй тоомсог морьд хөллөж байсан мэдээ бий. Дашрамд дурдахад Тоомсог адуу гэдэг нэг монголд нэвтэрсэн түүх сонин юм. Энэ тухай Монголын хурдан морины домог, түүх номонд бичсэнээр 20 дугаар зууны эхээр дайн дажины хөл, Манж-Хятадын хавчлагаас дайжсан Илийн голын Торгууд, Цахарын ноён Өөлөн харъяат албатуудаа дагуулан Шинжаанаас Оросын Томск хотоор дайрч нүүдэл хийн Сибирээр дамжин дүрэвсэнээр Монголын хойд хил Хиагтад ирсэн байна. Богд хаан Өөлөн ноёнд Сумъяа нэрийг хайрлаж Бэйс цол хүртээн албат иргэдийг нь нэгэн хошуу болгон Монголын хойд хилийг мануулах зорилгоор Зэлтэр харуулд буулгажээ.

ТЭД ОРОСЫН НУТГААР ДАЙРАН ӨНГӨРӨХДӨӨ ТОМСК ХОТ ХАВИАС НАЙМАА ХИЙН АВЧ ИРСЭН ӨСГӨЛҮҮН ТОМ БИЕТЭЙ ГОЁМСОГ АДУУГАА ТООМСОГИЙН АДУУ ГЭЖ НЭРЛЭЖ БАЙСНААС ЯВААНДАА МОНГОЛД ТОМ БИЕТЭЙ АДУУГ ТООМСОГ ХЭМЭЭН НЭРЛЭХ БОЛЖЭЭ.

Тэгэхэд Сумъяа бэйс өөрөө сайхан хүрэн халзан Тоомсог унаж ирсэн гэдэг.
 Мөн 1920-иод оны үед Оросын улаан хувьсгалаас зугтаасан Хорь буриадууд хойноос Хадакт үүлдрийн эрлийз адуутайгаа цуг Монголд иржээ. Тэд Цэцэн Хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт сумдын нутагт суурьшсан байна. Энэ Хадакт үүлдрийн адуу бие томгүй боловч их хурдан хатирч адуу байжээ. Хадакт адууг Читийн морин заводад Орловын хатирч бор азаргаар буриад адууг эрлийзжүүлэн гаргаж авсан гэж хуучны буриад өвгөд хуучилдаг байж. Дадалын буриад өвгөн Магсаа Баламын ( Магсар Палам) цагаан гүүнээс гарсан эр төл болгон хурдалсан гэдэг. 1940-өөд оны сүүлээр онцгой хурдалж байсан Задгай Дашийн хурдан хар морь бол энэ цагаан гүүний удам билээ. Хадакт адууны онцлог нь маш шингэн дэлтэй, шодон сүүлтэй байжээ. Үүнээс ургуулан бодоход Дарьгангийн хурдан шодон буурал адуу Хадакт адуутай холбоотой байж болох. Хардал жанжин бэйс Пүрэвжавын жич хүү Г.Бямбаатай хөөрөлдөхөд тэрээр Өвгөн ноёны Оонон хар азарга Хадакт удмын адуу байсан хэмээсэн юм. Оонон хар маш шингэн дэл, сүүлтэй хатирдаг азарга байжээ. Мөн Өвгөн ноёны Өлгөр хүрэн азарга адуун дундаа явж байгааг нь холоос харахад морьтой хүн шиг өндөр харагддаг байсан гэдэг. Тэгэхээр энэ азарга эрлийз азарга байсан байж таарах нь.
2006 онд ОХУ-ын Чита мужийн Хадакт тосгонд очиж Хадакт адууны тухай сураглахад энэ тухай мэдэх хүнгүй болсон байсан ба тэр тосгонд тэрэгний хэдэн мориноос өөр адуу байгаагүй.
1930-аад оны сүүлээр ЗХУ-ын маршал Будённын шууд дэмжлэгтэйгээр Төв аймгийн Жаргалантын САА-н Талбулаг гэдэг газар адуун завод байгуулагдсан. Энд зүүн аймгаас хураагдаж ирсэн адууг орос азаргануудаар эрлийзжүүлэн Монгол улсад үүлдэрлэг адуу бий болох таатай нөхцөл бүрдсэн юм. Мөн Зэрлэг тахийн азарга, гүү энэ үржлийн ажилд хамрагдсанаар тахийн цустай өвөрмөц шинэ адуу бий болсон. Дараа нь 1962 онд морин завод татан буугдахад тахийн цустай 200-гаад сайхан  шар хээр эрлийз гүүнүүд морин тойруулгад шилжин очсон нь шинэ үеийн хурдан эрлийз адуу үүсэн бий болохийн дэвсгэр суурь нь болсон билээ. 1966 онд ЗХУ-ын Ростовын морин заводоос Англи-Будённый үүлдрийн Колизей, Индекс, Чирс, Рыкошет, Сбор, Кросс нэртэй зургаан хурдан азарга ирснээр бидний мэдэх хурдан тойруулга адуу бий болоход шууд түлхэц болсон. Эдгээр нь бүгд орос нутагтаа уралдаж түрүүлсэн шилмэл хурдан азарганууд байсан бөгөөд улсын баяр наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан  Их салхин хүрэн халзан азарга бол Колизейн төл юм.
Их салхины төлүүд болох Солонго хэмээх цавьдар халзан азарга Улсын баяр наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан бол, алдарт хурдан Алтангадас азарга улсын баяр наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан билээ. Улсын баяр наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан цуут Тогоруу удмын адууг үндэслэсэн Тогоруу халтар азарга бол Индексийн төл юм. Гэвч морин тойруулгын тэр сайхан адуунууд улсынх байсан учир замхраад алга болсон. Ер нь ямар нэг юм хувьд очихоороо сайжирдаг жамтай. 2000 он гарсаар Монголд хурдан үүлдрийн адуу бий болгох ажилд хурдан морь сонирхогч залуу бизнесменүүд ханцуй шамлан орсон юм. Одоо шинэ монгол адуу бий болгох ажлын тэргүүн эгнээнд Максын Ганбаатар, Б.Билэгдэмбэрэл, Э.Ганбат, Д.Онон, Э.Тамир, Г.Алтангэрэл, Содномцог, Тэрбиш нар явж байна. Энэ ажлын үр дүнг 2007, 2008 оны улсын наадам яруу тод харууллаа. 2007 оны улсын наадамд Б.Билэгдэмбэрэлийн Оросоос авчирсан Англи-Араб халзан азарганы төл хүрэн даага түрүүлсэн бол, 2008 онд улсын баяр наадамд Максын Ганбаатарын Англи-Будённый азарганы төлүүд болох халзан соёолон ба зээрд даага нь хурдан адууны ид хавыг гайхуулан шидсэн чулуу шиг хол тасархай түрүүллээ. Мөн Манлай уяач С.Ганхуягийн Англи-Кабардин азарганы төл ногоон шүдлэн үрээ 2008 оны улсын баяр наадамд түрүүлсэн. Эдгээр нь бүгд бодлогоор гаргаж авсан шинэ монгол адуу юм.  Монгол адуу 20-25 километрт 40км/цаг хурдтай давхидаг бол шинэ монгол адуу 46 км/цаг хурдтай давхиж байна. Англи адуу 200 метрийн таранд 75 км/цаг хурдтай, 2400 метрийн уралдаанд 60 км/цаг хурдтай давхидаг. Харин орос эцэгтэй эрлийз даага таранд 60 км/цаг хурдтай давхиж байна. Монголд орж ирсэн сайн үүлдрийн азарганууд голдуу 15 орчим гүү хураах бөгөөд тарган байвал ороо сайтай байж, эрлийз унага төрөхийн бэрхшээл нэг их гарахгүй байна. Эхийнхээ савыг дагаад гарч байна. Монголын нөхцөлд Араб адуу арай тэсвэртэй нь ажиглагдлаа.
 Ер нь гаднаас оруулж ирсэн сайн үүлдрийн азаргануудыг монголын нөхцөлд маллахад дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.
1. Жилийн дөрвөн улиралд байнгын тэжээж тарган байлгах
2. Өвөл жүчээнд өвөлжүүлэх. Гэхдээ жүчээг галлаж болохгүй. Галласан дулаан жүчээнээс оруулж гаргахад халуун хүйтний хавсарга болж хатгаа авч уушиг гэмтэн амархан үхнэ. Англи адуу тарган байвал хүйтнээс айхгүй. Харин хөлөрсөн үед нь нэвт салхи аюултай.
3. Арьс хөрс нимгэн учир ялаа, шумуулаас хол байлгах
4.  Өдөрт хоёр болон түүнээс дээш услах
5. Бэлчээрт зун гаргавал монгол азарганаас хол байлгах
Эдгээр азарганууд нь сүргээ хамгаалах инстинкт муутай.  Зарим нь адуугаа хаячихаад яваад өгнө. Шуурганд адууныхаа урд орчихоод уруудаад шогшиж явах жишээтэй. Зүрх зориг ихтэй учир монгол азаргатай хамаагүй ноцолдож уруулна. Шарх даахдаа муу. Гэвч зарим нэг орос азарга онцгой чадвартай дасан зохицож байна. Жишээ нь:

 Б.Билэгдэмбэрэлийн Англи-Араб бор халзан азарга жилийн дөрвөн улиралд бэлчээрээр явж гүүгээ Монгол азарга шиг хурааж чадаж байна. Миний Кавказаас авчирсан Англи-Араб цагаан азарга сүргээ маш сайн хамгаалж, нэг ч гүүгээ өөр азарганд алдахгүй байна. Мөн шуурга болоход адуугаа хөөгөөд хашаандаа аваад ирдэг.

2008 оны 5-р сарын 30-аас 6-р сарын 1-ний хороонд Дорнод аймгийн баруун, Хэнтий аймгийн зүүн тал болон Сүхбаатар аймгийг дамнасан асар хүчтэй шороон болон цасан шуурга болж олон тооны адуу уруудан үхсэн байгалийн их гамшиг болсон билээ. Ийм шуургыг сүүлийн 50 жилд үзээгүй гэж нутгийн өвгөн буурлууд ярьж байсан. Энэ шуурганд монгол азаргатай адуу уруудан сарнисан байхад энэ Англи-Араб цагаан азарга адуугаа жалганд хориод уруудаагүй юм. Дашрамд дурдахад энэ цагаан азарганы төл охин буурал даага “Ирээдүйн түмэн эх-2009” хурдан дааганы өндөр бооцоот уралдаанд аман хүзүүдсэн билээ.
 Орон нутгийнхнаас Дорнод аймгийн уяачид хамгийн түрүүнд авхаалж самбаа гарган ОХУ-ын Агийн буриад нутгаас сайн үүлдрийн азарганууд оруулж ирээд байна.  Мөн Хэнтий аймгийн уяач Содном хөрөнгө мөнгө гарган Оросоос ирсэн азарга худалдан авлаа. Мөн Завхан аймгийн Тэлмэн сумын Ш.Норовсамбуу тэргүүтэй уяачид Улаанбаатараас сайн үүлдрийн азарганы төл аваачиж адуугаа сайжруулах ажлаа эхлээд байна. Цэвэр цусны Англи адуу бол зөвхөн уралдах зорилгоор олон жилийн үржил селекцийн нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан адуу юм. (энэ адууг уналга, ачлага, ан гөрөө, мал хариулахад хэрэглэдэггүй, цэрэг дайны зориулалтгүй, махыг нь хүнсэнд ашигладаггүй)
Энэ адуу чухам  ямархуу үнэ цэнэтэйг дараах жишээ харуулна. Алдарт Нортерн Дансер азарга нэг сая долларын ханштайгаар гүү гишгэдэг байсан. Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр шагналын сантай уралдаанууд болох Францын Триумфальная Арка, Арабын Дубайн цом, Австралийн Мельбурны цом, Америкийн Бридерс кап, Эпсомийн Дебри, Японы цом зэрэг нь бүгд  Англи адууны уралдаан юм. Эдгээр уралдаанд түрүүлсэн адуу 2-6 сая долларын шагнал авдаг.
Ингээд эцэст нь уяачид, морь сонирхогч та бүхэндээ хандан хэлэхэд цахилсан зээр шиг хөлний хурдтай, уулын буга шиг гуа цогцостой Англи адуу бол хүн төрөлхтний хамгийн гайхамшигт амьд бүтээлүүдийн нэг билээ. Энэ бүтээлийн амт шимтээс хүртэлцэн суугаа Монгол уяачид бид бас хувьтай.
Үлгэр домогт гардаг шиг жигүүрт хурдан хүлгийг сойж шинэ удмын хурдны хурыг буулган цэнгэн наадах цаг Монгол зонд нэгэнтээ иржээ.
Энэ бол Шинэ Монгол адууны эрин үе.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна