“Морьтон Монгол” төслийн удирдах зөвлөлийн гишүүн М.Батчулуун: 6 сарын хугацаанд 8538 км замыг туулна

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 11 -нд

Хүлгийн сайнаар дэлхийн дайдыг  эзэлж явсан их эзэн Чингис хааны үр сад  морио эмээллэн эх орноо тойрохоор зэхэж байна. Үр хойч маань ийнхүү үндэс угсаа, өв соёлоо хэмээн санаж сэрж буйд талархахаас аргагүй. Хагас жилийн хугацаанд  Монгол эх орноороо морьтой аялахаар болсон “Морьтон Монгол” төслийн залуустай уулзаж ярилцснаа уншигч танаа хүргэж байна. Монгол морины гайхамшгийг  мэдрүүлж, морь эдлэх соёлыг дэлгэрүүлэхээр зорьж буй залуусаа  эрхэм уншигч та бүхэн ч гэсэн дэмжээрэй. Монголчууд эвтэй байхдаа хүчирхэг байдаг.

-Морьтон түмний үр сад гэдгээ тунхаглан эх орноо морьтой тойрох болсон та бүхэнд юуны өмнө баяр хүргэж, талархал дэвшүүлье?
-Баярлалаа.
-Аяллын санааг анх хэн гаргасан бэ. Бэлтгэл ажил ямар шатандаа явна?
-2013 оны 12 дугаар сарын 24-нд Ганзориг ах маань “Монгол орноо мориор тойрвол яасан юм бэ” гэсэн санаа гаргаад орой нь над руу мессеж бичиж “хоёулаа эх орноо мориор тойръё. Төсөл бичээд зүтгээд үзье” гэсэн. Би ч тэрхүү саналыг дуртай хүлээн авч төсөл бичээд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Оюунгэрэлтэй уулзсан. Сайд бидний саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд  төслөө илүү боловсронгуй болгоод ир гэсэн зөвлөгөө өгсөн юм. Тэр дагуу нь бид төслөө боловсруулаад нэгдүгээр сарын 24-нд дахин уулзахад сайд цохолт хийгээд аялал жуулчлалынхаа хэлтэст шилжүүлсэн. Сарын дараа буюу хоёрдугаар сарын 24-нд Аялал жуучлалын хэлтсийн газрын дарга Маргад гэдэг хүн бидэнд төслийг маань дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
-Ерөнхий сайдтай бас уулзсан гэсэн байх аа?
-Тиймээ, Ерөнхий сайдын зөвлөхүүдээр дамжуулан төслөө танилцуулсан юм. Тэгээд өнгөрсөн сарын 11-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг биднийг хүлээн авч уулзан, аяллыг маань дэмжихээ илэрхийлсэн. Бидэнтэй уулзах үедээ Хил хамгаалах ерөнхий газрын дарга болон хоёр зөвлөхийнхөө хамт байсан бөгөөд Хил хамгаалах газрын даргад бидний аяллын дагуух хилийн зурвасуудаар саадгүй нэвтрүүлэх боломжоор хангахыг хүсч, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Алтангэрэлийг ажлын хэсгийн ахлагчаар томилж байгаагаа хэлсэн. Түүний дагуу бид маргааш нь Алтангэрэл даргатай уулзаж, ярилцсан. Энэ үеэр бидний аюулгүй байдлыг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх үүднээс бие хамгаалах болон эмнэлгийн анхан шатны тусламж, үзүүлэх сургалтуудад суулгах хэрэгтэй хэмээн шийдвэрлэж, тэр дагуу бид зохих ёсны мэдлэг олж авсан. Жишээлбэл,  “Олимп таэквондо” клубынхан бидэнд 14 хоногийн хугацаанд бие хамгаалах анхан шатны хичээл заасан. Чоно нохой дайрахад биеэ хэрхэн хамгаалах вэ зэргээс эхлээд их зүйлд сургасан тэр хүмүүстээ маш их баярлаж байгаа.
-Тэгвэл эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар ямар хүмүүс зааж сургасан бэ?
-Хоёрдугаар эмнэлгийн Сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Түмэнжаргал эмч долоо хоногийн хугацаанд бидэнд мориноос унах үед болон багтрах үед цээжний шахалт хэрхэн хийх, тархи толгой доргивол яаж барих вэ, төвөнх чихэгдсэн үед хаана нь яаж цоолж амьсгалуулах вэ гээд маш хэрэгтэй мэдээллийг өгч, зааж сургасан. Мөн  “Аяллын цаг” нэвтрүүлгээрээ монгол түмний танил болсон сэтгүүлч Бадамсамбуу болон, СГЗ, сэтгүүлч Золжаргал нарын ах нартайгаа уулзан, аяллын туршлага судалж, дуучин, МУГЖ С.Жавхланд өөрсдийнхөө зорилгыг дуулгаж, заавар зөвлөгөө авсан. Хамгийн гоё нь бидний зорилгыг сонссон хүн болгон “зөв зүйл санаж сэдсэн байна” хэмээн урамшуулж, дэмжихээ илэрхийлээд байгаа. Энэ нь бидэнд маш их урам зориг хайрлаж байна. Энэ дашрамд “Тод магнай” сайтаараа дамжуулаад бидний ажлыг талархан дэмжиж буй тэр хүмүүстээ баярласнаа илэрхийлмээр байна.
-Сарын дараа урт хугацааны холын аянд гарах нь. Заавар зөвлөгөөнөөс гадна бэлтгэж базаах зүйл их байх байлгүй?
-Зорьсон зорилго маань том учраас бэлтгэх зүйл их байлгүй яахав. Хамгийн наад зах нь унах морьдоо базаах хэрэгтэй. Бидний аялал түүхэн ач холбогдолтой учраас дүрсжүүлж, зурагжуулах үүднээс гэрэл зурагчин, оператор нарын хоёр хүнтэй хамт явахаар болсон. Өөрөөр хэлбэл, аяллын бүрэлдэхүүн тавуулаа болсон бөгөөд “Морьтон монгол залуус” ТББ-ын тэргүүн Ч.Ганбат  ах удирдаж байна. Ингээд нэг хүн гурван мориор Монгол орноо тойрох ёстой учир багадаа 15 морь шаардлагатай болж байгаа юм. Ямартаа ч эхний ээлжинд Д.Даваахүү, Д.Онон, Л.Цандэлэг, Ц.Дуламсүрэн нарын Тод манлайгууд, Булган аймгийн Сайхан сумын уугуул Д.Уламсайхан, Сэлэнгэ аймгийн “Буган халиун-Ажнай” МСУХ биднийг дэмжин өөрсдийн адуун сүргээс нэг, нэг морь бэлэглэсэн. Мөн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Лхамсүрэн ах маань бас нэг морь бэлэглэсэн. Одоогоор долоон морьтой болоод байна. Онон Тод манлай гэхэд л “ах нь нэг морь өгсөн ч манай адуу Дорнод аймагт бий. Тэрүүгээр явахдаа очоод 10-20-иор нь авсан ч болно. Гэвч та нар хаврын хавчиг тавдугаар сарын эхээр явж байгаа болохоор цагаан өвсний адуу говьд хол явахгүй ээ. Тиймээс тэжээлийн морь авсан нь дээр. Өвөлжин тэжээгдсэн адуу  хамгийн багадаа 15-16 хоногийн эдэлгээ даана” гээд морьдоо хэрхэн тэжээх болон унаа морьдоо хэрхэн зөв эдлэх талаар заавар зөвлөгөө өгсөн. Бид “Дүнжингаравын хурд-2014”  уралдааныг дуусгаад морьдоо цуглуулж, нэгдсэн журмаар тэжээн, өдөр тутмын бэлтгэлээ базаах юм.
-Өдөр тутмын бэлтгэлээ?
-Өдөртөө 5-10 км замд морьдоо унаж дасгана. Мөн мориндоо юм ганзаглаж үзнэ гээд хүн морь хоёр дасах бэлтгэлээ базаанаа.
-8538 километр замыг мориор туулах энэхүү аялалын зардал хэдэн төгрөгөөр төсөвлөгдсөн бэ. Түүнээс өнөөдрийн байдлаар нь хэд нь бүрдээд байна?
Одоогоор дансанд ямар нэг хуримтлал үүсээгүй байна. Гэхдээ моринд хайртай монгол түмэн минь бидний энэхүү үйлсийг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.
-Аяллаа тавдугаар сарын нэгнээс эхлэхээр тооцож байгаа юу?
-Уг нь тэгж тооцож байсан ч Гандантэгчилэн хийдийн лам, хуврагуудтай уулзаад зуны эхэн сарын шинийн найманд эхлэхээр болсон. Сайн өдөр байна гэсэн учраас тэрхүү зөвлөгөөг дагахаар шийдсэн.
-Аяллаа хаанаас эхлэхээр зэхэж байна?
-Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомт буюу Гурвантэс сумын Овоотын отрядаас юмуу Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастайн боомтын аль нэгнээс эхлэх байх. Зуны ид халуун үед Хөвсгөл, Хэнтийн тайгаа туулаад 10 сар гэхэд тал руугаа буух төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл говийн аймгуудаар намар явахаар тооцоолж байгаа.
-Маршрут ёсоор 21 аймгийн нутаг дэвсгэрийг дамжих уу?
-Үгүй ээ. Монгол орны хилийн дагуу захын аймгууд буюу 15 аймгийн 100 гаруй сумын нутгаар хилээ даган явахаар төлөвлөгдсөн байгаа.
-Нутгийн удирдлагуудтай холбоо тогтоосон уу?
-Биднийг явахаас 14-21 хоногийн өмнө Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас албан тоот явуулна гэсэн. Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас орон нутгийн хөдөө аж ахуй болон мал эмнэлэг хариуцсан газруудад албан тоот илгээхээ мэдэгдсэн.
-Энэ их ажлын хажуугаар хичээл сургуулиа хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Биднийг анх энэ аяллын санаачилгыг гаргахад багш нар болонсургуулийн захирлууд маань дургүйцсэн учраас жилийн чөлөө авахаас өөр арга  байгаагүй ээ. Сурахын тухайд нэг жил алдаж байгаа ч энэ хугацаандаа олон зүйлийг таньж мэдэж байгаа болохоор харамсах зүйл алга. Тэгээд ч бид гурав энэ хугацаагаа цэргийн алба хаасанд тооцоё хэмээн ярилцаж байгаа. Яагаад гэхээр энэ 6-7 сарын хугацаанд бид хагас цэрэгжилтийн байдалтай явна шүү дээ. Өглөө эрт босно. Шөнө гурван цаг тутамд ээлжилж морьдоо манана гээд.
-Ингэхэд залуус аа, хээр хөдөөгүүр хоноод явахад чоно нохойноос өөрсдийгөө болон морьдоо хэрхэн хамгаалах вэ?
-Хил хамгаалах газраас биднийг буутай харьцах сургалтанд суулгахаар болсон. Эхний ээлжинд бид өөрсдөө буу эзэмших зөвшөөрлөө авах хэрэгтэй  байгаа юм. Тэгээд явахаасаа өмнө мөн сургалтанд сууж, хичээл заалгана. 
-Та бүхний энэхүү санааг гэр бүлийнхэн, эцэг эх, ойр тойрныхон чинь яаж хүлээж авсан бэ?
-Эцэг эхчүүд маань дэмжиж байгаа.
-Аяллын багийнхан маань моринд гаргуун гэж ойлгож байгаа. Зөв үү?
-Бид гурав хөдөөний хүүхдүүд. Гурвуулаа ээжтэйгээ амьдардаг, өрх толгойлсон айлын эрчүүд. Манай Ганзориг л айлын бага. Бид хоёр айлын том. Тиймээс багаасаа бие даацгаасан. Миний хувьд зургаан настайгаасаа эхлэн морь унаж сурсан. 7-8 настайгаасаа эхлэн есдүгээр анги төгстөлөө хурдан морь унасан. Аймаг, сум, овооны наадамд унасан морио түрүүлгэж айрагдуулж ч байсан. Морь унаад Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант сумдын наадамд явж байлаа. Бас эмнэг сургахдаа ч сайн. Өөрийгөө ер нь моринд сайн л гэж боддог.
-Морь унаад өдөрт хамгийн дээд тал нь хэдэн км явж байсан бэ?
-Гуравдугаар ангид байхдаа Хөвсгөл аймгийн Галт  сум руу 100 гаруй км зам туулан очиж байсан. Тэгэхдээ  Асгатын булаг гээд 3000 гаруй км өндөр уулыг давж очдог. Энэ удаагийн аяллаар бид өдөрт дунджаар 50 км зам туулахаар төлөвлөсөн байгаа. Газар орон,цаг агаарын байдлаас болоод заримдаа их, заримдаа бага зам туулахыг үгүйсгэхгүй.
-Ер нь энэ аяллын хамгийн гол зорилго нь юу юм бэ?
-Монгол хүн морио унахаа больсон байна. Дэлхийн талыг мориороо туулж байсан монголчууд морио унахаа болино гэдэг маш том эмгэнэл. Тиймээс бид тэр үгүйлэгдээд байгаа  өв соёлоо сэргээн сануулж, залуусаа уриалан дуудах гэсэн юм. Бас монгол морины гайхамшигт чанарыг XXI зуунд дахин сануулах гэсэн юм. Бидний өвөг дээдэс найман зууны тэртээ энэ л монгол мориороо 8000 гаруй км замыг туулан Европыг байлдан дагуулж байсан шүү дээ.
-Тэр ч тийм шүү?
-Бид өөрсдөө аялал жуулчлалын ангийн оюутнууд. Тэр утгаараа морин аяллыг Монголд хөгжүүлэх ямар боломж, гарц байна гэдгийг мөн судална. Бас орон нутгийн онцлог, монгол ястнуудын амьдралын хэв маяг, зан заншил, амьдралын хэвшил гээд угсаатны зүйн талаас ч судална. Тэгэхээр бидний аялал монгол морь, монгол хүн хоёрын тэсвэр хатуужлыг илтгэхийн зэрэгцээ танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байх болно. -Хойч үеийн залуус маань ийнхүү үндэс угсаагаа, өв соёлоо хэмээн санаж сэрж буй нь сайхан байна.  Бидний урилгыг хүлээн авч ярилцсан та бүхэнд баярлалаа. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай. Сэтгүүл, сайтаараа дамжуулан та бүхний аялалын  тухай мэдээллийг цаг тухайд нь хүргэж байх болно оо.
-Бидний үйл хэргийг дэмжиж буй танай хамт олонд баярлалаа. Аяллынхаа мэдээ мэдээллийг цаг тухайд нь дуулгаж байх болно оо.
У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна