"Торгон" хэмээх Ц.Дашням Алдартын тухайд

Тэлмэн
2014 оны 1-р сарын 28 -нд

Уясан эзний урмыг мялааж 17 түрүүлж, гурав аман хүзүүдсэн домогт хар морины эзнийг Дорноговьчууд “Торгон” Дашням хэмээдэг.
Нутгийн  зон олноо ийн алдаршсан Цагааны Дашням  Дэлгэрэх сумын нэрийг дуурсгасан нэрт уяачдын нэг бөгөөд 1995 онд Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм. Тэрээр 1922 оны 1-р сарын 20 нд  Дэлгэрэх сумын нутаг Хушуун бууц хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Алдартын бага нас тэр үеийн хөдөөгийн багачуулын нэгэн адил малын  захад өнгөрч, эмнэг догшинд эр бяраа гайхуулж явсан гэдэг. Ц.Дашнямыг өсгөсөн Лодойпунцаг хэмээгч нь түүний нагац ах бөгөөд харин дээдчүүлийнх нь нэрээр Цагааны хэмээн овоглогдох болжээ. Нагац ах Лодойпунцаг нь гүйлгээ ухаантай сэргэлэн нэгэн байсан агаад арилжаа наймааны тал дээр яггүй хэмээгддэг байж. Г.Дашням нагац ахынхаа наймаа хийж авсан эмнэг морьдыг унаж эдэлдэг, ер нь багаасаа адуу эдлэх тал дээр гаршсан нэгэн байв. Харин морь уяж сойхын тухайд 16 наснаас эхэлсэн бөгөөд мөн л нагацынхаа өгсөн Тайж угшилтай хар мориор уяачийн гараагаа эхэлсэн гэдэг. Ер нь Ц.Дашням хурдан морь уяж сойсон хагас зуун жилийн хугацаанд их насны морьдоор илүүтэй наадсан нэгэн. Тэр дундаа гурван хар мориороо сумын наадмыг дэвжээг олон жил эзэгнэсэн золбоолог нэгэн билээ.
18 нас хүрмэгц цэргийн албанд татагдсан Ц.Дашням таван жилийг Ховд аймагт өнгөрүүлж, халагдсанаас хойш нэг хэсэг хүлгийн сайныг шилэн унаж, эр хүний дураар жаргалыг мэдэрсэн гэдэг.
Мөрийтэй тоглон, наймаа панз үсэргэж явсан тэдгээр он жилүүдээ Алдарт “адууны сайныг харин нэг мэддэг болсон юм шүү” хэмээн өөрийгөө “өмгөөлөх” нь бий. Хөл хөнгөн, ам зөөлөнтэй хүлгийн нуруун дээр дарцаглаж явсан эрх чөлөөт амьдралдаа нэг  л өдөр цэг тавин, сумынхаа  худагийн моторчноор ажиллах болсон тэрээр зав зайгаар нь адууны наймаа хийнэ. Тостой мотор, хөлстэй адуутай ноцолддог гэхэд Дашням хээнцэр ганганаараа зартай нэгэн байлаа. Алдарт мичин жилийн зуднаар амьтан хүн байдгаа давхарлан гоё сайхныг мартаад байхад Дашням аанай л сурснаараа хурган дээл, цагаан эсгий гутал, каракул малгайтай цэмцэгнэж явсан гэдэг. Мэдэхгүй нэгэн нь дарга даамал хэмээн андуурахаар хээнцэр ганган түүнд нутгийн олон нь “Торгон” хэмээх алдрыг хайрлаж, овог нь болтлоо нэршжээ. Багаас дутагдаж, гачигдахыг мэдэхгүй дураар өссөн тэрээр нэг нутгийн гэх бүсгүйтэй дэр нэгтгэн,  ижий, аав бололцсон бөгөөд Алдартын адуу сайжирахад хадам аав Чогсомынх нь нөлөө их байсан гэдэг юм билээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын гаралтай Чогсомын хурдан хар азарга дүү Баярынх нь гүүг  хураан эр хээр унага гарсан нь хожмоо Бэлэвсэн хэмээх алдартай хурдан хүлэг болсон юм. Үүнийг энд дурьдахын учир нь Ц.Дашням Алдартын нэрийн хуудас болсон хар морь Бэлэвсэн хээрийн төл билээ.
МУ-ын Алдарт уяач Ц.Дашням, У.Нямбуу нар ах дүүсийн хамааралтай бөгөөд Ц.Дашням нь дүү Нямбуудаа шүдлэн байдас бэлэглэжээ. Байдас нь нутаг руугаа гүйхдээ Бэлэвсэн хээрт хураалган, дараа жил нь эр хар унага гарсан нь 17 түрүүн эзэн алдарт хар морь юм. Хар үрээ соёолонгоосоо эхэлж уягдан тэр жилээ Алтанширээ сумын наадамд түрүүлжээ. Энэ үед эзэн У.Нямбуу нь цэргийн алба хааж байсан тул ойр хавийнхан нь Умбаагаас /Нямбуу аав/ “хар үрээгээ зарчих” хэмээн нэг бус удаа хэлж байсан аж. Харин буурал уяач “энэ чинь эзэнтэй мал. Хэрвээ зарвал би Машид л /Дашням Алдартыг ийн дууддаг байж/ өгнө” хэмээдэг байж.
Буурлын хэлсэн биеллээ олж, хар морийг найман настай байхад нь гурван бор эсгий, мөнгөн тоногтой эмээл, залуу мориор Дашням агсан өөрийн болгож  байжээ. Хар морь ирсэн цагаас эхлэн эзнийхээ хийморийн дарцаг болон хийсч, сумын баяр наадамд 17 түрүүлж/ түүний нэг нь Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх гурван сум нийлсэн том уралдаан байжээ/, гурав аман хүзүүдэж, хоёр удаа зургаад хурдалж байсан юм. Дэлгэрэхчүүдийн дунд домог болсон алдарт хүлгийнхээ тухай Дашням Алдарт “Хар морь маань уяаны ажил багатай, бэлэн давхилтайгаас гадна барьж уях шаардлагагүй өглөө өөрөө уяан дээрээ ирээд зогсчихдог. Өл хоолоо ч гэсэн өөрөө тааруулчихдаг, жаахан зүдэргээтэй үедээ халуун элсэн дээрээ очиж хөрвөөгөөд засал авчихаад ирдэг хүнээс дутуугүй ухаантай хүлэг байж билээ. 26 хүрсэн хавраа урд хэцэд нүд аньсан байсан. Эрдэнэт хүлгийнхээ тэргүүнд олбог эвчихээд буцахдаа өөрийн эрхгүй уйлж билээ. Намайг олон жил баярлуулсан сайхан хүлэг орхиод явах хэцүү байсан шүү” хэмээн олон жилийн дараа сэтгэлээ уудалсан удаатай. Тэр явдлаас хойш жилийн дараа Дашням хар мориныхоо тэргүүнийг  залахаар очоод нэгэн хачирхалтай зүйлийг олж харжээ. Хурдан хүлгийнх нь яс үе үерээ салсан байсан ч аарцагны хэсэг нь хэвээрээ байж. Гайхан нягталбаас хар морины аарцаг нь үргэлжээрээ байсан гэдэг. Үүнийг түүний хүү Д.Энхтүвшин, дүү МУ-ын Алдарт уяач Нямбуу нар харчихаад тун их гайхсан гэх юм билээ. Ц.Дашням Алдарт хар мориныхоо тэргүүнийг 30-аад жил хадгалсан бөгөөд 1995 онд МУ-ын Алдарт уяач цол хүртэхэд хүүхдүүд нь чихмэл болгож бэлэглэжээ. Буянт хүлгийн хийморь оршсон тэрхүү тэргүүн өдгөө хүү аймгийн Алдарт уяач Д.Энхтүвшинд нь хадгалагдаж байдаг юм билээ.
50 гаруй жил хурдан хүлгийн уяа  эвлүүлэхдээ 30 гаруй түрүү, 50-иад айраг хүртсэн Ц.Дашням Алдарт их мориор элбэг наадсан хэмээн дээр өгүүлсэн. Алдартын нэртэй Бэмбэгэр, Бэлэвсэн, Данагар, Салхин зээрд, Ахын хүрэн, Янзага зэрэг олон хурдан хүлгэд  байжээ. 81 хүртлээ хүлэг морио сойн, түмэн олноо цэнгүүлж байсан Ц.Дашням Алдарт наадмын өнгийг урьдчилан харж чаддаг, уралдах морьдоос түрүү, айргийг түгдрэлгүй таадаг авьяас билигт нэгэн байжээ. Түүний тийнхүү уяачийн эрдэм ухаанаараа гайхагдаж явсан зарим нэг жишээг дурьдваас:1968 онд Дэлгэрэхийн хэсэг уяачид аймгийн наадмыг зорьжээ. Азарга, шүдлэн хоёртой очсон Хуягт уяач  азарганы уралдааны дараа тоосонд дарагдсан азарганыхаа хөлсийг урам муутайхан хусахыг харсан Дашням “Өнөөдөр азарга доогуур давхих нь яахав. Маргааш хонгор шүдлэн чинь түрүүлж, магнайг чинь тэнийлгэнэ. Уяа нь зөв байна” гэж. Хуягт нутгийн буурал миний сэтгэлийг  засч байгаа биз хэмээн бодтол Алдартын яриа аргагүй биелсэн гэдэг. 1991 оны 9-р сарын 16-нд сумын сургуулийн 50 жилийн ой болж, ойрын таван сумдын уяачид зуны наадамд түрүүлж айрагдсан хүлгэдийн хамтаар хүрэлцэн иржээ.
Газар газрын хурдан соёолонгууд гарааны зурхай руу хөдлөх агшинд Дашням хамт явсан Эсмэдэх, Гэндэнжав, Өлзий зэрэг уяачдад “өнөөдөр Эрдэнэ-Оргын хээр соёолон түрүүлнэ. Мөн ч сайхан уяатай болоод иржээ” хэмээн ярьж.  Удалгүй морь ирж, Алдартын таамаг биеллээ олоход тэнд байсан уяачид  түүний адуу таних нүдтэйг гайхаж байсан гэдэг. Энэ мэтчилэн буурал уяачийн таамаг биеллээ олсон наадам бүрийг тоочвол барагдахгүй бизээ. Налайж суух наян насандаа морь уях төрийн их хэрэгт шамдсаар байсан буурал уяач 83 настайдаа уяан дээрээ мөнхөрсөн билээ.
А.Тэлмэн

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.46.138

    Дашнямын хар морь Чогсомын бэлбэсэн хээрийн эх талтай Умбаа өвгөний анхны уяа Нямбуугийн хар морийг Найман настайд нь анх авсан Арав гаруй жил уяагдахдаа Арван долоон түрүү магнай авч Зургаан удаа айрагдсан Алдарт уяач цолыг эзэн хүндээ хүртээсэн Зуунд нэр нь тодорсон хар морь мину зээ Нар ногоо дэлгэрсэн зуны сайхан улиралд Наадам дөхөөд ирмэгц өөрөө өөрийгөө сойдог Амжилтын оргил нь жилд гурав түрүүлж байсан Аргамаг сайхан хүлэг хар морь мину зээ Ширээгийн ар луу хөтөлж ирэхэд хөл нь хөнгөрдөг Хонгорын өгсүүр замд олон ч удаа магнайлсан Торгон Дашнямын хар морь мину зээ Төрөхөөсөө ясны хурдан шинж нь бүрдсэн Түдэвийн будан, Өвгөний зэгэл, Дашнямын хар Төрийн наадмын олон айраг түрүү авсан Тод магнай, торгон жолоо, түмэн эхээ. 2021-03-01 нд бичсэн өөрийн шүлгийн номонд орсон ахдаа зориулж бичсэн шүлгээ тавилаа. Та бүхэнд таалагдах болтугай.

    Reply
  • 202.9.46.138

    Би Дашням ахын төрсөн дүү Өлзий гэдэг хүний том хүү нь байнаа.

    Reply
  • 202.9.46.138

    Авга ахы минь сайхан түүх байна. Хувийн номныхоо архивт хадгалчихая байз.Дээдсүүлийнхэн хотон шувууны хошуугаар хийсэн том морны хусуур манайд байсныг 3000 морны уралдаан хүй мандалд болоход зээ хүү Ж.Баатарчулуун, Ж.Сүхбаатар нар ирэхэд нь майханд нь очиж өгсөн дөө. Их билэгшээж байсан даа. Тэгэхэд хэд хэдэн морьтой ирсэн байсан. Янзаган зээрд гэх мэт...

    Reply
  • 202.9.46.33

    Хайртай өвөөгөө санан санан уншлаа. Гэхдээ Алдарт уяач болсон жил нь Хурдан хар мориных тэргүүнээр чихмэл биш өөрийнх нь ясан дээр баримал хийсэн байдаг нь одоо ч байгаа юм шүү.

    Reply