М.Цэен-Ойдов: 50 жилийн бүртгэлээр 97 айраг, түрүү авсан байна лээ

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 17 -нд

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мятавын Цеэн-Ойдовтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Цэен-Ойдов гуай таны морьтой холбогдсон тэр үеийг дурсахаас яриагаа эхэлье?
-Би 1955 оноос эхэлж морь уясан. Тэр үед адуунд дуртай болдог нь манай багийн дарга элдэвтэй Цэнд гэж хүнтэй холбоотой. Цэнд гуай нэлээн арга зальтай хүн байлаа. Багийн дарга байхдаа багийнхаа залуучуудыг морь уяулж сургана гээд 1955 онд Хулгарын хаяанд өөрөө ахалж морь уясан юм. Тэгэхэд би өвгөнд хоёр даага үзүүлтэл алаг даагыг нь уя гэж байна. Алаг даагаа, зээрд морьтой хоёуланг нь уяад, миний уях ч юу байхав, юу ч мэдэхгүй юм чинь өвгөнд зарагдаад яваад байсан. Тэгээд сумын баяр наадамд очлоо доо. Цэнд гуай суманд морь мал түрүүлгэдэг, хурдан хонгор, асман хээр гээд их насны хурдан морьд лав байсан юм. Өвгөн надад “Чиний зээрд сайн адуу, миний морьдыг шалгах морь оо гэж” ярьж байсан. Би залуу бага, бас юм мэдэхгүй байсан болохоор тэр үгийг тоохгүй байж л дээ. Намайг морио тавиад ир гэхээр нь хөтөлж аваачиж эргүүлчихээд хоцорлоо. Хүрээд ирсэн чинь их насны моринд чиний хүрэн түрүүлсэн. Одоо дааганд гарцаагүй чиний алаг түрүүлнэ гэж Цэнд гуай хэлж байна. Маргааш нь, чи миний даагыг тавь, би чиний даагыг тавина гээд өвгөн түрүүлээд миний даагыг хөтлөөд ташуурдаад гаргаж байсан юм. Гэтэл бас миний даага түрүүлчихлээ. Ингэж хоёр насны морь эхэлж уяад хоёулаа түрүүлдэг байгаа. Тэр жилээ би 20 настай цэрэгт явсан юм. Тэгээд халагдаж ирээд 1959 оноос морь уясан л даа.
-Энэ хугацаанд хичнээн удаа уясан хүлгээ цоллуулж, айраг, түрүү авч байсан байна вэ?
-Би 1971 оноос хойш сумынхаа наадмын бүх түрүү, айргийн морьдын судалгааг гарган дэвтэрлэсэн юм. 2005 оны үед нүд юм харахаа байгаад тэр дэвтрээ уяачдын холбооныхоо даргад өгсөн л дөө. Тэр судалгаагаар тийм тийм морь түрүүлж байж, тийм хүн сайн уяач байж гэдгийг үзэж харж байна гэж уяачдын холбооны дарга хэлдэг юм. Тэндээс үзэхэд би 37 түрүү, 14 аман хүзүү, 47 айраг авсан байна лээ. Нийтдээ 97 айраг, түрүү авчихаад байна.
-97 айраг, түрүү гэдэг сум болон сумдын баяр наадмын амжилт уу. Аймгийн баяр наадамд очиж наадаж байв уу?
-Тийм. Өөрийн сум болон зэргэлдээ сумдад гаргасан амжилт. Бас есөн бригад нийлж өдөрлөг хийдэг байхад морь түрүүлж л байсан. Гэхдээ ихэвчлэн улсын баярын тооцоогоор л доо. Дээр үед наадам их хийдэггүй байж. Улсын төлөвлөгөө тасарсан бол сумын наадам хийлгэхгүй. Тийм учраас наадам их цөөхөн байсан.  Аймагт ер нь очоогүй. Тэр үед морь, тэмээгээр явдаг, машин тэрэг ч байсангүй. Зэргэлдээ Улаанбадрах, Хатанбулаг, хилийн заставууд, Сулинхээр гэсэн ийм л газруудаар явдаг байлаа даа. Хатанбулагийн ойгоор би хоёр түрүү, нэг айраг авч байсан даа. Соёолон, шүдлэн түрүүлээд, их насны морь айрагдаж байлаа.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэзээ авч байв?
-1983-1984 оны үед болов уу даа. Хамгийн түрүүнд Хоорог Банди, манай дүү Бат-Очир бид гуравт л аймгийн Алдарт уяач цол ирж байсан юмдаг. Одоо шиг дэлгэрчихээгүй, цөөн байсан цаг. Тэмдэг нь бол хоцрогдсон л доо. Малгай гэж байгаагүй, үнэмлэх, тэмдэг ирж байсан юм. Сүүлийн үед л тэмдэг, малгайтай болсон гэсэн.
-Таныг тэмдэглэл хөтөлж байх хугацаанд танай сумын даалуу адуу гэж нэрлэгдэх азарга, их насны, хэний ямар морьд байсан бэ?
-Тэр үед тэмээн Жадамба гэдгийн хээр азарга түрүүлдэг байлаа. Андив Санжмятавын саарал азарга, саарал морь хоёр сайн адуунууд байв. Саарал азарга нь манай сумандаа л яригддаг, 18 настайдаа хамгийн хөгшин азарга энд түрүүлсэн юм. Саарал морь нь тавих гээд явахад ер хөдөлдөггүй, бараг нэг хүн хөтлөөд, нэг хүн араас нь ташуурдаад явдаг. Тэгээд эргүүлээд тавьчихаар түрүүлээд ирдэг байсан юм. Цэнд гэж намайг морь уяхад зааж сургасан миний багш бас хурдантай байсан. Сүүлийн үед сумын наадмаас гурван түрүү авч байсан.
-Цэнд гуай тэгэхээр их хурдантай хүн байжээ дээ. Хэдэн оны наадамд гурван түрүү авч байсан юм бол?
-Миний дэвтрээс үзвэл мэднэ. Одоо цээжээр мэдэхгүй байна, 1980 хэдэн оны наадам л байх. Гурван түрүү аваад найрлаж архи уугаад хоорондоо муудалцаж л дээ. Найран дээр Цэнд гуайн дүү Өлзийхутаг гэж хүн “Ийм олон түрүү аваад, манай ах их хурдантай байна” гэсэн чинь нэг хүн “Олон мал алвал түрүү /хошного/ олдолгүй яахав” гэж доромжилж байгаад тэр дүүд нь алгадуулж байсан гэсэн. Түүнээс хойш удаагүй Цэнд гуай харваад ярьж чадахаа больсон юм. Тэр өвгөнөөс би хонгор азарга авч тавиад их сайн давхиж байсан болохоор өвгөнийг харвачихсан хойно нь нийлээд удаагүй хурдан хонгор морь авч байлаа. “Хонгор морийг чинь би авъя, хэд юм бэ” гэсэн чинь 1000 гэж байгаа бололтой арван хуруугаа гаргаж байна. Тэр үеийн мөнгө хатуу байж. Тэгэхээр нь би өөдөөс нь таван хуруугаа гаргасан чинь уурлаад цаашаа хараад суучихаар нь хөгшинд нь хэлтэл 1200 төгрөг өгөөд ав гэсэн. Тэр ёсоор нь 1200 төгрөгөөр авсан. Гэхдээ наймаа алдаагүй, хонгор морь их хурдан, сайхан адуу байсан. Хонгор морь ес түрүүлээд, хоёр аман хүзүүдэж, гурав айрагдсан. Би энэ суманд нэлээн толгой түрүүлсэн гэж боддог юм.
-Хонгор мориныхоо дээд удмыг нь хөөж судалж үзсэн үү?
-Тэр бол Чойнор гуайн л адууных. Чойнор гэж манай сумын Сүрэн дарга гэж Сайд нарын зөвлөлийн орлогч байсан хүний аав байгаа юм. Аймаг, Замын-Үүдийн наадмуудыг их хэсч морио хурдлуулдаг, азарга адуугаар хурдан адуу авдаг нэлээн баян хүн байсан гэдэг. Чойнор өвгөн бол манай суманд хурдан оруулж ирсэн хүн. Миний мэдэхээс тэднийх даалуу, шаалуу, хээр халзан гээд хурдан азаргануудтай, хээр голдуу адуутай өвгөн байсан юм даа. Дээр үед Чойнор өвгөний адууны адуу л бол хурдалж байлаа. Одоо ч гэсэн үргэлжилж л байгаа. Түүнээс арай сүүл үед гэхэд Цэнд гуайн Чойнор адууны угсааны хонгор халзан азарга соёолон хүртлээ суманд гүйцэгдэхгүй түрүүлж байлаа.
-Чойнор, Цэнд нараас гадна сум орон нутагтаа дээгүүр тоологддог өөр ямар сайн уяачид байсан бол?
-Ер нь манай сумын сайн уяачид гэвэл Чойнор гуайгаас эхлээд Цэнд, тэмээн Жадамба, хооргын Банди, давхиа Гомбожав, дэнх Ядам, Нямжанцан, Лувсанваанчиг гэж байлаа. Давхиа Гомбожав бол наадмын хоёр дахь өдрийг миний наадам гэж аархдаг, бага гурван насны уяаг этгээд гойд тааруулж, түрүүлж, айрагддаг. Ухна ч бас морь сайн уяна. Ялангуяа бага насыг сайн уяж, сайн ч түрүүлгэж, айрагдуулдаг их гялалзуур хүн. Бас Гүндсамба гэж Дундговийн хүн манай энд ирж суурьшсан. Миний мэдэхээс Гүндсамба, Цэнд гуай хоёр бол нэлээн арга зальтай улс байсан шиг байгаа юм. Панз наймаа их хийдэг, морь их дамжуулдаг. Сүүлийн үед Лувсанчойров, Жаал гэж бас сайн уяачид байв. Жаал нь ойрмогхон нас барчихлаа, хөөрхий. Аймгийн Алдарт цол өгөх гэсэн чинь өнгөрсөн хойно нь болдоггүй гээд өгөөгүй. Уг нь аймгийн Алдартын болзлыг хамаагүй давуулж биелүүлсэн хүн байсан даа.
-Таныг морь уядаг байх үед хурдан морь ямархуу үнэ ханштай байв. Бэлэн мөнгөөр наймаалцдаг байв уу, эсвэл мал хуйгаар сольчихдог байв уу?
-Тэр үед тийм ч үнэтэй байсангүй, миний мэдэхээр. Хонгор морь бол манай сумандаа хурдан морь доо. Гэтэл би 1200 төгрөгөөр их үнэтэй морь авч байгаа нь тэр шүү дээ. Одооны мөнгөнд шилжүүлж бодвол хэд юм хэн мэдэхэв. Ер нь гайгүй дээ. Хонгор азаргыг Цэнд гуайгаас 200 төгрөгөөр авч байлаа. Танил байсан болохоор гайгүй өгсөн юм уу, хямдхан л байж. Нэгдлээс даага авахаар сонирхлын үнэ гээд 210 төгрөг байсан юм. Эхний үед дөчхөн төгрөг байснаа сүүлдээ сонирхлын үнэ гэж нэмэгдсэн. Би ч өөр том наймаа ч хийж байсангүй. Тэр үед зүүн хойшоо Сүхбаатарын адуу, энээ тэрээ гэж ер нь их яригддаггүй л байлаа. Харин миний морьд сайн давхисан явдал бол Цэрэннамжил гэж мал туудаг, өвгөн нэг адуу авчирч өгсөн юм. Манай эгчтэй суусан, хүргэн ах минь юм даа. Тэр хүн Эрээнцав, Бүс нуур руу мал тууж байгаад Галшар, Буянтаас жаахан хүрэн азарга авчирч надад өгсөн юм. Тууварчингууд хоёр муу эцэнхий юм өгөөд нэг сайныг авдаг юм гэнэ лээ л дээ. Жаахан навтайсан, мах ихтэй хүрэн азарга байсан. Анх удаа морь уяхдаа түүний төл даага, морь хоёр уяад л түрүүлгэж байлаа. Түүнээс хойш төлүүд  нь 1960 оноос гайгүй давхисан. Сүүлдээ нэгдэлжих хөдөлгөөн өрнөөд 30-аад адуугаа нийгэмчлээд, тэр угсаа ч алга болж, хаачсаныг бүү мэд.
-Адууны наймаа хийж байв уу?
-Би  нэг  их  наймаа хийж байгаагүй ээ. Энүүхэндээ адуу малаар ганц нэгийг сольж, барагтайхан мөнгө төгрөгөөр наймаа хийх юм байсан. Гэхдээ манай ханш тун бага байж дээ. Би чинь хамгийн дээд тал нь 1200, наад тал нь 800 төгрөгөөр морь авсан удаатай. Зарахдаа нэг их үнэ хүргээгүй ээ. Ер нь зарж ч шалиагүй, бололцоотой ч байсан. Сүүлдээ хөгширснөөс нь өөрсдөө тогоо тосолсон доо. Хонгор морио 18 хүртэл уралдуулаад, хөлийг нь муудуулаад тогоогоо тосолсон. Хөл нь муудсанаас биш, цаашаа давхивал давхих байсан.
-Тэр үеийн бай шагналд юу өгдөг байсан бэ. Одоогийнхтой харьцуулалтгүй биз?
-Бай шагналд даага өгдөг байсан юм. Ерөөсөө эр, охин нь хамаагүй. Баярын бичиг өгвөл дээд нь. Арай сүүл үедээ дээлийн торго юм уу, ахуйн үйлчилгээтэй газар хөнжил өгч л байсан. Одоогийнхтой харьцуулшгүй шүү дээ. Өнөөдөр бай шагнал өндөр байгаа нь уяачдад цаашдаа морь уяхад нь улам урам зориг оруулж байгаа л даа. Гэхдээ цаашдын үр дагавар нь ямар болохыг сайн мэдэхгүй байна. Үүнийгээ дагаад морины үнэ ч сайн өссөн дуулдах юм.
-Дорноговь аймгийн адуу, тэр дундаа Хөвсгөл сумын адуу ямар онцлогтой вэ?
-Хөвсгөл сумын адуу гэхээр үндсэндээ Чойнор гуайн авчирсан адуу л даа. Чойнор угсааны нутаг адуу бол нэлээн бярархуу, холч, цуцдаггүй. Хаанахын угсаа юм, бүү мэд. Аймаг, Замын- Үүд хоёрын наадамд яваад авчирсан адуу юм гэнэ лээ. Бодвол зүүн талын адуу л байсан байх. Муугүй л адуу байсан байгаа юм, шинж нь.
-Цэен-Ойдов гуайн уяаны арга ухааныг залгамжилж хурдан морины уяа эвлүүлж байгаа хүн бий биз дээ?
-Байлгүй яахав ээ. Өөрийн хоёр гурван хүүхэд морь уяж, айраг, түрүү авч л байна. Бас ач хүү маань  морь уядаг болоод байгаа. Манай хүү Сүхбаатар сумаас гурав, дөрвөн адуу авчирсан. Мөн Төв аймгаас нэг үрээ авчраад азарга тавьчихсан байна.
-Та болоод таны үр хойчийг хурдан морины босоо цагаан хийморь ивээх болтугай. Ярилцлагынхаа төгсгөлд нутаг усныхандаа мэндчилгээ дэвшүүлэх болов уу?
-Ирэх жил /2014/ манай сумын 90 жилийн ой тохиож байгаа. Нутгийн зон олныгоо 90 жилийн ойдоо сайхан наадаж, хүлэг морьд нь хурдан байж, олон айраг, түрүү авах болтугай гэж ерөөе.

"Тод магнай" сэтгүүл, Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна