Б.Пүрэвгончиг: Ухнын хээр, Дарьжавын хээр гээд догшоо морьд олон байсан

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 26 -нд

Увс аймгийн Завхан сумын "Говийн ажнай" МСУХ-ны тэргүүлэгч Б.Пүрэвгончигийг уншигч танаа уулзуулж байна.
-Сумынхаа МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг гэсэн байхаа?
-Энэ холбоог үүсгэн байгуулж 1999-2001 он хүртэл хоёр жил МСУХ-ны анхны даргыг нь хийсэн. 1999 онд Ховд аймагт ”Алтайн унага” гэж баруун бүсийн уралдаан болсон. Тэр уралдаанд явахын өмнө уяачид маань нэгдэж холбоогоо байгуулан, анхны даргаар нь намайг сонгосон юм. Тэгээд “Алтайн унага” баруун бүсийн уралдаанд явж, миний бор морь 630 мориноос 11-ээр давхисан.
-Уяачдын холбоо анх байгуулагдсан түүхийг дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Уяачид маань нэг удаагийн морь үсэргэх үеэрээ уяачдын холбоо гэж юм байгуулъя, нэгдэж нягтарч адуугаа сайжруулъя, зохион байгуулалтанд оръё гэж ярилцаад эхэлсэн юм. Анх Аймгийн Алдарт уяач Батаа, Зоригоо, Бямбаа, Хөдөлмөрийн баатар Шагдарсүрэн гуай нарын хүмүүс намайг “Чи залуу хүн зохион байгуул” гэсэн үүрэг өгөөд, тэрний дагуу би зохион байгуулж анхны хурлаа сумын Шарбулаг төв дээрээ хийсэн. Тэгэхэд тавь гаруй уяачид цуглаж, холбоогоо “Говийн ажнай” гэж нэрлэн, хурлаараа 5 тэргүүлэгчээ сонгосон. Тэгээд дараа нь уяачдынхаа баярыг хийж, “Алтайн унага” баруун бүсийн уралдаанд оролцсон нь тэр. Сүүлд 2010 онд шинэчлэн зохион байгуулалтанд орсон. МСУХ байгуулагдахаас өмнө манайд Хөдөлмөрийн баатар адуучин Шагдарсүрэн, Улсын аварга адуучин Бямбаа гээд адууны тал дээр нэлээд юм хийсэн олон сайхан буурлууд байлаа. Ер нь манайх хурдан мориныхоо үүлдэр угсааг сайжруулах тал дээр эрт дээр үеэсээ анхаарч, одоо ч амжилттай яваа нутаг байгаа юм.
-Холбооны хийсэн дараагийн ажлууд юу байв?
-Анх морьдоо тойргоор уралдуулдаг болсон. Одоо ч тойргоор, хойно байгаа жижиг хөх толгойг тойроод уралддаг. Миний бие анхны тэргүүнээр нь сонгогдон хоёр жил ажиллаад, сумын удирдлагын алба хашихаар болсон учраас МСУХ-ны ажлаа Мэдэр гэж хүнд хүлээлгэж өгсөн. Одоо бол холбооны ажил, морины соёлд тодорхой хэмжээнд өөрийн хувь нэмрээ оруулаад л явдаг. 1987 оноос хойш сумын хурдан морины комисст ер нь тасралтгүй шахуу л ажилласан. Үндсэндээ бол 30 гаруй жил ажиллаж байгаа.
-Тэгвэл та сүүлийн 30 жил энэ сумын наадамд давамгай уралдаж байгаа адуунуудыг нэрлэх хүн байна шүү дээ?
-Тийм. Хамгийн эхнийх нь хурдан хүрэн гэж нэгдэл азарга байсан. Тэр хурдан хүрэн азарганы төл болгон нь давхиж, эм төлүүдээс нь гарсан нь хүртэл хурдан. Завхан сумын гол угшилд хурдан хүрэн азарга голлох байртай. Тэрнээс салбарласан олон сайхан угшлууд байгаа. Бас Сүхтулгын халзан гэж азарганы угшилтай морьдууд сайн байсан. Дараа нь Цэнд-Аюушийн хүрэн, догшоо давхидаг Дарьжавын хээр, Балжингийн хээр, Шагдарсүрэн баатарын хонгор морь, Цогийн шар хээр морь, Болдгочоогийн хээр, Цулдаганы халиун морь сайн давхилаа. Сүүлд бол Цогийн халзан, Лхагваагийн бор, Дугараагийн хүрэн, Энх-Амгалангийн халтар, миний бор морь байсан. Яг одоо давхиж байгаа адуу гэвэл Нямаагийн хүрэн, Дүгэрзээгийн хар, Эрдэнэсүрэнгийн бор, Зулаагийн хүрэн гэсэн морьдууд байна. Сүүлийн үед үүлдэр угсаа сайжруулах болсон ч гэсэн манай Завхан голын унаган адуу хурдан байгаа. Жишээлбэл 1-р багийн малчин аймгийн аварга малчин Цэвээний Даваажавын хүүгийн хүрэн халзан морь, 2-р багийн Ням-Осорын хүрэн, Аймгийн Алдарт уяач Цолмонгийн хоёр хээр морь, Баярлахын хээр азарга, Чинбатын хүрэн азарга, Дорждэрэмийн хээр азарга сайн давхиж байна. Мөөг гэж адуучин адууны угшил тал дээр мундаг ажилладаг хүн байсан. Манайхан Тэс, Зүүнговь, Өндөрхангай, энэ Хомын талаас угшлаа сайжруулсан.
-Догшоо давхина гэдэг нь юу гэсэн үг вэ? 
-Байнга сайн давхидаг адууг хэлдэг. Догшоо адуу бага насандаа ч давхидаг, томроод ч давхидаг. Одоо бол их насанд энэ таван морь л орно доо гэж нэрлэхэд их хүнд. Энэ жил гэхэд 10-20 морь нэрлэж байж, тэрний нэг нь ирж байх жишээтэй байдаг. Дээр үеийн догшоо морьд бол байнга айрагдаж түрүүлдэг, айрагт нэрлэхэд гарцаагүй л ирдэг. Улсын аварга малчин Жамсрангийн Ухнын хээр морь, Дарьжавын хээр морь бол догшоо давхидаг байлаа.
-Завхан голын унага хурдан байдаг нь нутаг орны газар зүй нөлөөлж байна уу?
-Тэгж ойлгож болно. Манай нутгийн гол онцлог нь Увс аймгийн хамгийн урд захад оршдог, тал хээрийн бүсэд хамаарагддаг. Увс аймгийн говийн адуу хурдтай байнаа гэдгийг Хомын талын борлогууд нотолсон байдаг. Хом манай хоёр чинь Завхан голоос ундаалдаг, Хом голын дунд хэсэгт, манайх голын адагт нь. Завхан гол Хангайн нуруунаас эх аваад 808 км урсахдаа 200 км нь Хом, манай хоёрын нутаг дэвсгэрээр өнгөрч, Айраг нуурт цутгадаг. Яг энэ голоо дагасан, элсний унага илүү хурдтай байдаг. Ерөнхийдөө манай сумын морьдыг элсний морь л гэж үзнэ. Эндээс тэр уул хүртэл 90-ээд км газар дандаа элс туулдаг. Элс усандаа төрсөн, эндээ бойжиж өссөн унаганууд их хурдан сайн байдаг юм байгаа юм.
-Тэгвэл танай нутгийн морьд хаана хаана очиж айраг, түрүүнд орж хурднаа нотолж байсан бэ?
- Дээр үед олон сайхан хурдан адуунууд байснаас анх аймгийн наадамд давхисан нь Боохой Нааяагийн хар морь байна. Тэгээд Ангиа тойны хонгор халзан, хятад хээр, Бат-Очирын хээр гээд олон сайхан хурдан адуунууд байлаа. Сүүлд 1980-н хэдэн онд Дарьжавын хээр гэж хурдан морь гарч ирж, аймаг бүсийн наадамд нэлээд сайн давхисан. Энэ уламжлалыг Завхан сумын уяачид одоо ч алдалгүй Ховд, Завхан Увс, Баян-Өлгий гээд баруун аймгууд, баруун бүсийн уралдаануудад амжилттай уралдаж байна.
Хурдан хүрэн азарга бол Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Завханмандал сумд, Ховд аймгийн Чандмань, Мянгад, Дөргөн сумд, Увс аймгийн Цагаанхайрхан, наранбулаг, Малчин, Өлгий, Өмнөговь сумдад бүгдэд нь давхисан. Хүрэн азарга бол очсон баяр бүхэндээ л давхисан азарга. Хурдан хүрэн гэж олон түмний өгсөн нэр. 
-Хаа сайгүй зүүн зүгийн адуугаар уралддаг болсон энэ үед ч гэсэн Завханы унаган адуу хурдан байна гэж та хэлж байсан. Сүүлийн үеийн хурдууд гэвэл?
- Аймгийн Алдарт уяач Зоригоогийн хээр сүүлийн үед сайн давхиж байгаа. Энэ хээр Ургамалын тэгш ой, Чандманийн тэгш ой, Мянгадын тэгш ой гээд нэг жил гурав давхиж байх жишээтэй. Мөнгөншагайн халиун гэж яг одоо ид давхиж байгаа догшоо морь байгаа. Халиун морь Завханмандалын ой, Ургамалын ой, Чандманийн ой, тэгээд сумынхаа ойд давхисан. Нямаагийн хүрэн морь Завхан, Ургамал, Дөрвөлжин, Өлгий сумуудад давхисан. Дугараагийн хүрэн болохоор Ургамал, Мянгад, Дөргөн, Завхан суманд давхиж байлаа. Эд бүгд манай нутгийн унаган адуунууд. Яахав ганц нэг цус орсон адуунууд сайжирч, хэв галбир нь өөрчлөгдөж байгаа, хөнгөн болж байгаа юм бий. Сүхбаатарын адуу илүү хөнгөхөн. Жишээлбэл Сүхбаатарын хурдан зээрдийн угшилтай манай морьдын төстэй зүйл нь элсний болоод жижигхэн. Манай адуу жижигхэн гэлтгүй Увсын Тэс, Өндөрхангай, Зүүнговь, Баруунтурууны хаанахын ч ойд очоод айраг, түрүү авдаг. 
-2012 оны Баруун бүсийн наадамд танай сумын адуу дээгүүр давхисан гэсэн байхаа?
- Баян-Өлгийд болсон 2012 оны баруун бүсийн наадамд манай сумын Цолмон гэдэг хүний халтар, хээр хоёр морь хоёулаа 11, 12 дээр ирсэн. Нямаагийн хүрэн морь өнгөрсөн жилийн Ховд аймгийн бүсийн уралдаанд 21-ээр ирсэн. 21-ээс урагшаа бол дандаа Улаанбаатар, Говь-Алтай, Ховдын голдуу морьдууд байсан. Нямаагийн хүрэн бол нөгөө хурдан хүрэн азарганы угшилтай. Ер нь хурдан хүрний удмаас салбарласан морьд их бий. Бас халиунуудын удам гэж байна.
-Тэр Халиунуудын угшлын талаар ярьж өгөөч?
-Халиунуудын удам гэж Аймгийн Алдарт уяач Болдгочоо, Цулдгана гэж ах дүү хоёрын адууны угшил байгаа юм. Болдгочоо бол эргэн тойрныхоо адууг хооронд нь хольж хутгадаг, адууны наймаа сайн хийдэг, морь сайн шинждэг, моринд эртэй тийм сайн хүн байлаа. Тэр хүний л бий болгосон угшил. Ах дүү хоёр өөрсдөө ч тэр халиунуудыг их давхиулж байсан. Хүрэнгүүдийн угшлын нэг “Жигүүр хүрэн”-ээр нэрлэсэн галынхан чинь үндсэндээ Хурдан хүрэн азарганы нутгийнхан байгаа юм. Боруудын угшил болохоор Хомоос тасарсан 2-р баг Хармагт багт бий.
-Танай сумын нэг баг нь нэг гал болдог юмуу?
-Тийм. Манай сумын дөрвөн баг дөрвөн гал болдог. “Унаган хурд”, “Жигүүр хүрэн”, “Удамт хурд”, “Гилбэн хурд” гэсэн дөрвөн гал нийлээд “Говийн ажнай” МСУХолбоо болж байгаа юм. Нэг галдаа дундажаар жараад уяачтай. Сумын хэмжээнд 200 гаруй уяач бий. Сумын баяр наадамд их насны морьд 70, 80-аас буухгүй морддог. Галын зохион байгуулалтанд орсноор багийн өдөрлөг зэрэг үйл ажиллагаануудаа ээлжилж зохион байгуулдаг, галууд нийлж байгаад хаврынхаа уралдааныг хийдэг. Хаврын уралдаан, баяр наадам хоёроо нийлүүлээд Сумын Алдартынхаа болзолд оруулаад, тэр жилийнхээ шилдэг уяачийг шалгаруулдаг. Нас болгоны айраг, түрүү оноотой байхаар баталсан журамтай. Жишээлбэл: их нас-10, азарга-9, соёолон-9, хязаалан-8, шүдлэн-7, даага-6 оноо гээд, амжилтынхаа хэрээр оноо нь нэг нэгээр буудаг. Тэр жилийнхээ хоёр уралдааны оноог жагсааж байгаад оны шилдгээ шалгаруулчихдаг юм. Бусад нь баяр наадмын тухай хууль журмын дагуу алдар цол олгогдоно.
-Сайн адуутай боловч уяач нь тааруу байвал амжилт гаргаж чадахгүй. Таны мэдэхийн Завхан сумын ямар ямар мундаг уяачид байв?
-Дээхэн үед Бачааны Баатар, Боохойн Намжил гэж сайн уяачид байсан гэдэг юм. Хөдөлмөрийн баатар Шагдарсүрэн гуай бол сайн уяач. Бямбаа гэж улсын сайн малчин дээхэн үеийн уяачдын хамгийн төгсгөл сайн уяач. Тэрнээс залгаад одоогийн манай Зоригоо, Балжин, Өлзийтогтох, Цулдгана гээд Аймгийн Алдарт уяач хөгшчүүл гарч ирсэн. Тэдний залгамж халаа нь Аймгийн Алдарт уяач Эрдэнэсүрэн, Цог, Очироо, Гэрэлбат, Энх-Амгалан, Батзул, Наянтай, Дорждэрэм гэсэн залуучууд байна.
-Таны тухайд хэдийнээс уяа сойлго хийж эхэлсэн бэ?
-Би 1997 оноос эхэлж морь сонирхож, анхныхаа морийг худалдаж авч байлаа. Манай дээд удамд уяач байхгүй. Морины үүлдэр угшил талаар эртнээс сонирхож, янз бүрийн газраас адуу авчирч, газар газрын адууны угшил бий болгосон. Тэр талаараа түлхүү ажилласан гэх юмуу даа. Уяачийн тал дээр сайн уяачдыг яаж гүйцэх вэ.
-1997 онд та ямар адуу авч байсан юм бэ?
-Би Завхан суманд анх морь үнэд оруулж байсан хүн дээ. Манай сумын урд залгаа Завхан аймгийн Ургамал сумаас 5000 төгрөг гараагүй байхад бор морь сая төгрөгөөр худалдаж авч байсан. Бор морь найман настай урьд нь уралдаж байсан юм. Манайх адуугүй айл байсан, би чинь ядуу малчин ардын хүүхэд. Одоо бол би газар газрын адуутай, Сүхбаатар, Хэнтий, Завханы Сантмаргац, Дөрвөлжин, Увсын Тэс, энэ Хомын талын гүүнүүдтэй. Завхан сумын хурдан хүрний угшил болон сайн адуутай хүмүүсээс авч өсгөсөн 40, 50-аад адуу бий. Өөрийн гэсэн адууны угшил гаргах гээд л үзээд байна шүү дээ. Эхэндээ гүүн дээрээ сайн азарга авч тавьж байсан бол одоо сайн азаргандаа сайн гүү авчирч хураалгаж байна.
-Хаанахын ямар угшилтай адуунуудаар цус сэлбэсэн бэ?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян сумдаас авсан. Улаан сайдын шарга азарганы төл байна, Аварга зээрдийн төрсөн дүүгийн төл байна. Бид нар чинь танихаасаа илүү угшлыг нь харж авч байгаа юм. Завхан аймгийн Сантмаргац сумын Дүүрэн гэж Баасанжавын ахаас гүү авсан. Увсын Тэсийн сэгсгэр Ядамцоогоос гүү авсан. Энэ Хомын талын оодонгуудын угшлыг хадгалж байгаа Гомбо гэж хүнээс гүү авлаа. За тэгээд өөрийн нутгийн гүүнүүд байгаа. Азарганы тухайд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны азарга байна. Улаан сайдын аварга зээрдийн төрсөн дүүгийн төл байна. Бас нэг шинэ цагийн монгол адуу Араб азарганы төл саарал даага байгаа. Тэрүүгээр би азарга тавих гэж авчирсан.
-Нутгийн гүүг гаднаас авчирсан азарганд хураалгах, гаднаас гүү авчраад нутгийн азарганд тавиад гарсан төлүүдийг нь ажиглахад аль нь илүү байна?
-Эхний ээлжинд савандаа байж байгаа юм чинь нутгийн гүүнд гаднаас азарга тавих нь шинэ цус ороод адуу маш соргог сайн гарч байгаа.
-Таны ярианаас сонсоход танай адуу нэлээд сайн цус сэлбэгдсэн байна. Хүмүүс авах санал тавьж байна уу?
-Авч байгаа, Ховд аймгийн Дарви сумын залуу даага авч яваад ноднин гайгүй давхиулсан байна лээ. Энд нэг залууд үрээ өгсөн чинь бас айрагдсан. Хүнд өгсөн юмнууд бүгд айрагдаад байхаар надаас адуу авах их сонирхолтой байгаа. Даанч нөгөө зардаг нь цөөхөн. Саяхан Увсын Наранбулаг руу гурван адуу өгөхөөр тохирсон. Тэсийн нэг хүн бас байдсан гүү авч байгаа. Яахав хүмүүс энэ хүний угшил сайжирсан гэж үзэж байгаа байх. Би бол яг сайжирсан гэж хэлж чадахгүй, үр дүн нь гарах болоогүй. Би авчирсан адууныхаа дээд удам угшлын талаар нарийн тэмдэглэл хөтөлж байгаа. Тийм гаралтай тийм адуу энд ирээд, ийм адуутай сүлж үр төл нь сайн байлаа гэх мэт.
-Энэ жил танайх сумын 90 жилийн ойтой. Нутгийн дэвжээг хамгаална гэдэг том хариуцлага. Та хэдэн насны хичнээн морь уяж сойхоор бэлтгэж байгаа вэ?
-Энэ жил зургаан насанд зургууланд нь морь байгаа боловч азаргаа тэжээж чадаагүй, бусад таван насаа уяна. Ер нь манай уяачид бүгд л гайгүй гэсэн морьдоо тэжээгээд, ариглаад, асраад бэлтгэж байгаа. Орчин цагийн уяа, нэмэлт тэжээл энээ тэр гээд жаахан бяр чадал дутагдах байх. Түүнээс биш хурд бол дутагдахгүй. Хурд адилхан гэдгийг Баян-Өлгий, Увс, Ховд алинд нь ч очоод бид харчихсан. Гаднаас ирэх илүү ажиллагаа хийчихсэн морьдтой уралдахад манайх магнайлж чадаж байгаа. Тэр ирж байгаа морьд хүч чадлаа хадгалж чадаж байгаа, харин биднийх хадгалж чадахгүй, тэр инерцид нь хүрч чадахгүй байх гэж би дүгнэж байна. Баруун аймгуудаас Увсад болох бүсийн уралдаанд бүгдээрээ л ирнэ. Тэгэхдээ манай нутгаар дайрч уралдаад явах байх гэж бодож байна. Аль болохоор хичээе, сайн уяцгаая гэдгийг уяачдадаа захиж байгаа. Энэ уул ус, ард түмний сэтгэл байгаа учраас нутгийн дэвжээ харж үзэх байхаа.
-Таны нэрийг гаргаж амжилт үзүүлж байсан ямар ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Хамгийн анх 1997 онд Завхан аймгийн Ургамал сумаас авсан бор морь нэлээд давхисан. 2001 онд манай Увс аймгийн ойгоор бор морь дөрөвт дээр ирээд, Өмнөговь сумын тэгш ойд аман хүзүүлээд, Наранбулагийн тэгш ойд аман хүзүүлж байсан. Энэ сумандаа бол хоёр, гурав айрагдаад, нэг түрүүлсэн. 2001 онд миний бор морь сумандаа их насанд түрүүлэхэд, би барилдаад түрүүлж байсан сайхан тохиол бий. Бас хурдан халиун морь, ягаан морь бий. Халиун морины эцэг нь бол хурдан хүрний угшилтай азарга, эх нь болохоор Өндөрхангайгаас авсан хул гүү байгаа. Халиун бол дааганаас эхлээд хязаалан хүртлээ сумандаа болон эргэн тойрны сум, бүсүүдэд айрагдсан, тав, зургаан айраг түрүүтэй.
-Одоогоор адууныхаа үржил селекци, удам угшлыг сайжруулах тал дээр илүү анхаарч байгаа юмаа даа?
-Тиймээ, арай алсын юмыг нь бодож байгаа. Намайг сайн уяач гэхээсээ илүү морио гэсэн сэтгэлтэй монгол хүн гэдгээр сэтгүүлдээ оруулбал сайн байна./инээв/  
-Монгол эр хүн найранд гурван дуутай, наадамд гурван даваатай байх ёстой гэдэг. Таны хувьд морь ч уядаг, бас барилддаг хийморилог эрхэм юмаа.
-Би аймгийн начин цолтой, бас чөлөөт бөхийн мастер. Олон жил энэ сумынхаа наадамд түрүүлсэн. Ардын хувьсгалын баяраар 10 түрүүлж, гурав үзүүрлэсэн. Манай удамд олон бөх байлаа. Улсын начин Мижиддорж, Аймгийн арслан Батцэнд, Аймгийн заан Галбадрах, Сумын заан Мягмаржав, Санжмятав гээд бүгд манай удмын бөхчүүд байгаа юм. Овоо олон жил барилдахдаа сумандаа болон эргэн тойрны сумдын наадамд 25, 26 удаа түрүүлсэн байдаг юм билээ. Увс аймагт “Босоо хийморь” гээд миний тухай нэвтрүүлэг хийгдсэн. Булганы Дашинчилэнд 10 түрүүлсэн нэг хүн байдаг, бид хоёр бол сумандаа хамгийн олон түрүүлсэн бөхөд тооцогддог юм байна лээ.
-Сум орон нутгийн удирдлагаар олон жил ажилласан гэсэн? Танай Завхан сумын онцлог?
-Сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Манай Завхан сум бол говь-хээрийн бүсэд хамаарагддаг. Монголын хамгийн их устай сум, Айраг нуур, Хяргас нуур гэсэн хоёр том нуур, Хүнгүйн гол, Завхан гол гээд хоёр том голтой. Манай нутгийн тухайд мал аж  ахуйгаа түшиглэдэг, тэрэн дотроо тэмээн сүрэг олонтой. 1973 онд “Сумын түмэн тэмээний баяр”, 1989 онд “Нэгдлийн түмэн тэмээний баяр” гэж  хоёр удаа түмэн тэмээний баяр хийсэн. Тэмээ бол зуд турхан янз бүрийн юманд олон жилийн шалгарлаар гарч ирсэн мал. Байгалийн тухайд их устай, элстэй, гоёо, суль, сульхир ургадаг. Бөөрний өвчтэй хүн их цөөхөн байдаг нь элс, ингэний ундаа хоёрын ач тус. Нутгийн брэнд болгон ингэний ундаагаа сайхан хийж, савлаж борлуулдаг. Манай сум бас ямаа ихтэй. Өлгийн улаан ямаа гэдэг ноолуур сайтай ямаа Өлгий, манай хоёрт байдаг. Айраг, Хяргас нуурууд загас, жараахай элбэгтэй. Нутгийн маань бас нэг онцлог гэвэл газар нутгаа сэндийчиж онгичуулаагүй. Хайгуулын лицензтэй хоёрхон компани байдаг, ашиглалтын лицензтэй нэг ч компани байхгүй. Байгалийн унаган төрхөөрөө байгаа, нэг ширхэг хиргэсүүр ч оролдоогүй. Үүнийгээ хадгалж үлдэх тал дээр орон нутгийн үе үеийн удирдлагууд анхаарч ажилладаг.   
-За бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сум орон нутгийнхаа ойд амжилт арвин сайхан баярлаарай гэж хүсэн ерөөе.
-За баярлалаа.

Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна