Аймгийн Алдарт уяач Л.Ухна: Галсан бандийн хүү Маруугийн адууг маллаж, морийг нь уядаг байлаа

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 08 -нд

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Ухна гуайн яриаг уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Дэлгэрэх сум бол банди, тайж адууны өлгий нутаг гэгддэг. Тэр тусмаа таныг Галсан банди гуайн талаар сайн мэддэг гэж сонссон. Энэ хүн хэдий үед амьдарч байсан юм бэ?
-Галсан банди гэдэг хүн нэлээн дээр үеийн хүн. Намайг багашаархан хүүхэд морь унаж байхад өвгөн байсан. Галсан банди гуай Маруу гэж ганцхан хүүхэдтэй. Намайг цэргээс ирэхэд Маруу өвгөн ганц бие болсон байсан. Би 1971 оноос Маруу өвгөний хурдан зэгэл морийг нь маллаж, уяж анхны уяагаа эхэлсэн.  Хурдан зэгэл суманд 7-8 түрүүлсэн ажнай. Малыг нь маллаж байгаад тэр өвгөнөөс зээрд үрээ аваад өөрөө сургаж уяад сумын наадамд айрагдуулж гараагаа эхэлж байсан. Тэр зээрд үрээний үр төлөөр адуужиж, олон айраг, түрүү авсан.
-Галсан банди адуу л гэж яриад байгаа. Яг ямар зүсмийн адуунууд байдаг байсан юм?
-Голдуу цоохор, будан цоохор, зээрд адуу байдаг байсан. Их гоё ганган, цэвэрхэн зээр шиг адуунууд байж. Миний авсан азарганы эцэг тал нь халзан азарга байсан. Халзан азарга нь Гоодойн цагаан гэж урьд Галсан бандийн Хэнтийд түрүүлдэг хурдан цагаан азарганых нь үр төл гэдэг байсан.
-Банди адууны дээд угшил нь юу юм бол?
-Тэрийг л мэдэхгүй байгаа юм даа.
-Галсан гуайд хурдалдаг нь ямар азарга байсан юм бол. Жишээлбэл Адилаа гуайд Зул хонгор нь илүү хурдалдаг байсан гэдэг дээ?
-Дээхэн үед Хэнтийд түрүүлдэг цагаан азарга нь их хурдалдаг байсан гэдэг. Ер нь цагаан голдуу, будан, сүүл багатай адуутай байсан. Сүүлийн үед халзан азарга, бас хээр азарга хурдан байсан гэсэн.
-Хүү нь аавынхаа хэмжээнд хүрэхүйц уяач байсан болов уу. Аавынхаа адууг хэр сүлж чадсан бэ?
-Бараг 300 шахуу шигшмэл адуутай хүн байсан гэсэн. Гаднаас юм авдаггүй, өөрийнхөө адууг тахин шүтдэг байсан гэж ярьдаг юм. Тэгээд нэгдэл нийгэм хурааж авчихаад адуу нь цөөрсөн. Хурдан цагааны удам халзан азаргатай ганц азарга адуугаа авч үлдсэн ч, угшлаа хадгалж чадсан гэдэг.  Түүний үр төлөөс олон хурдан адуу гарснаас манайхны тэр хавийн болоод нутгийн ах дүүс нэлээн адуу авч угшил нь тархсан. 1950 хэдэн онд нэгдэл нийгэм адууг нь хурааж аваад, бас панзчид ч жаал авсан гэлцдэг юм.
-Нэртэй гайхагдсан адуу байсан юм чинь овоо үнэтэй зарагддаг байсан байлгүй?
-Үнэрхээд зардаггүй байсан шиг байгаа юм. Тэр үед албан журам гэж малын ноос үс, мах зэргээр татвар оногддог. Тэрийгээ төлж болохгүй болохоор хурдан адуугаа хэдэн адуунаас ч юм уу сольдог байжээ. Өргөн сумын хамба Шарав гэдэг хүн нэг сайн үрээг нь 3-4 адуугаар солиод, их авч зөөж байсан. Тэр Шарав л сайхан үрээ, гүүг нь авч зөөсөөр манай Дорноговьд их тархаасан гэж ярьдаг юм. Одоо ч манай банди, тайж адуу хааяагүй тарчихсан л даа. Сүхбаатар зүүн урд сумд руу мөн их гарч байна.
-Тэгвэл Дэндэв тайж гэдэг хүн бас хэдий үед амьдарч байсан юм? Энэ хүний талаар дуулсан сонссон зүйл байна уу?
-Манай эцэг Дэндэв тайжийн морийг унаж байсан юм. Ажаа ярихдаа Дэндэв тайжийн эцэг Дүгэр тайж гэж ядуухан хүн байсан гэдэг. Тэдний адуу Дэндэв тайжийн үед хурдалсан байдаг. Аавын яриагаар Баянтүмэн, Дорнод аймагт мал тууж яваад Муухан хээр гэдэг их, дэл сүүлтэй азарга авчирч, тэр чигээс л хурдалсан юм байх. Номон дээр бичсэнээр бол хулангийн азарганд доголон гүү тавиад тэндээс хурдалсан гэх юм. Аль нь үнэнийг мань мэт ч юугаа мэдэхэв дээ. Банди адууг ч зарим нь хулангийн угшилтай гэж ярьдаг юм.
-Адуу нь ямар онцлогтой байсан юм бэ?
-Голдуу халтар хээр, бараан зүсмийн адуунууд байсан. Харин банди гэдэг нь дэл сүүл шингэнтэй, цагаан цоохор адуу байсан. Дэндэв тайжийнх азаргаар тийм айхтар айл байсан юм уу, үгүй юм уу мэдэхгүй юм. Ямартаа ч олон хурдан их морьтой, энэ хавьдаа их мориор дийлддэггүй, угсарч орж ирдэг олон их морь байсан гэж манай аав ярьдаг байсан.
-Таны аав тайжийн ямар, ямар морийг нь унадаг байсан гэж хуучилдаг вэ?
-Хурдан Их хээр, Бага хээр, Ууц гэдгийг нь унаж байсан. Манай аав одоо байвал 100 гарч байгаа хүн байх ёстой. 80 хэдтэй нас барсан юм.
-Тэгвэл танай аавд тайж адуу байсан байх нь ээ?
-Манай аавын хэдэн малыг биднийг бага байхад нэгдэл нийгэм авчихсан юм. Нэгдэл нийгэм гэж байгуулагдахад малд дургүй зарим нь малаа хаячихаад төв рүү яваад өгсөн. Мань мэтийг сургуульд суух үед манай аав адуугаа хаяад нэгдэл рүү ороод, өөрөө гарын уртай хүн байсан болохоор нэгдлийн гар үйлдвэрт ажиллаж, гутал хувцас хийж амь зуудаг байлаа. Би л багаасаа малд дуртайдаа нэгдэлд эмнэг догшин сургаж байгаад адуужсан. Багаасаа моринд дуртай, адууны төлөө явсан хүн дээ. Одоо ч малынхаа буянаар давгүй явж байна.
-Дэлгэрэхийнхэн бол банди, тайж адуугаараа л нааддаг болов уу гэж бодож байна. Ухна Алдартын адууны цөм суурь, үндэс угшил нь ямархуу адуунууд байдаг вэ?
-Би Дэлгэрэх сумын банди адуугаар л анх морь уяж эхэлсэн хүн. Одоо 40 гаруй жил уяж байна. 1967 онд цэрэгт явж ирээд 1970 онд Галсанбандийн Маруу өвгөнөөс хурдан цагааны угшилтай халзан азарганых нь төл зээрд үрээ авч азарга тавьж байсан. Түүний төлүүд надад сайхан давхисан. 
-Тэр зээрд азарга танд хэд түрүүлж, хэд айрагдсан юм. Хэдэн наснаасаа уягдсан юм бэ?
-Би шүдлэн эмнэг ардаг үрээ авч айрагдуулаад, соёолонд нь их хурдан байгаад эргэнд орчихоод, нарийдуулаад орж чадаагүй. Тэрнээс хойш нарийдаад байх болсон. Тэгээд уялгүй, үр төлийг нь авсан. Олон төл гарч, гарсан төл болгон нь сайн давхисан. Саарал морь, хүрэн морь гээд олон үр төлөөр нь наадсан хүн дээ.
-Та банди адуугаа хаанахын адуунуудтай сүлсэн бэ?
-Зүүн хойноос Мөнххаан чигээс, Бүрэнцогтын баадуу Доржийн адуунаас ч авсан. Зүүн хойд талаас гол нь авсан даа. Мөнххааны ембүү Пүрвээ гээд голдуу энэ чигийн адуунаас сүлсэн.
-Адилаа адуу тарган талдаа уягддаг, хөнгөн уяатай байсан гэж ярьдаг. Банди адуу ямархуу уяатай байсан бэ?
-Банди адуу бас хөнгөн. Гэхдээ их эцэж давхидаг, эцэнхийг их даадаг гэж жигтэйхэн. Зүгээр цагаан өвсний адуу гэхэд гурав давхарлахыг даадаг. Дээр үед одоогийнхтой адил тэжээж байсан биш, бэлчээрийнхээ цагаан өвсөөр уралдана. Унаа эдэлгээнд сайн, эцэнхийдээ сайн явдаг. Мань мэт нь урьд Ява мотоцикль унаж байсан биш, дандаа морь унаж засгийн малд явж байлаа. Хойд зүгээс авсан морь хар махтайгаа харшихад, манай банди, тайж адууны цус орсон адуу эцэнхий, хариугүй юм шиг хэрнээ ясархуу чадалтай адуу байсан юм даа.
-Банди, тайж адуу нэлэнхүйдээ тархсан Дэлгэрэх сумын наадам бол нэлээн чансаа өндөртэй болно биз?
-Дээхэн үедээ яггүй байсан юм. Дээр үед өвгөчүүлийг байхад гаднаас манай суманд их насны морь түрүүлгэдэггүй. Сүүлийн үед энд тэнд тархчихаад тэр юм уу, эсвэл уяач нь муудсан юм уу, түрүүгээ алдах төлөвтэй болоод байгаа.
-Сумын хэмжээнд их морь сайтай байж гэж ойлгож болох нь ээ?
-Ер нь их морь сайтай газар. Манай банди, тайж адуунаас их морь сайн төрдөг. Манайханд Адилаа адуу орж байж л сүүлийн үеийн азарганууд нь хурдалж байгаа. Тухайлбал, манай хар Дамба гэдэг өвгөний үрээ аймгийн ойгоор хоёр ч дахиж түрүүлсэн. Дандаа Адилаа орсон, банди эхтэй азарганууд хурдан байна. Дээхэн үед Адилаа адуу орсон хурдан хонгор азарганууд байлаа. Онгон Гомбожав гэдэг хүн Адилаа өвгөнөөс бага саарал адуу авчирч уяж айрагдуулж байгаад нэгдэлд хураалгасан. Тэр саарал азарганы төл олон хонгор азарга гарч, манай Дэлгэрэх сум цаашлаад аймагт хурдалж байсан. Дэмбэрэлийн хонгор, Чимэдцэрэнгийн хонгор, торгон Дашнямын хонгор гээд л олон хонгор азарга айрагдаж байлаа. Одоо тэр удмын азарганууд манай Дэлгэрэхэд зөндөө байна.
-Дэндэв тайж, Галсан банди гуайн хүүгээс хойш сүүлийн үед тайж, банди адуугаар наадсан танай нутгийн ямар хүмүүс байдаг вэ?
-Олон улс бий. Дамба гуай гэдэг чинь банди, тайж адуутай хүн. Тайжийг өвгөн болсон хойно нь адууг нь маллаж, морийг нь уяж байсан хөх Цэрэн гэдэг хүн хурдан хээр морьтой байсан. Номон дээр гараад байдаг Хэнтийд хоёр түрүүлдэг тэр адуу чинь жинхэнэ тайж адууны морьд байсан. Манайхны тайж адуу гэдгийг чинь дээр үед хурааж аваад, 1920 хэдэн оны үед хойшоо Хэнтий рүү аваачсан гэдэг юм. Тайж адуунаас манайхны зүүн урдуур Түдэв гуайд будан азарга, Чогсом гэж сум нэгдлийн дарга сайн хээр үрээ авч хоцорсон. Чогсомын бэлэвсэн гээд хурдан хээр азарга байсан. Тэд тайж адуугаар хэсэг наадсан улс даа. Сүүлийн үед гэвэл Наваансүрэнгийн хээр гээд Алтанширээд түрүүлдэг хээр азарга байна. Түүний үр төл тэр жил улсад түрүүлдэг Дэлгэр хээр морийг би уяж байсан юм. Дэлгэр хээрийн эх талд нь тайж адуу орсон. 
-Та Дэлгэр хээрийг уяж байсан юм уу?
-Уг нь хотод суудаг манай хадам ах өвгөний адуу байгаа юм. Над дээр адуу мал нь байдаг, тэгээд би уяж эдэлдэг байсан.  Би багад нь уяж, сум, аймагт зургаан удаа түрүүлгэсэн. Тэгээд Баатархүү гэдэг хүн авсан даа.
-Дэлгэр хээр улсад түрүүлээд л сураггүй болчихлоо. Та уяаг нь тааруулж байсны хувьд юу гэж хэлэх вэ?
-Улсад түрүүлсний дараа тэжээгээд их таргалуулсан. Өнгөрсөн намар үзэхэд бордооны морь шиг таргалуулчихсан байна билээ. Тэгээд залуу улс буруу цагаар хагалаад, хүйтнээр хулдаастай нэмнээ тавиад өвчин олгочих шиг болсон. Ханиад хүрчихлээ, хачин боллоо гээд байсан. Дүн өвөл эхэлж байхад буруу хагалснаас болж хатгаа авахуулчихсан байх гэж боддог юм.
-Ер нь нимгэн уралддаг байсан юм уу?
-Тиймээ. Уушгиндаа сэвтэй, уях гэхээр болохгүй байгаа. Одоо чинь залуучууд унахгүй юм байна шүү дээ. Бид чинь намар цоолж эхэлж унаж эдэлдэг, хөнгөрүүлж уядаг байсан. Одоо бол өвөл уралдаан шахахаар хөлөргөөд уях юм даа. Тэрүүндээ алдаа гарч, өвчин олсон байх гэж санадаг юм. Залуухан морь улсад ганц түрүүлээд л ахиж оруулж чадсангүй.
-Тайж адууны баяр гээд их юм хийсэн. Түүний дараа тайж адууг сонирхоод олон хүмүүс ирэв үү?
-Зөндөө ирсэн. Мань мэтээс ч морь авсан. Миний тайж, банди адууны угшилтай морь мал Баатархүү авсан. Орлоо барилаа гэж дуулдахгүй л байна.
-Цэгмидийн Тайж халтар гээд “Их хурд-5”-д түрүүлж байсан азарга танай энэ хавийн адуу юу?
-Тийм. Тэр чинь Сүхбаатарын өмнө зүгийн, Халзан сумын Ухны адууны хээр байгаа юм.
-Таныг аймгийн Алдарт уяач цолд хүргэсэн, гоц хурдалж байсан ямар адуу байна?
-Саарал морь байсан. Тэр аймагт айрагдаж, хязаалан зээрд үрээ аймгийн Догшин ноён хутагтын 190 жилээр түрүүлж, шүдлэн гуравт орж, аймгийн 60 жилээр саарал их морь айрагдаж, бас нэг хонгор хязаалан морь айрагдсан. Голдуу миний хэлээд байсан зээрд азарганы үр төлүүд л дээ. Тэдний амжилтаар л аймгийн Алдартад хүрсэн дээ.
-Төрийнхөө хайр хишгийг хүртэж хэзээ Алтангадас одон авсан бэ?
-Би 1998 онд аймгийн Алдарт уяач болсон. Харин төрийн хишиг Алтангадас одонг өнгөрсөн сар хүртлээ.
-Тайж, банди адуугаа сэргээж, хадгалъя, хамгаалъя гээд л ярьцгааж байна. Энэ хүрээнд танай нутагт ямар ажил хийгдэж байх юм бэ?
-Өөрсдийнхөө адууг энэ дотроо хадгалж, удам угшлыг нь сэргээх хэрэгтэй байгаа юм. Урьдын улс дэндүү их холдуулбал сүүлдээ учраа олохоо байдаг, эргэж дотор нь тавьж байх юм бол хурднаараа байдаг гэж ярьдаг байсан. Тиймэрхүү маягийн юм багачуул хүүхэдтэйгээ ярьж байна даа. Талыг нь холдуулаад эргэж тавих журмаар манай банди адуу хадгалагддаг гэдэг. Хэт их холдуулбал аль ч үгүй болдог, уяач ч өөрөө аль ч ухаанаа олохоо байна. Тэрийг би ортой болов уу гэж санадаг юм. Зарим нь угшил ойртох тусам явахгүй болоод байна гэж байхад зарим улсыг харж байхад ойрхон, дөнгөж бараг ах дүү хоёр шахуу юм тавихад хурдан юм гараад байх шиг. Хурдан зэгэл гэж банди адуу бол хурдан цагаан азарганы төл халзан азарга тавиад гарсан адуу. Өөрийнхөө адууны гүүнээс л тэр зэгэл морь гарсан шүү дээ. Тэгэхээр адууг дотор нь хадгалж байх ёстой юм болов уу гэж санагддаг. Тэр онцгой морь байсан, манайхан хөшөөг нь босгосон байгаа.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна