Аймгийн Алдарт уяач Б.Цээнзэн: Нэг жил гурав түрүүлсэн адууны хурд харьдаг

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 12 -нд

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цээнзэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Төрийн хан хуурчийн төрсөн ахтай уулзаж байгаадаа олзуурхаж байна. Цээнзэн баавай нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-90 шахаж байнаа. Бид эцэг эхээс зургуулаа. Би айлын ууган хүү. Цэрэндорж  манай хамгийн бага нь байгаа юм. Миний эцэг Банзрагч гэдэг хүн сайхан дуулдаг, морь сайн уядаг хүн байсан. Банзрагчийн эцэг буюу миний өвөө Бат-Очир гэж бас их сайхан дуулдаг, хуурддаг хүн байсан гэдэг.
-Цэрэндорж гуай өвөөгийн эрдмийг өвлөж хуур татдаг болжээ дээ?
-Манайхан цугаараа сайхан дуулж, хуурдана. Дашдорж гээд манай дүү бид хоёр эцгийгээ дагаж дуулсаар байгаад “Хурдан сайхан” “Түмэн эх”, “Эр бор харцага” гээд дээр үеийн найранд дуулагддаг олон сайхан уртын дуу сурсан. 200 гаруй уртын дуу мэднэ. Томчууд найрлаж байхад  дүү бид хоёр айлын үүдэнд суугаад дуулж байгаа хүмүүсийг харна. Тэгээд гэртээ ирсэн хойноо ааваараа заалгана даа. “Хүрэн толгойн сүүдэр”, “Шалзат баахан шарга” зэрэг дуунуудыг бол сүүлд Долгоржав, Лхамсүрэн, Дорждагва нарын Гавьяатууд дуулж байхад өөрийн сонсголоор сурсан. Одоогийн энэ богино дуунуудыг бол хүүхдүүд дагаж дуулж байгаад сурсан. Гэхдээ цөөхөн дөө. Дуулахгүй байхаар үгийг нь мартчих юм. 1950-н хэдэн оны үед сурч байсан дуунуудыхаа үгийг заримыг нь мартсан байна лээ. Ах нь Өмнөговь аймгийн “Соёлын ордон” гэж байхаас эхлээд театр болтол нь 21 жил дуулсан. Ноднин аймгийн 80 жилийн ойгоор очиж уртын дуу дуулсан нь 22 дахь удаагийнх нь юм. Тайзан дээр бол найрны дуу дуулахгүй дээ. “Хурдан сайхан”, “Ар хөвч”, “Арван тавны сар” “Хүрэн толгойн сүүдэр”  зэрэг арай богинодуу дуунуудыг голдуухан дуулдаг.
-Аав тань хуур татдаг байсан уу?
-Аавын минь хуур одоо ч манайд хадгалаастай бий. Ганц хуур ч биш им, тамга гээд бүх л зүйл нь айлын том хүү гэдгээрээ надад өвлөгдсөн.Тэр бүү хэл аав, ээж хоёр барьж байсан хөөргүүд бидэнд бий. Аавын хөөргийг би, ээжийн хөөргийг эхнэр маань барьдаг.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Ээж чинь дуулах уу?
-Тэрүүхэндээ дуулнаа. Гэхдээ залуудаа ямар ч эр хүнээс дутахааргүй морь уургалдаг, булгиулдаг байсан гэдэг юм. Адуунд их эрэмгий хүн байсан юм гэнэ лээ. Тэгээд аавтай суугаад “эр нөхөртэй болсон хүн уурга барихгүй” гээд морь уургалахаа больсон гэдэг. Ээжийн тэр эрэмгий занг бас манайхан өвлөсөн. Манай Дашдорж бид хоёр  эмнэг хангал адуунаас эмээж байсан удаагүй. Би хүн болсоор хоёрхон удаа л мориноос унасан. 70 хэдтэйдээ нэг, 80 хүрэхдээ нэг ойчсон. Одоо бол булгиулах нь  битгий хэл мордож чадахаа байж дээ. Энэ жил гэхэд л ерөөсөө морь унаагүй. Хүүхдүүд хэмхэрчихнэ гээд унуулахгүй юм.
-Нэгдлийн адуу сургадаг байв уу?
-Залуу ч байж, аархуу ч байж нэгдлийн олон сүргээс аль хангал догшиныг нь барьж аваад унадаг байлаа. Бас болоогүй ээ, арай нэг давхичих, ядаж л азарга тавьчихаар үрээг нь сонгож аваад унадаг байсан.
-Тэгвэл хурдан морины уяа эвлүүлсэн нь хэдэн оноос вэ?
-1956 онд. Уургынхаа бор морийг унаад хуралд очсон чинь морь уралдаж, бөх барилдаад том наадам болж байна. Хүмүүс морь мордуулаад байхаар нь унаж явсан бор морио мордуулчихлаа. Тэгсэн харин түрүүлээд ирдэг байгаа. Морь түрүүлэхээр хүн чинь урам ордог юм билээ. Тэгээд 1959 оны наадамд азарга, их нас, соёолон, хязаалан уясан чинь соёолон нь түрүүлээд, нөгөө гурав нь айрагдчихдаг юм байна. Түүнээс хойш хурдан моринд эргэлт буцалтгүй орсон л доо. Морьд маань ч урамтай сайхан давхисан. Цоохор азарга гэхэдл 14 жил уралдахдаа долоо түрүүлж, долоо айрагдсан. Бас нэг хээр азарга гэхэд зургаа түрүүлж,  хоёр аман хүзүүдсэн. Бас нэг биеэр бага азарга хоёр жилийн наадамд түрүүлээд эндчихсэн. Богино настай болоод л тэгтлээ хурдалж байсан амьтан байх даа. Километр  газар тасарч түрүүлдэг байсан юм. Тэгээд ирсэн хойноо хөлсийг нь хусах гэхээр баригддаггүй тийм омогтой байж билээ. Ер нь нэг хэсэг ямар ч наадамд хоёроос дээш адуу оруулдаг байлаа. 1982 оны наадамд нэг дор дөрвөн адуу түрүүлэхэд сэтгэл зовж билээ.
-Яагаад тэр вэ? Харин ч бахдалтай юм биш үү?
-Би ганцаараа наадаж  байгаа биш дээ гэж бодогддог юм билээ. Таван даага мордуулахад бүгд айрагдчихаар хүн бахдахаасаа илүү санаа зовдог юм билээ. Өмнө нь гурван морь түрүүлээд, хэд хэдэн адуу айрагдахад тэгтлээ санаа зовдоггүй байсан. Түрүү гэдэг ч хүнд л юм билээ.
-Танай нутгийн нэг уяач Цээнзэн угшлын адуу гэж байсан нь оргүй бололтой?
-Сайхан хурдан буянг олонтойгоо хуваалцалгүй яахав ээ.
-Яриаг тань сонсож байхад нэг адуугаар олон жил тогтмол амжилттай нааджээ. Ер нь жилдээ давхар уяагаар хэд уралдуулдаг байсан бэ?
-Наадах чинь их учиртай шүү. Одооны залуус сайн морио гамнаж мэдэхгүй, эндүүлээд байх юм. Намайг залууд Манай сумын уяач Балдандорж гэж хүн “за хүү минь нэг жил нэг адууг гурав түрүүлгэдэггүй юм. Тэгвэл хурд харина” гэж захисан юм. Ямар ч хурдан бай хоёр түрүүлчихсэн бол адуунд нь тавьж сур гэсэн үг л дээ. Буурлуудын тэр сургаалийг би ягштал биелүүлдэг байсны хүчинд нэг адуугаар 15-16 жил наадсан байх. Монхор хэмээх Дэндэв гэж мундаг уяач байлаа. Тэр хүн аймагт түрүүлгэсэн морио суман дээрээ түрүүлгээд, Манлайд очиж давхиулахдаа морио сольж байсан.
-Буурлуудын сургаал амьдрал дээр биеллээ олсон жишээг та мэдэх үү?
-Мэднээ, манай сумын мундаг уяач Жуурайдорж гэдэг хүний их нас, соёолон хоёр сумынхаа наадам, овооны наадамд гээд нэг жил гурав түрүүлчихлээ. Нээрэн тэрнээс хойш тэр хоёр морь шөрмөсөө цохиж доголоод дахин түрүүлээгүй. Бас Цогтцэций сумын Дүнтэн гэж хүн байлаа. Тэрний бор азарга нь аймагт түрүүлээд, Мандал-Овоо, Баяндалайд түрүүлчихээд ирсэн. Түүнээс хойш  би тэр бор азаргыг давхиж байхыг үзээгүй. Тэгэхээр нутгийн буурлуудын  сургаал  үнэн байсан байгаа биз. Ер нь ахмад хүний үгийг дуулж байх ёстой юм шүү. Өвгөн ах нь өдий хүрэхдээ “миний морь хурдлаасай, тэрнийх битгий давхиасай” гэж хувиа бодож байгаагүй. Тийм бодолтой хүний морь ч хурдалдаггүй.  Хурдан тууртын буянаар цээж тэнүүн, магнай тэнэгэр явснаа хар хорын сэтгэл агуулаагүйнх гэж боддог юм шүү.
-Хүүхдүүд тань морь уяж байна уу?
-Хөдөө морь мал уядаг хоёр хүү бий. Даанч морь унах хүүхэдгүй тэр бүр  уралдаж чадахгүй байх шиг байна. Хүний хүүхэд гуйхаар унагаж гэмтээчихнэ гээд өгдөггүй бололтой. Ингээд л сайхан хурдан морьд нь  байгаа ч уях, унах хүн алга. Адуу хүртэл сэвэлзүүр зантай болчихоод байна.
-Сэвэлзүүр зантай?
-Тийм. Унаж эдлэхгүй мал таргалаад ааш нь эвдрэлгүй яахав дээ. Ах нь 13 хүүхэдтэй. Нэг хүү маань чам шиг сэтгүүлч ажилтай. Бас шүлэг, найраг оролдоно. “Тэнгэрийн говь минь” дууны үгийг зохиосон Галбадрах гээд залуу бий.
-Ханхуурч нутагтаа ирж байна уу?
-Ирнээ. Жилдээ нэг ирдэг юм. Гэхдээ урилгаар ажлаар ирээд голдуу суман дээр байж байгаад явчихдаг. Манай дүү хүүхэн аав ээжийн голомтон дээрээ байж байгаад бурхан болсон. Тэр дүүгийн хүүхдийнд ирдэг юм. Би ирсэн сургаар нь очиж уулздаг. Хааяа аажуу тайвуу бол манайд ирнэ.
-Сэтгүүлийн зочноор оролцохоор тэр холоос зорин ирсэн танд маш их баярлалаа. Эрүүл энх байж, урт наслаж удаан жаргаарай.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Миний нутгийнхныг сурвалжлахаар тэр холоос ирсэн явдалд. Та бүхэн ажилдаа өндөр амжилт гаргаж, сайн сайхан бүхнийг олон түмэндээ түгээж яваарай.

"Тод магнай" сэтгүүл №36

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна