“Урианхайн хурд” МСУХ-ны тэргүүн Д.Цогоо: Чандмань-Өндөрийн наадам адууны шандасыг жинхэнэ шалгадаг

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 28 -нд

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул, “Урианхайн хурд” МСУХ-ны тэргүүн Д.Цогоотой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Чандмань-Өндөр сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр ажиллаад хэр удаж байна вэ?
-2008 оны 12 сард тэргүүний ажлыг хүлээн авснаас хойш ажиллаж байна. Би ажлаа аваад  2009 оны гурван сард уяачдын хурлаа хуралдуулж, “Урианхайн хурд” холбооныхоо бүтэц зохион байгуулалтын талаар нэлээд ажлыг эхлүүлж байлаа. Одоо бол өнгөрсөн хугацаанд боломжийн ажлыг амжуулсан байна гэж харж байгаа. Жил бүрийн гурав болон 10-р саруудад болдог уяачдын зөвлөгөөнөөр хийснээ хэлэлцэж, хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргадаг уламжлалтай болоод байгаа. Уяачид маань гол голоороо нийлж гал уяаны зохион байгуулалтанд орсон. Таван баг тус бүртээ хурдан морь унаач хүүхдийнхээ өмсгөл хувцсаар ижилсэж уралддаг боллоо. Сумынхаа адууны үүлдэр угсааг сайжруулахаар Дундговь, Төв болон бусад газруудаас угшил сайтай адуу авчирч цус сэлбэх ажлыг зохион байгуулалттайгаар хийж ирлээ. Сумынхаа 13 аварга уяачдынхаа малгайн болон энгэрийн тэмдгийг нэгэн жигд болголоо. Жил бүр болзол нормоо хангасан уяач нартаа сумын Алдарт уяач цолыг нь олгуулж байна. Ах дүү аймгийн Алдарт уяачид болох Даваасүрэн, Баасанцэрэн нарын алдрыг 2011 оны зургаадугаар сарын 20-доор зохион байгууллаа. Одоо бурхан болцгоосон л доо. Жил болгон өвлийн болон зуны бас бооцоот уралдаануудыг зохион байгуулж байна. Эндээс өндөр бооцоот "Ургийн баяр"-ийн уралдааны зохион байгуулалтад нэлээд ач холбогдол өгч ажилладаг. Түүнчлэн жил бүрийн зун "Адуучдын баяр"-ыг хийдэг уламжлал тогтсон. Үүнийг таван багийнхан маань нэг жилээр нь хариуцан зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Хөхөө багт болох ургийн баяртай хамтатган хийхээр төлөвлөөд байгаа. Энэ мэт нэлээдгүй ажлыг хийж амжуулсан байна.
-Тэгвэл ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ямар ямар ажлууд байна вэ?
-Өнгөрсөн тавдугаар сарын 11-нд болсон уяачдын зөвлөгөөнөөр энэ онд хийх ажлаа нэлээн нарийн ярилцсан. Үнэндээ төрийн бус байгууллагын хувьд хөрөнгө мөнгөний асуудал хэцүү л дээ. Бидний хувьд ойрын хугацаанд холбооныхоо санхүүг бэхжүүлэх асуудал хурцаар тавигдаад байна. Хоёрт адууныхаа угшлыг сайжруулах ажилд онцгой анхаарч байгаа. Манай сум чинь өндөр уулсын бүсэд оршдог, бартаа ихтэй учраас нутаг орондоо зохицсон бяр тэнхээтэй адуутай. Зам харгуйгаасаа болоод гаднаас адуу олноор нь авчраад байх боломж бас тааруу. Тийм болохоор нутаг голдуу адуугаараа л нааддаг юм. Тэгэхээр нутгийн адуугаа гадны хурдтай адуугаар цус сэлбэж хурд гаргах зорилт тавиад байгаа. Үүний зэрэгцээ улс бүсийн чанартай уралдаануудад зохион байгуулалттайгаар оролцож, чанар чансаагаа мэдэх хэрэгтэй байгааг уяачид маань онцлон ярьж байна. Бид ч зохион байгуулалттай оролцуулах ажлыг төлөвлөгөөндөө тусгаад байгаа. Алслагдсан сумын уяачдын хувьд нэг хэцүү нь хөрөнгө мөнгөний асуудал байдаг юм. Энэ тухайгаа аймгийнхаа МСУХ-нд танилцуулж дэмжлэг хүссэн байгаа. Манайхны хувьд ойрын үед хийх бас нэг ажил бол өвлийн цагт морьдоо тэжээж, өвлийн уралдаануудад амжилттай оролцох явдал юм. Үүний тулд уяачдаа шинэ цагийн уяанд сургах үүднээс сургалт семинарт хамруулах ажлыг хийхээр болсон.
-Сумандаа л голдуу наадаад байна уу? Аймгийн Алдарт уяач цөөхөн байна шүү?
-Тиймээ, аймаг бүсийн наадамд бага оролцдог. Өндөр уулсын бүс нутаг, зам харгуй муутай, машин тэргэнд ачаад явахаар донсолгоо савалгаа ихтэй гээд бэрхшээл их бий. Тиймдээ ч аймгийн Алдартын болзол хангасан уяачид олноор гарахгүй байна. Манайхнаас "Хотгойдын хурд-2" бүсийн уралдаанд гурван уяач долоо, найман морьтой очиж оролцсон. Эдгээр морьдоос нэг соёолон үрээ гучин хэдээр орсон байдаг юм. Дээр үед манай сумаас Гарамшарын хул морь аймгийн наадамд хоёр удаа түрүү магнайд хурдалж байсан сайхан түүх бий. Дээр хэлсэн хоёр Алдарт маань аймагт нааддаг л байсан. Тийм болохоор л гадагшаа гарч уралдах зорилт тавиад байгаа юм.
-Дундговь, Төв аймгуудаас адуу авч байна гэлээ. Өөрсдөө явж  авчирч байна уу?
-Үнэхээр зорьсон нэг нь явж байна л даа. Гэвч ихэнх нь хэн нэгэн зуучлахгүй бол өөрсдөө авах боломжгүй юм. Тийм болохоор энэ ажилд Улаанбаатар хотод байгаа нутгийн залуусаа уриалаад байгаа. Нутгийнхаа олонд сайн угшлын морь авчирч өгч туслаач гэж. Залуучууд маань ч их сайхан хүлээж авч байгаа. Сүүлд гэхэд Амараа лам нэлээд тооны адуу оруулж ирсэн нь далайн урд захаар нутаглаж байна. Авчирсан адуунууд нь сум, сумдын баярт гайгүй давхиж байгаа.
-Холбооны тэргүүний хувьд ийм байдаг байж. Хувь хүн, уяачийнхаа хувьд ямархан амжилт үзүүлээд байгаа вэ?
-Би есөн настайгаасаа эхлээд хурдан морь унасан хүүхэд. Манай аав моринд их хорхойтой ажлынхаа чөлөө заваар морь уядаг хүн байсан. Даваасүрэн, Баасанцэрэн гэж ах дүү хоёр аймгийн Алдарт уяачид бол манай ээжийн төрсөн дүү нар байгаа юм. Тиймээс би нагац ах нарынхаа морьдыг унаж, уяаны эрдэмд суралцсан даа. Томхон биетэй байсан болохоор эмнэг, догшиндуу, аль болохгүй байгаа морьдыг нь унадаг байлаа. Тэгээд цэрэгт яваад, сургууль соёл гээд нэг хэсэг морь уяж чадаагүй. Дуртай юм болохоороо дүү нарынхаа уяан дээр очиж хошуу нэмэрлэдэг байсан. /инээв/ Би 1989 онд ХААИС-ийг төгсөөд Булган аймагт  хуваарилагдан “Баян-Агт” сумын “Их ирээдүй” нэгдэлд эдийн засагчаар очсон. Тэндээ айл болж, авгай хүүхэдтэй болоод 1993 онд хадамтайгаа ярьж байгаад гурав, гурван гүү авч айлын азарганд хураалгаад, 2004 он гэхэд бид хоёр 6-7 азарга адуутай болсон байсан. Манай адуу удам угшил сайтайд тооцогддог. Тэгээд л ганц нэг юм уяж эхэлсэн дээ. Өөрийн болон ойролцоо сумдын наадмаас айраг авч л байна. Тэгж байгаад завтай болохоороо мориндоо илүүтэй анхаарал хандуулна даа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Биднийг зорин ирж ярилцлага өрнүүлсэн та бүхэнд баярлалаа. Сумын баяр наадмаар манай морьд 11 км-т уралддаг юм. Одоо км хэртэй газрыг засаад янзалчихвал 17 км болгож болно. Даанч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод зогсчихоод байна. Хэрвээ засчихвал морьд маань стандарт зайд уралддаг болчихно. Гэхдээ богино зай ч гэлээ эвгүй эвгүй газрууд их бий болохоор манай сумын наадам, ургийн баярын уралдаан нь жинхэнэ адууны шандас шалгасан уралдаан болдог.

"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна