НМСУХ-н.ы дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Д.Очирсүрэн: Өвөөгийнхөө хусуурыг морины хөлсөнд дэвтээхсэн гэж хүссэнээ биелүүлэхээр уяач болсон

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 02 -нд

Энэ удаагийн хүндтэй зочин өвөө н.Пүрэвжав, аав П.Дагвасамбуу болон нагац ах нарынхаа уяаны эрдмийг залган хусуур сойзоор гоёж яваа Алдарт байх юм. Өнгөрсөн хонин жилийн босгон дээр “Эрдэнийн очир”-оор энгэрээ мялаасан тэрээр 2001 оноос уяа сойлго тааруулж байгаа бөгөөд анхны айргаа 2003 онд авч байжээ. Тэр жил улсад 15-аар ирсэн даагаа Нөхөрлөлд айрагдуулсан нь шинэхэн уяачийн анхны айраг байсан гэдэг юм. Энэ айраг булган сүүлтэй байж өнөөдрийг хүртэл хурдан хүлгийн тоосонд хийморио даатган, наадаж явна. “Адуу дагасан бүх он жилүүд сайхан” гэж ярих тэрээр инженер мэргэжилтэй хүн. Түүний тэргүүлдэг “Мөнгөн хошуут хүлэг” компани Монгол орны томоохон бүтээн байгуулалтанд “гол дүр”-ийг бүтээгээд амжсан нь бий. Өдгөө Оюутолгой, Ухаахудагийн цахилгаан станц, ТЭЦ-4, ТЭЦ-3-ын өргөтгөл, Шангрила зочид буудал, Цонжинболдог, Бурхантай хөшөө, Их майдарын түүхэн бүтээн байгуулалт Д.Очирсүрэн гэх эрхмийн ажлын нэгээхэн хэсэг юм. Түүнийг сэтгүүлч би хос морьтой эрхэм гэнэ. Уясан хүлгэд нь айраг түрүүгээр давхих бол, мөнгөн хошуут хүлгэд нь Монгол орныхоо өнцөг булан бүрт цуцашгүй хурдлах ажээ.
-Хонин жил амжилт арвин байна уу? Оны босгон дээр “Эрдэнийн очир”-оор гоёсон Алдарт бүсийн наадмаас нэг түрүү, хоёр айраг авсан байхаа.
-Сайхан жил боллоо. Он гарсаар хаврын бүсийн уралдаан “Дүнжингаравын хурд”, залгаад Нийслэлийн МСУХолбооноос зохион байгуулдаг “Хангарьд”-даа оролцож, үрээгээ айрагдууллаа. Энэхүү Хангарьдын анхныхыг сайн зохион байгуулсан гэж хамтран ажилласан нарийн бичгийн дарга Отгонбаяр бид хоёр “Эрдэнийн очир”-оор шагнуулсан юм.  Мэдээж төрийнхөө их баяр наадамд уясан хүлгэдээ мордууллаа. Энэ жил бороо орчихоосой гэж хүсэж байсан ч санаснаар болсонгүй. Хүйн долоон худгаар цагаавтар гантай байгаад морьд бодсоноос байр ухарсан. Дээр нь шүдлэн насанд хоёр монгол үрээгээ хасуулчихсан. Даагандаа улсын наадамд 11-ээр давхиж, Хөвсгөлийн бүсэд айрагдсан болохоор уг нь найдаж байсан юмсан. Гэхдээ наадам нэгээр дуусахгүй л дээ. Ах нь ноднингийн цагаан сарын өмнө аймгийн Алдарт уяач цолыг авсан хүн. Ямартаа ч энэ жил цолоо баталчих юмсан гэж бодож явснаа биелүүлээд авсандаа баяртай байна.
-Шүдлэнгийн асуудлыг уулзсан уяач болгон ярьж байна. Таныхаар энэ асуудал дараа жил давтагдахаас яаж сэргийлж болох вэ?
-Би наадмын зохион байгуулалтанд ММСУХ оролцох ёстой гэж боддог. Тэр тусмаа оролцох, оролцохдоо голлох үүрэг гүйцэтгэж, наадмыг зохион байгуулах цаг нь иржээ. Би нийслэлийн уяачдын холбоонд данстай хүн. Харж байхад Дүнжингарав болон бусад бүсийн наадмууд уяачдадаа илүү ойрхон, хэл ам багатай болдог нь харагддаг. Тэгэхэд улсын наадмаар хатуухан хэлэхэд морь мэддэг гэхэд эргэлзээтэй дарга, генералууд ажилладаг нь бас л учир дутагдалтай юм. Нэг хэсэг нь хүний үзэмжээр, нөгөө хэсэг нь хүний нөлөөгөөр наадмыг хийгээд  байх шигээ.
-Уяачид ч ухамсартай, үнэнчээр хандах хэрэгтэй юм шиг харагддаг?
-Энэ чинь ганцхан хүний наадам биш. Наадамд оролцож байгаа уяач, зохион байгуулах комисс аль аль нь хариуцлагатай, бас хүндэтгэлтэй хандах ёстой. Би дахиад л хэлнэ наадмаас бусдад нь ийм асуудал бараг ажиглагддаггүй. Уг нь наадмын зохион байгуулагчид яавал энэ наадмыг сайхан болгох уу, морь хүүхэд эсэн мэнд яваад ирээсэй л гэж боддог юм. Мэдээж наадамд оролцож байгаа хүн чадвал өөрийнхөө морийг дагаад харчихсан гэж хүсдэг нь нууц биш. Тэрнээс даамал, дэд даамал боллоо гээд морь будилаантуулчихдаг юм биш. Тэгж бодох ч зав гардаггүй. Өөрийнхөө морийг мартчихдаг юм байна лээ. Би Хангарьд уралдаанд шүдлэнгийн даамал хийж үзсэн, амаргүй байсан. Өөрийн эрхгүй наадамд морьдоо уралдуулаад л явж байх шиг сайхан юм алга. Зохион байгуулна гэдэг ямар хэцүү юм бэ гэж бодсон шүү.
-Зохион байгуулагчид журамд нийцээгүй учраас хассанаа тайлбарладаг. Жишээ нь таны шүдлэнгийн үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр хэд байсан бэ?
-Сэрвээний өндөр нэг нь метр 29, өнөөх нь метр 30-тай. Надад ямар нэгэн тайлбар өгөөгүй. Шүдлэнгийн даамалд хүсэлт гаргаад уулзаж чадаагүй. Ёстой гайхаад л хоцорсон доо.
-Тоогүй юмаа. Харин бүсийн наадмуудад хэрхэн оролцов?
-Хаврын бүсийн уралдаануудад 10-20 хооронд хурдлууллаа. Хангарьдад шүдлэнгээ гуравлуулчихаад улсад мордуулж чадаагүй. Ноднин даагандаа Хотгойдод аман хүзүүдсэн ч урд талынх нь эрлийз даагыг оруулчихсан. Энэ мэт шударга бус юмнаас болоод хааяа бухимдах л юм. Тэгээд хасна хасахгүй гэж хэл ам болоод өнөөх нь Увсын хүн байснаа сүүлдээ ч Хөвсгөлийн цагдаагийн даргын нэр дээр ороод дууссан даа, хөөрхий.
-Хаанахын удам угшилтай юм бэ?
-Яах аргагүй миний унаган адуу байгаа юм. Эцэг нь Сүхбаатарын Халзангийн Уртнасан гэж хүний халтар азарга, эх нь  Жаргалантын эхтэй бор зүстэй гүү бий.

 
Увсад зургаан морьттой очоод, зургаан айрагтай ирсэн

-Наадмын дараа аль бүсэд наадав?
-Би Увсад очиж наадсан. Манай Увс аймгийн Тэс галын тэргүүлэгч Баттулга гэж миний хуурай  дүү бий. Бас Алтансүх сайн дүү байна. Энэ хэд маань “ах аа Увсад очиж уралдъя” гэж санал тавихаар нь зөвшөөрсөн. Уг нь Булган явах санаатай байлаа. Даанч Булган нэг болно, нэг болохгүй гээд байхаар нь хоёр дүүтэйгээ, найз Отгонбаяр дөрвүүлээ Увс явсан. Эндээс зургаан морьтой гараад, зургаан айрагтай ирсэн.
 -Ямар, ямар насны зургаан морьтой явсан бэ?
-Азарга, их нас, хязаалан, шүдлэн, хоёр даагатай явж, миний хээр даага эрлийзэд түрүүллээ. Бас Баттулгын шүдлэн, манай дүү Алтансүхийн азарга айрагдаж, их нас түрүүлгэсэн. Алтансүх уядаг Гантөмөр гэж нөхрийн морь л доо. Тэгээд шүдлэн гуравласан нь Отгоо ахын нэр дээр, хязаалан ч бас хүний нэр дээр уралдсан. Энэ хязаалангийн эцэг, эх хоёулаа Жаргалант угшилтай. Ноднин Сэлэнгийн  хаврын бүсэд аман хүзүүдсэн юм.
-Увсын наадам ямархуу болсон бэ?
-Үнэндээ жоохон чамлалттай. Соёолонгоо будилуулаад, хоёр тасдаж уралдуулсан. Гараанаас эхлээд л олны нүдэн дээр ил явсаар бариандаа ордог ч гарахдаа бас учир дутагдалтай юм байна лээ. Нэг хэсэг морины урд талыг цоожлоод, нөгөө хэсгийг нь цоожгүй тавьчихаад, дараа нь цоожтой нь гарах жишээний.
-Соёолон, их морь хоёр будилсан гээд байсан даа?
-Их морь будилаагүй. Харин дундаас нь тавьчихсан. Тэр ч Увсын нөхдийн хийсэн ажил л даа. Их морь 22 км явлаа гэхэд 11 км яваад буцдаг юм байна лээ. Тэгэхэд 11 дээрээс нь тавьчихаж байгаа байхгүй юу. Гэхдээ тэднийг хассан.
-Та Увсад анх удаагаа очиж байна уу?
-Тийм ээ, анх удаагаа очсон нь энэ. Сайн адуутай, сайхан нутаг байна лээ. Тэндэхийн Тэс адуу Тува адуутай цус холилдсон болохоор томируун биетэй. Ер нь эрлийз голдуу адуу их харагдсан. Өөрийн эрхгүй сонирхол татаад нэг цэвэр шахуу жороо зээрд халзан морь унаж үзсэн, аятайхан шүү. Харин уралдаан зохион байгуулалтын хувьд асуудалтай санагдсанаа нуугаад яахав.
-
Бүсэд түрүүлсэн даага ямар удам угшилтай вэ?
-Оросоос орж ирсэн миний араб бор азарганы төл. Харин эх нь Сүхбаатарын Эрдэнэцагааны монгол хээр гүү бий. 
-Би андуураагүй бол өөр хүний нэр дээр бүртгэлтэй байсан санагдана?
-Ухаант буурлууд “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гээд хэлчихсэн байна. Би боддог юм. Хүн баярлуулж явахад хариу нь ирдэг гэж. Нэг галын уяаны гишүүд ийнхүү биенээ дэмжих нь элбэг шүү дээ. Морь уяж, уралдуулна гэдэг их олон хүнийг баярлуулна гээч. Уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олон, найз нөхөд, гэр бүл гээд л. Морины хийморь гэдэг аргагүй сайхан даа.


Тод манлай Дугараатай нэг голоос үхрээ услаж, морь унаж уралдаж явлаа

-Ингэхэд танайхны дээдчүүл моринд хэр элэгтэй хүмүүс байсан бэ?
-Манайханд уяач олон байлаа. Өвөө Пүрэвжав Архангайн Хайрхан сумын хүн. Аав Дагвасамбуу, нагац ах нар ч хусуур сойз зүүсэн уяачид. Аав маань 1948 онд намын илгээлтээр Сэлэнгэ аймгийн прокурорын даргаар очиж байсан гэдэг. Сэлэнгэ чинь цус сэлбэгдсэн сайн адуутай газар шүү дээ. Моринд хорхойтой аав маань нутгийнхаа болон Сэлэнгийн адуугаар наадаж, аймагт их морь оруулж байлаа.
Манайх Баянхошуунд малтай, би дөрөв таван морь унана. Тод манлай Дугараа бид хоёр чинь нэг голоос үхрээ усалчихаад, мориороо долоо, найман км уралдаад ирнэ. Ер нь тэр хавийн хүүхдүүд морь унаж өдөр өнжинө. Ингээд 1991 онд гэр бүлтэй болж, хэдэн адуугаа Тахир соёотод хамаатныдаа аваачаад өгчихлөө. Улмаар сургууль соёл, ажил амьдрал гэж хэсэг завсарлаад 2001 оноос морио уяхаар шийдсэн. Хүүхэд байхад өвөөгийн тохой хэртэй хусуур, эмээлийн тоноглол, хэт хутга манай гэрийн хоймортоо чимэг болон олон жил болсон юм. Энэ хугацаанд өвөөгийнхөө хусуурыг морины хөлсөнд дэвтээж өгөхсөн гэж дотроо бодоод л явлаа. Ингээд Сэлэнгэд найзынхаа аавынд тавьсан хэдээ авч, уяаны ажил эхлүүлсэн нь 2000 оноос эхтэй. Түүнээс хойш хэдийнэ арав гаруй жил өнгөрчээ.
-Аавын тань нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байсан болоо?
-Бид эцэг эхээсээ 11-үүлээ. Хоёр ах, найман эгчтэй би айлын отгон хүү байгаа юм. Аавын уясан морьдыг хоёр ах унаж уралддаг байснаа одоо 60 гарсан хөгшин хааяа ярина шүү дээ. Аавын халзан морь аймагт айрагдаж байсныг гэрчлэх өргөмжлөл ахынд байдаг. Би бага байсан болохоор бүүр түүрхэн л санадаг. Бас манай нагац ах сайн уяач явлаа. Партизан болон хойд талын сумдаар айраг, түрүү алддаггүй хүн байсан гэдэг. Бид нагацаа Алагаа гэж авгайлдагсан.
-Дээдчүүлээс тань өвлөж ирсэн адуу бий юу?
-Сүүлд авгын талаасаа охин даага авчирсан нь одоо 17,18 хүрч байна. Гарсан төлүүд нь суманд айргаар л орно. Энд тэндээс адуу ч их цуглуулсан. Сүхбаатар, Сэлэнгийн Жаргалант, Тува, Увс, Дорнод гээд адуу сайтай нутгаас гүү голдуу авчирсан.
-Таны азарга сайн байх нь ээ?
-Тиймээ азаргаа сайн гэж үзээд л гүү цуглуулсан. Ганц нэг азарга бас Сүхбаатараас авсан. Тэр жил анх Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн Алдарт уяач Уртнасан гэж хүнээс нэг даагатай, хээлтэй гүү авч байлаа. Угшлыг хөөвөл Цэвэгсүрэнгийн халтрын цустай гэдэг. Уртнасан Цэвэгсүрэнтэй бараг худ ураг улс гэсэн. Гэдсэндээ ирсэн халтар азарга, түүний төлүүдээс Жаргалант эхтэй бор үрээ сайн давхиж байгаа. Халтар азарга даагандаа улсад 15-аар давхиад, түүнээс хойш дандаа 25 дотор ирж байлаа. Бас Дарьгангаас Аварга зээрдтэй эцэг нэгтэй ганц нэг азарган үрээнүүд авсан нь дажгүй давхисан. Энэ мэтчилэн Дорнодын Сэргэлэн, Хэнтийн Норовлин, Биндэр, Хөлөнбуйраас авсан нь бий. Хөлөнбуйрын барга адуу чинь ер нь монголжуу талдаа. Үүнээс сумандаа аман хүзүүдээд, жижиг наадмуудад түрүүлсэн нэг халзан морь байсан юм.
-Анхны айргаа хэдэн онд ямар наадмаас авч байв?
-Улсад даагандаа 15-аар ирсэн адуугаараа анхны айргаа 2003 онд Нөхөрлөлөөс авч байлаа. Энэ нь булган сүүлтэй байж Нөхөрлөл, Баянцогт, Лүн, Атар гээд тойрсон хэдэн сумаараа наадаж, айраг, түрүү бараг алдаж байгаагүй.
-Дагаж ирсэн даага нь яаж давхисан бэ?
-Ирсэн даага сунгаануудад дээгүүр ирдэг байлаа. Даанч тэр үед Жаргалантад байсан хэдэн адуугаа алдчих нь тэр. Долоо хоног хээрээр нойр хоолгүй явж, хулгайчийг бариад хэсгийн төлөөлөгчид хүлээлгээд өгчихлөө. Ямар ч байсан цагдаад хандсан болохоороо сэтгэл амраад хот явчихаад маргааш нь 12 цагийн үед  ”дүү юу болов” гээд асуулаа. Тэгсэн нотлох баримтгүй гээд явуулчихсан гэдэг байгаа. Ингээд Хустайн даваа, Цээл гээд бараг нүх сүв болгоноор эрж хайсан ажил талаар болсон доо. Энэ дунд Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан, бураа Пүрэвжаваас авсан унагатай дөрөв, таван гүү байсныг бүгдийг махлачихсан. Тухайн үед Жаргалантад Сүхбаатараас бүтэн чиргүүлтэй 30-аар хоёр ч удаа адуу зөөж байсан. Үнэхээр харамсмаар юм шүү. Тэгэхээр яах аргагүй хурдан удам угшилтай адууны даатгалыг хийх хэрэгтэй болж байгаа нь амьдралаас харагдаад байгаа юм.
-Тийм шүү, даатгалын компаниуд ийм төрлийн даатгалыг хиймээр байгаа юм?
-Өнгөрсөн 2014 онд манай хүн эмчилгээнд явж, намайг сар гаруй Солонгост байх хойгуур гурван морийг маань урт гартнууд бас л аваад явчихсан. Сүхбаатарын аймгийн Арслан Мөнгөнбаатараас хязаалан, шүдлэндээ аймагтаа орчихсон соёолон үрээ авчирснаа өнжөөгөөд энэ жил уях санаатай байсан юм. Бас даагандаа улсад 10-н хэдээр, шүдлэндээ 21-ээр ирсэн хээр халзан үрээ, нэг хавчиг морь мөн л байхгүй. Бэрх байна шүү. Сүүлийн жилүүдэд гурав, гурваар нь л адуугаа алдчихаад байна. Намайг мэддэг хүн шиг байгаа юм. За яахав гээд орхичихоор бүр давраад байгаа байхгүй юу. Барьж өгөөд ч нэмэр алга. Түрүүчийн гурван адуугаа алдаад Партизаны хэсгийн төлөөлөгч болох хошуучид өнөө нөхрийг бариад аваачиж өгсөн. Өргөдөл гомдлоо ч гаргачихаад байтал хариу байдаггүй. Асууж сурсаар хотын прокурор дээр очсон “адуугаа олчихсон, гомдол саналгүй” гээд миний өмнөөс гарын үсэг зураад явсан байх нь тэр. Сонсоод байхнээ төлөөлөгч болохгүй нөхдүүдтэй хуйвалдаад явсан байгаа юм. Ингээд өнөөх нь тэтгэвэрт гарсан болоод, би хохироод л үлдсэн дээ. Шударга ёс гэж алгаа. 
-Уяа сойлго эвлүүлсэн арваад жилийн хугацаанд хамгийн сайхан он жилүүд нь хэзээ байсан бэ?
-Адуу дагасан бүх он жилүүд сайхан. Ноднин улсын улсын наадамд эрлийз азарганы түрүү авчихаар байсан ч азарга маань хүний доор ирээд хөл нь хугарчихсан. Сэтгэлээр жаахан унасан ч Хөвсгөл явж анхны айргаа авлаа. Юм нэгээр дуусдаггүй гэж энэ л байхдаа гэж бодсон.
Зуны орой хээр адуугаа манаад, дээлийнхээ хормойн талыг нөмрөөд сууж байх ээ мөн сайхан. Адуу хажууд тургилаад л. Өглөө нь шувуудын жиргээнээр шинэ өдөр эхлэнэ шүү дээ. За тэгээд шинийн нэгний өглөө морио унаж,  хийморио сэргээчихэд тэр жилдээ өнгөтэй өөдтэй явдаг юм. Адуу аргагүй хийморьтой амьтан.
-Шинийн нэгэнд уламжлал болчихсон уу?
-Энэ бүүр хүүхэд байхаас эхтэй. Манай нагац хөгшин Зүүнсалааны лам нарын лагерийн манаач байсан юм. Нагац талын хамгийн ахмад нь болох Алагаа маань шинийн нэгний өглөө яваад очиход морины уяа татаад, арав гаруй морь уячихна.  Ах дүүсийн хүүхдүүд бид өнөө морьдоос шавайгаа ханатал унаж амжина. Ёстой л хүүхэд насны сайхан дурсамжуудын нэг байгаа юм. Тэр сэтгэлд цаанаа л таатай түүхийг үргэлжлүүлэх хүслээр шинийн нэгний өглөө Хүйн долоон худгийн наана босгосон овоондоо гардаг уламжлалтай болоод удаж байна. Нар мандахаас урьтаад монгол дээлээ өмсөөд, морио унаад л гарна. Очоод найз нөхөдтэйгээ хөөрөг зөрүүлэн, идээ будааныхаа дээжийг хангай дэлхийд өргөөд буцахад цаанаа л сайхан. Найз нөхөд ч их дуртай. Хотод төрж өссөн найз нар маань зун ч уяан дээр очно, шөнө адуу манана. Монгол хүний цусанд байдаг шиг байгаа юм, тэр кайфтай мэдрэмж. Улмаар морь маланд орно. Би ч ганц нэг даага, шүдлэн бэлэглэнэ гээд л амьдрал үргэлжилнэ шүү дээ.
-Таны эмээл ямар хийцийнх вэ?
-Дунд үеийн Батноров хийцийн эмээл байгаа юм. 1996 онд Хэнтийн нэг хүнээс санаандгүй зах дээр явж байгаад таарч авч байлаа. Дээр үеийнх болохоор аргагүй яс сайтай. Энэ сүүлийн үеийн эмээлүүд чинь эдэлгээ богино бололтой. Би ч өөрийнхөө эмээлийг морин дээр тохож мордчихоод, сүүлийн үеийнх дээр нэг л дасахгүй байгаа юм. Эдэлгээ, тохь хоёр нь байхгүй болчихоод байх шиг байна.

 
Морь маань "мөнгөн" хошуутай, кран маань "мөнгөний" хошуутай

-Танай компанийн нэр их содон юмаа. “Мөнгөн хошуут хүлэг” гэж ямар учиртай нэр вэ?
-Би гурван охин, нэг хүүтэй. Отгон хүүгээ ой хүрэхэд нь эмээл төхөөрч, мөнгөн хошуутай зээрд морио зүсэлж өгсөн юм. Түүнээс хэдэн жилийн дараа компанидаа лого хийлгэх гээд санаа оноо асуугаад явлаа. Тэгсэн хүү “ааваа миний мөнгөн хошуутаар лого хийгээд, миний нэрээр  компаниа нэрлэвэл яасан юм” гэж санал оруулсан нь ийнхүү биеллээ олсон.
Анх манай компани чинь гидр кран голдуу болохоор Автогидр нэртэй байлаа. Морь маань мөнгөн хошуутай, кран маань мөнгөний хошуутай болохоор бэлгэшээлтэй нэр гэж боддог. Краны энэ хошуу өндийж л байвал ахад нь мөнгө ирж байна гэсэн үг шүү дээ. /инээв/ Манайх зуугаад жолоочтой. Би чинь хэдэн техникээ бөөцийлөөд, залуусаа ажилтай орлоготой байлгахсан гэсэн хүслээр зүтгээд л явна. Ямартаа ч энд тэнд хүмүүстэй уулзаж явахад “Мөнгөн хошуут” гэхээр анддаггүйд нь баярладаг юм.
-Ярианы эхэнд манай компани томоохон бүтээн байгуулалтанд оролцож байсан гэсэн. Сонирхуулаач?
-Оюутолгой, Ухаахудагийн цахилгаан станц, ТЭЦ-4, ТЭЦ-3-ын өргөтгөл, Шангрила зочид буудал, Цонжинболдог, Бурхантай хөшөө, Их майдар гээд л түүхэн бүтээн байгуулалтанд оролцож явлаа.
-Танайх хичнээн крантай юм бэ?
-Том жижиг нийлсэн 30 гаруй кран бий. Дээр нь машин, шаланз гээд нэмэгдэнэ.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би ТИС-ийг механик инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд түрээсийн үйлчилгээний “Прокат” гэж төвд ажилд орсон. Томоохон байгууллагуудад машин гэрээгээр түрээслэдэг байсан юм. Ингээд 1996 онд нэг крантайгаар компаниа байгуулж, өөрөө кранист хийж эхэлсэн дээ.
-Одоо кранистаа хийж байна уу?
-Хийлгүй яахав. Жолооч эзгүй бол өөрөө очоод л өргөөд өгдөг юм. Тэрнээс би дарга гээд суугаад байх дургүй л дээ. Зорьсон ажлаа чанартай, үнэнчээр хийхсэн гэж боддог. Ямартаа ч энэ зүтгэлийг маань олон үнэлдэг юм. Манайх кран талдаа монголдоо номер нэгт ордог.
-Жолооч нараа өөрсдөө бэлдэх үү?
-Тийм өөрсдөө бэлдэнэ. Цэргээс халагдсан, сургуулиа төгссөн залуусыг жолооч, туслах жолооч, оосорлогчоор авч, 3-5 жил дагалдуулан сургадаг.                                                                                                                              

  -Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг болон таны үр хүүхдүүдийг өнө мөнх ивээж явах болтугай.
-Сар шинийн өмнөх дугаарт урьж оролцуулсан танай хамт олонд баярлалаа. Морь түрүүлгэж айрагдуулна  гэдэг олон хүний хөдөлмөрийн үр шим . Уяач, туслах уяач, адуучин, уралдаанч  гээд олон хүний нөр их хөдөлмөрийн үр шим нэг өдөр гардгаараа монгол наадам онцлог. Миний морьдын уяа сойлгыг манай морьдыг унаж байсан Энхбаатарын Мөнхбаяр гээд залуу тааруулдаг. Залуу хүн гэхэд их мэдрэмжтэй сайн уяач. Өнгөрсөн жил нийслэлийн Алдарт уяач цолыг хүртсэн. Сүүлийн үед амжилттай сайхан наадаж байгаа маань энэ залуутай салшгүй холбоотой. Мөн миний том ах Д.Сүрэнчулуун намайг маш их дэмждэг. Арав гаруй жил унаач хүүхдүүдийн маань хоол ундыг бэлтгээд уралдаан наадамд хамт явж байна. Ийнхүү намайг дэмжиж тусалж байдаг дотны хүмүүстээ  “Тод магнай“ сэтгүүлээрээ дамжуулаад баярласнаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна