Алдарт уяач Ц.Ядамцоо: Аймгийн анхны хаврын уралдааныг санаачлан, таван жил ганцаараа зохион байгуулж байлаа

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 10 -нд

Улаангом сумын МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ц.Ядамцоотой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Улаангом сумын МСУХ-г тэргүүлэх болсоор удаж байна уу?Тус холбоо хэзээ байгуулагдаж байв?
-Увс аймагт анх МСУХ үүсгэн байгуулагдахад Тариалан сумын харьяат уяач Жаваа, малын эмч Цэдэв, Нисэхийн дарга асан Даваажав нарын нөхөдтэйгээ нийлж, анхны хурлыг хийлцэж явлаа. Улмаар Улаангомдоо салбар холбоог үүсгэн байгуулж, тэргүүлэгчээр нь ажиллаж байгаад ноднингийн 4 сараас тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Анх МСУХ байгуулагдахад төвөгтэй асуудлууд үнэхээр их байлаа. Хаврын уралдаан хэл амтайхан байхад аймгийн анхны хаврын уралдааныг санаачлан, таван жил ганцаараа зохион байгуулсан. Анхны уралдаанд хүмүүс оролцохгүй, долоохон мориор бооцоо тавьж эхлүүлж байлаа.Арга ч үгүй биз дээ. Уралдаан хөгжөөгүй, хуучнаараа тоотой хэдэн наадамдаа уралдчихаад болоо гэж боддог байсан үе л дээ. Өөрөөр хэлбэл 1997 онд 30, 30 мянган төгрөг бооцоонд тавиад долоон морь уралдсан юм. Тухайн үедээ өндөр бооцоотой байсан юм шүү. Ёстой янз бүрээр хэлэгдсэн ч зүтгэсээр таван жил зохион байгуулаад, аймгийн МСУХ-ны тэргүүнээр Төгсөө болоход хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл уламжлал болон зохион байгуулагдсаар байгаад баярладаг. Өнөөдөр аймгийн төвийн бүсийн уралдаан гэж боллоо. Ноднин би Улаангом сумын МСУХ-ны тэргүүний ажлаа аваад аймгийн төвийн бүсийн уралдааныг сумаасаа зохион байгуулсан юм. Өнөө жил бас Улаангом сумын МСУХ, сумынхаа Тамгын газартай хамтран аймгийн төвийн бүсийн уралдааныг зохион байгуулаад явж байна.
-МСУХ-ны анх тавьсан зорилт юу юу байв?
-Морь гэдэг чинь хүнд хүчтэй нөлөөлдөг амьтан байхгүй юу. Монгол хүний яс цусанд шингэсэн амьтан учраас морийг хөгжүүлэхсэн  гэж моринд сонирхолтой хүмүүс байж ядаж байсан үе. Тэгтэл Пунцагбалжир гуай их гоё юм сэдэж гаргаж ирснээр бид ч урам зориг орж, баяртайгаар дэмжиж оролцсон юм. Холбоо байгуулагдаад залуучуудаар хүрээгээ тэлэхийг хүсч байлаа. Миний хувьд хүн бүр морины төлөө идэвхитэй ажиллаасай гэж хүссэн. Үүний тулд уралдаан наадмаа олон болгох, морио хөгжүүлэх, уяачдаа дэмжих гээд л олон асуудал яригдаж байлаа.
-Та бүхний хичээл зүтгэл биеллээ олсон уу?
-Ололгүй яахав. Манай аймаг хурдан хугацаанд идэвхийлэн ороогүй ч ерөнхий массаараа хүчээ авч, хөгжөөд ирж байгаа нь бидэнд мэдрэгдэж байлаа. Бид ч холбооныхоо төлөөр зүтгэсэн. Алслагдсан аймгуудыг хамруулж, идэвхижүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ өөрсдөө эхэлж сэтгэж, хүмүүсийг уриалан дуудаж биеэрээ үлгэрлэхийг боддог байлаа. Анх удаа би Увс аймгаас морь ачиж, 1998 онд Хархорины “Их хурд”-д очиж байлаа. Тэгж зүтгэсний ч үр дүн гарч манай галын Ганбаатарын улаан морь айргийн дөрвөөр давхиж, үнэхээр сайхан наадаад ирсэн.
-Улаангом сумын хэмжээнд хичнээн хүн морь уядаг вэ? Тэдгээрээс аймаг, сумын цолтой хичнээн уяач байна вэ?
-Улаангом суманд харьяалагддаг аймгийн Алдарт уяач 60 бий. Харин сумын Алдарт хорин хэдэн хүн бүртгэгдсэн байдаг юм.
-Улаангом сумын МСУХ-ноос зохион байгуулдаг хичнээн уралдаан байдаг вэ?
-Өнөөдөр Улаангом суманд зохион байгуулагдах морин уралдаануудыг манай МСУХ зохион байгуулахаар удирдлагуудтайгаа тохирсон. Би ч морины төлөө яваад сайн муугаар элдвээр л үзэгдэж дассан хүн. Морин уралдааныг зөв утгаар нь хөгжүүлье, үндэсний ганц спортоо ингэтэл нь битгий хаяач гэж уйлагнасаар байж сумын Засаг даргын захирамжийг гаргууллаа. Морины өв соёлыг зөвхөн Монголчууд авч яваад зогсохгүй нийт хүн төрөлхтөний биет бус өвөөр бүртгэгдсэн соёл шүү дээ. Гэтэл бид өөрсдөө авч явж чадахгүй хоцроод байгаад сэтгэл зовнидог. Үнэндээ хотын уяанаас манай аймгийн уяа маш их хоцрогдчихлоо. Гэхдээ цаг үеэ дагаад залуучууд моринд их орж байгаа энэ үед сайхан ойлголцоод хөгжүүлээд л явмаар байх юм. Дээр нь хүүхдийн асуудал байна. Энийг далимдуулаад ямарч утга учиргүй захирамж гаргаад орхичихно. Шинийн 8-наас эхлээд бусад газарт уралдаан хийгээд болж байхад манай аймагт 4 сарын 1-нээр уралдаан хийж яагаад болдоггүй юм бэ. Газар сайхан тарлачихсанбайна шүү дээ. Ингээд шийдвэр гаргачихаар бид хэлмэгдээд явчихаж байгаа юм. Ийм болоод л манайд морин спорт хөгжихгүй байна. Энэ тухай ингээд ярихаар Ядамцоо гэж солиотой юм бооцоотой уралдаанаа  хийх гэж байгаа биз гэж ярих хүмүүс олон гарна. Уг нь манайд хурдны удам угшил нь байна. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг дээ.
-“Их хурд”-д хэдүүлээ явж байсан бэ? Тэгэхэд Хэнтийгийнхэн сарын өмнө очиж байсан гэдэг?
-Хүмүүс чинь айхтар юм билээ. “Сар хайрханы даншиг”-т ордог Туяагийн халиуныг морины хорхойтнууд андахгүй. Тэр үед өвгөн бүр эрт оччихсон байсан гэнэ лээ. Бидний хувьд явах асуудал шийдэгдэхгүй байсаар нэлээд тулгаж очсон. Хүсч тэмүүлж очсон болохоор тэрүү аз ивээж, манайхны морьд гайгүй сайн давхисан. Дээр үеэс түүхэнд батлагдсан Тэсийн голын адууны хурдныг тэнд баталж, нутгийн нэрийг дуудуулан, халх даяар цуурайтуулсан юм. Түүнээс хойш урам зориг их нэмсэн. Улмаар Айдасын даваагаар морь давуулах хүсэлдээ хөтлөгдөж, 2000 онд хот руу явж, Яармагийн дэнж дээр гал гарган бууж, морио уралдуулж байлаа. Тэр үед ЗИЛ-130 машиныг өндөрлөж гурав дөрвөн морио ачаад, жолоог нь дүүгээрээ бариулчихлаа. Өөрөөр хажууд УАЗ-469 машинтай дагаад явж байгаа юм. Бинзен тос ч гэж замбараагүй юм болсон. Гэхдээ дуртай юм болохоор тэрийг ч тоолгүй замд гарсан нь тэр. Ингээд дараа жил нь дахиад улсын наадамд очиж, айраг түрүү аваагүй ч хоёр морь зуугийн дотор ирсэн юм. Цагаанхайрханы адуучин Жаргал, би, Баруунтуруунын уяачид гээд газар газраас санаа нийлсэн хүмүүс нийлж очсон. Тэгэхэд би аймгийн сүлд болсон, энд долоо түрүүлсэн жороо хээр морьтойгоо очсон байлаа. Манай энд чинь жороо морь их сонирхоно ш дээ. Хүй долоон худгийн дэнжид нэг жижиг гэртэй, хэдэн морь ачаад оччихсон бидэн дээр гавьяат сэтгүүлч Амбасэлмаа ирэх нь тэр. Холоос ирсэн улс сонин байсан байх л даа. Мэнд ус мэдээд би “моринд дуртайдаа халхын тоосонд хутгалдах гэж яваа юм. Тэрнээс биш нэг их амжилт горьдохгүй байна” гэвэл “яасан сонин юм бэ?” гэж дуу алдсанаа ярилцлага авнаа гэнэ. Сандарсандаа татгалзвал “өөр юм хэрэггүй. Саяныхаа үгийг л хэлчих” гэхээр нь зөвшөөрч, би жороо хээр морио жороолуулж байгаад бичлэг хийлгэлээ. Явахдаа 7-р сарын 10-нд телевизээр гарна шүү гэнэ. Наадам гэж бужигнаж байтал 7-р сарын 11-ний өглөө хотод байдаг нутгийн улс манай галаар ирцгээлээ. Өмнө нь нэг ирээд буцсан болохоор амьхандаа туршлага сууж, нэг том эрээн гэр барьж зочдоо угтаж, үднэ. Бас хажууханд нь өөрийнхөө жижиг гэрийг барьчихсан байгаа. Тэр үед нутгийн сайд дарга нар, Мөрдөн байцаах газрын дарга бөхчүүд, Баянаа аварга, Гантогтох, Бумбаяр, Балжинням аварга, Сүхбаатар зааныхан гэр бүлээрээ Увсынхаа гал дээр ирж, наадмын хэдэн өдөр бид хөлд дараатай өнжиж билээ. Тэндээс Хархорины“Их хурд” руу гарцгаасан юм.
-Хоёр дахь “Их хурд”-д морь айрагдуулж чадсан уу?
-Чадаагүй.

 Улсын наадмын өндөр довон дээр айраг, түрүү авч тодроогүй ч Халхын том уяачид мэднээ, намайг

-Жороо хээр морио улсын наадмын жороо морины уралдаанд уралдсан уу?
-Тэгэлгүй яахав. Уралдаад ёстой нэг үзүүлэх тоглолт хийх шиг болсон. Морь маань сайхан жороолно. Би ч өөрөө жигтэйхэн гоёчихсон байсан болохоор гадаад, дотоодын баахан хүн шавуулсан даа. Жороо чинь дотроо гурван хөлдөнө, арилжина, сайвар гээд их олон янз. Миний морь дөрвөн хөлийн тэгш жороотой, ерөөсөө алдаж гишгэж байгаагүй. Тэгээд Яармагийн дэнжийг хоёр тойроод түрүүлээд ирж байтал хэсэг бүлэг танхайдуу залуучууд давхиж ирж бүрхээд авлаа. Дахиад жороондоо ороод сугараад ирэхээр л өнөө хүмүүс бүрхэж давхиад болдоггүй. Ёстой хүний нутагт дээрэлхүүлнэ гэдгийг үзүүлсэн дээ. Сүүлдээ миний ч шар гозойгоод морио татаад зогссон. Үзэж байсан хүмүүс чи бараг түрүүллээ, бариагаа ав гэж байсан ч очилгүй яваад өгсөн. Түүнээс хойш дахин жороо морьтойгоо очоо ч үгүй. 
       Манай энд чинь жороо моринд их ач холбогдол өгдөг юм. Тэсэд сар шинээр хатирч, жороо морьдын уралдаан болж, томчууд унаж уралддаг байлаа. Өвлийн хасах 50 градусын хүйтэнд уралдана гээд бод доо. Бас л шандас,тэвчээр шалгасан уралдаан байгаа юм.
-2000, 2001 онуудад улсын наадмын хурдан морины уралдаан нэлээн будлиантай болсон. Энэ холоос зориод очсон хүнд ямар санагдаж байсан бэ?
-Үнэндээ айраг, түрүү горьдоогүй ээ. Улсын том уяачид гэдэг миний хувьд бурхан шиг улс шүү дээ. Бидний хувьд ямарч байсан улсын наадмын тоосонд ороод ирье. Хийморь сэргэж, орон нутагт сайхан наадна бизээ гэж бодсон юм. Тэр үедээ дэмий явж байгаа юм шиг санагдах үе байсан ч буруудаагүй юм шүү. Түүнээс хойно МСУХ-ны зургаадугаар их хуралд хувийн зардлаараа очиж оролцож байлаа. Хэдийгээр улсын наадмын өндөр довон дээр айраг, түрүү авч тодроогүй ч Халхын том уяачид мэднээ намайг. Увсын ийм сэгсгэр юм яваад байдаг гэж.
-Таныг адуутай ийнхүү нөхөрлөхөд юу нөлөөлсөн юм бэ? Таныг жолооч хүн гэж байсан.
-Манайхан Бөхөөнхөн гэж удмаараа хурдтай,уяач улс. Тэрний дотроос Бөхөөн Цэвээн гэж миний аав онцгой хурдан адуутай, айхтар уяач явлаа. Хөдөөгийн хүү би багадаа аавынхаа уясан хурдан морьдыг унадаг байлаа шүү дээ.
-Цэвээн гуайн нэртэй ямар ямар хурдан хурц хүлгүүд байв? Мэдээж Тэс адуугаараа нааддаг байсан байх даа?
-Тиймээ. Манай аав их олон адуугаа нэгдэлд  нийгэмчилсэн хүн. Их ч чанартай адуутай байсан. Тэсийн хөдөөгөөр таван суурь адуу дүүрчихсэн байхад манай адуун дотор хорь гаруй цайвар бор морьд явдаг байсан. Адуунд явсан хүн дурандаж байгаад цайраад харагдвал Цэвээний адуу байна гэж дор нь танина. Аавын маань уясан бүхэн давхидаг. Манай Май хээр морь Тэс сумандаа долоон жил дараалан түрүүлсэн адуу. Сүүлдээ хүмүүс аман хүзүү, айргийн морь асуухаас биш түрүүг нь асуухаа ч байчихсан тийм үе байдаг байлаа. Тэгэхэд таван жил дараалан Хөх харзны улаан бор морь хоёрт ирдэг байлаа. Улсад Бат-Эрдэнэ аварга түрүүлж, Балжинням, Мөнх-Эрдэнэ арслан үзүүрлэдэг шиг л. Ээж маань бидний багад өвчний улмаас бурхан болж, аав хэдэн өнчин хүүхэдтэйгээ ганцаараа үлдэж, бүгдийг нь хүн болгосон доо. Би жолооч болоод хэдэн жил адуунаас завсарласан. Тэглээ гээд мориноос холдоно гэж байхгүй юм билээ.
-Та Май хээрээ унаж хурдлуулдаг байв уу?
-Манай эгч Дадав Май хээрийг олон жил унаж түрүүлгэсэн. Би сүүлд хавьд нь унаж байсан юм. Хөөрхий Май хээр маань сүүлдээ хөгшрөөд Тува руу хулгайн морьдтой хөөгдөж явчихаад бүүр хавар нь нутагтаа гүйж ирж билээ. Газрын адууг чинь уул хадаар явуулаад хоёр хөл нь булуу болчихсон, харахаас өр өвдмөөр. Ах дүү нар маань бөөн уйлаан хайлаан болоод л. Тэгэхэд би анх удаа л морь унасан санагдаад байдаг юм. Аав хөлийг нь эмчлээд Майн баярт орууллаа. Хөөрхий яаж явах вэ дээ. Тэгэхдээ л сурчихсан юм гэж аймаар шүү. Их урт дэл сүүлтэй, намхан хээр морь байсан юм. Замдаа бид хоёр чинь бүдэрч унаад, дахиад мордож давхисаар 13-аар барианд орж ирсэн. Тэр үед хүн болгон адуутай байсангүй. Тарчигдуухан байлаа. Аавын өнөө хэдэн цайвар бор морьдыг чинь бүгдийг хүмүүс гуйгаад наадамд уначихна. Май хээр морь барианд орохдоо дандаа янцгааж орж ирдэг. Тэгэхээр энд тэндээс гоё гоё сайварласан хөх бор морьд дуу дуугаа авалцаад янцгаалдана. Бас л сүртэй шүү дээ.
-Май хээр хэдтэй 13-аар давхиж байгаа юм бэ?
-18-тай гэж байсан билүү дээ. Хүүхэд байсан болохоор санахгүй байна. Тэрнээс хойш уралдуулаагүй ээ. НайзТулгаа маань нэгэн сайхан түүх сонссоноо надад ярьсан юм. Би нягталж үзээж амжаагүй л явна. Арван начны баяраар Баатаржав начин ирэхдээ “Увсын Тэсээс улсад түрүүлсэн морь байдаг юм, та нар тэрийг мэдэх үү” гэж. Тэгээд Тулгаа “1959 оны Анхдугаар их наадамд Май хээр аймагт түрүүлсэн тухай түүх улсын архивт байдаг. Тэр жил секундметрээр хэмжээд Май хээр нэгдүгээр байранд орсон”гэж сонссоноо ярьсан. Нээрээ ч Анхдугаар наадмын тэмдэг манайд бий. Дараа нь 1961 онд “Оюутан залуусын их наадам”-д ч Тэсээс нэг морь түрүүлсэн байдаг гэж байна лээ.

Мотоцикль 18 мянгатай байхад жороо хээрээ 50 мянган төгрөгөөр авч байлаа

-Та бие даан уяад хэдэн жил болж байна даа?
-Би 1991 онд Улаангомд тээврийн тэрэгний шинэ жолоочоор ажиллаж байсан юм. Тэгсэн аав маань “том баяр болж байна, муу хүү минь морьтой наадаг” гээд миний хээр морийг Тэсээс явуулсан байлаа. Ёстой зүүдлээ ч үгүй сайхан зүйл энэ байлаа. Би жигтэйхэн их хөөрсөнсөн. Тэгэхэд хээр морь тарган ирсэн ч аав хөнгөрүүлээд явуулсан байж таараа гэж бодоод сүрхий уяа энэ тэр бололгүй наадамд мордуулчихлаа. Аймгийн 50 жилийн их насанд 274 морь  уралдаж, авга ах Баатарын хүү Жамбалын бор морь түрүүллээ. Харин миний хээр 27-оор ирж, үнэхээр их баярлуулсан. Ингээд 1992 оноос уяа эвлүүлэн, хээр хонож эхэлсэн дээ. Улмаар жороо хээр морио аймагт түрүүлгэж, их насны хээр морио айрагдуулж анхны амжилтаа гаргаж байлаа. Өнөө 2000 онд улсад авч очдог хээр морь шүү дээ. Зүүнхангайн Бултагануур Пүүжээ гэж найзаасаа Тэсийн голын энэ унагыг их үнэтэй худалдан авч байлаа. Тэр үед манай энд хурдан морь дээд тал нь “Планет-5” мотоциклийн ханштай байсан. Мотоцикль 18 мянгатай байхад жороо хээрээ 50 мянган төгрөгөөр авч байлаа. Картын барааны тэр үед талыг нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь ховор бараа, хүнс оролцуулан өгсөн юм. Тэр үед зарим хүмүүс “Наадах чинь ямаха мотортой адуу юм уу. Их насны уралддаг морь биш, жороо морийг үнэтэй авлаа” гэж янз бүрээрл  ярьж байв.  Удалгүй түрүүлгээд эхэлсэн “чамайг 50 мянган төгрөг өвөртөлчихсөн гэж баяр хүргэж, хадаг уялтай биш. Үнэхээр сайхан адуу авчээ” гээд л эхэлсэн. Би ч урам зориг орж, мориндооидэвхитэй орсон. Тэгсэн 1995 онд “Сар хайрханы даншиг”-т явмаар санагдаад ер болдоггүй. Давхар уяагаар нааддаггүй байсан үе л дээ. Хүмүүс жилд хоёр давхидаггүй гээд байхаар нь ааваасаа асуулаа. Аав одооны адуу тийм хэврэг болчихоогүй байлгүй дээ. Зөв эдлээд, зөв уявал хоёр битгий хэл давхидаг л юм. Май хээр Майн баяраар эхэлж уралдаад, багт, суманд, аймагт бүсчлээд, зун улсын баяр, намар Ургацын баяр гээд нэг жил найм уралдаад, найм түрүүлж байсан гэлээ. Тэгэхэд аав минь хараа нь муудаад, орондоо л хэвтэж байдаг байлаа.
-Тэгээд Сар хайрханы даншигт явсан уу?
-Явсаан. Гэхдээ морь авч яваагүй. Бөхчүүдтэй замд гарсан юм. Талийгаач Тулгаа найзыгаа машиндаа суулгаж аваад их ч баяр хэсдэг байлаа. Найз маань заан цолтой бөх хүн байсан.
-Нүд унагасан хурдан морио үнэ хаяж авч байсан тохиолдол олон байв уу?
-Авсаан авсан. Би чинь сүрхий бизнес хийдэггүй, буурал аавынхаа үлдээсэн буянаар л явдаг хүн. Тэгэхдээ яахав ээ, нүд унагасан морио ямарч өртгөөр хамаагүй авчихаад л байдаг юм. 2001 онд Тувагийн наадамд тав түрүүлсэн хурдан хүрэн морийг 150 мянган рублиэр худалдан авч байлаа. Монгол мөнгөөр зургаан сая гаруй төгрөг л дөө. Тэгээд Яармагийн дэнж дээр мордуулаад үзсэн. Занг нь сайн мэдэхгүй адууг хол замд тээвэрлээд очсон болохоор их ч ядарсан. Олигтой давхихгүй нь гэдгийг ч мэдэж байсан. Тэр жилийн наадамд манай Нагааранзын хүрэн халзан морь түрүү магнай болсон шүү дээ. 
       Наадам дуусахад би хотод хүнд үлдээгээд ирсэн. Тувагийн нутаг чинь ямар гоё билээ, өвс ургамал гэж янзтай. Хилийн торны наанаас л харахад нэг нь үсээ хусчихсан, нөгөө нь үстэй хүн шиг л харагддаг гээч. Тийм их гоё байгальд амьдарч байсан адуу чинь санаашраад, хоол унд нь ч таарахгүй, дорхноо сэнсэрдэг юм байна лээ. Сүүлд хоёр, гурван жил болж дасаад, ганц хоёр жижиг наадмуудад сайн давхисан байна лээ. Тэгээд л хөгширсөн дөө.
-Ер нь аймгийн баяр наадмаас хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Аймгийн баяр наадмаас арван хэдэн түрүү, нэлээд айраг бий. Ер нь манайхнаас айраг тасарсан наадам гэж байхгүй дээ. Тэс суманд аавын морь айраг, түрүү авахгүй байна гэж байхгүй. Хурдан морьд нь айрагдахгүй байлаа гэхэд хатирч жороо түрүүлдэг юмуу айрагдана. Дүү маань цэрэгт, би тээвэрт явсан хойгуур аав хараагүй болоод, тасарсан байж магадгүй. Манай аавын дүү хууз Баатар гэж алдартай сайхан уяач байсан. Одоо хүүхдүүд нь мөн луяж байна. Авга ах маань аймгийн 50 жилээр айрагддаг бор морио дөнгөж төрчихөөд байхад эхтэй нь тууж ирээд ”Хуузад хосгүй хурдан унага төрлөө” гээд тамгалж байсан. Дөнгөж төрсөн унагыг шинжиж байгаа нь тэр. Лут байгаа биз. Манай энд унага тамгална гэж бараг байдаггүй юм. Тэр үед аавд үзүүлсэн. Хараа нь муудсан аав маань барьж үзсэнээ “Арга алга, үнэхээр илүү төрчихсөн адуу байна. Уяа сойлго ч гээд байх юм алга” гэж хэлж байлаа. Авга ах амьддаа бор морио соёолонд нь анх уяж түрүүлгээд, долоон настайсуманд дахин түрүүлүүлсэн. Дараа хүү нь аймгийн 50 жилийн ойгоор түрүү магнайд хурдлуулсан. Одоо бор морь үхсэн л дээ.
-Аавынхаа морь шинжиж байсан түүхүүдээр яриагаа үргэлжлүүлээч?
-Залуу ч байж дээ. Хэлээд байхад тогтоохгүй үе байдаг даа. Насны юм шиг байгаа юм. Санаж байгаагаас яривал аав нэг удаа нэгдлийн адуунаас хүн тоож унахааргүй, шогшихоор нуруу нь харгиж дуугарсан үхэр шиг муу адууг, сайн адуугаараа солиод авчихаж.  Түүнээс хоёр жилийн дараа хавар Тэсийн адууны дэлэл гэж баяр болж, хөгшин залуугүй адуу бугуйлдана. Сайхан мориороо залуус гайхуулаад янзтай л даа. Би ч явж очлоо. Тэгээд ааваас морь барьж тавьсан уу гэвэл үгүй гэнэ. Маргааш би яаж дэллэгэнд очих юм бэ гэж сэтгэл гонсгорхон хэллээ. Ингээд өглөө босоод ирсэн, нэг их гоё хул морь гадаа авчраад уячихаж. Алаг дэлтэй, том биетэй тэр морийг манай морь гэж таньсангүй. Мордоод өнөө олон залуустай явбал үнэхээр дээрэлхүү гишгэж өгч байнаа, нөгөө морь. Тэсийнхэн хоёр азарга адуу хашаа руу хөөж оруулж байгаад гурав, дөрвөөр нь гүйлгээд. Хүмүүс жагсаж зогсоод бугуйлдаж аваад дэлийг нь хайчлаад л явуулаад байна. Их гоё найр болдог юм. Иймэрхүү маягаар хоёр өдөрт л нэгдлийн тэр олон адууг дэллээд дуусгана. Ганц нэг хүүхэд сур бугуйлаа алдаад чиргүүлээд явуулчихвал өнөөхийг нь хөөж давхина. Тэгэхээр морины сайн нь шалгарна. Тэр дунд миний хул морины  сүүл нь гэдсэн дотроо явж байснаа л дээшээ гарч ирээд, нөгөө зугтаж байгаа морин дээр очоод буучихна. Естой нэг гайхуулах шиг болсоон. Ирсэн, аав хэвтэж байна. Тэгээд наад үхэр хул чинь муудсангүй юу гэнэ. Ингэж л муу адуу гэж байдаггүй, муу эзэн гэж байдгийг яс маханд мэдрүүлэх шиг  болж билээ. Их сайхан унуур морь болсон л доо.
-Та хэр бугуйлдах уу?
-Манай Тэсийнхэн сайн бугуйлчид л даа.  Би дэргэд нь тийм ч сайн бишээ. Тэгэхдээ бусад аймгуудад тээвэр хийж явахдаа кабиндаа бугуйлтай явна. Адуу байвал давхиад л очдог байлаа. Сая адууны дэллэгээгээр хөөрөөд бугуйлдсан. Ямарч байсан эрчтэй гарсан хоёр адуу хажуугаар нь тавьж л байна лээ.
-Цэвээн гуай хэдэн хүүхэдтэй юм бэ. Тэднээс нь морь уяж байгаа хэд байна вэ?
-Би дээрээ дөрвөн эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй. Дүү маань аавын голомтон дээр малаа маллаад явж байна. Бас л морь уяна.Нэг эгч маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Хоёр нь багадаа  морь унадаг байлаа. Манай том эгч Май хээрээ сумын наадамд долоо түрүүлгэсэн унаач. Ганцхан эмэгтэй, тэгсэн хэрнээ дандаа түрүүлээд байхаар залуучууд шоглоно. Нэг удаа нөгөө залуучууд хэлэлцэж байгаад аавын авч өгсөн 10-ын пансан алчуурыг нь зулгаагаад шидчихэж. Тэгээд алчуур чинь уначихлаа гэвэл “Аавын хээр морь түрүүлж байвал, авч өгсөн пансан алчуур ч яахав” гээд давхиад явчихсан тухай онигоо маягийн яриа хүртэл бий. Бас л дайчин байсан байгаа юм шүү.
-Та гэр бүлийнхнээ ч моринд урвуулчихсан уу?
-Тэгэлгүй яахав. 1992 оноос морь түрүүлээд эхлэхээр нь илүү урамшсан би зун хээр морьтойгоо л өнжинө. Тэгсээр өвчлөөд, одоо эдгэшгүй болсон доо. инээв  Хүү ч бас моринд орсоон. Багаасаа морь унаж өссөн хүү маань аймгийн Алдарт уяач цолтой, оюутан хүн дээ. Манай гэргий Хөвсгөлийн хүн. Миний хажууд явсаар надаас ч илүү морь мэддэг болох гээд байна шүү. Бид олон ч даншиг наадамд хамтдаа явсан. Эхнэр хамт явж байгаа үед унаач хүүхдүүдэдээ санаа зовох юмгүй сэтгэл амар байдаг юм.
-Адууныхаа цусыг сайжруулах тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Урьд нь манайхан мундаг хурдан угшилтай байсан болохоор гадны юм нэг их тооддоггүй байлаа. Одоо ч Тэс талдаа тоохгүй. Гэхдээ би олон газраар явж, янз янзын юм үзээд авсан болохоор энэ талаар их сонирхож байгаа. Тиймдээ ч Сүхбаатар, Хэнтийгээс хоёр удаа адуу авчирлаа. Заримыг нь энд ирээд алдсан, заримаар нь цус сэлбэж байна. Одоохондоо төлийг нь аваагүй. Мөн Тэс, Зүүнговь гээд хурдтай газруудын болно гэснийг цуглуулж, адуугаа нэлээд  сэлгээд авлаа. Ямар ч байсан хүү маань цаг үеэ дагаад наадахад тасарсан уяач болох байхаа.

Өвөлдөө тээвэрт явж, зундаа морио уядаг байлаа

-Аймгийн онц тээвэрчин, осолгүй манлай жолоочболж байсан гэсэн. Тээвэрт олон жил явсан уу?
-Олон жил явж, өнгөрсөн жил Баруун бүсийн аварга тээвэрчнээр шалгараад тэтгэвэртээ гарсан. Өвөл нь голдуу тээвэрт явж, зундаа чөлөө авч морио уяад явчихдаг байсан. Онц тээвэрчин гэдэг бол олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэн шагнал байгаа юм. Тухайн үед би ажил үйлсээрээ эхний таваас хойш орж байсангүй. Харин осолгүй манлай жолоочийг сүүлийн 15 жилд ямар нэгэн тээврийн осол гаргаагүй хүнд өгдөг юм.
-Ингээд ярьсан өнөө кинон дээр гардаг кабин дээрээ олон таван хошуутай том тэрэг санаанд бууж байх чинь ээ?
-Би түүнээс арай сүүлийн үеийн жолооч л доо. Манай ах Гавьяат тээвэрчин Ядамсүрэн намайг жолооч болгосон юм. Тухайн үедээ энэ мундаг хүний итгэлийг алдахгүй, нүүрийг халууцуулахгүй явахсан гэж их хичээдэг байлаа. Тиймдээ урдах ажлаа тултал нь сайн хийнэ. Гавшгайч залуучуудын бригадад орж, ажлаараа шалгараад, эвлэлийн хорооны үүдэнд бригадаараа жил бүр зургаа тавиулж байлаа. Энэ бол нэр төрийн хэрэг юм шүү.
-Энэ хугацаанд хичнээн км замыг туулсан болоо?
-Тэрийг гаргахад миний толгой хүрэхгүй байхаа. Анх 1977 онд сургуульд орж, машины руль дээр сууснаас хойш тасралтгүй 38 жил жолоо барилаа. Тээврийн тэрэг бариад Улаанбаатараас баруун тийшхи арваад аймгийн нутгаар явлаа. Тэгэхэд одоошиг засмал зам ховор, зам харгуй хэцүү. Гэхдээ өмнөх үеийнхээ жолооч нарынхаа халааг авч, тэдний заасан маршрутаар явсаар хүрэх газартаа очно гэдэг бас л гайхамшигтай юм. Энэ сайхан нүсэр хамт олны нэг болсондоо би их баярладаг. Наймдугаар ангиа төгсөөд л бушуухан хөдөө гарч морио уяхын мөрөөс байлаа. Тэгсэн хөдөө гарсны дараахан манайхны нэг хүн машинтай ирдэг юм байна. Сонирхоод заагаад өгөөч гэж гуйлаа. Тэгээд хөдөө тал дээр унаж үзсэн, түүнээс сайхан юм ертөнц дээр алгаа. Ингээд л жолооч болохоор шийдэж, аавыгаа хоргоосоор зөвшөөрөл авч, хүргэн ахтайгаа Архустын техникум руу явж байлаа. Очиход 700 гаруй хүүхэдтэй, трактор, машин нүргэлсэн сүрдмээр газар тосож билээ.
-Холын замд дуу их дуулдаг байв уу. Улсын тэргүүний уран сайханч гэж байсан?
-Тиймээ. Тээвэрт явж байхдаа кабиндаа л дуулахас хэтрэхгүй ээ. Баазад ажиллаж байхад дуулдаг бүжиглэдэг нөхдийг шилж аваад, даргын тушаалаар урлагийн наадамд хүчээр оруулчихна. Тайзан дээр гарна гэдэг мөн ч бэрх даваа байлаа шүү дээ. Анхандаа биеэ бариад ичиж зовоод сүйд болно. Сүүлдээ нүүр хагараад урлаг соёлын арга хэмжээнд бүгдэд нь оролцдог болсон. Манай баазын концерт аймагтаа шалгараад, бүх сумдаар явж тоглолт хийж л явлаа. Дандаа жолооч нараас бүрдсэн “Алтан жолоо” нэртэй хамтлаг байсан.
Уг нь манайх урлагийн удамтай. Манай аавын Бөхөөнхөн омгийн дуучин Ноосой гэж хошуундаа алдартай дуучин байсан гэдэг. Дуулаад л архи уугаад сууна. Согтоно ч гэж байхгүй. Хоёр гурав хоног найрлаад дуусахад дуулж л суудаг цуцашгүй хоолойтой хүн байсан. Бас ээжийн талд наргианч, дууч хүмүүс олон бий.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг болон таны үр хүүхдүүдийг өнө мөнхөд ивээж явах болтугай.
-Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсье. Уяачийн хүнд хэцүү хөдөлмөрийг ойлгож, олон түмэнд сурталчлан таниулдагт баярлаж байна.

П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.27

    Сайхан эр хүндээ Найздаа аз жаргал эрүүл энх урт нас удаан жаргал хорвоогийн сайн сайхныг хүсэе

    Reply