Федерико Тесио: Хурдлах чадвар нэг дэх үедээ дамжуулагдах шинж

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 10 -нд

Хамгийн гарамгай бридэрүүд болох арабууд адууныхаа удам угшлыг сайжруулахдаа эцэг адууг нь чухалчилж байсан байдаг. Арабууд алдартай хурдан азарганууддаа алтан гинж зүүдэг байсан бөгөөд гинжний үе болгон нь тухайн адууны дээд удмын нэг үеийг илэрхийлдэг байжээ. Хэдийгээр алтан гинжийг нь хэрэглээгүй ч европууд мөн л энэ зарчмыг уламжлуулан хэрэглэж адууныхаа үүлдэр угсааг сайжруулж ирцгээсэн юм. Харин сүүлийн 50 жилд бид хурдны адууны угшлыг сайжруулах үйлдлээ эхийн талыг харгалзан үзэж, улмаар нэвтрүүлж эхэлсэн билээ. (Брюс Лоү-гийн систем) Тэгэхээр нэг асуулт зайлшгүй гарч ирж байна. Биологийн хувьд адууны нэг дэх үе юугаараа чухал, яаж үр төлдөө өвлөгддөг вэ гэсэн асуултанд хариулахыг оролдоод үзье л дээ. Өнгөцхөн харахад нэг их тийм нөлөөтэй биш гэж хэлж болохоор юм. Учир нь унага маань өөрөө эрлийз шинжтэй амьтан учраас хурдлах чадвараа заавал эцэг эхийнхээ аль нэгээс бус, хоёр талын өвөг эмгүүдийнхээ хэд дэх үеэс ч өвлөж болдог. Дөнгөж төрсөн унага эцэг азарганыхаа зарим шинжийг, эх гүүнийхээ зарим шинжийг, өвөг эмгүүдийнхээ зарим шинжийг, бүр арав, хорь дахь хуланцаасаа ч өвлөж болно. Тэгэхээр азарга, гүүний хурдны шинжүүд шууд өвлөгдөнө гэж хэлж болохгүй нь.
Цэвэр цусны Англи адуу нь эрлийз шинжтэй болохоор Менделийн хуулиар түүний биологийн янз бүрийн шинжүүд бие биеэсээ хамааралгүйгээр бие даан өвлөгдөх чадвартай байдгийг бид өмнө нь харсан. Тийм ч учраас морин тойруулга дээр уралдах гэж байгаа адуунууд бүгд өөр өөрийн гэсэн ялгагдах зүстэй, өндөртэй, хийц галбиртай байгааг харж болдог.
Англи адуу бүр хурдлах чадвараараа өөр өөр байдаг ч бүхэлдээ тэд нэг үүлдэр, гэр бүл гэдэг нь бас шууд харагдана. Цэвэр цусны адуу болгонд хоёр шинж заавал байж байдаг. Нэгдүгээрт, англи адууны нервний энергийн түвшин их өндөр байдаг. Хоёрдугаарт, селекцийн үр дүнд бий болсон  тодорхой “чанар-чадвар” юм. Энэ хоёр шинж нь цэвэр цусны адуу болгонд байдаг гэдэг нь өөрөө энд Менделийн хуулийн дагуу бус, харин эцэг эхээс шууд өвлөгддөг онцлог юм. Тэгэхээр энэ хоёр шинж буюу нервний энерги, чанар хоёр нь хурдлах чадварын нэг үедээ өвлөгдөх, дамжуулагдах түвшинг тодорхойлоход маш чухал болох нь харагдаж байна.
Нервний энерги чухал болох нь
Хурдан адууны хурдлах “чадвар-чанар”-ыг селекцийн ямар аргыг ашиглан бий болгож болдгийг бид өмнөх бүлгүүдэд нэлээд дэлгэрэнгүй авч үзсэн. Харин нервний энергийн түвшин хэр чухал болохыг дараахь ажиглалтын үр дүнгээс харж болно гэж бодож байна.

1. Өөрсдөө их хурдалж байсан байдас гүүнүүдээс гарсан унаганууд ихэвчлэн хурдлах чадвар муу байдаг. Учир нь тэд үр удамдаа дамжуулах энергээ шавхчихсан байдаг байна. Ялангуяа үржүүлгэнд орсон эхний нэг хоёр жилдээ гаргасан унаганууд муу байдаг нь судалгаанаас илт ажиглагдаж байна.

2. 6 настай хүртлээ уралдчихсан азарганы төлүүд мөн адил шалтгаанаар эхний нэг хоёр жилдээ сайн төл өгдөггүй.
 
3. Холын зайнд сайн уралдаад байгаа адууны ихэнх нь урд ерөөсөө уралдаж байгаагүй эсвэл цөөхөн удаа богино зайд уралдаж байсан гүүнээс гарсан байдаг. Учир нь эдгээр гүүнүүд энергээ зарцуулалгүй хадгалж үлдсэнээр тэр нь үр удамд нь дамжигдсан байна.
 
Нилээд удаан хугацаанд уралдаж байсан азарга, ялангуяа тийм гүүнээс гарсан адуу  их цэмцгэр, гоёлтой, хийц, биеийн хөгжил сайтай байдаг ч яг уралдахаараа ихэвчлэн арай болхидуу хийцтэй, зарим талаараа хийцний дефекттэй адууг дийлж гүйцэж уралдаж чаддаггүй. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхлээр, ихэвчлэн эдгээр гоё адуунуудын уралдсаар байгаад шүүс нь шавхагддсан эцэг эхэд нь үр төлдөө дамжуулах энерги үлдээгүй байдаг. Гэвч энэ уралдаж дийлэхгүй, хурдлах чадвар дутуу адуунууд нь харин өөрсдөө удаан, бага уралдсанаар энерги хуримтлуулж амждаг бөгөөд гарсан төлүүд нь эсрэгээр хурдлах нь элбэг.
Энэ зарчим мөн адил допингтой уралдаад байгаа адуунд үйлчлэх бөгөөд үр төлд нь шууд нөлөөлдөг.
Судалгаа: Их Британийн Дарби уралдаанд түрүүлсэн адууны хурдлах чадвар нэг дэх үедээ өвлөгдөх шинж
1727 оноос хойших олон оронд болсон уралдааны үзүүлэлтүүд бидний хурдлах чадвар нэг дэх үедээ хэрхэн дамжуулагддаг талаарх судалгаанд их олон зүйлийг нээж өгөх нь дамжиггүй. Гэхдээ энэ хугацаанд болсон 10 гаруй сая уралдааныг бүгдийг нь шалгаж нягтлах боломжгүй юм. (Федерико Тесио энэ номоо 1947 онд бичиж байсныг тооцвол тэр үед компьютерын сураг ч байгаагүй нь ойлгомжтой) Аль болохоор амьдралд ойр ойлгомжтой байх үүднээс би судалгааны хүрээг зөвхөн хамгийн чухал уралдааны үзүүлэлтээр хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ. Судалгааны үндсэн шалгуур болох уралдааны давтамж, уралдааны нөхцөл үл өөрчлөгдөх ёстойг харгалзан үзсэний үндсэн дээр энэ 2 шалгуурыг хангаж байгаа Их Британийн Дарби-г сонголоо.
Дарби нь 1780 оноос хойш одоог хүртэл нэг л тойруулгын нэг л зам дээр жил бүрийн тогтсон сарын тогтсон өдрийн тогтсон цагт болдогоороо онцлогтой. 1780-1783 онуудад 1 миль зайд уралддаг байсан бол 1784 оноос хойш 1,5 миль зайд уралддаг болсон нь мөн л одоог хүртэл өөрчлөгдөөгүй хэвээрээ байна. Ганцхан дэлхийн 1-р дайны үед буюу 1915-1918 онуудад дайны улмаас Ньюмаркет дахь тойруулгын зам дээр тогтсон өдрөө тогтсон зайд уралджээ.
Судалгааны зорилгод нийцүүлэн би 1780-1783 болон 1915-1918 онуудын уралдааны үзүүлэлтүүдийг оруулалгүй тооцоход 1939 он гэхэд 152 жил үлдэж байна. 152 жилийн туршид жил бүрийн 6-р сарын эхний Лхагва гарагийн үдээс хойш 4 цагт тогтсон нэг л зам дээрээ дэлхийн хамгийн хурдан хязаалан настай адуунууд хэн нь түрүүлэхээ үзэж уралдаж байжээ. 152 жилийн хугацаанд нэг л удаа 1884 онд 2 адуу яах аргагүй барианд зэрэг орж (dead heat) ирэн түрүүлсэн тул түрүүлсэн адууны тоо 153 болж байна. Үрээнүүдийг 126 фунт, байдаснуудийг 121 фунт жинтэй жоки унах ёстой.
152 уралдаанд түрүүлсэн 153 адууг судлаад үзэхэд дараах үр дүн гарч ирж байна:
153 адууны зөвхөн 6 нь л байдас байсан байна. Энэ зургаан байдасны нэг л Дарбид түрүүлсэн адууны төл байна. Бас нэг байдаснаас гарсан төл нь Дарбид түрүүлсэн байна.
Үлдсэн 147 үрээний эцэг азаргануудыг судлаад үзэхлээр тэдний 80% нь хэдий сайн азарганууд байсан боловч Дарбид түрүүлж байгаагүй байна. Хамгийн сайн азарганы төлүүдээс дээд тал нь 4 төл нь Дарбид түрүүлсэн байна. Гэсэн хэдий ч 4 үеэрээ Дарбид түрүүлсэн адуу байхгүй бөгөөд  хамгийн дээд тал нь 3 үе буюу эцэг, түүний төл, төлийн төл л Дарбид түрүүлсэн байна.
Оүкс уралдааны үзүүлэлтүүд
Оүкс гэдэг нь (the Oaks) зөвхөн хязаалан байдаснуудын уралдаан юм.
Дарбид түрүүлсэн азарганы төлүүд хэрхэн давхисан талаар судалгаа хийсэн юм чинь Оүкс-д түрүүлсэн гүүнүүдийн төл байдаснууд хэрхэн давхисаныг мөн судлах шаардлагатай болж байна. Эпсом Оүкс нь мөн Дарбигийн нэг адил тогтсон хугацаанд тогтсон зам дээр тогтсон зайд уралддаг.
Азаргануудтай мөн адил нэг гүүний төл байдас, түүний төл байдас, тэрнийх төл байдас гээд 4 үедээ Оүкс түрүүлсэн тохиолдол гараагүй ч 3 үедээ түрүүлж байсан тохиолдол гарч байсан байна. Мэдээж хэрэг эм адуу эр адуутай харьцуулахад үр удмаа үлдээх боломжтой хамаагүй бага юм. Нэг гүү дунджаар 4-5 охин унага гаргах бол нэг азарга дунджаар 90-с доошгүй эр унаганы эцэг болдог байна.
Хурдлах чадвар нэг дэх үедээ дамжуулагдах эволюцийн хязгаарлагдмал шинж
Энэ бүх судалгааны үр дүнд олж авсан баримтуудыг дахин дахин нягталж шинжилсний дүнд би нэг дүгнэлтэд хүрлээ.
“Ямар ч амьтан бусдаас илүү гарч дийлэхийн тулд энерги зарцуулах шаардлагатай болдог, харин алдсан энергээ амарч байж л олж авч чаддаг. Хурдан адуу гаргаж авах гэж яаж ч хичээсэн нэг удмын адуу тийм олон үеэрээ дараалан хурдан байж чадахгүй. Энэ энерги дамжуулагдах үеийн тоо нь байгалаас цаанаасаа маш хязгаарлагдмал. Энэ хязгаарт хүрэхэд тухайн удмын хурд алга болж дараагийн арай чадвар муутай адууны үр төлүүд хурдалж эхэлнэ. Ихэвчлэн энэ нь шал өөр, өмнөхтэй ямарч холбоогүй удмын адуу байх болно”.
1780-1939 оны хооронд 161 адуу Дарбид түрүүлсэн нь яах аргагүй хамгийн түрүүнд үржүүлгэнд орж өнөөдрийн хурдуудыг бий болгоход оролцож байгаа хэдий ч ганц ч адуу 4 үеэрээ дараалан хурдлаагүй байна. Ердөө л 3 дахь үе дээрээ зогссон байна. Гурав гэдэг тоонд учир байж ч магад.
Хурдлах чадварт маш олон хүчин зүйлүүд, элементүүд нөлөөлдөг. Үе үеийн бридэрүүд хамгийн олон төрлийн шинж, элементүүдийг эсвэл хамгийн оптимальны багцийг бүрдүүлэх гэж хичээсэн ч байгалийн бүтээгдэхүүнд дээд хязгаар гэж байдаг ба тэр хязгаарт хүрэхлээр байгаль өөрөө байдагт нь буцаадаг бололтой.
mongoljockeyclub.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна