Аймгийн Алдарт уяач Б.Мөнхбат: “Архи уусан хүн хоосордог, адуу авсан хүн хоосордоггүй юм” гэж өвөө минь захисан
Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Мөнхбатын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Дээлээ гандтал хусуур бүсэлж, адуу дагана гэдэг хүн болгоны дурлаж хийх ажил биш. Өөрөөр хэлбэл, уяачдын ихэнх нь удам дагасан байдаг л даа?
-За би ч гэсэн удам дамжсан уяач. Манай ээж Бавуудоржийг өргөж авсан Монгол Улсын аварга малчин Цагааны Доёд гэдэг өвгөн олон жил морь уясан хүн. Тэр хүнийг дагаж морь уяж, морины эв дүйтэй болсон. Бас миний хойд эцэг аймгийн Алдарт уяач Донхоон гэдэг өвгөн бий. Тэгэхээр үндсэндээ хоёр Алдарт уяачийн удамтай хүн гэж болно. Миний хувьд 1986 онд 16 настайгаасаа хойш 26 дахь жилдээ морь уяж байна. Би хоёр үрээгээр л морь уях гараагаа эхэлсэн. Доёдын хүрэн гэж хурдан хүрэн морь, тэрний дүү хүрэн азарга хоёр л доо. Тэр хоёрыгоо зургадугаар ангийн том хүүхэд монгол эмээлтэй унаж уралддаг байлаа. Ах дүү хүрэн адууныхаа дүүгээр нь азарга тавиад л миний адуутай болох эхлэл болсон доо. Өнгөрсөн хугацаанд говийн гурван аймаг, сумдаас бишгүйдээ олон айраг, түрүү авлаа.
-Нийт хичнээн айраг, түрүү авсан байна вэ?
-Ямар ч байсан 2005 онд аймгийн Алдарт уяач болохдоо говийн гурван аймгаас 137 айраг, 54 түрүү авсан байсан юм. Морь ачиж явдаггүй, хөтлөөд явдаг үед гаргасан амжилтаараа аймгийн Алдарт авсан хүн дээ. Улс, бүсэд бол явж байгаагүй ээ.
-Үүнээс хэд нь аймгийн чанартай наадмын айраг, түрүү байв?
-Аймгийн чанартай арваад түрүү, хориод айраг байсан даа. Дорноговийн хамгийн баруун хойд талын сумын айл учраас ихэнхдээ баруун тал руугаа Өмнөговийн Цогтцэций, Ханбогд, Дундговийн Өлзийт, Луус сум руу явж их уралдаж байлаа. 1999 онд Говь шанхын наадамд нэг ангийн найз, аймгийн Алдарт Энхбаатар бид хэд хөлөөр нь хэдэн морь хөтөлж сар гаруй явж уралдаж байсан юм. Тэнд миний найзын цагаан морь гурвалсан. Тод манлай Ононгийн хээр аман хүзүүдэж, Гомбо-Очирын саарал түрүүлсэн юм. Тэгэхэд цагаан морийг мордуулахгүй гэж байхад нь би уяа сойлгыг нь тааруулж мордуулаад анхныхаа том наадмаас айраг авч байлаа. -Мордуулахгүй байх ямар шалтгаан байсан юм бол?
-Гэдэс нь эвгүй, уяа нь алдарчихсан байсан юм. Том наадамд анх очоод сүрдсэн ч юмуу манай хүн мордуулахаа байдаг ч юм билүү, олон морин дунд морио алчих ч юм билүү гээд эргэлзээд байлаа. Тэгэхэд би Тод манлай Даваахүү гуайтай танилцаж, нэлээн ярилцах зуур Улс хувьсгалын 22 жилийн ойн баяр наадмаар гэдэс нь эвгүйрхсэн хээр мориныхоо заслыг яаж хийж давхиулж байсан талаараа ярьж байна. Тэр ярианаас цагаан морь яг л тийм болсон юм байна гэж ойлгоод Даваахүү гуайн хэлснээр засал хийж уралдуулсан юм. Би өөрөө тэр наадамд хурдан загал соёолонтой очсон. Сунгаанд нь миний загал соёолон, их насны хүрэн морь хоёулаа түрүүлсэн боловч яг наадмаар нь загал соёолон зургаалаад, их морио 11-ээр оруулчихаад буцаж байсан юм.
-Анхны Говьшанх их өтгөн болсон гэдэг?
-Тэгсэн. Бидний анхны хол явсан наадам тэр дээ. Дараагийн том наадам гэвэл 2008 онд Равжаагийн 205 жилийн ойгоор Хашбатын хонгор морийг уяж ирж түрүүлгэсэн. Түүнээс өмнө аймгийнхаа 80 жилээр бор үрээ айрагдуулж, тавлуулж байлаа. Говийн гурван аймагт ганцаараа шахуу хойш, урагшаа морио хөтлөөд дээлээ гандтал явав шүү. Тэгээд 1993 оноос хойш олон адуу цуглуулсан даа.
-Хаана, хаанаас хурд шилж авав даа?
-Хэнтийн Галшараас гаралтай босоо улаан гэж бор азаргыг Дорноговийн Мэеэгомбо гэдэг хүн авсан байсан юм. Түүнээс айрагдаагүй хязаалан бор үрээг арван тэмээгээр авсан. Дорноговийн Дэлгэрэхийн Хуягтын будан гэж Өвгөн ноён, Алтан овоонд түрүүлсэн Даян түмэн эх цолтой хурдан азарганы төл будан азаргыг шинэ “Планет” мотоциклиор авч байлаа.
-Ер нь та адууг овоо үнэтэй авдаг юм биш үү. Гар татахгүй авсныг бодоход их хурдан буянгууд байж дээ?
-Тиймээ. Хүний юм авч байж эзнийг нь гомдоогоод яахав гээд л авдаг. Ээжийг хүнтэй суугаад явахад өвөө намайг авч үлдсэн. Тэгээд өвгөний юмаар л тоглохгүй юу. Ээжийн ууган хүү, өвөөгийн галын зээ жаахан дураараа өссөн. Манай өвгөн нэлээн тэмээтэй байсан болохоор тэмээгээр адуу их авсан. Адуу дагаад морь айрагдахаар, архи дарс бас жаахан амсана. Тэгэхэд манай өвгөн хэлсэн юм. “Архи уусан хүн хоосордог, адуу үнэтэй авсан хүн хэзээ ч хоосордоггүй юм шүү” гэж. Түүнээс хойш архиа хойш нь тавьж, адууг нэлээн үнэтэй цуглуулсан даа. Адуугаа үнэтэй хэлж байгаа хүний адуу сайн л юм байж таараа. Миний цуглуулсан адууны буянаас Хашбат хээр, хүрэн хоёр азарга авсны хээр азарганы төл их сайхан давхиж байна. Дэлгэрэхээс авсан тэр будан азарганы анхны төл нь Хашбатын хүрэн азарга байгаа юм. Галшарын угшилтай шарга халзан азарга Дэлгэрэхээс авч хойд эцэгтээ өгсөн нь 5-6 удаа түрүүлж сайн давхисан. Тэр үед ачдаг байсан бол улсад очоод уралдчихаар байсан даа. Нэг наадамд шарга халзан нэг их хол түрүүлсэн юм. Наадамчид одоо морь ирэх болж байгаа гээд морь хардаг овоон дээр гараад очсон чинь шарга халзан азарга ганцаараа ирчихсэн, хүүхэд нь хөтлөөд явж байх юм. Тэгээд давхиж очоод “яасан, ойчив уу” гэсэн чинь “үгүй, би уралдаад ирлээ” гэж байна. Бид бараг итгэхгүй байгаа юм чинь. Тэгсэн чинь морины комисс ирээд үнэхээр алга болоод тэр чигтээ ирлээ гэсэн. Энэ хурдан шарга азарганы удам угсаа олон азарга, гүү бий.
-Адуу таньж авна гэдэг амар ажил биш шиг санагддаг юм.
-Би өөрийгөө таньдаг гэж онгирохгүй. Гэхдээ аз таардаг юм уу, миний хүнээс авсан адуу болгон айрагддаг. Айрагдаагүй адуу цөөхөн. Үнэтэй адуунууд аваад нэг хоёр жилдээ давхихгүй болохоор манай эхнэр ам асуудаг юм. Дараа нь заавал давхидаг л юм. Энэ жил би Алтанширээ чигийн хар азарга 10 саяар авсан. Хөл нь эвгүй болоод энэ жил давхисангүй л дээ. Манайхан нутгийнхан өөр зуураа “Өнөө үнэтэй авсан адуу нь юу болсон бэ?” гэж ярьж л байна. Давхина аа, хойтон сумын 90 жилийн ойгоор яаж давхидгийг нь харуулна. Манай найз нар, бас сумынхан ийш тийшээ адуунд явбал надад харуулах гээд намайг авч явах дуртай л байдаг юм. Тэр болгонд нь миний зав зай болж өгөхгүй.
-Ингэхэд та адууныхаа юуг нь харж таньж авдаг вэ?
-Гол нь толгой, дөрвөн туурайг нь харна даа. Минийхээр бол толгойд нь хурдан адууны харж таних ихэнх юм нь байдаг. Дөрвөн туурайгаас нь хөлтэй, хөлгүйг нь харна. Дөрвөн туурай нь элэгдээгүй адууны хөл нь бүтэн байдаг. Бүтэн хөлтэй, удам сайтай адуу бол давхина л даа.
-Таны ярианаас сонсоход адуу авахдаа азарга илүү авдаг юм шиг байна?
-Тиймээ, азарга л голдуу аваад байгаа. Хэнтий, Сүхбаатараас адуу зарсан улс манайхаар дамжаад Өмнөговь руу явж адуу зардаг. Би тэсэхгүй очсон болгоноос авсаар байтал өөрөө явж аваагүй ч гэсэн Сүхбаатар, Хэнтий, Дорнодын нэлээд хэдэн адуутай болчихлоо. Нэг их олон үрээтэй л болоод байна. Эрлийздүү азарга аваад, охин төлийг нь сонирхоод байгаа юм. Охин юм гарч монгол азарганд тавьж байж монгол болно шүү дээ. Тэрнээс биш би эрлийз адууг монгол адуутай хольж уралдуулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Манай говь нутагт байнгын тэжээлтэй байхгүй бол эрлийз адуу тэсэхгүй. Нэг шуудай хивэг 10 мянга, өвс нэг боодол нь 10 мянга. Нэг шөнөдөө л 30-40 мянган цаасны юм өгөөд байхаар хэцүү. Бидний амьдрал ямар билээ дээ. Тэгээд ч манай говь нутгийн морины бай шагнал гэж сүйдтэй юм байдаггүй. Томоохон ой болбол сая төгрөг. Хойд талынхан бол бай шагнал өндөртэй, олсныхоо хэрээр тэжээдэг л байх.
-Танайх гүү сайтай болоод л азарга голчлон авдаг гэж ойлгож болох нь ээ?
-Ноднин Иххэтийн Монгол Улсын Алдарт уяач Нарангэрэл гуайн адуунаас дөрвөн гүү авсан. Гаднаас авсан гүү гэвэл тэр л байна. Адууг чихрийн цаас шиг цуглуулсан даа. Дундговийн Өндөршилийн Авьяа гэдэг хүний унаган адуунаас хурдан хонгор азарга авсан. Ноднин хүртэл будённый хольцтой эрлийз азарга авлаа. Одоохондоо төл нь гараагүй л байна.
-Гаднаас адуу авчраад хоёр жилийн дараагаас анхны төлөө өгөөд байх юм. Нэг жилдээ гүү хураалгаагүй байдаг юм уу, эсвэл гүү нь сувайраад байдаг юм уу?
-Анхны жил гүү нь хээлтэй учраас өөр азарганы төл гараад, хоёр дахь жилээсээ төлөө өгдөг болов уу гэж бодож байна.
-Адуу мал таних, уях тал дээр өвөө тань таныг нэлээн зүгшрүүлсэн болов уу?
-Өвөө тэмээчин хүн байсан. 1970 онд намайг төрөхөд аварга малчин болж байсан юм билээ. Хамгийн гол нь малыг унах эдлэх талаар их сургана. Хоёр ч дайнд явсан лут хүн байсан л даа. Мал маллагааны талаар дуулсан, мэдсэн нь их. Өвөөгийн хатгуурын хутга байсан, тэгээд бодохоор морь хатгадаг хүн байсан байх. Надад бол морь хатгахыг зааж байгаагүй. Эсэрваань гэж миний найз Энхбаатарын эцэг морь хатгадаг өвгөн надад хатгахыг зааж сургасан. Тэр сурсан эрдмээрээ говийн гурван аймгийн нэлээн олон хүний морийг хатгаж өгсөн. Ямартаа ч миний хатгасан морь хөл ордог л юм. Дорноговийн Мандах сумын Булангийн худаг гэдэг дээр Хашбатын хонгор морь, хонгор азарга, энэ жил Хутагтын хурдад түрүүлсэн Гэрэлийн Бандиагийн цагаан морь гээд нэг өдөр гурван адуу хатгадаг юм. Хашбатын хонгор морь улсад уралдаад, зарагдахаасаа өмнө хөл нь жаахан эвгүй болж ирсэн юм л даа. Намар аравдугаар сард хатгасан. Тэгтэл сумын наадамд Хашбатын хонгор азарга, Бандиагийн цагаан морь хоёр түрүүлчихээд бөөн баяр болж байсан чинь хонгор морь улсад түрүүлдэг байгаа. Тэгэхэд би хатгаагүй бол энэ сайхан амьтад өнөөдөр уралдаж түрүүлэх нь бүү хэл, хөлгүй л зогсож байх нь гэж бодсон. Би олон хүний хурдан моринд хөл оруулж, баярлуулсан. Одоо морь хатгадаг хүн манай говьд л лав ховордчихоод байхад болж л өгвөл хүнд тус болох юмсан гэж боддог.
-Авсны хэрээр бусдад хурдан хурцаасаа хуваалцаа байлгүй?
-Өгсөөн өгсөн. Өмнөговь аймгийн Манлай суманд арав гаруй азарга, Ханбогдод 5-6 азарга зарсан. Одоо Манлайд очиж уралдвал өөрийнхөө өгсөн адуунуудыг дийлэхээргүй болсон байх. 1997-1998 онд очиход аваачсан болгон айрагдчихдаг байлаа.
-Тэр үед их одтой нааддаг байжээ дээ?
-Үнэхээр сайхан нааддаг байлаа. Өмнөговийн Манлай сумын наана Залаатын уулын тахилгад зургаан насны морь уралдсан юм. Тэр тахилгад би дүүтэйгээ 15 адуутай яваад таван түрүү, 10 айраг аваад хар нүдэнд нь бөөлжиж байсан. Уг нь зургаа дахь түрүүг нь хурдан хонгор морь минь авах байсан юм. Зургаа түрүүлчихээр хэл ам гарах юм болов уу гээд хонгор морио татуулсаар байгаад аман хүзүүдүүлж байгаа юм. Тэгсэн чинь түрүүнүүдийг нь түүгээд авчихаар шаралхсан нутгийн улс “хар нүдэнг дамжуулдаггүй юм, заавал ууж байж бос” гээд шахаад, би тэрийг нь ууж чадахгүй бөөлжиж байсан. Энэ хонгор морь минь саяхан 20 настайдаа түрүүлээд зодог тайлсан, Гиннест аваачиж тоосыг нь өргөлөө. Хүнд чинь одтой, азтай үе байдаг юм байна.
-Уяа сойлгоос шалтгаалахгүйгээр аз хийморь бүхнийг шийдээд байна гэж үү?
-Ер нь тийм шүү. Одоо бол бас жаахан азгүй болох янзтай болоод байгаа юм. Нэлээн сайн уячихсан байхад айрагдахгүй тал байна. Гэхдээ би энэ жил их морь түрүүлгэж, азарга аман хүзүүдүүлээд, соёолон гуравлуулсан. Их морь нь Дорноговийн Хөвсгөлөөс ирсэн адуу л даа. Дорноговийн Хөвсгөл, Хатанбулагийг манай сумынхан адуу нь давхихгүй гээд бассан маягтай байдаг юм. Надад Хөвсгөл сумын Нэмэхбаяр гэж найз минь хөл муутай бор морь бэлэглэснийг хатгаж засал хийгээд ноднин Хатанбулагт түрүүлгээд, энэ жил сумандаа бас түрүүлгэж хүмүүсийн амыг хариулсан. Наадмын урд орой манай найз нар ирээд энэ бор морины талаар жаал ярингаа жаахан ууж халцгаасан юм. Тэгэхэд би маргааш ямар ч байсан түрүүлнэ, түрүүлэхгүй бол бэлтгэлд өгчихнө гэх маягийн юм хэлчихлээ. Алтанбаяр гэж хүний ноднин тав, энэ жил ч мөн тав түрүүлсэн хурдан бор морь бий. Түүнтэй уралдаад лминий бор морь гараад л түрүүлж байна лээ. Тэгээд манайхан намайг гайгүй морь уядаг гэцгээдэг юм. Хүн морь уяж сурна гэж хэзээ ч байхгүй бололтой. Би өөрийгөө сурахгүй байна, мэдэхгүй чадахгүй байна гэж байнга голдог. Жишээлбэл сүүлийн үед морины тэжээлийн учрыг сайн олохгүй л байна шүү.
-Таны өвөөгөөс өвлөсөн арга барил хоцрогдмол гэсэн үг үү?
-Хоцрогдоод байна.
-Улс бүс гээд арай өндөр довонд уралдах боломж танд байсан юм шиг санагдах юм. Яагаад холхон явж хурдан хүлгэдийнхээ шандсыг шалгаагүй юм бэ?
-Нэгдүгээрт, нутаг хол юм. Хоёрт, ид уралдаж байх үед хүүхдүүд нялх. Би дөрвөн хүүхэдтэй л дээ. Гэр бүлээ орхиод 2-3 сар явах болно. Одоогийнх шиг хэдхэн хоногт яваад ирэхгүй шүү дээ. Манай говьд бороо орохгүй байсаар 7 сар болчихдог учраас цагаан өвсөөрөө уралддаг. Ногоо харсаар байтал Улсын баяр наадам болоод өнгөрчихдөг. Одоо бол явж уралдъя гэж санаад Гиннест бүртгэх уралдаанд очиж уралдаж үзлээ. Хүмүүс улсын наадмаар морь хулгай авдаг, хавчдаг, шахдаг гээд л сүр бадарсан юм ярьдаг. Гиннест очиж уралдсан чинь зүгээр л юм байна. Харин ч улсад уралдахад чийгтэй, өдөр болгон бороо орсон, ногоо сайтай болохоор морь зүдэргээ авахгүй сайхан юм. Тэгээд улсад уралдъя гэсэн зоригтой болж ирсэн. Уг нь би 1999 онд Даваахүү гуайтай хуурай ах дүү болтлоо танилцахад “За, чи улсад оч, чи бол таван жил очиход юм дуулгана аа” гэж байсан. Гэвч би явж чадаагүй байсаар өдий хүрчихлээ. Сүүлийн үед яг наадам болохоор л адууны ханиад болох юм. Адууны ханиадыг зарим нэг улс бас өөр өөр ярих гээд байна.
-Арай таагүй яриа чих дэлссэн юм биш биз?
-Харин тиймээ. Яг Улсын баяр наадам болонгуут томчууд өөрсдийнхөө моринд ханиадны вакцин хийчихээд ханиад тараачихдаг учраас явж болохгүй байна гэцгээж байсан. Хашбат л гэхэд хоёр жил дараалан Улсын баяр наадамд тавдугаар сар өнгөрөөд л явсан. Чойроос хойш байж байгаад л ханиадтай гээд эргээд байгаа юм. Энэ мэтчилэн олон газрын улс баяр наадмын ханиаднаас айгаад байх шиг байна гэж бодогддог.
-Уг нь улс, бүсэд очсон бол юм дуулгах хурдан ажнай нэгээр тогтохгүй байсан болов уу?
-Өвгөний надад үлдээсэн хамгийн чухал юм бол тэр хоёр хүрэн адуу. Манай нутгийнхан бол өвгөн хүрэн гэдэг юм. Тэр хүрэн морь уях болгонд айрагдаж байсан. Хаа ч наадамд очсон айрагдана. Сарын уяатай ч байсан, 10 хоногийн уяатай ч байсан тэр шүү дээ. Уяа жаахан дутуухан бол айрагдаад л, гүйцэд бол түрүүлээд байна. Наадамд явахад ганц урамтай юм нь хүрэн морь айрагдах юм чинь хэдэн адуу хөтлөөд явсан ч айраггүй буцна гэж байхгүй.
-Хүрэн азарганы төл бий биз дээ?
-Хүрэн азарганы төл хурдан хонгор морь бий. Нийт 28 медальтай. Хамгийн сүүлд 20 настайдаа түрүүлээд, зодог тайлсан. Энэ жил Гиннест 21 настай морь аваачсан. Эхлээд зургийг нь авахуулаад жагсаалд оруулсан чинь уралдах болчихдог юм. Том хүүхэд унаад уралдсан чинь 200-гаар ирсэн. Ноднин зодог тайлаад огт уяагүй байсан, уяад очсон бол бүр дээгүүр давхихгүй юу. Хүүхдийнхээ ташуурыг нь авч үлдээд “амыг нь татаж яваарай, хөгшин морь алчих вий” гэж захиад явуулчихсан. Хуучин цагийн морь яс сайтай л байдаг юм билээ. Тэр үед жилдээ ганц улсын наадмаар уралдана. Олон уралдахгүй учраас морь 20 хүртлээ уралдсан ч хөлтэйгөө байна, дээрээс нь морины юм шавхагдахгүй. Одоо чинь нэг морь жилд 10 гаруй уралдаж байна шүү дээ. Тэгээд 20 жил уралдах юмыг нэг хоёрхон жилд дуусгачихаад байгаа юм. Урьдын улс даагыг жилд гурваас илүү уралдуулдаггүй гэдэг байсан. Одоо жилдээ арав гаруй уралдаад байх шиг. Миний харж байгаагаар даагандаа олон айрагдаж, түрүүлсэн адуу дээшээ нийлэхгүй л байгаа юм. Нас, бие бялдар нь гүйцээгүй амьтны булчин шөрмөсийг нь сунгачихдаг байх. Би бол даагыг нэг, хоёр айрагдуулаад тэгээд л больчихдог юм.
-Бас зүрхийг нь ч үхүүлчихдэг байж мэдэх юм?
-Тэгнэ. Юуг нь ч мэдэхгүй уралдуулж бүх юмыг нь дуусгачихаар дахиад уралдана гэсэн юмгүй л болдог юм билээ. Сүүлийн үеийн мөнгөтэй улс үүнийг хоёр саяар авсан, энэ жил уралдуулаад таван саяыг олж байвал хойтон дахиад л авах юм чинь гэсэн бодолтой, жаахан хайнгадуу хандаад байна уу гэж санаад байгаа юм. Хүн болгон тиймгүй байх л даа.
-Дээхнэ үед эрийн чимэг сайхан морь, нүнжигтэй эдлэл хэрэглэл байсан гэдэг. Өвөөгийн танхи зээ эдлэл хэрэглэлд хэр нүд унагаж байв?
-Өвөөгөөс үлдсэн хөөрөг, гаанс, эмээл, хазаар гээд юм бий. Түүний хажуугаар өвгөн мал бол нэг шуурганых, баатар хүн нэг сумных гэдэг байсан болохоор эдлэл нэлээн цуглуулсан юм. Өнөө цуглуулсан эдлэлээ сүүлд нь адуунаас өгөөд тавьсан. Гэхдээ гурван хүүдээ айл болохоор нь өгчихөөр хуучны юм бий. Залуудаа хүнээс арай өөрийг эдлэхийг бодож, сайхан эдлэл, морь хоёрт гар татдаггүй л байлаа. Машин тэрэг, байшин сав гээд цуглуулсан бол би ч их л юм хураачих байсан байх. Одоо ч хэдэн адуу л байна даа. Адуунд орсноороо буруутаагүй л гэж боддог юм.
-Энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөж байна. Сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.
-Адууны төлөө амьдралаа зориулж яваа Монголынхоо бүх уяач нарт сайхан наадаарай гэж хэлье.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна