Аймгийн Алдарт уяач Ж.Босоожамсран: Миний зарсан адуунаас 17 нь улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 17 -нд

Өнөөдрийн зочин хойморт Хэнтий  аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамсрангийн Босоожамсран тухалж байна. Унаган хүлгүүд нь улс, бүсийн наадамд урамтай хурдалдаг энэ эрхмийг морь сонирхогчид эчнээ таних учир илүү тодотголоо хойш тавьж, ярилцлаганд анхаарлаа хандуулахыг урьж байна.
-Нэрийг нь дуулж байсан эрхэмтэй нүүр тулан уулзаж буйдаа олзуурхаж байна. Босоогийн адуу  гээд л дуулдаад байдаг?
-Хүмүүс хоч гэж боддог юм шиг байгаа юм. Эцэг эхээс өгсөн нэр Босоожамсран.
-Би ч мөн адил тэгж бодож байлаа?
-Манай аавыг Доогийн Жамсран. Намайг Босоожамсран, ахыг Жамсрандорж гэдэг. Би Жамсрангийн хоёр дахь хүү нь. Өөрөөс чинь эхлээд Монголын ард түмэн намайг таньж байгаа нь сайхан аав ээжийн минь бий болгосон адууны буян юм даа.
-Ярилцлагаа аавын чинь талаар эхлэх нь зүйтэй юм байна. Сайн адуу цогцлоосон Жамсран уяачийн  талаар манай уншигчдад хууч дэлгээч?
-Миний эцэг бол Баянхутаг сумын хүн. Сайн адуу цуглуулсан,сайн уяач. Аавын адууны дээд удмыг нарийн хөөвөл Уулбаяны Орлой адуу болдог. Орлойн баячуулын Моониг хонгор, ногоон адууны угшилтай юм билээ. Тэдний удам Жанжаагийн ногоон гэдэг адуунууд нэгэн үе дийлж байлаа. Аймаг, Мөрөн сумынхан андахгүй дээ.Тэр үедээ Жанжаагийн ногооны угшлаас аваагүй хүн бараг байхгүй биз. Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлсэн Хасын Дашнямын зээрд, Хасын Яндагийн хонгор цагаан ухаа, Хөнхөр Доржийн хонгор гээд олон сайн азаргануудыг дурьдаж болно. Захиргаадалтын үед айл өрхийн малын тоог заачихсан байсан учраас аавын адуунаас надад арван хэдхэн тооны л юм ирсэн. Тэрнийх нь үлдэгдэл одоо ч надад байна. Аавын тэр  хэдэн адуунаас гадна манай ээжийн талынханд Хоролын Дорж, Мөрийн Дамдинсүрэн гээд сайн уяачид байлаа. Тэдний адуунаас мөн  бий.
-Дээдчүүлээс үлдсэн адуугаа хэрхэн сайжруулсан бэ? Таныг адуу малны арилжаандаа чамгүй гэдгийг тань мэдэх юм байна?
-Би яахав ээ, дээдчүүлийнхээ үлдээсэн адууг сайжруулж, бас ч нэлээд зарж үрдэг хүн. Миний зарсан адуунаас 17 нь улс бүсийн наадамд орсон байдаг юм. Өөрөө морь уяад улсын наадамд хоёр удаа явсан ч айрагдуулж чадаагүй.Харин бүсийн наадамд бол хоёр адуу оруулсаан. Аймаг, сумын асартай наадмаас 63 түрүү айраг хүртсэн байна лээ.  Энэ жил Манлай хүлэгч цол авахдаа тоолсон юм.
-Амжилтын талаар дараа нь ярилцъя?
-Ааваас үлдсэн адуугаа сайжруулахын тулд 1984 онд Баянхутаг сумын “ороо” Энхээ гэдгээс хөлгүй болсон Галшарын Норов хүрэний угшилтай хүрэн азаргыг 6000 төгрөгөөр авч байлаа.Тэгээд намар нь хатгаж засаад 1985 онд Мөрөн сумын наадамд хол түрүүлгэсэн. Би чинь бас адуу гайгүй шөвгөднөө. Амьтан тамлахыг чаддаг хүн байгаа юм. /инээв/ Тэр хүрэн азарга дахиж уралдаагүй ч үр төл нь  Монгол даяар хурдалсан даа.Бас Донирын Дэмбэрэлийн адууны угшилтай хээр халзан азарга авч цус сэлбэсэн. Сүүлд Сүхбаатар аймгийн Мөнххааны эрүү Лхагваагаас хээр хязаалан азарга аваад соёолонд нь Дарханы ойд түрүүлгээд хавчигт нь шөрмөсийг нь цохиулчихсан.Тэрний төлүүд сайн давхиж байна. Мөн Уулбаянаас хар будан азарга оруулж ирсэн. Тэрний төлүүд одоо бас давхиж байна.
-Азаргаар цус сэлбэдэг юмаа даа?
-Тийм. Азаргаар л холдуулна. Би ер нь гүүгээ зардаггүй хүн байсан.Сүүлийн үед л амьдралын эрхээр ганц нэг гүү зарж байна.
-Сайн савтай байх ёстой л гэдэг?
-Ээ дээ. Үнэн үнэн. Тэгэхээр товчхондоо бол миний эцгийн үлдсэн Моониг адуу, миний өөрөө авсан Донир адуу, хүрэн адуу/Норов хүрэн/ холилдоод намайг өөд нь татаж, өдий зэрэгтэй явуулж байгаа юм. Надад нэг зорилго бий. Тэр нь монгол адууны өв соёлд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах. Жинхэнэ монгол адуугаа хадгалж, хурдлах чадварыг нь нэмэгдүүлэх юмсан гэж зорьж явдаг. Морины буянаар би олон сайхан улстай нөхөрлөсөн. Нэлээд нь адуугаа сайжруулна гээд эрлийзжүүлж байна. Харин би бол тэгдэггүй.  Цаашид ч тэгэхгүй.
-Та ер нь хичнээн адуу зарсан бэ?
-100 гаруй адуу зарснаас 30 гаруй нь давхисан байна лээ. Би тооцож үзсэн.
-Дуламсүрэн Тод манлайг танай адуугаар  цолонд хүрсэн гэдэг. Ортой байх шүү.
-Тод нь ч юу юм. Манлай цолонд бол надаас авсан адуугаараа хүрсэн байх шүү. Дуламсүрэн надаас арваад насаар дүү л дээ. 2000 оныг хүртэл сайхан мэндтэй устай л явдаг байсан. Тэгсэн өвлийн нэг орой бүрлээч Тод манлай уяач Аюуш, Баянхутагийн мал бэлтгэлд ажилладаг байсан Хадбаатар авгай хүүхэдтэйгээ, Дуламсүрэн эд нар давхиад ирдэг юм. Аюуш бид их сайн найзууд л даа. “Хаалга нь хаа байна” ч гэх шиг согтуу бололтой. Тэгээд яахав цай хоол болоод, ганц нэг юм задлаад ярьцгааж байсан Аюуш хүн гаргаад машинаасаа дөрвөн шил Болор оруулаад ирлээ. Хоёрыг нь уучихаад сууж байсан “Дуламсүрэн хээр морийг чинь авах гэж явна. Өгөх юм байгаа биз дээ” гэж байна. Би “Өнөө маргаашийн хоолтойгоо байна. Хээр морио зарахгүй л” гэлээ. Миний тэр хавчиг хээр морь соёолондоо Баянмөнхийн наадамд гуравт орсон сайхан адуу л даа. Дуламсүрэн ер согтохгүй юм. Аюуш бид хоёр унаад өглөө. Өглөө боссон чинь дотор хачин байнаа. Тэгсэн Аюуш Дуламсүрэн рүү хараад “юм байна уу” гээд дохисон нөгөөх нь “байхгүй” гээд хариу дохиж байна.  Би яахав бие засах гээд гарсан Аюуш араас дагаад гараад ирлээ. Тэгснээ “чи хээр морио үнэхээр зарахгүй юм уу” гэж байна. “Зарахгүй ээ” л гэлээ.Тэгсэн “за чи тэгвэл Дуламсүрэнд нэг аятайхан адуу бэлэглэ. Наадахад чинь нэг шил юм бий байх” гэнэ. Монгол даяар алдартай ах дүү гурван начингуудын нэг манайд ирлээ гээд бэлгэшээж байсныг ч хэлэх үү, шараа тайлмаар байгааг ч хэлэх үү. Гэртээ ороод Дуламсүрэнд “за сайхан танилцлаа. Би хээр морио бол зарахгүй ээ. Харин чамд он гараад найм хүрэх өөрийн хонгор адууны эхтэй зээрд  морио бэлэглэчихье. Соёолонд нь уяж байгаад тарган болохоор нь тавьчихсан юм. Явуулбал аз чинь, явуулж чадахгүй бол унаж эдлэх нэг адуутай болно биз” гэлээ. Тэгсэн Дуламсүрэн гараад нээрэн нэг шил архи, хадагтай аваад  ороод ирсэн. Аюуш “байхгүй гээд байсан цаана нь байсан байгаа биз” гээд инээж байна. Нөгөөхөө уулаа. Тэгээд би Дууяад “зээрд морь чинь их таргалсан байгаа шүү. Хурдан аваарай” гэсэн юм. Тэгсэн маргааш нь 2000 оны 12 сарын 30-нд, нэг их айхтар шуурга шуурдагийн урьд өдөр л дөө. Адуунд явж байсан араас Дуламсүрэн хүрч ирээд “зээрд морийг маань энэ хүнд өгөөд Баянмөнхөд нэг айлд хүргүүлчихээрэй” гэж байна.Хэлснээр нь өгөөд явуулсан. Дараа нь хотод Даваахүү Тод манлайнд очоод байж байсан тойруулгын анхны уралдаан боллоо. Үзэж байсан нөгөө зээрд чинь уралдаж байнаа. Гэдэс нь тасарчихсан. Хоёр дахь тойргон дээрээ хажуу тийшээ хадуураад явчихлаа. Тэгэхээр нь Дууяатай уулзсан ч үгүй. 2001 онд улсын 80 жилийн ойд уралдах гээд Налайхын наана морь уяж байсан чинь нэг өдөр супер ногоон 69 давхиад ирлээ. Дотроос нь бүрлээч Аюуш, Дуламсүрэн, Дарамренчин гурав бууж байна. Тэгээд яахав бас ганц юм задлаад ярьж байсан Аюуш маань жаахан халчихаад “маргааш Налайхад сунгаа хийнэ. Би Дуламсүрэнгээр бензин хийлгэж морьдоо ачна.Чиний өгсөн зээрд морь уягдаж байгаа. Маргааш тав дотор орох нь орно. Гэхдээ миний морь түрүүлнэ” гэж байна. Тэгсэн Дуламсүрэн инээгээд “нээрэн зээрд морио уяж байгаа” гэж байна. Маргааш орой нь би морьдоо манах ээлжтэй сууж байсан чинь зүүн хойноос нэг машин яг чиглээд хүрээд ирлээ. Тэгсэн нөгөө хэд чинь байна. Аюуш маань бас жаахан халамцуу “Энүүгээр бензин хийлгээд, өөрийнхөө морийг түрүүлэх байх гэсэн чинь энэний морь түрүүлээд, минийх аман хүзүүдчихлээ. Чиний тэр зээрд айхтар явдаг юмаа” гэж байна. За тэгээд наадам болж, Яармагийн дэнжид буучихаад байж байсан Дуламсүрэн “намайг ир” гээд дуудуулж. Гайхаад очсон гадаа нь манай Дарамренчин согтуу байж байна. Намайг хараад  “манай нутаг байна” гээд тэвэрч авснаа  “за өнөөдөр алаг азаргыг яаж түрүүлэхийг хараарай” гэж байна. Хажууд дандаа гадны улс “улсын наадам, тэгээд том ой болж байхад хавчиг азаргатай ирчихээд” гэж бодохоор нүүрэн дээр гал хаях шиг болж байгаа юм чинь. Бушуухан л нөгөөдөхийгөө “миний хөгшин яв” гэсэн явахгүй гээд дагаад орлоо. Тэгээд цай цүү уусан болоод Дарамыг аваад гарахын түүс болж байтал Дарамын алаг азарга холоо түрүүлчихэж. Тэгж байсан Дуламсүрэн “Өвөрхангайд том наадам болж байгаа. Зээрд морио тийшээ явуулсан. Бундан хонгороо улсад мордуулна” гэж байна. Тэгээд л Бундан хонгор нь улсад түрүүлж, зээрд нь Өвөрхангайд түрүүлээд Дуламсүрэнгийн наадам ч эхэлсэн, миний морины наймаа ч эхэлсэн дээ. Дуламсүрэн өөрөө ярьдаг юм. “Зээрд морь гурван бүсийн наадамд орсон” гэж.
-Нямдаваа Алдарт мөн танаас адуу авч байсан гэж ярьдаг?
-Тэр жил надаас 2.8 саяар авсан хээр азарга нь улсад хүүхэд нь ойчоод уралдаж чадалгүй, цаашаа “Их хурд” руу яваад эндчихсэн юм. Тэгэхээр нь би яг хээр азарганы төрсөн дүү улсын наадамд 30  хэдээр орсон найман настай зээрд азаргаа өгсөн. Тэгэхдээ “за миний нөхөр наадахыгаа явбал аваарай. Явахгүй бол нэг жил уяад өгөөрэй” гэсэн юм. Тэгсэн тэр нь Нямдаваагийн нэр дээр дөрвөн бүсийн наадамд айрагдаад,  ахиад хоёр зээрд даага аваад явсан Дундговьд болсон бүсийн уралдаанд нэг нь түрүүлж, нөгөө нь дөрвөөр орчихсон. Нямдаваа чинь надаас авсан зээрд, зэгэл адуунуудаараа улсын Алдарт болсон хүн. Дуламсүрэн анх ирэхдээ миний хээр морийг авах гэж ирсэн гэж ярьсан шүү дээ.
-За тийм?
-Тэрийгээ дараа нь ирээд бас аваад явсан. Манай аймгийн наадамд будилаад долоод оруулчихаад байтал Дуламсүрэн авч явсан. “Говьшанхын хурд”-д айрагдуулчихаад Архангайн Алтангэрэл гэдэг хүнд өгөөд, “Их Хурд”-д долоо билүү наймаар давхиулсан гэнэ лээ. Тэгээд машинаас унагаад хойд хөлгүй болгочихсон гэсэн. Тэр уг нь онцгой сайхан морь байсан. Дуламсүрэнд бас нэг халзан морь өгсөн Архангай, Өвөрхангай хоёрын аль нэг рүү нь гараад тэндээ очоод их олон айрагдсан гэсэн.
-Өөрийн адуу энд тэнд түрүүлж айрагдлаа гэдгийг дуулах таатай биз?
-Ярих хүн байна. Ярихгүй ч хүн байна.Нэг жил найм уралдаж долоо түрүүлж, нэг аман хүзүүдсэн Өвөрхангайн Хархорины хурандаа Батсүхийн хүрэн морь манай адуу. Хүнд өгсөн адуу дамжаад өөр газар оччихсон л байдаг юм. Би  Дуламсүрэнг Тод манлай болоход нь мялаагаад хээр үрээ өгсөн. Дууяа морь унуулж байсан жаалдаа өгсөн юм билээ. Тэр нь одоо хавчиг азарга гэхэд 32 медальтай болсон гэсэн.
-Ар, Өвөрхангай руу нэлээд гарсан юмаа даа?
-Тэгсэн. Ялангуяа Өвөрхангай руу бол олон гарсаан. Тарагтын Алтангэрэлийн Төмөр-Уяа гэдэг хүнд би сайхан танилцсаных гээд зээрд даага бэлэглэсэн чинь нэг оны цэрэг Хүнс Хөдөө аж ахуйн сайд байсан Бадамжунайд бэлэглэчихсэн байсан. Тэр нь 2012 оны улсын наадамд соёолондоо гурваар давхиж байна лээ.
-Зарагдсан адуунаас хамгийн дээд тал нь хэд хүрсэн бэ?
-Үнэ хүргэж байгаагүй дээ. Үгүй ээ хүргээгүй ч гэж дээ. Наддаа бол болоод л байдаг юм. Дээд тал нь 4.0 сая төгрөгөөр нэг үрээ зарсан.Нэг үе бие хаа жаахан муудаад “та нар яахав явна гэж санаад өөрсдөд чинь болж байвал даага 2.0 сая, шүдлэн 3.0 сая төгрөгөөр өгнө” гэж дэлгүүрийн лангуун дээр бараа зарж байгаа аятай юм болсон. Үнэ дуулахын тухайд саяхан нэг хүн хонгор соёолонг маань 25 саяар авъя гээд. Тэр хонгор үрээ шүдлэндээ Мөрөн суманд аман хүзүүдээд, хязааландаа уралдалгүй өнжсөн юм. Тэгээд соёолонд нь тэгж 25 саяар авъя гэхээр нь “хонгор халзан үрээ маань байж байвал бидэнд хэрэгтэй юм уу” гээд өгөөгүй. Их өртөг дуулсан нь тэр л байна.
-Өөрийнхийг арилжихаас гадна өрөөлийнхийг зуучлах үүргийг бас хүлээдэг үү. Тийм сураг дуулддаг?
-Зуучлах ч юу байхав. Амьтан ах дүү найз нөхөд гуйхаар “үгүй” гэж хэлж чадахгүй л байгаа юм. Улсын наадамд айрагдаад, “Их хурд”-д айрагдсан Ганбатын Босоо дэлт хүрэн азарга гэж байлаа шүү дээ.
-За тийм.
-Тэрийг чинь хүртэл авахад хамт явсан. Пүрэвжав гуай тэр жил хоёр суманд хоёр азарга түрүүлгэчихсэн байсан. Нэг нь Уулбаянд, нөгөө нь Мөнххаандаа түрүүлсэн гэдэг байх шүү. Тэгээд Дуламсүрэн бид хоёр зөвлөлдөж хүрэнг нь авахаар болсон юм. Хүрэн азаргыг соёолондоо Хэнтийд арван хэдээр орж байхад нь би харж байсан юм. Тухайн үедээ ч тэр азарга гэж мэдээгүй л дээ. Соёолон азарга өнгөнд явж сууж арван хэдээр орж байсан юм. Босоо дэлтийн тухайд ийм. Бас Буурал духтай борыг авахад оролцсоон. Буурал духтай бор чинь манай Мөрөнгийн Сахаа Дондог буюу Лувсандондог гэдэг хүний адуу л даа. Тэдний хүү “ахаа энэ жил аймагт арваадаар орсон нэг хээр морь байна. Наагуур жижиг наадмуудаар орсон хонгор халзан морь байна. Энэ хоёрыгоо мотоциклиос өгмөөр байна. Та нэг хараадахаач” гэж байна. ”Хонгор халзанг чинь яахав.Би мэдэж л байна. Хээр нь ямар адуу байдаг юм” гэсэн. Манай өөрийн адууны морио” гэлээ. Тэгээд нэг өдөр адуунд давхиж яваад хээр морийг нь харсан чинь үгүй ээ ерөөсөө хачин гоё адуу юмаа. Тэгээд би нөгөө залууд “буурал толгойтой халтар хээр морь мөн үү” гэсэн. “Мөн” гэж байна. ”За за” гэчихээд л яваад өглөө. Тэгээд Дуламсүрэнд “за хачин сайхан их насны морь энд байна. Өөр нэг морьтой нийлүүлээд мотоциклиос өгнө гэж байна. Гэхдээ чи хоёуланг нь аваад яахав. Нэгийг нь л ав” гээд.Тэгсэн Дуламсүрэн “чи л болно гэж байгаа бол авчих. Харин сайхан эдэлж бай” гэж байна. Очоод хэлсэн нөгөө залуу бөөн баяр. Тэр үед чинь мотоцикль 1.2 сая төгрөгийн үнэтэй байсан. Би болохоор дотроо “хээр морио 1,2 сая төгрөгөөр авлаа” гээд баярлаад байгаа. Тэгээд  гаднаа 15,16 хоног уяж эдэлж байгаад хойшоо явуулсан. Очсон өвлөөсөө л хурдлаад эхэлсэн дээ. Морь эзнээ олж хурдалдаг гэдэг үнэн шүү. 
-Та чинь хэдэн оны Алдарт уяач вэ?
-2003 билүү 2004 онд л авсан.
-Таны нэрийн хуудас болж, олонтоо түрүүлж, айрагдсан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Хамгийн олон хурдалсан нь цагаан морь маань юм шив дээ. Аймагт хоёр айрагдаж, Мөрөн суманд гурав түрүүлж, гурав айрагдсан адуу. Би ер нь тэгсгээд ганц нэг айрагдуулаад л адуугаа зарчихаад байдаг хүн л дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Та нарын ажилд өндөр амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №64, 65

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна