Ш.Хүрэлбаатар: Будан азаргаа ганц шөнийн хоолоор түрүүлгэж аавдаа нэг их тоогдож билээ

Тэлмэн
2013 оны 11-р сарын 01 -нд

Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Гомбожавын Шоовдор агсныг хурдан морь сонирхогчид мэдэх бизээ. Нутаг нугадаа адуу мал таньдгаараа алдартай, буурал уяач тус сумаас төрсөн анхны улсын цолтон бөгөөд, өдгөө хүү Ш.Хүрэлбаатар нь эцгийн шийрийг хатаан уяа эвлүүлж сууна. “Тод магнай” сэтгүүлийн сурвалжлах хэсэг Алтанширээ сумнаа зочилж, сумын Алдарт уяач Ш.Хүрэлбаатартай уулзаж, ярилцсанаа хүргэж байна. 
- МУ-ын Алдарт уяач Шоовдор агсны голомтыг залган, уяа эвлүүлж буй хүүтэй нь уулзах сайхан байна. Танаас өөр морь уядаг хүн бий юу?
-Бид эцэг эхээс есүүлээ. Манайх таван хүү, дөрвөн охинтой айл. Би дороосоо хоёр дахь нь. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Уг нь манай дүү эрхтгүй морь уядаг байснаа гадаад яваад өгсөн. Одоо би л голчилж уяж байна даа. Тэгээд ч муу аав минь намайг аль багаас “миний морины уяаг залгамжлах хүн энэ л байгаа юм” гэдэг байсан юм. Одоо бодоход мэддэг байсан юм байлгүй дээ. Би таван настайгаасаа эхлээд л ааваасаа салаагүй хүн. Эхэндээ уясан морийг нь унадаг байгаад яваандаа, уялцдаг болж, 1990 онд цэргээс  ирснээсээ хойш гардан уях болсон.
-Аав зөвлөөд та түүнийг нь дагаад л уях уу?
-Тиймээ. Цэргээс ирсэн чинь “за хүү минь, би чамд халаагаа өглөө шүү” гэж хэлээд түүнээс хойш ерөнхий л юм хэлдэг болсон. Уяан дээр ирж харчихаад “тэр морь чинь тийм байна, энэ морь чинь ийм байна. Тийм ажил хийвэл зүгээр байх” гэж хэлчихээд л гэртээ орчихдог байсан.
-Намайг байгаа дээр юм сур гэсэн үг байх нь ээ дээ?
-Ер нь манай аав нэг их олон үг хэлээд байдаггүй хүн байсан. Нэг дурсамж ярья л даа. Манай сумын Тойг бригадын наадам 1992 онд болсон юм. Тэр жил аав эзгүй  байгаад, би морьдоо голлож уялаа. Нэг их морь, хоёр соёолон, нэг даага уячихсан үзэж тараад байгаа. Тэгж байтал аав хүрээд ирсэн. Хоёр соёолон нь ер нь их сайн байсан юм. Дүүгийн нэртэй хээрийнх нь хоолыг хасах гэтэл аав”миний хүү хурд дээр хурд нэмж болдоггүй юм. Хэрэггүй, хээр морь чинь тэртэй тэргүй түрүүлнэ. Чи бүтэн тэжээлээр мордуулчих” гэж байна. Би болохоор хоол хасах ёстой гэж бодоод байгаа. Тэгээд ааваасаа зөрөөд, “би таныг амьд байхад л үзэж сорьж авмаар байна” гэсэн. “Өө, тэгвэл тэг өөрөө мэд. Хоолыг нь хас”  гэж байна. Хоолыг нь хасчихлаа. Тэгсэн аав “хоол хасахад 10 морь алддаг юм, чи харж байгаарай” гэж байна. Би ч харъя гэж бодоод хоолыг нь хасчихлаа. Уралдахынх нь өмнө аав харчихаад “амьд л ирдэг юм бол. Би үхүүлэхгүй ээ” гэж байна. За тэгээд соёолон уралдлаа. Тэгсэн хоолыг нь хасаагүй хээр нь дөрөвт ороод, хоолыг нь хассан хээр нь 11-д ордог юм.
-Яг л хэлснээр нь арван морь алдаж дээ?
-Тэгсэн.  Морь ирсний дараа аав “за хүү минь унт, унт. Босоод дааганыхаа хоолыг тааруулаарай” гэж байна. Би ч хэлснээр нь хэвтлээ. Гэхдээ бас хээр мориндоо санаа зовоод болдоггүй.
-Эвгүйтчихсэн ирсэн үү?
-Тэгэлгүй яахав. Дотроо л “зүгээр байсан амьтны хоолыг нь хасаад тоглоод хаячихлаа” гээд харамсаад байгаа. Аав миний бодлыг мэдсэн юм шиг “ аав нь чамайг өглөө босоход чинь амьд байлгаж байна” гэж байна. Нээрэн өглөө босоод ирсэн чинь хээр морь амьд байсан. Тэр өдөр би хээр даагаа хөөрхөн хол зайтай түрүүлгэх байсныг “хурдыг нь мэдлээ” гэж татуулж байгаад аман хүзүүдүүлж хөглөж л байлаа. /инээв/ Уяач хүн уралдаанаас уралдааны хооронд суралцдаг гэдэг үнэн шүү.
-Ааваасаа хээр морийг хэрхэн сэргээсэн талаар асуусан уу?
-Асуусаан. “Амьдрал дээр өөрөө мэднэ” гэсэн.Нээрэн ч уяач хүн амьдрал дээр л суралцдаг юм билээ. Аймгийн 60 жилийн ойд хээр соёолонгоо түрүүлгээд, Дэлдэн хээр морь нь 20 хэдээр давхиж ирээд уначихлаа. Улс амьтан соёолон түрүүлгэлээ гээд ирчихсэн. Аав бас жаахан хүртнээ. Хүмүүстэй дарвих гээд болдоггүй. Тэгэхээр нь би “Дэлдэн хээрийг босгохгүй юм бол би ахиж морь уяхгүй шүү” гэсэн. Тэгсэн чинь тэр олон улсаа  хаяад, “за хүүхэд юм хэлж байна” гээд босоод ирсэн.
Тэгээд хоёулаа Дэлдэн хээртэйгээ 72 цаг ноцолдож байж арайхийн сэхэл авахуулж билээ. Янз бүрийн юм өгөөд эцэстээ “миний хүү хамгийн сүүлийн нэг арга байна, суйлна даа” гэж байна. Би ч хэлснээр нь хийж, хээр морио хөл дээр нь босгож байлаа. Тэгэхэд л би аавдаа их баярласан юмдаг. Миний үгэнд ороод босоод ирсэнд нь /инээв/
-Суйлна гэдэг нь яадаг юм бэ?
-Бөгсөөр нь гараа оруулаад гэдэсний түгжээ гаргахыг хэлж байгаа юм. Дэлдэн хээрийн гэдэснээс хоёр хатсан хомоол авсан. Тэрийг нь авангуут л шууд босоод ирсэн. Хүнээр бол түгжрээ болчихсон байсан юм билээ. Энэ мэтчилэн муу ааваасаа бишгүй зүйл сурч  авсан нь өнөөдөр хэрэг болж байна. Тэр эрдмийнх нь хүчээр өнөөдөр уяач хэмээн хэлэгдэж, танай сэтгүүлд ярилцлага өгч байна. Аав хүн хүүхдийнхээ үгэнд орно гэдэг үр хүүхдэд нь их урам өгдөг юм билээ. Тэр үед аав миний үгэнд оролгүй архидчихсан байсан бол, би магадгүй моринд ингэтлээ дурлахгүй ч байсан байж мэднэ.
-Аавынхаа мэнд сэрүүнд тоогдож, урмын үгээр мялаалгасан сайхан дурсамжаасаа хуваалцаач?
- Манай нутагт “Компани” будан гэж хурдан азарга байлаа. Манай сумын харьяат аймгийн Алдарт уяач Зэвэг /Дашзэвэг /гэж хүн компанид бэлэглэсэн юм. Нэг хавар “Сумын 40 жилийн ойд уралдуулах гэтэл гэдсэндээ юмтай болчихлоо. Дүү гэдэснийх нь юмыг гаргаж өгнө дөө” гээд Гочоо дарга давхиад ирсэн. Тэгэхээр нь “та зургадугаар сарын эхээр нялх ногооны үед аваад ирээрэй” гэж хэлээд явууллаа. Би өөрөө бас зургаан насны морь уячихсан байсан. Гочоо дарга ч будан азаргаа аваад ирсэн. Түүнийг нь баруун зоо дээр давхил хийлгээд Сансандорж гуайн халтар азаргатай уралдуулж, түрүүлгэчихлээ. Тэгээд аавдаа “за би будан азаргыг ганц шөнийн хоолоор тавинаа” гэсэн чинь аав, “за миний хүү ганц шөнийн хоолоор сайн хүн л тавьдаг юм даа. Сайн тавьж чадах юм бол сайн, тавьж чадахгүй бол гурван давхилд түрүүлсэн чинь байхгүй болно. Айраг цагаа ч үгүй болно” гэж байна.Тэгэхээр нь бодсоноороо хийгээд үзье гэж шийдээд ганц шөнийн хоолоор тавилаа. Зэвэг гуай ч тэр, манай сумын өвгөчүүл ирж үзчихээд “Будан азарга хурдан байгаа  гээд байсан. Худлаа болжээ. Цагааны адууны хоол хасдаггүй. Юун өнөөдөр түрүүлэх, үхэхгүй л бол болоо” гэцгээж намайг зэмлэж байнаа. Аргагүй л дээ. Будан азарга чацга алдаад мордож байгаа юм чинь. Хөгшчүүлийн яриаг сонсоод би ч бас санаа зовоод явчихлаа. Түүнээс өмнө бол “сайн уясан” гэж бодож байсан юм. Санаа зовоод харж байсан чинь Бөөн чулуун дээр ганцаараа гараад ирлээ. Тэгж будан азарга учиргүй хол түрүүлж, аав минь их баярлаж билээ. Тэр үед л хүүгээрээ бахархсан байх гэж боддог шүү. Манай аав хүнийг дэргэд нь магтдаггүй хүн. Будан азарга түрүүлээд ирэхэд “чамайг дэргэд нь магтахгүй ээ. Гэхдээ адуунд хань болохоор болж байгаа юм байна” гэж хэлээд үнсэж байсан юм. Сумын 40 жилийн ойн тэр уралдаан миний хувьд аль ч талаараа их хариуцлагатай байсан юм.
-Толгой мэдээд хоолыг нь тааруулсан болохоор уу?
-Будан азарганы гэдсийг зассаны дараа Гочоо дарга ирж аваад Зэвэг гуайгаар уяулах ёстой байсан юм. Тэгсэн надад өөрөө уячихмаар санагдаад болдоггүй. Түүнийгээ бас хэлж чаддаггүй Зэвэг гуайгаас муу уях ч юм билүү гэж бодогдоод. Тэгээд Гочоо даргыг хөдлөөд  явангуут нь далласан чинь машиныхаа толинд хараад буцаад ирсэн. Тэгэхээр нь “будан азаргыг чинь би уяя” гээд хэлээд тавьчихлаа. “Чи тавлуулж чадах юм уу” гэж байна. “Тав бол надад багтаж байна” гээд хэлчихлээ. Ер нь багтаад байсан юм чинь. Тэгээд л аваад үлдсэн. Уралдахын өмнө хөгшчүүлийн ярихыг сонсоод том ам гарч хүний азарга авч үлдчихээд, алчихвий дээ гээд дотроо түгшиж л байсан.
-Тэрнээс хойш будан азаргыг та уядаг болсон уу?
-Даланжаргалангийн цэргийн 126 дугаар ангийн ой болж, тэнд дөрөвт оруулаад, Өвгөн ноёны наадамд 37 билүү 39-өөр давхиулсан. Дараа жил нь аймгийн наадамд аваачиж уралдуулаад маахайлуулчихсан. Тэр жил жигтэйхэн их бороотой байсан юм.
-Нутгийнхан таныг аймгийн Алдарт уяачийн болзолд нэлээд дөхөж байгаа гэж байсан. Нэр ус гаргадаг ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
- Хүрлээ халтарыг маань Дэлдэн хээр залгасан.Мөн Босоо хээр гэж хурдан буян байсан. Буурлын буян, тууртын ачаар аймгийн Алдарт уяачид дөхөж л яваа байх.Ноднин зун Хутагтын наадмаар саарал үрээ тавлуулсан.Хаврын наадамд нь түрүүлгээд, сая гуравлуулсан. Аймгийнхаа наадамд хязаалан үрээ зугтаалгаж байгаад түрүүлгэснээс хойш нэг хэсэг очиж чадаагүй. Хүүхэд шуухад бага хүн бүл цөөнтэй гээд. Харин сүүлийн үед аймгийн чанартай наамдуудад оролцож байгаа. Ямар ч байсан гурван айрагтай болоод байгаа. Богино наадмуудын  айраг түрүүг тоолбол бүр олон л доо.
-Аавын адууны  суурин дээр цус сэлбэж байна уу?
-Тэгж байнаа. Хэнтийн Галшар, өөрийнхөө аймгийн Дэлгэрэхээс авсан.Манай сумын Зэвэг гуайн цагаан адуунаас эх талаар нь сэлбэсэн. Айраг сумаас ч авсан.  
-Таны нэртэй хурдан халтар азарга байдаг дуулдана лээ. Хаанахын адуу вэ?
-Манай адуу л юм даа. Эцгийг нь манай эцэг Юндэн гуайн хар азарганд хоёр гүү тавиад авчихгүй юу.
-Хар азарга хурдан адуу байсан юмуу?
-Уядаггүй адуу байсан. Аав хараад үр төл нь давхихаар юм байна гэж тооцсон юм байлгүй дээ. Дээхэн үеийн хүмүүс их айхтар холын бодолтой улс байж дээ. Юндэн гуайнд очихдоо намайг дагуулж явсан юм. Аав “би хоёр байдас алдчихаад байна” гэсэн чинь Юндэн гуай “манай азарга хураачихсан байна лээ. Аваарай” гэж байсан. Аав ч “авна аа, би одоохондоо амжихгүй байна” гэсээр байгаад төлийг нь аваад азарга тавьчихгүй юу. -Тэр нь таны халтар азарганы эцэг болж таарах нь ээ дээ?
-Тэгсэн. Халтар азарга шүдлэндээ түрүүлээд, хавчигтаа аймгийн наадамд гуравласан.Түүнийх нь дараа аав нутгийн нэг хөгшинд зарчихаар нь би 14-тэй азарга долоон бодоор буцаагаад худалдаж аваад зэмлүүлж л байлаа.
-Наймаа буцаалаа гээд үү?
-Би өвгөнтэй наймаа хийчихээд өртөгийг нь өгөх санаатай дагуулаад очтол “Би тийм үнэтэй зараагүй.Чи хүнд шулууллаа, долоон бодоор аваад байхдаа яадаг юм. Буцааж аваачиж өг” гээд зэмлээд болдоггүй. Би санаа зовоод “аав минь чимээгүй байгаарай.Нэгэнт хийсэн наймаа” гэтэл “би орж хэлнэ” гээд болдоггүй. Жаахан байж байгаад араас нь ортол хоёр хөгшин өөр юм яриад, жаахан нэрмэл тавьчихсан сууж байхыг хараад уужирсан шүү. Дараа жил нь халтар азарганы төл долоон эр унага гарч, түүнээс нь харж байгаад арай илүү гэсэн нэгээр нь азарга тавьсан нь миний халтар азарга байгаа юм. Шүдлэнгээсээ эхлэн уягдаж түрүүлээд, нийлтлээ цагаан юм тасдаагүй адуу даа. Миний нэрийг гаргасан өөр  хурдан буян гэвэл Урт хээр азарга маань байна. 2000 оны их зуднаар Зүлэгтэд байдаг манай нэг найз “адуу уруудаад юу ч үлдсэнгүй. Манайхны адуунаас даага, шүдлэн байсан ч хамаагүй мэдэж байгаарай” гэж захисан юм. Хавар оройхон адуугаа хурааж байтал нэг навсайсан хээр даага нийлчихэж. Адуугаа хөөж ирээд орой нар шингэхийн алдад морио юүлчихээд, эхнэртэйгээ хоёулаа бууз чимхээд байж байсан чинь морьд учиргүй янцгаалаад сүйд боллоо.” За нэг морь уургалаад давхиад явчихлаа” гээд гарсан чинь өнөө муу хээр даага чинь хүрээд ирчихсэн байдаг юм байна. Ширхэндээ баригдчихсан хачин амьтан юмаа. Тэгэхээр нь жаахан жуухан юм өгч, ширхнээс нь салгаад найздаа хэлүүллээ. “Танай адууны хариугүй нэг даага манай адуунд байна. Зүүнтээ нэг айлын адуунд даагатай гүү байна шүү” гээд. Тэгсэн тавдугаар сар гаргаад найз маань давхиад ирлээ. Түүний өмнө Иххэтийн 70 жилийн ойгоор намайг хоёр хээр морио айрагдуулахад найз маань мялааж, нэг даага өгнө гэж байсан юм. Түүнийгээ ярихаар нь “найз нь наад муу хээр даагыг чинь аваад үлдчихье. Чи аваад явлаа гэхэд замын ая даахгүй байх” гэсэн. Үзье гэж байна. Тэгснээ үзчихээд “өө энэ чамд мал болохгүй. Нэрийн хор найз нь өөр юм өгье" гэж байна.Тэгэхээр нь би “үхээд өгвөл чамд гомдоллохгүй.Мал болгож авбал тэр биз. Би чамаас дахиж юм нэхэхгүй” гээд  аваад үлдсэн.  Тэр хээр маань шүдлэн болоод сумандаа хол түрүүлсэн. Тэр үед нь найздаа хэлүүлтэл “худлаа ярьж байна” гээд итгэхгүй байсан гэсэн. Түүний дараа жил хязааландаа сумандаа түрүүлчихээд, давхар уяагаар аймагт түрүүлэхэд ирж үзчихээд, “даахьтай жаахан амьтан танай адуунд байсан гэхээргүй болж” гэж байсан.
-Та  тэр үед үнэхээр замын ая даахгүй гэж бодсон уу. Эсвэл хээр үрээнийхээ хурдан гэдгийг нь мэдчихээд тэгтлээ зүтгээд байсан юм уу?
-/инээгээд/ Үнэндээ нүд, чих хоёр нь арай өөр харагдаад байсан  л даа. Хэдий муу байсан ч гэсэн нүд  нь нэг юм хэлээд байсан юм. Урт хээрийн маань төлүүд ч гэсэн гайгүй сайн давхиж байгаа.
-Сая адуу хурааж ирдэг залуу танай хүү юу?
-Тиймээ, ах нь хоёр хүү, гурван охинтой. Охидууд маань сургууль соёлын ая бодчихсон. Том хүү маань энэ намар цэрэгт явна. Бага нь энэ хэргийн эзэн./ээжээсээ юм нэхэн ороох хоёр орчим ойтой бяцхан хүүг заав/
-Ааваасаа сурсан мэдсэнээ хүүдээ үлдээх их ажилтай байгаа юм байна даа.
-Миний хүү моринд дуртай. Аавыгаа залгаж уях байх гэж боддог шүү. Энэ хананд байгаа /заав/бугын эврийг аав маань надад авчирч өгөөд “Миний хүү үүнийг сайн хадгалж яваарай. Аавыгаа өнгөрөхөөр газар олж чадахгүй бол үүнийг аваачиж тавиад аваарай” гэж захисан юм. Тэгэхээр нь би,” цөг та үхнэ гэж юу яриад байгаа юм” гэж хэлж байсан. Нэг үе бугын эвэр үнэд ороод хүмүүс авья гэсэн ч би зараагүй ээ.
-Алдартын буухиаг үргэлжлүүлэн, уяа эвлүүлж, хурд ирлэж суугаа танд нийт уншигчдынхаа өмнөөс уясан нь хурдан, унасан нь жороо байхыг хүсэн ерөөе. Таныг, таны үр хүүхдүүдийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай. Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна