Аймгийн Алдарт уяач А.Цэвээндорж: Дээхнэ үед ногоон өвс бөглөө болно гээд адуунд өгдөггүй байлаа

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 18 -нд

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Цэвээндорж гуайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Таны алдар нэр хэн бэ. Нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Би Амгалангийн Цэвээндорж гэдэг хүн. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын гуравдугаар багийн Сант гэдэг газар төрсөн. 15 настайгаасаа эхэлж морь уясан даа. Цэрэгт татагдаж Улаанбаатар хотод Улаанхуарангийн цэргийн ангид 3 жил алба хаасан. Түүнээс хойш  нас сүүдэр 82 хүртлээ мал дагаж явсаар өдий хүрч байна. 
-Говьд адуу маллах хэцүү юу. Ялангуяа хилтэй ойрхон байх бас нэг бэрхшээл болдог байх даа?
-Би эхлээд адуу маллаж байгаад сүүлдээ хонь, ямаа малласан. Намар, зуны дэлгэр цагт хилийн тойрмоор ус шалбааг тогтдог. Адуу мал салхиар яваад гадаад, дотоодын нутаг руу орчих гээд байдаг гэмтэй. Тиймээс малаа үргэлж хараатай. Өглөө болгон цуглуулдаг, тавьдаг, усалдаг, хаашаа бэлчээх үү гэдгээс эхлээд ажил ихтэй байлгүй яахав.
-Бага наснаасаа морь уясан гэхээр өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн зүйл байх нь ээ?
-Би айлын өргөмөл хүүхэд. Өргөж авсан талын ах Нацаг морь уядаг хүн байв. Тэр хүнээс л уламжилж  7-8 насандаа морь унаж, 15 настайгаасаа морь тавих, уях ажилд орсон доо. Нацаг ахын хувьд саарал голдуу адуугаар нааддаг байв. Удам угшлыг нь яривал банди адуу гээч л юм гэсэн. Би ч гэсэн энд тэндээс адуу аваагүй, ахынхаа адууны удмыг л уяж явсан даа. 
-Таны багад Улаанбадрах сумын нэрийг гаргадаг ямар, ямар мундаг уяачид байв. Ямар, ямар хурдан хүлгүүд байв?
-Мундаг уяач гэвэл Гэцэлпалам гэдэг өвгөн байсан. Ноёны уяач байсан хүн гэсэн байх аа, сураг нь. Манай ахын ах нь хүрэн Мижид, Гэцэлпалам гуай нар нас чацуу уяачид гэж ярьдаг байсан. Тэр Гэцэлпаламын хүрэн хонгор гэж сайхан хурдан морь байсан юм даг. Тухайн үед тайж адууны л угшилтай хурдан хүлгүүд сум орон нутагтаа хурдалж байсан болов уу гэж боддог юм. Ах нь сайн мэдэхгүй л байна.
-Тэр Гэцэлпалам гэдэг хүний хонгор морь хэдэн жил айрагдаж, түрүүлсэн юм бол?
-Хонгор морь нэлээн хэдэн жил айрагдсан. Анх Гэцэлпалам гуай уяад ердөө давхиж өгөхгүй дандаа зургаагаар ордог байсан гэдэг. Сүүлд нь Жамсранжав гэдэг хүнд зарагдаад гурав аман хүзүүдэж, хоёр түрүүлж байсан байх аа. Түүнээс арай сүүлийн үеийнхээс яривал мөн л тайж, банди адууны угшилтай Нямбуугийн халтар гэж морь Улаанбадрах сумандаа бас нэлээн хэд түрүүлж, аймагт аман хүзүүдэж байсан юм. Бас нэг данжаад хээр морь ойр хавийнхаа суманд айраг, түрүү алддаггүй л байлаа.
-Сумын наадмууд тэр үед хэр өтгөн болдог байсан бэ? Дээр үед сумд наадам хийлгүй өнждөг, наадамд одоогийнхоос цөөн морь морддог байсан юм билээ.
-Манай сум жил бүр л наадмаа хийдэг байсан. Гэхдээ одооныхтой адил хавраас эхлээд морь уралдчихна гэж байдаггүй. Ер нь Улсын наадмыг 11-ний өдрөө хаа хаанаа зэрэг хийдэг байсан шүү дээ. Тэгэхэд морьд их цугладаг. Хөвсгөл сум бол манай сумаас 20-иодхон км зайтай байсан. Хуучин Улаанбадрах одоо байгаагаасаа өөр, Зараа гэдэг газар байсан юм л даа. Хөвсгөл манай хоёр хоорондоо ойрхон байсан учраас тэндээс гайгүй морьд ирдэг л байлаа.
-Таны ямар хурдан хурц хүлгэд хамгийн өндөр амжилт үзүүлж байсан бэ. Ямар угшлын адуу байв?
-Миний саарал, хонгор морь хоёр байсан. Саарал морь нь банди адуу, ахын саарал адуунуудын удам байгаа юм. Хонгор нь ч ялгаагүй ахын адууных. Хонгорыг хавчиг тайлаад их нас нийлээд удаагүй үгүй болгочихсон юм. Саарал морь 17 хүртлээ давхисан даа. Дээр үед уралдаан харьцангуй цөөн байсан болохоор нэг адуугаар тогтмол амжилттай уралддаг байлаа. Байгалийнхаа өвс, усаараа л уралддаг байсан. Одоо бол морины уяа их өөр болсон байх шив дээ. Хөгшин миний мэдэх зүйл биш болсон байна.
-Дээхнэдээ бэлчээрийн гарц сайтай байсан учраас адуу мал тамиртай ордог байсан гэдэг. Харин сүүлийн жилүүдэд байгалийн гарц муудаж байгаагаас бэлчээрээр адууг уях амаргүй болсон гэцгээж байна?
-Бидний үед адуу мал амархан тэнхэл тамираа авчихдаг байсан юм. Одоо чинь хавраас эхлээд л тэжээгээд намар болтол уралдчихаж байна. Цаг тавихгүй болохоор өвс ногоо муутай, тамир тэнхээ сууж чадахгүй. Тэжээл энэ тэр гэж мэдэхгүй нь тэгээд уралдаж чадахгүй байх шиг. Энэ жил гэхэд манай энд саяхан л цаг тавилаа шүү дээ.
-Хамгийн сайхан бахтай наадсан жил гэвэл хэдэн оны наадмыг дурсах вэ? Унаач хүүхэд, уяачийн хийморь цогцлохоороо зарим жил олноороо ордог, бас зарим жил өнждөг гэцгээдэг.
-Юм гэдэг ээлжтэй байдгийг харуулж байгаа хэрэг. Айраг, түрүү гэдэг бол дандаа үргэлж байдаг эд биш л дээ. Үүнийг морь мал уядаг улс цөм мэднэ. Миний хувьд Улаан-Уулд л сайхан уралдаж байсан юмдаг. Одоо би оныг нь мартчихжээ. Тэгэхэд хүний, өөрийн нийлсэн таван насны морь айрагдуулж байсан юм байна. Хоёр түрүү, гурван айраг аваад сайхан наадаж байлаа. 50 нэлээн гарчихсан л явсан тэр үед ингэж уралдаж болдог юм байна гэсэн шүү юм бодогдож байсан юм уу даа.
-Сүүлийн үед залуучууд моринд ихээр орж байна. Түүнийгээ дагаад ёс жудаг, морь уях арга барилын тал дээр асуудал тулгарч байгаа харагддаг. Ер нь таны бодлоор морь уяж эхлэх тохиромжтой нас хэд байдаг юм бэ?
-Миний бодлоор 30 нэлээн гарсан хойноо морь уявал зүгээр юм шиг ээ. Одоо залуучууд морь мал уяхдаа их хортой шартай болсон юм байна. Ижил сүргээс нь цатгалан барьж аваад л тулгамдуу уяаны ажил хийж байх юм. Тэр нь сүүлд хурдаа өгдөг юм уу яадаг юм, мэдэхгүй. Урьд бидний үед морийг хавар гурван сард унадаг, намар, өвөл хөндүүрийг нь гаргана гэж унадаг байлаа. Одоо тийм юм хийдэг юм уу, үгүй юм уу, мэдэхгүй. Багачуулыг харж байхад тэгж байгаа юм алга. Тарган цатгалан амьтныг л тэр чигт нь барьж авчраад л, уралдуулаад л, нэмнээд л зовоох юм. Тэгээд л бахардуулаад байгаа юм шиг санагддаг. Бидний үед дээдүүл их хэлдэг, зааж зурдаг байсан болохоор морь мэдэхгүй байсан ч дороо зүгширдэг байлаа.
-Хурдан морь эмзэг амьтан учраас түүнийг зөв залруулж, зөв оношилдог байна гэдэг бол уяачийн бас нэг эрдэм ухаан байдаг?
-Тэр эрдэмд суралцахын наана зөв унаж эдэлж байх нь зүйтэй. Бидний үед ахмад настнууд сайн зааж сургадаг, бид ч үгнээс гардаггүй байсан шүү. Одоо яадгийг мэдэхгүй юм. Ажиглаж байхад  одооны уяачид хаврын гурван сараас эхлээд намрын аравдугаар сар хүртэл уяж байх юм. Тэр адуу ч яаж л тэсдэг юм хөөрхий, бодвол тариа будаагаараа тэжээж давхиулдаг юм уу даа. Бас ногоон өвс өгдөг юм билээ. Дээр үед бол ногоон өвс гэдгийг моринд хавьтуулдаггүй байсан.
-Яагаад ногоон өвсийг идүүлдэггүй юм бол?
-Өвгөчүүл ногоон өвс бөглөө болдог гэдэг л байсан. Одоо бол бөглөрдөггүй юм байлгүй дээ.
Танд гялайлаа. Та зуу насалж, зургаадай таяг тулаарай.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна