МУ-ын Алдарт уяач Б.Оросоо: Түрүүлэх азаргыг хөтлөх хүн түм бум байдаг юм

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 11 -нд

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Банзрагчийн Оросоотой уулзаж ярилцсанаа хүргэж байна. 1993 онд Завхан аймгийнхаа анхны Алдарт уяач болж байсан тэрээр 1995 онд Монгол Улсын Алдарт уяач цолыг хүртэж  байжээ.
-Алдартын амрыг эрье. Сайхан хаваржиж байна уу?
-Сайхаан, сайхан хаваржиж байна уу?
-Сайхаан.Таныг хурдан алаг азарганыхаа амжилтаар МУ-ын Алдарт уяач цолд хүрсэн гэх юм билээ. Алдар нэр, амжилт авчирсан буянт хүлгийн тань талаар яриагаа эхэлвэл ямар вэ?
-Бололгүй яахав ээ. Ах нь аймгийн баяр наадамд дөрөв түрүүлж, хоёр аман хүзүүдэн, нэг айрагдсан хурдан хээр алаг азаргатай хүн. Алаг азарга маань аймгийн баяр наадамд үндсэндээ долоон удаа түрүүлж, айрагдсан агуу хүлэг.
-Завсаргүй долоо орсон юм уу?
-Завсартай. Таваар давхисан жилээ хөл нь доголоод түүний дараа жил нэг өнжсөн. Тэгээд дараалан хоёр түрүүлээд, бас нэг завсарлан, ахиад хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн юм даг.
-Алаг азарга хаанахын адуу вэ?
-Манай  нутгийн адуу. Би чамд түүхийг нь ярья л даа. Манай гэр бүлийн хүн аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн Намын хорооны тасгийн эрхлэгч байсан хүн л дээ. Тэгээд 1980 оны олимп Москвад болж, эхнэр маань үзэхээр явчихсан, би морь уядаг, панз наймаа сайн хийдэг Тонирваа гэдэг айлд шатар тоглоод сууж байлаа. Тонирваа аймгийн төвийн энүүхэнд байсан “Шар тал” гэдэг хоршооллын адууг малладаг. Хоршооллын 30 гаруй гүү саадаг байсан айл л даа. Салхилах санаатай гараад зэлэн дэх унагануудыг харж байснаа гэнэт “эднийхээс ер нь ганц адуу авъя” гэж бодогдоод явчихлаа. Тэгээд ороод “Би танай адуунаас ганц хурдан унага авъя. Оронд нь охин унага өгье. Танайд л хурдан юм бий байх” гээд хэллээ дээ. Тэгсэн “Эр, охины ялгаа юу байхав, үзэж байгаад ав л даа” гэж байна. 30 гаруй унага чинь гурван зэл болно. Гурван зэл унаганы хамгийн урд  захад даахьтай жижигхэн хээр алаг унага хэвтэж байна. Ер нь нэг нүдэнд тусаад авмаар санагдаад болдоггүй. Тэгээд хэлтэл Тонир гуай дооглоод “Үгүй чи яав даа. Энэ олон унаган дотроос очиж, очиж энэ муу даахьтай жаахан юмыг авах гээд байдаг. Алаг унага сонирхоод байгаа юм бол энэ сайхан томируунуудаас нь авахгүй юу” гээд хөхрөөд болдоггүй. Би ер нь жаахан зөрүүд хүн л дээ. Бүр тэгэхээс тэгж авмаар санагдаад “энийг л авъя” гээд зүтгэчихсэн. Тэгсэн харин миний амны хишиг тэгж таарсан юм уу, хурдан сайхан буян байсан даа.
-Хурдан хурц гэж авсан юм чинь дааган цагаас нь уясан байлгүй?
-Дараа жил нь би Улаанбаатар луу сургуульд шалгалт өгөх гээд явчихсан байсан  болохоор дааганд нь манай ах уясан юм. Тэгсэн алдчихаад уралдуулж чадаагүй. Шүдлэн болсон жил нь бас манай ах уяад, дахиад алдчихсан /инээв/. Тэр жил бүр хөл нь доголоод сураггүй алга болчихдог юм.
-Дааганд нь алдахдаа хаанаас олсон юм?
-Тэгэхэд ч адуундаа оччихсон байсан л даа. Шүдлэндээ алга болоод сураг гардаггүй. Тэгсэн өвөл нь хэл ирдэг юм. Би аймгийн Хангамжийн удирдах газрын Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга, Санхүү эрхэлсэн орлогч захирал байсан хүн л дээ. Нэг өдөр манай тэжээлийн фондын сахиул, гахайны манаач орж ирээд “Таны алаг үрээ Алагийн дөрвөлжинд Баагууд гэдэг айлд байна лээ” гэдэг юм. Тэр Баагууд гэдэг хүн өөрөө морь уядаг болохоор алаг үрээний маань янзыг мэдчихээд “зарчих” гэж хэлүүлсэн байлаа. Тэгээд “яахав” гэж бодож байтал Ядамсүрэн гэдэг хүн “Чи тэр хүнд их үнэ хэл. Тэгэхээр цаадах чинь яах нь мэдэгдэнэ” гэдэг юм. Тэгэхээр нь “Хоёр унагатай гүү өгөөд ав” гэж хэлээд явуулчихлаа. Тэгсэн чимээ ирдэггүй. Тэгж байтал би ажлын шугамаар хойд талын сумдаар явах болоод Яруугийн гол уруудаад явж байтал Баагуудынх гэдэг айл байна. Явж ороод уулзаж ярилцлаа. “Миний үрээ танд байгаа гэсэн. Таныг сонирхоод байхаар би нэг үнэ хэлсэн” гэсэн чинь нөгөө хүн “Ах нь тийм их үнээр авахгүй ээ. Уг нь их номхон юм билээ. Хүүхдэд унуулъя л гэж бодсон юм” гэж байна. Тэгэхээр нь “Морь мэддэг хүн ингэж байхыг бодоход миний үрээ давхихааргүй юм байна. Зарчихдаг ч юм билүү” гэж бодоод “Та тэгвэл надад нэг сайн бүдүүн морь өг. Хэрэв зээ өгч чадахгүй бол миний хязаалан үрээг хөтлүүлээд явуулчихаарай” гэлээ.Тэгсэн харин долоо хоногийн дараа миний алаг хязааланг хөтлүүлээд явуулчихсан байсан.
-Тэгээд ер хэдтэйгээсээ хурд нь тодорсон адуу вэ?
-Хязааланд нь би өөрөө уялаа. Морьд ухасхийгээд гарахад миний алаг үрээ байран дээрээ л зогсож байдаг. Тэгээд хамгийн сүүлд гараад, жаахан явсхийгээд хоёр, гурван адуу гүйцээд л больчихдог. Ер нь нэг урагшгүй. Хэд хоног уяадахсан чинь жаахан ахисаар байгаад хязааландаа аймгийн наадамд 19 дээр ирдэг юм. Анхны юм, 19-өөр ирэхэд болмоор санагдаад хойтон жил нь дахиад уялаа. Соёолондоо үсэргээнд гайгүй ч байна. Гэхдээ гараа бол яг хэвээрээ. Уралдах морьд суга үсрээд гарахад миний алаг ганцаархнаа үлдчихдэг нь аанай л хэвээрээ. Тэгж байтал наадам ч боллоо.Тэр үед аймгийн наадмын соёолон, азарга хоёр цугтаа явдаг байсан юм. Тэгэхээр нь би морины комисст хэллээ. “Би алаг үрээгээ хоёуланд нь бүртгүүлчихье. Азарганд дээгүүр амжилттай ирвэл азарганд нь бариулъя, соёолонд дээгүүр ирвэл соёолонд нь бариулъя” гээд. Арга хэрэглэж байхгүй юу, ухаандаа /инээв/. Азарга гараад урд талын ам өгсөөд явчихлаа. Амны үзүүр тойрсон миний алаг 11 дээр явж байна. Тэгээд бодлоо, урд нь таван азарга, таван соёолон орсон бол минийх алинд нь ч зургаад орох юм. Аль нэг тийшээ гэлдийсэн бол миний үрээ айрагдах юм гэж тооцоолоод давхиад очсон чинь урд нь таван соёолон, таван азарга орсон байсан /инээв/. Булхайтах гэсэн нь талаар болсон.
-Жил ирэх тусам урагшлаад л байсан юм байна?
-Соёолондоо тэгж давхихаар нь “За, ирэх жил ч гүйцэгдэхгүй юм байна. Яаж гаргаж сургая даа л” гэж бодож байлаа.
-Тэгээд яаж сургасан?
-Дараа жил нь уясан, мөн л  хамгийн сүүлд гардаг хэвээрээ. Гэхдээ жижиг наадам, үсэргээнүүдэд түрүүлсэн. Урд нь аваачиж зогсоож байгаад гаргасан ч тэр арын адууг сугарч гүйцсэний дараа л хөдөлдөг. Тэгээд “за энэ жил ямар ч байсан аймгийн наадамд айрагдах юм байна. Таваар ирчих болов уу” гэж бодоод хүлээж байтал өндөр даваан дээр гараад ирдэг юм. Манай гэр бүлийн хүн тэр үед албаны Москвич унадаг байлаа. Нөгөө Москвичийг нь унаад морь дагаж яваа. Урд талын толгой давахад хамгийн сүүлд гарах ёстой гэж тооцоод хүлээж байтал цагдаа нар хөөгөөд үзүүлдэггүй. Тэгж байтал морь ч гараад явчихлаа. Сүүлээс нь дурандаад байдаг. Манай алаг азарга байдаггүй. Сүүлийн хэдэд явж байх ёстой. Байхгүй бол хүний хүүхэд алчихлаа гээд би сандраад. Тэгсэн манай дээд сургууль төгссөн охин машинд суучихсан байснаа “аав аа, жаахан яваад харъя л даа” гэж байна. Нэлээн явж байгаад харсан чинь сүүл нь тэгшрээд ногоон 69-нүүдийн дунд гав ганцаараа давхиж явна. Тэгж л миний алаг азарганы хурд орсон юм. Тэгээд түүнээс хойш алаг азарга гараад л зугтаачихдаг болсон.
-Хэд хүртлээ уралдсан бэ?
-17 хүртлээ уралдсан. Сүүлийн хоёр жил арав дотроос хэтрээгүй ээ, хөөрхий. Тэгээд 17-той нүд анисан. Алаг азарга уясан намайг, уугуул эзэн Тонирваа хоёроо мөн ч их баярлуулсан даа. Алаг азарга энэ хавьдаа гүйцэгдэхээ байхаар хүмүүс анхны эзнээс мөн ч олон адуу авсан. Нөгөөх ч панзчин хүн болохоороо адуу л байвал Оросоогийн алаг азарганы дүү, алаг азарганы ах гээд л зарчихдаг байсан гэдэг. Харин намайг болохоор хурдан адууг унаганд нь таньж авсан мундаг уяач нэртэй болгож, амьтан хүн их ирдэг байлаа. Ийм адуу авах гэсэн юм, үзээд өгөөч гээд л. Надад ямар юмны тийм лут эрдэм байхав. Зөн совин л байсан байх.
-Хөдөөгийн хүүхэд морь малаас хөндий өснө гэж юу байхав. Багадаа адуу мал унадаг байсан байлгүй?
-Уналгүй яахав. Дунд сургуулийн хоёр, гуравдугаар ангид байхдаа морьтой хүний араар сундлаад хичээлдээ явчихдаг хүүхэд байсан. Надад морины хөлс ямар ч франц үнэртэй уснаас илүү сайхан үнэртдэг. Хэдийгээр албан ажил хийж, адуу мал маллаж байгаагүй ч би чинь монгол хүн шүү дээ. Манайх хэдэн богтой ядуувтар айл байсан. Тиймээс багадаа бусад хүн шиг морь мал уяж, уралдуулж байсангүй ээ. Шувт улсын алба хашиж явсан хүн. Сүүлдээ морь унадаг, монгол гутал, дээл өмсдөг, феодал маягтай болчихсон болохоос биш. Ямар сайндаа аймгийн Намын хорооны хурал дээр  “авгай нь Намын хорооны тасгийн эрхлэгч, өөрөө нэг том байгууллагын Санхүү эрхэлсэн орлогч дарга байж морь уяж танхайрлаа” гэж шүүмжлүүлээд. Авгай гэртээ ирсэн хойноо “чамаас болоод би ажилгүй болох нь” гээд уйлж байхав. Тийм л цаг үед морь уяж байлаа даа.
-Ялангуяа дээд боловсролтой хүмүүсийг морь уяхад их дургүйцдэг байсан гэдэг юм?
-Аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Бэгзсүрэн гэж хүн байсан. Тэр хүн надтай хамт ан ав хийдэг найз л даа. Тэгээд надад “чамайг улс 40 гаруй адуутай, баян тарган гээд байх юм. Ингэж хэл аманд орж байхаар чи хэдэн адуугаа зараад машин аваад уначихаач” гэж байж билээ.
-Дээр ярьж байсан алаг азарганы тань ах дүүс яаж давхисан бэ?
-Нэг хонгор үрээ аймагт айрагдсан. Бас нэг алаг үрээ бас гайгүй давхиж байсан. Бусад нь ч гавиагүй ээ.
-Та өөрөө төл авч чадсан  уу?
-Намайг анх азарга тавихад манай нагац ах “за хүү минь, алаг азарга барагддаг юмаа. Азарга тавиад хэрэггүй байх” гэж байсан. Би хурдан юм чинь сайн төл гарах байх гэсээр тавьсан. Гэсэн ч нээрэн ахын хэлсэнчлэн ганц л үрээ аймгийн наадамд дөрвөөр давхисан ч удалгүй эндчихсэн.
-Оросоо Алдартын нэрийг дуурсгасан өөр ямар хурдан буян байсан бэ?
-Нэг хурдан бор үрээ байсан. Бас нэг хурдан хар үрээ байлаа. Хүрэн морь бас 2007 онд аймгийн наадамд түрүүлж байсан. Жинхэнэ Тэсийн гол унага даа, миний хүрэн морь. Би аймгийн Хангамжийн газарт ажиллаж байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Тэр үеийн Хангамжийн газар бүх үйлдвэр, аж ахуйн газрыг сэлбэг хэрэгсэл, эм тариа, тэжээл, бараа материалаар хангадаг. Тэр утгаараа  сум, нэгдлийн дарга нар, ерөнхий нягтлан бодохуудтай их хампаан. Нөгөө хэд маань бас надад адуу мал бэлэглэнэ. 1990-ээд оны эхээр би аймгийнхаа бүх сумын адуутай болсон байсан. Дөрвөн сайхан хурдан үрээгээр азарга тавьж байлаа. Зөвхөн аймгийнхаа ч бус, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас хүртэл гүү, азарга авч байсан.
-Улсын Алдарт цолыг авахдаа аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн байсан бэ?
-Худлаа яриад яахав, 20 гаруй айраг түрүү бий. 1994 онд юм байна. Нэг өдөр аймгийн уяачдын холбооноос намайг дуудаад “Туяа” сонин дээр бичсэн бүх материалыг жагсааж аваад явсан. Юунд яах гэж байгааг нь ч мэдээгүй. Урд жил нь буюу 1993 онд надад аймгийн Алдарт уяач цол өгсөн байсан юм. Тэгсэн 1995 онд Алдархааны Засаг дарга “улсын Алдарт уяач болсонд баяр хүргэе” гэж байна. “Юу ярьж байгаа юм” гэсэн чинь “та мэдээгүй юм уу, “Үнэн” сонин дээр гарсан байна лээ шүү дээ” гэдэг юм. Тэгээд нээрэн олж аваад харсан чинь Лааганжав, Нямзаан, Санжаадорж бид дөрөв улсын Алдарт уяач болсон тухай бичсэн байсан. Тэр сонин нь одоо ч надад байгаа л даа. Би ер нь элдэв зүйл их цуглуулдаг хүн. Түүн дээрээ үндэслээд аймгийнхаа 90 жилийн ойгоор “Завхан нутгийн хурд” гэсэн ном гаргасан. Тэрхүү номонд 1946 оноос хойших аймгийн баяр наадмын цуваа, түрүүлж, айрагдсан морьдын тухай багтсан. Харж байхад манай аймгийн хурдан адуу бол 11 настайгаасаа эхэлж уралдан долоо түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг айрагдсан Шадарын бор морь байна. Түүний дараа Алдархааны Шарваа хээр орно.
-Нээрэн та чинь аймгийнхаа МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг гэсэн билүү?
-Тэгэлгүй яахав. 1994 онд аймгийн “Улаан загалмай” нийгэмлэгийн дарга Энэбиш, Хөрөнгийн биржийн захирал Дагвадорж бид гурав нийлээд хэдэн хүн цуглуулж уяачдын холбоо гэдгийг анх үүсгэн байгуулж байлаа. Хурал хуй хийгээд даргаар нь Дагвадорж, тэргүүлэгчээр нь Энэбиш бид хоёр болон өөр 5-6 хүн сонгогдож байсан юм. Уяачдын холбоо гэж юу хийх ёстой, яах ёстойгоо ч мэдэхгүй байгуулчихаад хамгийн түрүүнд гишүүнчлэлтэй байх нь зүйтэй гээд уяачдаа бүртгэж байсан. Түүний дараа уралдаан зохион байгуулахаас эхлээд ажил юу эс мундахав.
-Адуутай нөхөрлөсөн хагас зуун жилд олон сайхан дурсамж хуримтлагдаа биз. Зах зухаас нь хуваалцаач?
-Хамгийн сайхан нь хүнээс улсын Алдарт уяач болсноо дуулах л байсан даа. Би ер нь сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Тэгэхэд л харин их баярласан. Ер нь морь малаа түрүүлэхэд тэгтлээ сүйд болдоггүй. Тэр бүү хэл, азаргаа хөтөлж цоллуулдаггүй хүн.
-Яагаад. Уяач хүний хувьд хамгийн сайхан мөч тэр юм биш үү?
-Тэнэгдүү  юм уу, хэн мэдэхэв. Түрүүлсэн азаргыг хөтлөх хүн түм бумаараа бий. Манайхны хүүхэд шуухад, нутгийн улсаас эхлээд захын хүн түрүүлсэн азаргыг хөтлөөд явна. Ах нь ер нь их олон адуу худалдаж авсан хүн шүү. Цалингаа ер нь  мориноос л өгч байсан байх. Тэдэн дундаас давхиагүй нь ч бий.  Ном бичих гээд судалгаа хийж байхад 1946 оноос хойших 56 жилийн хугацаанд Завхан аймгийн наадамд 56 даага түрүүлсэн байдаг. Тэр 56 дааганаас ганцхан нь их морь болоод аймагт түрүүлсэн байна лээ. Бусад нь соёолонгоос хойш сураггүй. Үүнээс үүдээд даагандаа түрүүлсэн морь цаашдаа сайн амжилт үзүүлддэггүй юм байна гэсэн дүгнэлт хийгээд байгаа. Хууччуул ч ярьдаг шүү дээ. Даагандаа уралдсан морь гавьдаггүй, багадаа барилдсан бөх шальдаггүй гэж. Ер нь сайн адууг багад нь гамнах хэрэгтэй юм билээ.
-Магадгүй л юм. Өдгөө Алдартыг залган, уяа эвлүүлж буй залуус бий байх. Хүүхдүүд морь уядаг уу?
-Би чинь хоёр охинтой хүн. Нэг охин маань аймгийн шүүхийн дарга. Нөгөө нь Дэлхийн зөнд ажилладаг. Нэг охиноос маань гурван охин, нөгөөхөөс нь хоёр банди гарсан. Тэр хоёр банди л одоо морь уяж байна.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморь таныг болон таны үр хүүхдүүдийг өнө мөнхөд ивээж явах болтугай гэж хүсэн ерөөе.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна