Аавдаа мөргөмүү

Наранхүү
2013 оны 4-р сарын 19 -нд

/Хайрт аав Тосонцэнгэл сумын уяач агсан Р.Төмөрбаатарынхаа дурсгалд/
Миний аав Рэнчингийн Төмөрбаатар 1944 оны мичин жил Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-р багийн нутаг Сүүл-Улаан гэдэг газар малчин ард Ч.Рэнчингийн 3-р хөвгүүн болон мэндэлжээ Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж хуучнаар Бүрэн буюу одоогийн Мөрөн сумын дунд сургуульд суралцан төгсөж, тухайн үеийн нэрээр “Санхүү эдийн засгийн техникум”-ыг 1966 онд “ХАА ба үйлдвэлэлийн нягтлан бодогч” мэргэжлээр төгсөн төрөлх сумынхаа “Ардын зориг” нэгдлийн туслах ня-бо-гийн ажлын гараагаа эхлэн аймгийнхаа Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал”, Чандмань-Өндөр сумын “Лениний алдар” , Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлүүдэд ерөнхий нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа монголын хөдөө аж ахуйн нэгдлийг хөгжүүлэх бүтээн байгуулах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан бүтээлч хөдөлмөрч нэгэн байлаа.Түүний хийсэн бүтээсэн хөдөлмөр гавьяаг төр засаг тухай бүрт нь үнэлэн дэмжиж “Атар газар эзэмшсэний 30 жил, Ардын хувьсгалын 70,80 жилийнойн медаль,Монголын ХАА-г удирдах газрын “Хүндэт нэгдэлчин” тэмдэг, “Санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнаж байжээ.
 1970 онд бидний ээж Д.Дэжидмаатай ханилан сууж бидний зургаан хүүхдийг төрүүлж өсгөн “хөлийг дөрөөнд гарыг ганзаганд” хүргэн өөрийн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлсэн нэр төртэй эцэг, сайн хань, сайн аав байлаа.Нэр төртэй гэхийн учир нь бид бүгдэд амьдрах арга ухаан, мэргэжил мэдлэг гэх насан туршдаа ашиглах өв хөрөнгийг үлдээсэн билээ.
Өгүүлсэнийг азнан өгүүлэхийн учир...
Миний аав эрдэнэт хурдан хүлэг морийг монгол эр хүний нүнжигээр хэдий үеэс сонирхсон амьдрал сэтгэл зүрхээ зориулж явсан түүхэн он жилүүдийг сөхвөл:
 Өгүүлэгч миний ухаан орсон үе гэвэл 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхэн үе юм.Сайн санаж байгаагаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нэгэн жилийн наадмаар миний эгч Насанбат бид хоёрыг дагуулан явж сумын наадмын хурдан морины комисс хийж нас насны морийг улаан туг хатгасан сум нэгдлийн даргын бор 69-төй даган эргэх газраас барианд дагуулан ирж уралдааныг зохион байгуулж байлаа.Тэр жил Цагаан-Үүрийн наадамд Өлзийбаатарын хүрэн гэдэг морь их насанд түрүүлж Дамчаан Баттөр гэдэг хүний бор морь аман хүзүүдэж байлаа. Ингэж л өөрөө морь уяагүй ч уяач нар малчин ард түмнээ дэмжин, туслаж, урамшуулж явсан тухайн цаг үеийнхээ төрийн албан хаагч байжээ.
Аав минь адууны дэргэд тэр дундаа хурдан морины дэргэд өссөн унаач монгол хүү байсан бөгөөд өвөг аавынд маань аавын унадаг “Хяруут хүрэн” хэмээх сайхан морь байсныг хожим тэрбээр дурсан ярьдаг байлаа.Мөн нутаг усандаа сайн гэгддэг унаач хүүхэд байсан төдийгүй сумынхаа нэрт уяачид болох “өндөр” Готов гуай,Шарав дарга зэрэг хүмүүсийн хурдан морийг нэлээд хэдэн жил унаж уралдан айрагдаж түрүүлж байснаа бидэнд хуучилдагсан.
Харин өөрөө хурдан морины уяаны ажилд гавшгайлан оролцох болсон нь идэр залуу үе буюу айл болон гал голомтоо бадраасан үеэс болох нь харагддаг Учир нь миний ээжийн аав “өврийн Бамбаа” хэмээх С.Дашзэвгэ өвөөгийнх нутаг усандаа нэртэй сайн адуутай айл байсанд байгаа юм.Хүрэн зээрд дийлсэн зүстэй хурд бяр нь тэнцэн байсан адуу аав ээж хоёрыг минь гал голомтоо бадраах үед ивээл хишгээ харамгүй хайрласан гэдэг. Ээжийн инжинд ирсэн хожмоо “Хонхор сүвээт” гэж алдаршсан хүрэн морийг шүдлэн, буурал аав С.Дашзэвэгийнзааж өгсөнөөр Жүрмэдийн хар гүүний/энэ адуу өвөөгийн унаган адуу байсан/ унага “Шарваа хүрэн” гэж нэршсэн хүрэн морийг дааган цагаас сойн сумынхаа наадамд шүдлэн айргийн 3-т, даага айргийн таваар давхиулсанаар манайх буюу Төмөрбаатарын гэдэг айл хүлгийн тоос огторгуйд өргөж эхэлсэн түүхтэй юм гэнэ билээ. Миний аав1970-1978 оны хооронд сумын наадмын 1 түрүү 7 айраг авч байсан бөгөөд уясан морьд айрагдана, эс айрагдлаа гэхэд дүүрэн цулбуурддаг байсан гэдэг/Хонхор сүвээтийн соёолондоо түрүүлсэн баярын бичиг одоо ч хадгалаастай бий/. Мөн миний аавд “бүдүүн” Даржаа гэх хамаатны айлын унаган сайхан хул морь байсан гэдэг. Аав тэр хул морио нэлээд хэдэн жил уясан бөгөөд Түнэлийн наадам болон сумынхаа наадамд тогтмол дээгүүр, айргийн арханаар давхилтай байсныг бидэнд ярьдаг байлаа.
Аав маань морио хэтрүүлэн их сунгаагаар нь давхил өнгөрүүлж байсан хоёр тохиолдыг ярих дуртай байсан. Нэг “Хонхор сүвээт”-ээ хавчиг зургаатай жил нь сумын төв дээр “далан” хэмээх Батпүрэв гуайтай уяж байхад нөхөр уяач нь  их сунгаанд явуулсаны хэрэггүй” гэж зөвлөжээ.Аав ч залуу насны зоригоор явуулчихаж, их морь Төмст эргийн тохой тохой хүрээд эргэж.Сунгаанд “Хонхор сүвээт” ганцаараа тасархай түрүүлэн иржээ. Тэгсэн хамт уясан Батпүрэв гуай “чиний наадам ингээд өнгөрчихлөө дөө” гэсэн гэдэг. Нээрээ ч тэр жилийн наадамд “Хонхор сүвээт “нэлээд хойно ирсэн юм гэнэ лээ.Нөгөө нэг нь дээр дурдсан хул морио Өгөөмөрт өндөр Гоодоо гуай, Шар ах зэрэг хүмүүстэй уяж байгаад бас сунгаанд өнгөлүүлээд бас давхилыг өнгөрүүлчихсэн гэдэг.
Энэ бүхий цаг үеийн туршид хурдан хүлэг морио уяхдаа Батпүрэв гуай болон Шар ах хэмээн нутаг орондоо нэршсэн Тосонцэнгэл сумын нэрт уяач Цэвээндорж нарыг түшиглэн тэднийхээр бууж мордон өнжиж хонон, ажлынхаа чөлөө заваар морио уян ажил алба гарсан үедээ Шар ахдаа даатган нөхөрлөж явсан үе олонтой байсан гэдэг. Дашрамд дурдахад уяачийн гэргий гэх хүнийг хэзээ ч мартаж болохгүй бөгөөд Шар ахын гэр бүлийн хүнийг зан ааль сайн, хүнлэг чанарыг нь бүр хожмоо ч гэсэн дурсан ярьдаг байлаа.
Гэвч ажил амьдралын эрхээр тухайн үеийн ажил албаны эрхээр уугуул сумаа орхин аймгийнхаа бусад сумдын хөдөө аж ахуйн нэгдлүүдэд олон жил ажиллаж Монголд өрнөсөн ардчилалын давалгаатай золгосон юм.Эдгээр он жилүүдэд аав минь хүлэг морио орхисон цаг хугацаа нэгээхэн ч үгүй бөгөөд Чандмань-Өндөрт ажиллаж байхдаа нэр дурдсан хурдан морь “Хонхор сүвээт”-ээ залуу насны дэврүүн хүсэлд автагдан уралдах гэж уугуул нутгаас нь аваачаад “хазаарын солио” буюу хулгайн хар гарт алдсан гунигт түүх ч бас бий.
  Монголд өрнөсөн ардчилалын давалгаанаар манайх төрөлх Тосонцэнгэл сумандаа ирээд хувьцаа, худалдаа болон нутгийн ах дүүсийн гар дээр байсан тавиул малаа цуглуулан дахин хүлэг мориныхоо тоосыг сансар огторгуйд өргөж эхэлсэн нь миний ах Т.Нацагдоржийн эрийн цээнд хүрч байсан үетэй давхцан байсан нь бас л сайхан хувь заяа. Адуу өсгөхөд адуулах, маллах, манах хөвгүүд хэрэгтэй гэсэн ардын үг ч байдаг.
Ингээд л аав маань ах биднийг заан чиглүүлэгчээр адуу малаа өсгөн үржүүлэх уях сойх талаар тасралтгүй ажиллан угшил сайт үрээ даагаа уралдуулах үйлсэд зүтгэж эхэлсэн нь энэ билээ.1992 онд Их Тахилтын Овооны өвөрт бидний нагац ах Д.Гэндэнсүрэн нагац өвөөгийн маань адууны угшилт хүрэн үрээг манайд өгсөнөөр хүрэн үрээ ч бидний урам зоригийг хугалсангүй араасаа олон хурдан буяныг дагуулсан аман хишигтэй хүлэг байлаа. Хүрэн морь сумын наадамд аман хүзүүдэж “Дайрч ирсэн даян хүлэг” цол чимэг хүртэж, их бага хонгор үрээнүүд, “Бат төрийн бахдалт хүлэг” цол чимэгт “Унаган дуут” хул морь, “Аранзул” чимэгт бор хул, “Наранжаргалант” чимэгт хээр хүлэг, “Түмэн эх”  цолт жижиг хүрэн, “Ахин нэмэх хүлэг” чимэгт “Буурал духт” хүрэн гээд аавын минь өнгө буян хишгэн дээр тодорсон хүлэг эрдэнүүд олон байлаа. Аав маань сумын наадмаас 2 түрүү 20 гаруй айраг хүртсэн төдийгүй сум орон нутгийн чанартай наадмуудад олон айраг авсан монгол уяач  хүн байлаа.
Миний аавын бидэнд ойлгуулан ухааруулж байсан зүйл бол наадмын дараа буюу уралдсаны дараа нь морио анхаарч, хайрлаж, гамнаж байхыг чухалчилдаг, харин уяаны арга барилын хувьд эрт барьж аажмаар хөнгөрүүлэн, морио балмагдуулахгүй уяхыг үг яриа болон үйл хэргээрээ харуулж өгсөн юм. Хүний дээд аавд минь хүлгийн дээд хүлгүүд зүстэйгээ нүүрлэсэн байв уу даа гэсэн бодол түүний амьдралын намтараас нь харагддаг юм. Учир нь аав минь өсөх идэр насандаа хүлгийн дээд хул, хүрэн зүсмийн морьдоор уралдаж, айрагдуулж, аархаж, гоёж байсан бол өтлөх насандаа мөн л хул, хүрэн зүсмийн хурдан хүлгүүдээр уралдаж, наадаж байлаа.
Мөнх бишийн хуулиар хүний нэгэн үе солигдож аав маань тэнгэрийн орноо одсон ч тэр хи буянтны үлдээсэн “чон эрдэнэ” мэт адууныхаа хүрэн зүс, эгнэгт хадгалагдах удам угшил эрдэнэ булгийн үүтгэл болсон “ширээт чойнжин” тамгаа хайрлаж дээдлэж явбаас “хүний дээд аав ээж, хүлгийн дээд чон хүрэн адуу”-ны минь тэнгэр мөнхөд ивээж үр хүүхэд бид эрүүл энх байж эрдэнэт адуун сүрэг маань түм бум болтугай.

Дурсамж бичсэн: Цагаанбандитан овогт Төмөрбаатарын тавдугаар хөвгүүн Наранхүү
Мөрөн.2013.04.17

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна