УИХ-ын гишүүн Я.Батсуурь: Энэ их өндөр бай шагнал, өрсөлдөөн үндэсний соёлыг сүйтгэж, морин спортыг буруу тийш нь хөтөлж байна”

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 06 -нд

Миний хүүхэд нас адуучин болох мөрөөдөлтэй морин дэл дээр өнгөрсөн
-Үндэсний өв  соёлоо дээдэлж, адууны хийморьт сүсэлдэг цөөн түшээдийн нэг нь та. Магадгүй тэр үр үнэгэн малгай, даалимбан дээлтэй бяцхан хүүгийн сэтгэлд соёолсон байх?
-Тэр зураг бас их түүхтэй. 1968 оны хавар манайх Хар чулуутад хаваржиж байлаа. Тэр жил Ажаа маань БНМАУ-ын Аварга малчин  болж, “Үнэн” сонины гэрэл зургийн сурвалжлагч манайд ирсэн юм. Тэгэхэд би уйлж гуйж байгаад зургаа авахууллаа. Тэгсэн хожуу ГХЯ-нд ажиллаж байхад МУСГЗ гэрэл зурагчин М.Цэрэнжамц намайг сурагласаар тэрхүү зургийг маань авчирч өгсөн юм. Миний хүүхэд нас адуучин болох мөрөөдөлтэй морин дэл дээр өнгөрсөн. Бас ч гэж шаггүй унаач байсан юм шүү. Таван настайдаа морь унаж сурчихаад тэр жилээ Иххэтийн наадамд халиун морио есөөр давхиулсан юмдаг.
-Нээрэн л шаггүй унаач байж?
-Гэхдээ олон жил унаж чадаагүй. Их биерхүү дээр нь эрх хүүхэд байсан болохоор найман нас хүрээд л хасагдчихсан. Миний хамгийн дээд амжилт гэвэл нэгдүгээр ангид ордог жил буюу 1971 онд аймгийнхаа наадамд хээр хязаалангаа айргийн гуравт давхиулж байсан маань юм шив дээ.
-Мэдээж энэ бүхэнд Ажаагийн тань нөлөө их байсан байлгүй?
-Тэгэлгүй яахав.  Манай Ажаа МУ-ын Алдарт уяач, улсын  аварга малчин болж байсан хүн. Тэр хүний ачаар малын захад өсч, өдий хүртэл мориноос холдсонгүй. Дипломат алба хашиж гадаадад байхдаа ганц нэг наадам алгасч байсныг эс тооцвол шүү дээ. Яаж ийж байгаад зуны цагт нутгаа зорьж ирээд наадмаа үзэж баясдаг юм.
-Ажаа тань таны өргөмөл аав байхаа?
-Та миний талаар сайн судалжээ дээ, янз нь. /инээв/ Намайг нэг настай байхад ээж маань бурхан болж, аав ээжийн захисан ёсоор нь намайг эгчид нь аваачиж өгсөн гэдэг юм. Би тэднийгээ Ажаа, Мээм гэж дууддаг байсан юм. Ажаа маань адуунд их дуртай. Наадам дөхөхөөр нойр нь хүрдэггүй хүн байсан. Наадам эхлэхээс сарын өмнө гараад явна. Намар дээл нь гандаад цагаан болчихсон орж ирдэгсэн. Бид хоёр мөн ч олон наадамд хамт явсан даа. Ажаатай холбоотой олон сайхан дурсамж зүрх сэтгэлд минь хоногшин үлдсэн байдаг юм.
-Зарим нэгээс нь манай уншигчидтай хуваалцаач?
-Ажаагийн ах  Жамбий гэж моринд дуртай, тэрүүхэн хавьдаа бас хөөрхөн наадчихдаг нэг хөгшин байж л дээ. Тэгсэн нэг нутаг усны бас морь мал сайн танидаг Ноонио Даржаа гэдэг нөхөр нь шоронд орчихож. Ноонио Даржаа гуай ганц бие хүн байж л дээ хөөрхий. Тийм болохоор Жамбий гуай эргээд очиж. Тэгсэн жигтэйхэн их баярлаад “Би ч одоо удахгүй юм шиг байна. Миний нэг халтар үрээ зуднаар урагшаа уруудсан сурагтай. Тэрнийг олж аваарай, чамд юм болох байх” гэж л дээ. Тэр нь 1944 оны мичин жилийн зуднаар шүү дээ. Жамбий гуай хавар эрт цагаан сарын өмнөхөн тэмээ унаад нөгөө үрээнийх нь эрэлд явж, бас ч үгүй нэлээд ажил болж байж олж авсан гэдэг юм. Тэгээд бараг гэртээ оруулах дайны юм болж байж нөгөө үрээг хөл дээр нь болгож авсан юм билээ.
-Халтар үрээ ахынд чинь ирээд хэр давхисан юм бол?
-Манайд ирээд их хурдалсан гэдэг юм.1956 оны Дорноговийн наадамд түрүүлсэн байдаг юм. Тэр халтар үрээний үр төл манайд тасраагүй. Миний нэртэй хурдлаад байгаа халзан азарга тэрний угшлын адуу шүү дээ. Дээр үеийн өвгөчүүл адуу танидаг мундаг хүмүүс байсан байгаа юм шүү.
-Ажаа тань тэр халтар азарганы төлөөр сайхан наадсан уу. Хэдэн онд улсын Алдарт уяач болсон юм бэ?
-Алдарт уяач цолыг хожуу авсан. 1999 онд билүү дээ. Өмнөх амжилтуудыг нь үндэслэн улсын цол олгосон орон нутгийн цөөхөн уяачийн нэг нь манай Ажаа байгаа юм.Манай ажаа морийг их тарган уяна. Одоо тийм тарган морь уралдвал хөл нь тэсэхгүй биз. Яаж хөлийг нь доголгохгүй уядаг байсныг би одоо хэр нь гайхаад л байдаг юм. Түүнийгээ Ажаа “Тарган ирэн дээр нь тавинаа” л гэдэгсэн. Ер нь Ажаа морины хоол нэг их хасдаггүй хүн байсан юм.
-Говийн халуунд морь уях бас ч яггүй ажил даг шүү?
-Хэлээд яахав. Халуун наранд өдөржин гадаа байна гэдэг яаж амар байхав. Өдөржин морь хөтлөөд элсэнд алхах ээ дээ мөн  яггүй шүү. Их л цангаж ядардаг байсан санагддаг юм. Нэг талаар тэр нь бидэнд их хатуужил суулгасан байх.Аймгийн наадамд явахын тулд сарын өмнө тэмээ хөсөгтэй гэрээсээ гарна шүү дээ. Хамгийн сүүлд нэг билүү хоёрдугаар ангид байсан байхаа. Өөрийгөө морь сайн унадаг хашир суусан гээд бодчихсон амьтан өөрийнхөө нэрний саарал соёолонг уяулаад аймгийн наадамд уралдуулсан юм. Тэр үрээг миний үсний үргээлгэн дээр манай нутгийн Намсрай гэж хүн бэлэглэсэн юм. Үрээ маань ч их сайн байна. Ямар ч байсан айрагдчих юм шиг бодогдоод. Тэгсэн чинь хэтэрхий хаширлаж байгаад гамнаж байгаад үзүүр дээрээ амжилгүй зургаалчихдаг байгаа. Миний урд талын морины хөл нь доголчихсон шогшиж байхад л гүйцэж амжилгүй барианд оруулчихаж билээ. Тэгэхэд өөрийгөө жигтэйхэн голж билээ. Бас их харамсдаг юм. Хэдий тийм ч хүүхэд байхад наадам тарах нь юу юунаас илүү гунигтай санагддагс ан. Ёстой л нөгөө дараа жилийн наадам даанч хол байна даа гэж бодогдоно шүү дээ.
-Одоо харин ч эсрэгээрээ олдох талдаа болчихоод хүмүүс тэр мэдрэмжийг мэдэрдэггүй байх?
-Магадгүй л юм. Эргээд бодоход багадаа үнэхээр моринд дуртай хүүхэд байжээ. Зун хичээл тарав уу үгүй юу хамаг юмаа хаяад хөдөө гэрлүүгээ очдог. Зунжин адуу мал гэж явсаар намар 9 сарын 1-нд хоцрон барин хичээлдээ ирнэ. Дээр нь хоёр хөгшин маань “Миний хүү моринд дуртай, малд нүдтэй. Сайн уяач, сайн малчин болно. Амины хэдэн малыг авч үлдэх хүн чи л байгаа юм” гэдэг байсан нь ташуур өгдөг байсан байх л даа. Тэрэнд нь урамшаад “хурдхан энэ сургуулийг төгссөн болчихоод адуучин болъё. Адуугаа маллаж өсгөөд сайн уяач болъё” хэмээн боддогсон. Тэгсэн нэг өдөр аав аймгаас ирээд “Миний хүү малчин бололгүй яахав. Хэзээ ч малчин болж болно. Эхлээд сургуульд сураад ном сайн сураадах. Малчин хүнд ч ном хэрэгтэй. Номгүй малчин байж болохгүй. Аав дээрээ очиж сургуульд сур” гээд аваад явж билээ.
-Аав ирээгүй байсан бол дипломатч биш уяач Батсуурь л байх байж дээ?
-Гэрээсээ хол сумын төв дээр байгаа хүүхэд хичээл хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэрийг нутгийнхан аав хэлсэн юм шиг байгаа юм. “Танай хүү сумын төв дээр хэлж захирах хүнгүй, дэмий тэнээд байна. Хүүгээ харж хандсан нь дээр байхаа” гэж. Ингээд тавдугаар ангиасаа эхлээд аймгийн төвд сурахаар боллоо. Хөдөөнөөс ирсэн хүүхэд төвийн хүүхдүүдээс сурлагаараа эрхгүй ялгарч байна. Зөндөө хоцорчихож. Эхэндээ дунд дүн л авдаг байлаа. Хөдөө суманд орос хэлний багш гэж байхгүй, орос хэл гэж ордоггүй. Гэтэл манай ангийнхан гурван жил үзчихсэн захын хүүхэд л оросоор ярина. Эхний хоёр яалт ч үгүй чирэгдээд байлаа. Шар хөдлөөд мэрийгээд байсан хүүхдүүдтэй өрсөлддөг болж байна. Тэгээд  наймдугаар ангиас ангийнхныгаа гүйцэж эхэлсэн дээ. 10 дугаар анги төгсөөд жагсаахад сургуулий?хаа хэмжээнд толгой цохиж нэгдүгээрт бичигдэн гадагшаа явах хуваарь сонгож байлаа.
“Сайн санаат найз нөхөд, ах дүүсийн сэтгэлийн бэлэг болгож өгсөн адуу надад ирээд хурдалдаг”
-Хэдийгээр сургууль соёлын мөр хөөсөн ч адуунаас холдоогүй гэж дээр ярьсан. Нээрэн ч Өлзийт хороолол дахь анхны жүчээнүүдийн нэг нь таных байх шүү?
-Бараг л тийм байх. Эхэн үедээ их л том жүчээнд тооцогддог байсан. Одоо бол хамгийн багад нь орж байгаа байх. Гэхдээ энэ жил шинэчилж томсгоод, худаг гаргаж байгаа. Манай гал их олуулаа болсон шүү дээ.
-Батсуурь гишүүний нэртэй ямар ямар хурдан хүлгэд байна вэ?
-Миний нэртэйадуунуудаасхамгийн анх хурдалсан нь хар үрээ маань байгаа юм. 1999 оны хавар Америкт ажиллаж байхдаа үеэл ахдаа нэг мотоцикль авч өгөөд “Үүнийг бага насны адуугаар сольчихоорой” гээд явлаа. Тэр зун Чойрт Боржигоны бүсийн наадам болох ёстой байсан болохоор “үрээгээ уяад аваад ирээрэй, би Америкаас амралтаа тааруулаад очно” гэж тохирсон байсан юм. Тэгээд хэлсэн ёсоороо хүрээд иртэл нөгөө мотоциклийг ах маань өөрөө уначихсан зогсож байна. “Та надад үрээ авч өгөх яасан бэ?” гэтэл “Тэнд уяан дээр байгаа” гэж байна. “Юун үрээ вэ?” гэсэн чинь “Манай найзын үрээ, би найздаа мотоциклиор сольчих үрээнд явъя гэсэн чинь өөрт байгаа юмыг өөр газраас хайгаад яахав. Миний хар даагыг өгчих гэсэн юм” гэж байна. Найз нь Ганболд гэж манай сумын уяач л даа.  Надад ч “юу л бол доо” гэж бодогдож байна. Тэгж байтал үрээгээ мордох болж, тэр том бүсийн наадамд хар үрээ маань айргийн дөрвөөр ирсэн. Ингэж л анх төрийн наадмын хишиг хүртэж, тэр том наадамд нутаг ус, аавынхаа нэрийг гаргаж байлаа даа.
-Нутгийн ах өгье л гэж өгч дээ?
-Сайн санааны үзүүрт тос гэдэг. Сайн хүлэг эзнээ хайна ч гэдэг. Хамгийн харамсалтай нь хар үрээгээ зуданд алдаад олоогүй юм. Их ч хайсан олдоогүй шүү. Тэгээд Америкаас ирснийхээ дараа энд тэнд амьтан ах дүүсийн бэлэглэсэн адуу малаа цуглуулж байтал Манлай уяач Оюунбилэг найз маань “Энд нэг Барга азарга байна. Би авах гэсэн чинь мөнгөний бололцоо алга. Чи авчих. Хэрвээ чи авахгүй бол би дараа нь чамд мөнгийг нь өгөөд авчихъя. Тэгэхгүй бол Эрдэнэт рүү зарагдчих гээд байна” гэж байна. Би Билгээд итгэж байсан болохоор нөгөөхийг нь үзсэн ч үгүй 1000 доллар өгчихлөө. Билгээ дараа нь бор азаргаа чи өөрөө авах уу, эсвэл би чамд мөнгийг нь өгөх үү гэхээр нь очоод үзтэл сайхан азарга байна. Тэгэхээр нь “өөрөө авлаа” гээд авчихсан. /инээв/ Урдаас орж ирсэн болов уу гэмээр Барга азарга л даа. Нэг жил уяж үзэхэд хоёр гурван жижиг наадамд 10 орчмоор  ороод ер нь гайгүй давхиж байна. Тэгэхээр нь 2004 оны улсын наадамд уралдуулсан чинь гучин хэдээр орчихдог юм. Дараа жил нь би Тайландад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод явахдаа Оюунбилэгт “Чи миний азаргыг уяарай” гэж захиж үлдээгээд явсан юм. Тэгсэн 2006 оны өвлөөс эхлээд бор азарга хурдалж эхэлсэн. Төв аймагт шинийн гурванд болсон нэг уралдаанд Цэнгэлийн саарал түрүүлж, миний бор азарга гуравт орчихдог юм байна. Тэр хавраа Өвөрхангай, Говь-Алтайд болсон том наадмуудад түрүүлсэн. Би Тайландад байсан болохоор бор азарганыхаа давхихыг үзэж чаддаггүй, сураг л сонсоод байдаг. Тэгсэн тэр зунаа уралдаад хөл нь доголчихсон байсан. Одоо төлүүд нь сайхан давхиж байгаа.
-Та нэгэнтээ надад ирсэн бэлэгний адуу сайн давхидаг гэж ярьж байсан санагдана?
-Тэр ч тийм шүү. Хүмүүс хэдэн зуун саяар  үнэтэй адуу аваад давхиуллаа гэдэг. Би тэгж байгаагүй ээ. Сайн санаат найз нөхөд, ах дүүсийн сэтгэлийн бэлэг болгож өгсөн адуу надад ирээд сайн давхидаг юм. 2007 онд юм уу даа. Амралтаараа нутагтаа ирсэн чинь  манай хамаатны дүү Дорноговийн овооны наадам, Сүмбэр-Овооны наадамд түрүүлсэн хязаалан үрээгээ надад  шууд бэлэглэдэг юм. Энэ танай угшлын адуу байгаа юм гээд. Тэр нь миний халзан азарга шүү дээ. Халзан азарга маань орон нутгийнхаа наадамд олон түрүүлсэн дээ. 2008 оны сонгуулийн дараа манайхан ургийн баяр хийх гээд нутагтаа очихдоо найзындаа зочиллоо. Тэгсэн чинь “Би чамд тээр жил нэг даага бэлэглээгүй юу. Энэ жил есөн настай сайхан морь болсон” гэж байна. Би тийм авснаа ч мартчихаж. Тэгээд найз маань “Би ямар морь уях биш. Манай энэ хүү цэргээс ирчихээд чиний хонгор морийг уяна гээд байх юм. Би чадахгүй байж хүний морины хөл авчихна гээд уяулахгүй байгаа” гэж байна. Тэгэхээр нь “Хүүгээрээ уяул. Хүү чинь ч морь уяж сураг, миний морь ч уралдаж сураг” гээд хэлчихлээ. Тэгээд нэг овооны наадамд очтол нөгөө хүү хонгор морийг уяад ирчихсэн байна. Их сайхан хөлийн хурдтай, арван хэдээр орж ирж байна. “Долоо хоногийн дараа манай ургийн баяр болно, миний дүү уяад очоорой” гэсэн чинь  хүү “тэгье” гэж байна. Манай ургийн баярт 100 гаруй их насны морь мордсон. Ер нь Дорноговийн бүх данжаад морьд ирсэн дээ.
-Данжаадаа?
-Сонин сонсогдож байна уу. /инээв/Манай нутгийнхан сайн морио “данжаад” гэдэг юм. Дээр үед данжаадууд хурдан морь үнэтэй худалдаж аваад, хурдлуулдаг байж л дээ. Тэр цагаа хойш данжаад адуу, данжаад морь гэж сайныг нь хэлдэг болсон юм гэнэ лээ. Ургийн баяр наадмыг зохион байгуулах гээд би гэдэг амьтан бөөн завгүй гүйж яваад өөрийнхөө морийг мордсоныг ч мартчихаж. Тэгсэн миний хонгор морь газрын дундаас гараад ирлээ. Хэн ч таньдаггүй. Би л муухан таниад байгаа. Яагаад гэхээр уясан хүүхэд нь хажууд нь мотоцикльтой давхиад байна. Тэгсэн хонгор морь маань их хол түрүүлсэн.
-Өнгөрсөн жил Хэнтийн даншигт айрагддаг хонгор чинь мөн үү?
-Тийм. Хонгор морь надад ирснээсээ хойш олон сайхан уралдсан. Ноднин гэхэд Хэнтий аймагт болсон “Сэцэн хааны хурд” даншиг наадамд айргийн гуравт хурдалсан. Энэ жил Дорноговьд болсон Хутагтын хурдад түрүүлсэн.
-Ургийн баярт түрүүлэнгүүт нь нааш нь аваад ирсэн юмаа даа ?
-Тэгсэн. Ургийн баярын дараа хоёр наадамд түрүүлсэн. Энд ирээд Даваахүү Тод манлайн нэрэмжит наадам уралдаанд арав гаргаж давхисан. Хонгор морины удмыг судлаад үзсэн чинь эх тал нь яг манай дээдчүүлийн угшлын адуу болж таарсан. Эх нь яг манай Дарханхүүд адуу байна лээ. Дарханхүүд гэж миний ургын овог л доо. Манай овгийнхныг нутгийнхан маань
Дарханхүүдийнхэн
Давхар саран тамгатай
Даамай сайн адуутай гэж ярьдаг юм. /инээв/ Манай нэг нагац ах өөрийнхөө хүүд бэлэглэсэн бөгтөр хүрэн гүүний төл болж таарсан хонгор морь. Өөрөө бас бөгтөр.
“Адуу цагаан мөртэй, эр хүний хийморийг өргөж явдаг амьтан”

-Манай сэтгүүлийн зочид  хамгийн их сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаас хуваалцдаг уламжлалтай.  Таны хувьд хамгийн дурсамжтай наадам хэдэн оны ямар баяр байв?
- 1978 оны 08 сарын 28-нд Даланжаргалан суманд их том наадам болсон юм. Миний багадаа үзсэн хамгийн том наадам тэр.  Тэр наадамд Ажаа бид хоёр явлаа. Их удаан явж хүрч билээ. Гэрээсээ бараг сарын өмнө гарсан санагдана. Тэр жилийн наадам үнэхээр сайхан болж, Ажаа бид хоёр гурван айраг авсан. Ер нь манай  Ажаа Даланжаргаланд уралдах дуртай байсан. Яагаад гэвэл 1958 онд анхны сумын наадамд шүдлэн, хязаалан хоёр түрүүлгэж байсан юм билээ. Хэнтий, Дундговь, Төв, Дорноговь , Сүхбаатар гээд их олон аймгийн, их олон хурд оролцсон тэр наадам говьд болж байгаагүй их өргөн наадам болсон гэж өвгөчүүл дурсан ярьдаг юм. Тэр том наадмаас хоёр түрүү авсан гээд ажаа минь 20 жилийн дараа зорьж очиж хэд хэдэн айраг хүртсэн юм. Тэр наадам л их сайхан санагддаг даа. Маргааш нь би 9 дүгээр ангид сурна гээд суудалд суугаад явж билээ. Ажаа маань сайхан нааддаг байсан болоод ч тэрүү би бас Даланжаргаланд наадах юмсан гэж бодоод л байдаг байсан. Энэ жил харин наадамд нь ганц үрээтэй очоод гурваар давхиулсан. Ер нь би хойд зүгт наадахаараа их одтой байдаг шүү. Говьсүмбэр аймагт олон удаа наадсан. Ихэнхдээ л ганц адуутай очоод түүнийгээ айрагдаж түрүүлгэдэг. “Хүнд ээлтэй дов гэж байдаг. Болохгүй дов руу миний хүү битгий очиж уралдаж байгаарай” гэж надад захидаг байсан. Үнэн юм шиг бодогддог шүү.
 -Та ММСУХ-ны дэд Ерөнхийлөгчийн сонгуульт албатай. Хэдийнээс холбооны ажилд оролцох болсон юм бэ?
-Намайг энэ холбоотой холбосон хүн бол Баярмагнай ах. Холбооны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Баярмагнай ах бид хоёр 80-аад оны танилууд.Анх шагайн харваан дээр танилцаж, дараа нь  шагайн холбоо байгуулахад Баярмагнай ах Ерөнхийлөгч нь болж байсан юм. Харин дараа нь1997 онд намайг Австралид сургууль төгсөөд ирэхэд шагайн холбоогоо надад өгсөн. Түүнчлэн намайг  моринд дуртайг мэдэх болохоор гадаад дотоодод байхад байнга холбогдож мэдээлэл өгөн холбооны тэргүүлэгчид оруулсан байсан. Би ч гэсэн аль болох цаг зав гаргаж уяачдын холбооны хуралд оролцдог байсан. Харин сүүлийн их хурлаар намайг дэд ерөнхийлөгчөөр сонгосон.
-Төв холбооноос явуулж байгаа зарим нэг бодлого шийдвэрийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Сүүлийн үед манай холбоо гадаад харилцаагаа өргөжүүлж, Азийн спортын холбоо, Австрали, Японы холбоодтой харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлж байгаа. Гаднынхан монгол хүн гэхээр агуу их түүхээр нь, өргөн уудам талаар нь, адуун сүргээр нь төсөөлдөг юм шүү дээ. Чингис хааны түүхийг дэлхийн улсуудын дунд сургуулиудад заадаг. Морио унаад дэлхийн талыг эзэлнэ гэдэг гайхалтай түүх. Монголчуудыг Чингис хаан, түүх, м?рь гурваар нь хамгийн түрүүн төсөөлдөг. Манай холбооны хувьд сүүлийн жилүүдэд их олон том уралдаануудыг зохион байгуулж байгаа.
Би хувь хүнийхээ хувьд нэг зүйл дээр жаахан шүүмжлэлтэй ханддаг. Морь уяна гэдэг нүүдэлчин монголчуудын өөр хаана ч байхгүй соёл. Гэтэл сүүлийн үеийн хандлагыг харж байхад хэт спорт тал руу нь хөгжүүлээд байна. Айхтар ширүүн өрсөлдөөн бий болгож, асар их хэмжээний бай шагнал олгож байна. Энэ нь монгол үндэсний соёл, зан заншлыг нь алдагдуулж, морины соёлд буруугаар нөлөөлөх сөрөг үр дагавартай. Бай шагналын төлөө улайрсан хэт их өрсөлдөөн болж түүнээс үүдэлтэй олон сөрөг үр дагавар гарч байгаа. Уг нь морь уяна гэдэг хүмүүсийг хооронд нь нөхөрлүүлдэг, монгол эр хүнд хүмүүжил, соёл, зан заншил сургадаг зүйл шүү дээ. Морьтой нөхөрлөсөн эр хүн уужуу тайван сэтгэлтэй, хүнлэг нандин чанартай болдог. Морь гэдэг хийморилог амьтан энэ сайхан зан чанарыг хүнд төлөвшүүлдэг. Товчхондоо адуу гэдэг цагаан мөртэй, эр хүний хийморийг өргөж явдаг амьтан. Эр хүний хийморь өөдөө байвал гэр орны амьдрал, ахуй дагаад дэвждэг. Дээхэн үед 75 төгрөгний дурангаар шагнахад хамгийн том байд тооцогдож уяачдын магнай тэнийдэг байлаа.  Толгой лаа, булан цай өвөртөлчихөөд элдэв хор харгүй сайхан нааддаг байсан.
-Гэхдээ цаг үе өөрчлөгдөж, мөнгөний ханш унаж байна шүү дээ?
-Амьдралын өртөг өөрчлөгдсөн нь үнэн. Гэхдээ баяр наадмыг спорт, өрсөлдөөн тэмцээн гэхээсээ монголын ард түмний өнө эртний үнэтэй чухал соёл гэсэн утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэр тал дээр нь анхаарч, хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй. Морь уяна гэдэг өрсөлдөж тэмцэлдэхийн нэр биш. Үндэсний заншлаа сэргээн, хойч үедээ өвлүүлэх, залуучууддаа тэрхүү соёлд сургаж, ах захаа хүндэлдэг болгоход анхаарах хэрэгтэй.  Энэ мэт өв соёлын үнэт чанар нь суларснаас болж уяан дээр захын улсууд ялих шалихгүй зүйлээс болоод маргалдаж байна. Гэтэл эрт дээр үеэсээ өвөг дээдэс үүнийг хатуу хорьж ирсэн. Ер нь бол товчхондоо эр хүний энэ сайхан цагаан наадгайг цагаанаар нь авч үлдэх хэрэгтэй байгаа юм.
- Монголын хамгийн үнэтэй адуугаар тодорсон хээр азарганы дуулиан намжаагүй л байна.  Адууны үнийг ийнхүү хөөргөдөх нь сайн муу ямар талтай вэ?
-Монголын бүх сайхан хүлгийг худалдаж авна гэж байхгүй шүү дээ. Би нэг зүйлийг ойлгодоггүй. Үнэ цохиж худалдаж аваад хурдлуулна гэдгийг би гайхаад байдаг юм. Хэдхэн хоногийн өмнө тэнгэрт тулсан үнээр авсан адуу айрагдахад уяачийн жаргалыг мэдрэх үү?  Сүүлийн үед уралдахынх нь урьд өдөр очоод худалдаад авчихдаг болж. Тийм адууг хүмүүс хуучин эзнээр нь л хүлээж авна шүү дээ. Хүмүүс Наранхүүгийн хээр азарга гэхгүй, Сүхбаатарын хээр азарга л гэж байгаа биз дээ.
“Хурдан морь уралдуулж, тэр олон хүнийг баясгана гэдэг их  буян шүү дээ”

-Морь уях бол түүхийн үнэт өв, соёл гэдгийг ойлгуулахад төв холбооны зүгээс бодлого боловсруулах ёстой юм шигээ?
-Санал нэг байна. Үндэсний соёл гэдэг утгаар нь ухуулан сурталчлах ажлыг төв холбоо хийх ёстой. Бай шагналаас илүүтэй морь уяхын баяр жаргал бахдал, эргэн тойрныхон болон өөрийнх нь амьдралд гарсан эерэг сайн талуудыг нийтэд мэдээлж, нийгмийн анхаарлыг тэр зүгт нь хандуулах учиртай.  Хурдан морь уралдуулж, тэр олон хүнийг баясгана гэдэг их том буян шүү дээ.
-Уулзсан зочдоосоо эрлийз монгол адууг ялгаж уралдуулах тухай шийдвэрийн талаарх сэтгэгдлийг хуваалцаж байгаа юм. Та энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-Энэ шийдвэрийг гаргуулах гэж их зүтгэсэн хүний нэг нь би юм шүү. Түүнээс болоод сүүлийн үед сэтгүүл сонингоор их шүүмжилдэг болсон байна лээ. “Батсуурь дахиж их хуралд нэр дэвших гэж байгаа учраас өөрийнхөө сонгогчдод таалагдахын тулд морины хөгжлийг хойш нь татлаа” гээд л. Үнэндээ надад тийм хувийн ашиг сонирхол алга. Эрс тэс ялгаатай хоёр адууг хооронд нь уралдуулсаар байгаад нэгийг нь үрж, бүр устах аюулд хүргээд байна шүү дээ. Адууг унаж эдлэхэд биш, уяж сойход л ашиглаж байна шүү дээ. Гэтэл уяж сойдог нь эрлийз араб адууг гүйцэхгүй болохоор хүн болгон адуугаа эрлийзжүүлнэ биздээ? Бүгдээрээ эрлийзжүүлчих юм бол монгол адуу генийн хувьд устаж үгүй болно. Монгол адуу дэлхийд хаана ч байхгүй өвөрмөц үүлдэр. Маш хүдэр чийрэг, хатуужилтай. 2002 онд Исландад очсон юм. Англиас цааш байдаг арлын жижиг улс л даа. 300-хан мянган хүн амтай. Амьжиргааны түвшин өндөр, хүмүүс нь бүгд хувийн эдлэн газар байшинтай. Тэднийх нь гадаа арав, хорин адуу байна. Тэр адуу нь манай адуунаас ч жижигхэн. “Яагаад адууг ийм олноор тэжээдэг юм бэ?” гэж асуусан чинь “манай Исланд адуу бол дэлхий дээр хаана ч байхгүй” гэж байна. “Адуугаа уралдуулдаг юм уу” гэсэн чинь “Үгүй, манайх уралдуулдаггүй” гэж байна. “Иддэг юмуу” гэсэн чинь “үгүй, адууны мах иддэггүй” гэж байна. “Тэгээд та нар юу хийдэг юм бэ” гэсэн чинь “Зүгээр л тэжээхгүй юу. Та нар нохой, муур тэжээдэг биздээ. Иддэггүй, унадаггүй мөртлөө тэжээдэг л биздээ. Тэрэнтэй адил” гэсэн. Бусад улс үндэстэн өөрсдийн гэсэн зүйлээ ийнхүү нандигнаж байна шүү дээ.
-Сонгууль ойртсоных уу? Хэд хэдэн аймгийн уяачдын холбооны дарга өөрчлөгдсөн. Энэ нь мориор дамжуулж олон нийтэд нөлөөлөх гэсэн хандлага их байна гэсэн үг үү?
-  2008 онд аймгийнхаа морин спорт уяачдын холбооны тэргүүнээр сонгогдсон. Уяачдын холбоо гэдэг бол сайн дурын үндсэн нэгдсэн төрийн бус байгууллага. Уг нь тэрний удирдлага нь хэн байх нь тийм ч ач холбогдолтой зүйл биш  баймаар. Гэхдээ нуугаад яахав нэг  үе мориор дамжиж улс төр хийх гэсэн сонирхолтой хүмүүс олон байсан. Харин хэвлэлийнхэн, Баабараас эхлээд “уяач улс төрчид” гээд л нэг хэсэг баахан туусан. Тэр давалгаанд түр зуурын шохоорхолтой, мориор дамжуулж улс төр хийх гэсэн хүмүүс нь гараад явчихсан. Лав их хурлын хэмжээнд. Одоо бол үнэхээр адуунд сонирхолтой, сэтгэлээсээ ханддаг хүмүүс л үлдсэн.
-Ажлын шугамаар гадаад дотоодын олон оронд явж байсан. Явсан улс орныхоо морин спорттой хэр хэмжээнд танилцаж амждаг байсан бэ?
-Гадны улс оронд морин уралдаан түгээмэл байдаг.Тэдгээр уралдаанууд манайд зохиогддог уралдаанаас тэс  өөр зорилготой. Цэвэр мөрийтэй тоглоомын хэлбэртэй гэж хэлж болно. Казинотой дүйцэхүйц, түүнтэй адил хуулиар зохицуулагддаг, зөвхөн ашиг орлого олох үүднээс бизнесийн маягаар зохион байгуулагддаг.
-Энэ жил хичнээн адуу тэжээж байгаа вэ?
-Хоёрхон адуу л тэжээж байгаа. Хоёроос илүү тэжээх боломжгүй. Морь тэжээхэд асар өндөр зардал гардаг. Тийм учраас жилдээ нэг юмуу, хоёрыг л оруулж ирдэг юм.
-Бусад нь хаагуур нутагладаг вэ?
-Манайх гурван азарга адуутай болсон. Адуу их хурдан өсдөг юм байна. Сүүлийн жилүүдэд манай нутагт цаг улирлын байдал таатай сайхан байлаа. Өвөл нь сайхан өнтэй, зун нь дэлгэр. Адуу маань нутагт байдаг.
-Та дээр адуу дагасан их соёл гэж ярьсан. Тэрхүү соёлын нэгээхэн хэсэг болсон морины эдлэл хэрэглэл эмээл, хазаарын тухайд та ямар сонголт хийдэг вэ?
-Ажаагаас маань өвлөгдөж ирсэн морь уях иж бүрэн хэрэгсэл бий. Эмээл, хазаар, хусуур, сойз, чөдөр, зэл нь хүртэл. Тэднийгэ гамнаж хайрлаад морио барьж уях болон уралдах өдөр л хэрэглэдэг юм.  Манай Ажаа Батноров хийцийн дунд гарын эмээл, хулсан ташуур хэрэглэдэг байсан. 
-Сүүлийн үеийн эрчүүд хөөргөндөө ихээхэн ач холбогдол өгөх болж?
-Чүнчигноров хөөрөг барьдаг. 
-Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна