М.Ганбаатар: Өмнөх алдаагаа засах боломж гэж үзэж байгаа учраас шударга наадна

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 16 -нд

 Засгийн газрын тогтоолт 2015 оны баруун бүсийн уралдаан Увс аймагт зохион байгуулагдахаар болсныг хурдан морь сонирхогчид цөм мэдэж буй. Уг уралдааны салбар комиссын дарга М.Ганбаатартай уулзаж, зохион байгуулалтын талаар ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Увс аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн хурдан морины уралдааны зохион байгуулалтанд  юу юуг анхаарч ажиллахаар төлөвлөгөө гаргасан бэ?

-Миний бие аймгийн засаг даргын захирамжаар Увс аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн хурдан морины салбар комиссын даргаар томилогдон ажиллаж байна. Энд 32 хүний бүрэлдэхүүнтэй комисс бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. Үзэгчдийг ая тухтай нөхцлөөр хангах, уяач, унаач хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангасан байх, уралдааны болон үзэгчдийн талбай, уралдааны зам, гараа, бариа, ирэх наадамчдын машины зогсоол гээд олон асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьж байна. Манайхан баруун бүсийн даншиг наадмыг хоёр ч удаа зохион байгууллаа. Гэвч өмнөх наадмуудаар зохион байгуулалтын явцад алдаа гарсныг үгүйсгэх аргагүй. Үүнээс болоод зорьж ирсэн ард түмэн, уяач унаач аль аль нь урам хугарсан нь бий. Тэгвэл энэ удаад өмнөх алдаагаазасах сайхан боломж гэж үзэж байгаа учраас тун ч их хичээж байна.
Энэ комисст эрх ашгийн зөрчил байж болохгүй гэж үзсэн учраас нэг ч уяач оруулсангүй. Тэгэхээр бид ММСУХ-ны дүрмийг уншиж, танилцахаас ажлаа эхлэх болж байгаа юм. Зохион байгуулалтын хувьд хэд хэдэн хэсэгт хуваагдаад байна. Энэ хэсэг болгон даргатай. Жишээ нь үүлдэр угсаа, шүд хариуцсан нэг хэсэг байна. Өнгөрсөн удаагийн наадмаас харж байхад гараа, шүдэлгээ, гараа, уралдааны явцад будилаан гарсан байдаг юм байна лээ.
-Тойрох хэсэг морь, хүүхдэд аль алинд нь хүндрэлтэй санагдсан?
-Энэ талаар бид газар дээр нь хуралдлаа. Хэмжилт хийж үзлээ. Аймгийн удирдлагуудаас хөрөнгө мөнгөний хэмжээнээс хамаараад 500 метрт л тойруулах асуудал тавьсан. Харин бид 500 байтугай км-ээсээ буухгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр хөрөнгө мөнгөний хувьд жоохон хүндрэлтэй болж ирэх юм.
-Яагаад уламжлалт аргаараа уралдаж болдоггүй юм бэ?
-Тэгэхээр бас зовлонтой. Том насанд бид нарт газар байдаггүй. Гараанаас гараад 13 км-ээс цаашаа намагтай, шаардлага хангахгүй болохоор тойргоор уралддаг. Уг нь тойрогоос  гараа нь сайн харагддаг юм. Харин одоо засаж сайжруулж байна. Яг гараанаас 2,5 км яваад 100 м-ийн өргөнтэйгөөр 50 м үргэлжлэх газар эвгүй талдаа. Энийг  индүүдээд, шороо асгалаа. Хажуугийн карьерт хайрга асгаад дахиж индүүдсэн, сарын дараа дажгүй болчихно. Түүнээс гадна явцын зам дагуух бүхий л жалгуудыг хусч, нүхийг нь бөглөөд, эрт хөрсжүүлэх ажлыг хийлээ. Мөн 100 м-н урттай гарааны төхөөрөмж шинээр авлаа. Монгол улсын хэмжээнд хамгийн шинэ технологи гэж Улаанбаатарын уяачид ярьдаг юм байна лээ. Одоо эндээ тохируулаад хашаа бариад шүдэлгээний хашааны хооронд хоолой хийнэ. Энэ нь ил тод хүмүүст харагдаж байх юм. Бүртгэлийн конторыг тусад нь гаргаад бүртгэлээ явуулж, шүдэлгээ рүү оруулна, тэнцсэн нь гараанд орлоо, хаалгаа цоожилно. Бид дохио өгч гарааныхаа төхөөрөмжийг унагана, тэрнээс хойшоо морь үлдэнэ үү хамаагүй. Энэ тухай дүрмэнд бий.  Харин тойрог дээр тэмдгээ тавиад цэргүүдээ зогсоочихно. Жишээлбэл дааганы уралдааны тухайд гараанаас гарч, таван км шулуун яваад, нэг км тойроод, дахиад таван км гэж явж орно. Тойрог эхлэнгүүт угсардаг зөөврийн шонгууд тавина. Харахад газраас илүү гарахгүй энэ шонгоо урьдчилж хийсэн сууриндаа суулгачих юм. Тооцоогоор нэг км-т 40 ширхэг шон босох юм байна лээ. 40 ширхэг шон, 70 турбаныхаа доор нь 100-ын  турба тавина. Энэ 100 турбагаа газарт шигтгэчихнэ. Тэгээд  ногоон таних тэмдэг өлгөчихнө гэж төлөвлөсөн. Гэхдээ шон дээр цэргүүд зогсохгүй. Эсрэг талд буюу 50 м-т цэргүүдээ зогсоочихно. Өөрөөр хэлбэл тойрог дээр эргэлтийн хоолой гаргаж байгаа гэсэн үг л дээ.
-Бүх насан дээрээ энэ хоолойг гаргах уу?
- Даага өнгөрөнгүүт тэнд ажиллаж байгаа хилийн цэргүүд турбануудаа аваад шүдлэнгийн газар дээр очно. Энэ хооронд шүдэлгээ явагдаж байна. Шүдлэнгийн газар мөн л суурь нь бэлэн болчихсон байгаа. Очоод бидэнд ажил дууссан гэж мэдэ өглөө, команд өгөөд гаргачихна. Дараагийн нас энэ мэт дарааллаар явна.
-Энд ямар цэргийн анги байдаг юм бэ?
-Манай энд гурван цэргийн анги байна. Үүн дээр хүчний байгууллагуудыг татан оролцуулж байна. Мөн төрийн наадам гэдэг утгаараа төрийн захиргааны байгууллагынхан ажиллана. Хэрвээ ажил цалгардуулбал хариуцлага тооцох юм.
-Морь дагах машины асуудал аль ч наадамд яригддаг. Энэ тухайд яаж шийдэж байгаа вэ?
-Аль ч наадам дээр Хөдөлмөрийн баатар, аваргууд томчууд ирдэг. Энд цагдаа сэргийлэх хуулийн байгууллагуудын хүчин яах аргагүй мөхөсддөг нь бичигдээгүй хууль. Тэгэхээр энийг яаж зохицуулах вэ гэхээр морь руу явуулахгүйгээр шуудуу татаж байгаа. Замаас шуудуу татаад морины хоолойгоор гарна. Энэ нь хаалт болчихож байгаа юм. Энд хөтлөгч машин, мал эмнэлэг, хүн эмнэлэг, гурван телевиз, хяналтын зөвлөл, дээр нь МСУХ-ны төлөөллүүд гээд дээд тал нь долоон машин дагана гэж төлөвлөсөн. Улс даяар шууд дамжуулалт хийх болохоор төвөөс телевиз ирнэ. Дээр нь орон нутгийн хоёр телевиз байх юм.
       Бид уяачдаас бүрдсэн хяналтын зөвлөл ажиллуулж байгаа. Газар газраас ирж буй уяачдынхаа тоог харж байгаад таван хүний бүрэлдэхүүнтэй уяачдын төлөөллийг бүрдүүлэх юм. Энэ зөвлөлийн ажил шүдэлгээнээс эхэлнэ. Шүдэлгээ, галбир дээр гаргасан дүгнэлтэнд шийдвэр гаргах эрхгүй ч сэжиглэж болно. Энэ морийг дахиж үзмээр байна гэх жишээний. Ингээд шүдлүүлээд орлоо гэхэд гараа, явц, бариаг хянана. Зөвлөлийнхөн зөвхөн даргад л өргөдөл гаргах эрхтэй. Уралдаан дуусахад өнөө төлөөлсөн хүн уяачдын нэрийн өмнөөс гарын үсэг зурна. Танд санал гомдол гарав уу, сэтгэл ханамжтай байна уу гэдэг яриа энд яригдана. Энд Самданжамц гуай, Төгсжаргал, Александр гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах юм. Энэ комисс шүдэлгээгээ ч хийнэ. Эдэн дээр хоёр шүдлээч авна гэж бодож байна. Уламжлалт шүдлээч хүмүүс байдаг даа. Тийм хүмүүсээс авах юм.
-Зарим наадамд дийлдэхгүй дагаад ирдэг. Тийм тохиолдолд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?
-Энэ тухай бодож л байна. Би нэг микро гаргачихъя гэж бодож байгаа. Хүссэн нь сая төгрөгөө өгөөд яв л гэж хэлнэ дээ. Нэг насан дээр шүү. Гэхдээ би л  дотроо ингэж бодож байгаа юм. Мэдээж энэ эмх журмыг цагдаагийнхан хариуцаж ажиллана. “Бид шуудууг чинь татаж өгнө. Хажуугаар нь машин гаргах юм бол та нарт хариуцлага тооцно” гэдгээ хэлсэн.
-Унаач хүүхдүүд бүгд хамгаалалтын хувцастай биз дээ?
-Яг үнэндээ өнөөдөр 185,000 төгрөгөөр хувцас авдаг уяач ховорхон шүү дээ. Мэдээж дүрмэндээ хүүхэд хамгаалалтын хувцастай байх ёстой. Энэ бол хууль. Гэхдээ бид уралдаанч хүүхдээ боломжийн үнэтэй хамгаалалтын хувцас хэрэгслээр хангахаар болсон. Манай комисст хүүхдийн байгууллагын хүн байгаа. Энэ хүн хамгаалалтын хувцас хэрэгсэл, даатгалыг хариуцан ажиллах юм. Энд даатгалын долоон байгууллага ажиллана.
-Хуулинд мөн унаач хүүхдэд нийт бай шагналын 20 хувийг олгох ёстой тухай заасан. Үүний дагуу зарим газар зохион байгуулагчид тусад нь өгдөг болсон. Танайх яах вэ?
-Өнөөдөр Үндсэн хуулинд 16 нас хүрээгүй хүүхдийг мөнгөөр шагнал өгөхийг хориглочихсон байдаг. Саяхан Асашёорюү Давгадоржийн өгсөн ярилцлага дээр ч энэ тухай яригдаж байсан. Чөлөөт бөхийн барилдаан хийгээд 500 доллароор шагнамаар байна. Гэтэл Монголд хүүхдийг мөнгөөр шагнахыг хориглочихсон гэж. Мэдээж баяр наадмын хуулиараа бай шагналаа тусад нь өгч болно. Гэхдээ бид чадахгүй ээ, шударга л  хэлье.  Манай зохион байгуулах комиссоос 20 хувийг нь өг гэдэг шаардлагыг нь тавина уу гэхээс өгөх боломжгүй. ММСУХ-ны дүрмэнд уяач хүүхдээ шагнаж болно гэж заасан байдаг юм байна лээ.
-Аль ч газрын уралдаанд зохион байгуулалтаас гадна морины үүлдэрлэг байдалд хяналт тавих, ялгах асуудал чухал байдаг. Танайх есөн нас уралдана гэсэн бодолтой байна уу?
-Монгол зургаа, эрлийз гурав, хатирч, жороотойгоо 11 ангилалд уралдана.
-Эрлийз болон монголд уралдсан морьдын бай шагналыг адилхан байхаар шийдэж байгаа юу эсвэл өөр байна уу?
-Бай шагналыг төрөөс шийддэггүй. Ард олны сэтгэлийн хандиваар бүрддэг учраас хуульчлах боломжгүй. Тэр аймагт, тийм морины уралдаанд зориулж, би тийм шагнал өгнөө гэж хүмүүс ирдэг гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Засаг дарга энэ мөнгөө цуглуулж ирдэг юм шүү дээ. Хурдан морины уралдаанд хүмүүс юмаа хайрладаггүй. Тэгэхээр маш олон хүний сэтгэл зүтгэл, хөдөлмөрийн хөлс шингэсэн бэлгийг эхний тавхан моринд цацчихна гэдэг буруу юм. Бид дундажаар 68 сая төгрөгөөр нэг насыг байлъя гэж бодож байна. Үнэндээ энд хэл ам ихтэй, маш төвөгтэй. Жишээлбэл эрлийз дунд насыг амласан хүний үгэнд багтаахаас өөр арга байдаггүй. Гэхдээ бид үндсэн зургаан насандаа ханш тогтоочихсон байгаа. Их нас 20 сая гэх жишээний.
-Өмнөх хоёр ч удаагийн бүсийн наадамд будилаан гарахад комисс хуралдаж эцсийн шийдвэрийг гаргаагүй тухай хүмүүс ярьдаг юм байна лээ. Энэ удаа ямар түвшинд яригдах вэ?
-Комиссын хамтын шийдвэрээр шийднэ. Албан ёсны комисс хуралдаад эцэст нь баталгаажуулж, дарга гарын үсэг зурснаар дуусна. Мэдээж хүмүүсээс ирсэн санал хүсэлтийг хавсралт болгоно. Энд ажиллаж байгаа хүн бүхэн өндөр хариуцлага хүлээн ажиллаж байгаа учраас дахин алдаа гарахгүй л болов уу.
      Урдны наадмуудад зохион байгуулалт, менежмент, ажлын хариуцлага сул байснаас алдаа гарсан. Харамсалтай нь тэр будилаан, алдаа гаргасан улсууд нь хариуцлага хүлээгээгүй, тэр шийдвэрүүд нь баталгаажиж ч гараагүй. Тэгэхээр энэ удаад бид чанга байх ёстой. Нэг талаасаа ард түмний цэнгэлт том баяр, нөгөө талаасаа Монгол улсын хурдан морины талбар дээр Увсынхан өөрсдийгөө илэрхийлэх  нэг боломж гэж харж байгаа учраас хичээнгүйлэн ажиллаж байна.
-Тэгэхээр санаа зоволтгүй ирж наадаарай гэж урьж байгаа байх нь ээ?
-Тиймээ санаа зоволтгүй ирж наадаарай. Хэний морь, аль аймаг нь надад хамаагүй. Та уяж сойсон хүлгэдээ тохирсон ангилалд нь аваад л ир. Бид шударга наадна.
-Уралдаан хэдэн өдөр болох вэ?
-Хоёр өдөрт багтаана. Ерөнхий төлөвлөгөөгөөр эхний өдөр эрлийз гурван нас, хатирч, жороо морьдоо уралдуулна. Харин хоёр дахь өдөр монгол морьдын уралдаан болно. Зөвхөн морины уралдаан учраас тохижилтон дээр ихэд анхаарч байна. Үзэгчдийн тав тухыг хангах, хоол ундны асуудал гээд л. Үүний тулд барианаасаа эхлүүлээд асарууд татуулж байна. Албан газар болгон асар татаж сандал бэлдэнэ. Энэ ажлыг албан газруудад хуваарилаад өгчихсөн. Түүнчлэн наадамчид, жуулчид хурдан морины бариан дээр зураг авахыг хүсдэг. Гэтэл манайд тийм боломж байхгүй байлаа. Харин одоо барианаасс 30-хан метрийн зайнд зураг дарах талбай гаргаж өгнө. Тийшээ морьтой, мотоцикльтой хүмүүс орохгүй. Харин явган хүмүүс хаанаас нь ч зургийг нь дараад, цол дуудахыг нь үзэж болно. Түүнчлэн морь ирэх хооронд энд ирж оролцсон морьдын тухай танилцуулга, МСУХ-ны түүх, нэрт уяачдын тухай мэдээллийг өгч байх юм. Дээр нь Монгол улсын морин хуурын чуулгын тоглолт болно.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна