МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр: Адуутай, антай холбогдсоноо эр хүн бүрт тохиохгүй аз гэж боддог шүү

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 07 -нд

Хэнтийн аймгийн Дархан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэртэй уншигч таныг уулзуулж байна. 
-Нэрт уяач, хүлэг шинжээч Ононмөр хавангийн зээ хүүтэй уулзаж байгаадаа олзуурхаж байна. Танай бүлд дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, хурдан хүлгийн уяа тааруулж буй хэр олон хүн байна вэ?
-Морины хорхойтнуудын эртний танил “Тод магнай” сэтгүүлийн хамт олонтой уулзаж байгаадаа баяртай байна. Манайхнаас арваад хүн уяа сойлго тааруулж байна уу даа. Одоо ч зарим нь бурхны оронд явчихлаа. Эндээс миний нагац ах буюу Ононмөр хавангийн том охины хүү Буяндаш гэж сайн адуутай, нутаг орондоо хурдтай уяач байна. Хуучин цагт чинь хэцүү л байсан биз, хөөрхий. Хэдэн адуугаа цавь сугандаа хавчуулах нь холгүй, ар өвөртөө нааж байж тоолуулна гээд л. Мэдээж одоо шиг олон наадам байхгүй. Нэгдэл нийгмийн үед наадамд явуулна гэсэн ойлголт ч байхгүй шүү дээ. Дулаан цагт хонь малынхаа ноосыг авч тушаах, хадлан бордоонд явах гээд малчны ажил гинжин урвалаар тасралтгүй үргэлжлэх болохоор олон наадамд очиж байгаагүй ээ. Нэг л удаа улсад ирээд, соёолон айрагдуулаад буцаж байлаа. Тэр чинь 1998 оны улсын баяр наадам байгаа юм. Тэрний дараа жил Боржигоны бүсийн наадамд нэг азарга мордуулсан ч айрагдаж чадаагүй.
-1999 оны Боржигоны наадам таны өвөөгийн нэрэмжит уралдаан байхаа?
-Тиймээ. Тэр наадамд ахын азарга мордож байсан юм.
-Танд өвөөгийн тань эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлүүдээс бий юу?
-Байнаа байна. Өвөг эцгийн маань хэрэглэж байсан хусуур, тамга бас бус юмнууд бий. Тэгэхдээ бүгд яаж байхав. Он цагийн уртад нүүдэл суудлаар үгүй болсон зүйлүүд ч бий.
-Харин таны хувьд уяа сойлго тааруулах болсон үе хэзээ вэ?
-Зуны хэдэн сарыг Буяндаш ахын хавиар өнгөрөөнө, бас тэдний адууг унана. Анх таван настайгаасаа хурдан морь унаж уралдсан. Тэгэхээр гурав, дөрөвтэй морь унаж сурсан юм болов уу даа. Тавтайдаа Буяндаш ахын өвөг эцгийн Эрххээрийг унаж хурдлуулж явлаа. Гэхдээ их хөгтэй. Тэр үед чинь морь тавьдаг байсан. Миний морийг Буяндаш ахын аав нь тавьж өгдөг юм. Би ч түрүүллээ гэж бодож байсан чинь зургаад ирдэг юм даа. Хөөрхий эхний таван морио ч харах сөхөөгүй балчир байж дээ. Замдаа ташуураа хаяад хөглөсөөн. Унаач нь тааруу, морь ч хөгшин ийм л хөгтэй наадаж явлаа. Уг нь Эрххээр залуудаа олон удаа айрагдаж түрүүлж байсан юм билээ л дээ. Тэрнээс хойш тав зургаан жил хэртэй морь унаж байгаад хасагдаад ирэхийн үеэсээ морь уяж эхэлсэн. Надад Хүүхдийн шарга гэж азарга байлаа. Өвөг эцгийн маань үлдээсэн азарганы үр төл. Шарга азаргаа Дархан суманд 1957-1961 онуудад завсаргүй дөрвөн жил түрүүлгэсэн аатай сайхан үе бий. Мэдээж миний нэр дээр уралдаж байгаа ч ард нь өнөө айхтар өвгөчүүл, дээдчүүл л хэлж заана шүү дээ. Ийнхүү уяач нь хүүхэд болохоор Буяндэлгэрийн шаргыг наадамчин олон өхөөрдөөд Хүүхдийн шарга нэрийг өгсөн түүхтэй. Түүнээс хойш би сургууль соёлын мөр хөөж, үеийнхээ залуусын жишгээр адуу малнаас хэсэг холдож хөндийрсөн.
-Завсарлага хэр удаан үргэлжилсэн бэ?
-Хэдийгээр хүний нутагт амьдарч байгаа ч адуу мал гэдэг сэтгэлд ямагт ойрхон байдаг юм билээ. Дээхнэдээ ан гөрөөнд ч их явдаг байлаа. Миний үндсэн мэргэжил агнуур зүйч юм шүү дээ. Тэгээд 1981 оны зургаан сард Англиас ирчихээд удаагүй байхдаа Монгол улсын Манлай уяач Гэсэрваань гуайтай танилцах сайхан завшаан таарсан. Гэсэрваань гуай шиг тохитой сайхан уяач ховор шүү. Хүнийг хэзээ ч чи гэхгүй, худлаа ярихгүй. Өөрөөс дүү байсан ч та л гэнэ. Хурдан мориор зүйрлэх юм бол сайн морийг манай Гэсэрваань гуай шиг мэлзээгүй гэж ярьдаг юм. Ёстой л хүний дээд хүн дээ. Тэгээд яахав өнөө хобби маань хөдлөөд өвөл амралтаараа зорьж очиж байгаад өвгөний морийг унаад ан гөрөөнд их явнаа. Мэдээж ууланд гахай хөөж яваа мань мэтэд хурдан морио унуулахгүй ш дээ. Гэхдээ сайн морьдуудаасаа өгнө. Тэднийх цөөвтөрхөн малтай ч хэдэн адуугаа их сайхан эдэлнэ. Хэд хэдэн хурдан хүрэн адуутай. Эр хүн болсон хойно адуунд нүд унагалгүй яахав. Багаасаа морь унаж, уяж өссөн болохоор сэтгэлийн үзүүрт бас байна шүү дээ. Ингэж яваад 1993 онд Гэсэрваань гуайн хурдан хүрэн азарганы үр Төв аймагт дөрөвлөж, улсын наадамд даагандаа аман хүзүүдсэн азаргыг нь худалдаж аваад нутагтаа очлоо. Дээр нь Буяндаш ахын хадгалж байсан ганц хоёр гүү, нутгийн ах дүүс, найз Содномдаш нарын сэтгэлийн бэлэг болсон адуу нэмэгдсэн. Бас миний Хүүхдийн шаргын үр төлийг авсан Баянмөнх сумын Рэнцэнжамц бас нэг гүү бэлэглэдэг юм байна. Хонгор азаргыг авсан жилээ Гэсэрваань гуай дээр уяулаад, хойд жил нь хамт уясан. Дараа нь Даваахүүдээ даатгасан гэх үү дээ. Би чинь жаахан зөрүүд хүн байгаа юм. Болж өгвөл өөрөө л гээд зүтгэчихнэ. Өрөөлөөр уяулчихаад айхтар сүрхий нэр хэргэм аваад яахав. Тэгээд ч санаа оноо зөрөлдөх юм гарна. Тиймдээ хэдэн хүүхдүүдтэйгээ нийлээд ноцолдож байхыг илүүд үздэг. 1999 оноос хойш бие дааж морь уяж байна.
-Тэр үеэс адуу цуглуулж эхэлсэн үү?
-Тийм ээ. Дараа жил нь буюу 1994 оны Өвгөн ноёны наадмаар Галшар сумын оготор Балжинням уяачтай танилцсан юм. Дараа нь хоёулаа наймаа хийж, нэг цавьдар азарга авч байлаа. Тэгэхэд Галшарын нэгдлийн дарга, Гавьяат эдийн засагч Дэрийлаа ажиллаж байсан. Галшарын адууг сайжруулж, цөм сүргийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан хүн л дээ. Миний хар багын унаган найз. Тэрхүү “цөм сүрэг”-ийг оготор Балжинням хариуцдаг байсан. Үнэндээ Балжиннямаас хээр азаргыг нь авах санаатай очсон ч Галшарын хошуу дааж байгаа азаргаа өгөхгүй гэж татгалзаад, цавьдар азаргатай буцаж байлаа. Бас Дэрийлаа найз маань өөрийнхөө болон цөм сүргээсээ адуу бэлэглэснээр адууны ажилдаа түлхүү орох болсон. Үүнээс хойш Говь-Алтай аймгийн Бугат сумаас тахийн цустай хоёр, гурван гүү авсан. Адууны эзэн Гантөмөр наймаа хийхдээ “Манай адуу тахийн цустай” гэж ярьсан ч үнэн худлыг сайн мэдэхгүй л дээ. Мөн Увсын Тэс, Архангай, Сэлэнгэ, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт сумаас ганц нэгээр нь адуу зөөсөөн зөөсөн. 
Сүүлд 1998 онд улсын наадамд түрүүлсэн Гуулин зээрд азаргыг Галшарын Олдох гэж залуу манай хүүд соёолонд нь бэлэглэсэн юм. Өвгөн ноёны Норов хүрэн  азарганы угшилтай адуу юм гэнэ билээ. Бас 1996,97 оны үед санагдана, Дорнодоос Жинст хонгор азаргаа авч байлаа. Буянтай амьтан даа. Дорнод аймгийн Бор хэмээх Базарсадын унаган адуу. Угшил зүйг нь хөөвөл эцэг нь Сүхбаатар аймгийн Халзан, эх тал нь Дорнод аймгийн Гурванзагал сумаас гаралтай. Цааш нь хөөгөөд үзэхээр гурав, дөрөв дэх үедээ Орос цустай байж мэдэхээр юм шиг байна лээ. Нутгийн улсууд ярьдаг юм. Нутагтаа олон удаа айрагдаж, түрүүлж байсан энэ адууг анх 1996 оны хавар Дэлгэрхааны даншигт дөрөвлөхөд харж, дараа нь авсан.
-Нууц биш бол ямар ханшаар авсан бэ?
-Тухайн үедээ үнэтэй л авсан. Тэгэхдээ одооны адууны үнэтэй харьцуулах юм бол бага л даа. Одоо чинь 200, 300 сая хүрчихээд байгаа юм бишүү.
Тэр үед Дорнод, Сүхбаатарын адуу айхтар тодроогүй байсан үе л дээ. Би Жинст хонгороо авчихаад 1997 онд Өвгөн ноёны наадамд аман хүзүүдүүлж, 1998 онд  түрүүлгэсэн. Эндээс Дорнодын адууны шандсыг хүмүүст таниулсан гэж боддог. Надаас өмнө Гунгаа Базар гэж өвгөн их насны хоёр морь Дорнодоос авчирч байсан юм билээ. Үнэндээ тухайн үедээ “Гунгаа Базар гуай та хоёроос өөр Дорнодоос хурдан адуу авч байсан хүн дуулдаагүй” гэж зарим нэгэнд хэлүүлж явлаа.
-Жинст гэж ямар утгатай нэр вэ?  
-ММСУХ-ны нарийн бичгийн дарга асан Баярмагнай гуайн өгсөн нэр л дээ. Их өндөр хөхөлтэй, боочихоор хорин хэдэн сантиметр орчим болно гээч. Эндээс үүдээд отго жинстэй зүйрлэж, “Их хурд”-д түрүүлсний дараа өгсөн нэр байгаа юм.
-“Их хурд” бол та бүхний санаачилсан Монголын анхны морины олимп. Тэгэхэд азаргаа мордуулчихаад юу бодож байсан болоо?
-Мэдээж уяач бүр айраг түрүү хүртэж, цагаан юм амсъя гэж бодно шүү дээ. Гэхдээ надаас илүү уяа сойлгыг нь тааруулсан Даваахүүд багцаа байсан болов уу. Бид чинь олон жил нөхөрлөж байгаа улс. Миний хонгор азаргыг “Их хурд”-д  ч, Өвгөн ноёны наадамд ч уясан. Тэр жилийн наадмаар Даваахүү “Буянаа ахаа танайх хэдэн шил архи авсан бэ” гэж асуухаар нь ганц авдар л гэлээ. Тэгсэн “Улсын наадамд азарга түрүүлгэхэд гурван авдраас нааш хүрдэггүй юм ш дээ” гэнэ. Жаахан гайхсан ч хэлснээр нь хүүхдүүддээ захиад нэмээд авчихлаа. Тэгсэн үнэхээр л түүний хэлснээр болж, хонгор азарга түрүү магнайд ирж билээ.
-1990 оны Монголын нууц товчооны даншигаар Монголын аатай хурдан буянгууд цуглаж байсан гэдэг. Тэгэхээр “Их хурд” хоёр дахь удаагийн их цугларалт болсон болов уу?
-Үнэн, үнэн. Хоёр дахь удаагийн том цугларалт болсон шүү.
-Та ММСУХ-ны тэргүүнээр хэдэн жил ажилласан билээ?
-Би долоон жил тэргүүнээр ажилласан. Миний дараагаар Ажнайн Бат-Эрдэнэ найм, одоогийн тэргүүн Энхболд зургаан жил болж байна.
-Их хурдад хонгор азаргатайгаа л очсон юм уу?
-Их морь, азарга хоёртой очсон. Зээрд морио айрагдчих болов уу гэж дотроо горьдож байтал арав гаргаад ирсэн л дээ. Олон жил уралдаж чадаагүй ээ, хөөрхий. Хойтон нь Боржигонд очоод хөлгүй болгочихсон юм, 1999 онд.
-Тэгвэл дээр өгүүлсэн хүүгийн бэлэгний соёолон хэр давхиж байв?
-Тоогүй юм шүү, долоон настай уралдуулаад, хойтон жил нь хөлгүй болгочихсон. Муу уяачийн шинж биз дээ. Монголчууд ярьдаг даа. Долоон настай адуу уралдуулдаггүй гэж. Үнэн санагддаг. Харж байхнээ улсын болон томоохон наадамд түрүүлсэн долоон настай азарганууд нэг бол эндсэн, нэг бол хөлгүй болсон түүх олон юм билээ. Одоо ч хамаагүй болж. Гэхдээ бодож баймаар эд байна лээ шүү.
-Та хэдэн оны Алдарт билээ?
-1998 оны “Их хурд”-ын дараа болсон. Тэр жил хоёр азарга түрүүлгэж, нэг азарга аман хүзүүдүүлсэн юм. Бид наадмын өмнөхөн “Их хурд”-д адуу түрүүлгэсэн хүнд Алдарт уяач цол өгөх шийдвэрийг гаргасны дагуу авсан нь тэр. Үнэнийг хэлэхэд өөрийгөө болно гэж мэдээгүй л дээ. Миний уяач гэж юу байхав. Зүгээр л морь уяж өөрийгөө баясгадаг хүмүүсийн нэг байхгүй юу.
-Адуутай холбогдсон он жилүүдээс сэтгэл зүрхэнд үлдсэн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Эр хүний хувьд адуутай, антай холбогдсон маань хүссэн бүхэнд тохиохгүй аз гэж боддог юм. Мэдээж олон сайхан дурсамжууд байна. Гэхдээ би хэлсэн дээ, сайн уяач биш гэж. Би зүгээр л өөрөө өөрийгөө баясгаж морь уядаг хүн. Нар ээсэн сайхан өдөр морьдоо барьчихаад, уяаныхаа эхэнд хэдэн хүүхдүүдтэйгээ хөөрөлдөж суух шиг сайхан жаргал байхгүй. Өөрөөр хэлбэл хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэх юм уу даа. Хүнээр морио уяулчихаад, хөөе та бос, одоо тэгж ажил хий гэж хэлүүлж сургуулилж байхын оронд чадсан чадаагүй өөрийнхөөрөө л зүтгэх сайхан.
Ан гөрөөнд ч өглөө эртээ өндөр уулын оройд гараад, дуран сунгасан шигээ суух бас л сайхан шүү дээ. Нэг ёсондоо оюун санааны сайхан амралт байхгүй юу. Мэдээж таарсан болгоноо яалаа гэж агнах уу. Торой, мэгж агнахгүй бодон л агнах жишээний. Энэ чинь амар ч бүтдэг ажил биш. Хоосон, нойтон явах үе олон таарна. Гэсэн ч орчин цагийн хэллэгээр сайхан кайф авна. Өвлийн цагт бүрэнхий болгоод 17 цагийн үед нөөлгөний хажууд суугаад цайгаа чанаж, хоолоо идчихээд, яриа өрнүүлж суух ч аятайхан гэж жигтэйхэн. Домог хуучаас эхлээд өөрсдөдөө тохиолдсон зүйл, алдсан оносноо гээд яриа ч хөвөрнө. За тэгээд тэр сайхан агаарт амарч унтчихаад, өглөө босоод явахад бие ч хөнгөн, сэтгэл ч сайхан байдаг юм.
-Та хэр мэргэн бууч вэ?
-Даруу байна гэдэг гайхамшиг гэдэг юм мэдэв үү. Тэгэхдээ үнэнийг хүнээс нууна гэдэг гутамшиг ч гэдэг. Би сайн бууднаа. /инээв/ Гэхдээ би тарвага туулай буудах дургүй. Магадгүй тарваганы мах иддэггүй болохоор тэр байж мэдэх юм. Би чинь айлын эрх танхи хүүхэд. Намайг багад тарвага, тэмээ, ямааны мах идүүлдэггүй байлаа. Хожмоо аравдугаар ангиа төгсөхдөө үеийнхэнтэйгээ дарвиад тарваганы боодог хийж анх удаа идэж үзэж билээ.
-Та айлын ганц хүү юм уу?
-Үгүй л дээ. Гэхдээ багаас цээртэй өсгөсөн юм билээ. Лам багш хэлсэн ч юмуу.
-Одоо нас жаахан яваад ан гөрөөнд гарахдаа өр өвдөх юмуу?
-Нас ахиад ирэхээр ан хийх нь гол биш болж байгаа юм. Дурлаж хөөцөлдөхөө байж, хорхой дарагдсан юм уу даа. Манай Ренчин багш, бууны багш Моюу нар маань “Нас жар гараад ирэхээр анд хорхой дарагдаад нэг их явах юмсан гэж санагдахаа больдог юм даа” гэж ярьдаг. Мань ч ялгаа байхгүй ээ.
-Гадаадад явж ан хийж байв уу?
-Би гадаадад олон газар очиж ан хийсэн. “Анчдын нийгэмлэг”-ийн төв зөвлөлийн даргаар 20 гаруй жил ажилласан маань үүнтэй холбоотой. Европын анчдын нийгэмлэг, хуучин соц орнуудын ангийн нийгэмлэгийн дарга нарын уулзалт, багш шавийн гэрээний орнуудын ангийн нийгэмлэгийн дарга нарын уулзалт гээд л олон арга хэмжээ болдог байлаа. Улмаар тэр уулзалт хийсэн газраа ан гөрөө хийдэг байсан. Жишээ нь Болгар, Венгер, Польш, Орост ан хийсээн хийсэн. Харин сүүлд 2000 онд “Монхангай” группийн Сэргэлэн бид хоёр өмнөд Африкт очиж ан хийсэн. Магадгүй гадаадад очиж албан ёсоор ан хийсэн анхны анчид бид байх шүү. Тэнд арав гаруй төрлийн ан хийснээс гөрөөс, ооны толгой нь одоо манай гэрт бий.
Анчин гэдэг хамгийн буянтай хүн байгаа юм шүү дээ. Хорвоогийн жам ёс гэж бий. Дээд тэнгэр, бурхан багш нэгийг нь идэж бай, нөгөөг нь идүүлж бай гэж заяасан байна. Нэг домог байдаг даа. Бурхан багш чононд мянгаас нэгийг идэж бай гэсэн чинь өнөөх нь мянгаас нэгийг үлдээж байгаарай гэж сонсоод яараад давхичихсан. Тийм болохоороо таарсан хонио иддэг гэж ярьдаг даа. Энд сонирхуулахад дээр үед нэг хүн нисдэг далавч зохион бүтээгээд туршиж үзэх болж дээ. Тэгээд нэг шинжээчийг хошуу ноён дуудаад, манайх нисдэг далавч турших гэж байна. Хэнээр туршилт хийж нисгэх вэ гэж асууж гэнэ. Тэгтэл хамгийн буянтай хүн л нисээд, эсэн мэнд ирнэ гэжээ. Нутгийнхан лам багш, нүгэлт хар гөрөөчин хоёрыг сонгожээ. Ингээд өндөр хадны орой дээр лам багшийг зогсоогоод доор нь юмыг яаж мэдэхэв  гэмтэхээс сэргийлж түмэн хонь хурааж гэнэ. Тэгээд багшийгаа нисгэтэл олон хонины хамгийн тарган дээр нь буугаад мани бад мэ хум болчихож. За багш ч өнгөрч байхад гөрөөчин бол газар хүрэлгүй дуусна байх даа гэж ойлгоод нисгэтэл нөгөөх нь хонины дунд буучихсан, дэвхрэн гүйж явсан гэдэг.  Гайхсан олон шинжээчээс учрыг асуухад “танай багшид хийсэн буян алга. Хажуугаараа гарсан хар хорхой, ялаа хоёрыг алж маани уншсан буянгүй хүн байна. Харин наад нүгэлт хар гөрөөчин чинь нэгийн амийг таслаж, өлссөн ядарсан олонд хоол залгуулж өгч байдаг хамгийн буянтай хүн байна” гэсэн юм гэнэ лээ.
Харамсалтай нь одоо яг зөв сайхан ан хийж байгаа хүн маш цөөхөн болжээ. Хурдан машинаар хөөж туугаад, олноор нь агнаж ан авын нэр хүндийг унагаад байх юм. Байгаль дэлхий ан амьтантай хэрцгий харьцана гэдэг байж болохгүй асуудал. Эргээд чи өөрөө эсхүл үр хүүхэд чинь төлөх болно шүү дээ. Манай дээдсүүд ямар жудагтай улс байв. Авах нэгийгээ л авна, ан гөрөө таргалсан хойно ганц гөрөөс унагаж авчраад далуулаа хуваагаад идчихнэ. Таван чоно ирлээ гэхэд хоёрыг нь буудаад гурвыг нь үлдээх жишээний. Хужирт явж байгаа амьтан, нутаг үзэж яваа амьтанг агнахгүй. Шувууны үүрэн дээр сүүдрээ тусгахгүй гэхчилэн сайхан уламжлалууд устаж мэдэхээр байгаад сэтгэл зовнидог юм.
-Ан, мориноос өөр таны хобби байна уу. Эр хүний эдлэл хэрэглэлд хэр анхаарал хандуулдаг вэ?
-Байнаа байна. Хутга, хөөрөг, түүх өгүүлэх ховор нандин эд өлгийн зүйл цуглуулах дуртай.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа.
-Баярлалаа. Хэнтий аймгийн хийморилог уяачид “чуулсан” “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан Хэнтийчүүдэдээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ирэх жилийнхээ наадмуудад одтой сайхан наадаарай. Олон олон сайхан айраг түрүүн эзэд болж, цол хэргэмүүдээ ахиулцгаагаарай гэж хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл №64

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна