Чойрын хурдан хээр азарга

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 13 -нд

Дорноговь аймгийн Сүмбэр сумын уяач Ц.Төмөрхуягийн хээр азарга бол түүний эцэг “хонгор Морьтын” хэмээх Цэнд зартай уяачийн өвлүүлсэн хурдан буян байлаа. Сум орондоо дархан түрүү, айраг хүртэж Чойрын хээр азарга гэж алдаршаад байсан гэдэг. Хонгор Морьтын Цэнд наймааны маш нарийн уран арга хэргэлж, хурдны шинж төгс бүрдсэн нэгэн хээр даагыг худалдан авсан гэдэг. 1979 оны орчимд Цэнд хуучин гал-хам Төв аймгийн Баянзүрх сумын “нармай”  Дондовын айлчлан, адууг нь үзэж наймаа хийхээр шалжээ. Цэнд эхлээд:
За хө, Шарга үрээг чинь авъя гээд шалаад байж. Өгөхгүй болохоор нь гэрт нь  ороод дээшээ хараад хэвтээд байж гэнэ. Тэгэж хэд хоноод Цэнд:
-Шарга үрээгээ өгөхгүй бол хусран гүүг чинь авна даа  гэж тулгажээ.
Цэндийг наймаанд сайн гэдэг. Ганц сайн хожчихъё гэж Дондов бодоод.
-Даага нь хөхүүл юм. Үхчих л байхдаа гэсэн гэнэ. Цэнд:
-Энэ муу даага яах вэ. Надад хэрэггүй.  Замдаа үхчихнэ. Чи өөрөө аваад үлд. Харин би эхийг нь хөтлөөд явъя. Даагыг нь бариад үлдээрэй. Дагаад байж магад гэжээ. Дондов үнэрхэж:
 -Хусран даага юм даа. Үхчих байхдаа. Чи дагуулаад аваад явбал яв гээд байв гэнэ. Цэнд тосч аваад:
-За найз минь, надад хүнд өрөнд өгөхөөр авч яваа хоёр алаг морь байгаа. Хүний нохой идэхээр, өөрийн нохой ид гэдэг. Чамд өгчихье гэжээ. Нармай Дондов хожиж байгаадаа баярлаж суухад,  халхын их уяачийн зиндаанд хүрсэн Цэнд хосгүй хурдан даагыг танин, салгаж авсандаа сэтгэл хангалуун буцаж харьжээ.  Анх Дондовын адууг үзэж байхдаа маш хурдан даага байгааг шинжиж мэдээд түүнийгээ  мэдүүлэхгүйн тулд хайртай шарга үрээг нь эхэлж шалаад, дараа нь хээр гүүг авах гэж байгаа дүр үзүүлэн наймааны тойруу арга хэрэглэж хурдан даагыг сул авсан байлаа. Түүнээс хойш хоёр жилийн дараа хязаалан хээр үрээ Баянжаргалан, Сүмбэрийн наадамд дараалан гурав түрүүлснээр гараагаа эхэлсэн байна. Хожим хээр азаргыг орон нутагтаа олонтоо түрүүлээд гайхагдаж байх үед нь нармай Дондов:
-Их л үнээр зарлаа гэж бодож байсан юм. Ийм хосгүй амьтнаа алдсан байж дээ гэсэн гэдэг. 1981 оны АХ-ын 60 жилийн их ойгоор олон жил ирээгүй байсан Хэнтий, Дорноговь, Дундговь, Сэлэнгээс олон наадамчид хурдан хүлгүүдээ хөтлөн ирж хөл ихтэй наадам болсон  билээ. Наадмамчдын сэтгэлийг тэгш жилтэй, их ойн наадам хөдөлгөн хөөргөж, харин хашир уяачдын сэтгэлийг зовоож, нойр хоолыг нь хасдаг билээ.
Холын аймаг, сумдаас их наадам зорин цуутай хурдан хүлгээн хөтөлсөн нэртэй зартай уяачдын ирж яваа сургийг сонсоод  улсын наадмын дэвжээг ноёлоод байсан Төв аймгийн уяачдын  зүрхэнд шар ус хурж, наадмынхаа түрүүг довон дээрээ алдахгүй байх арга ухаан, суу заль сийлэн нарийн тооцоо хийж байсан юм. Энэ наадмыг зорьж Чойрын хурдан хээр азаргаа уясан “хонгор Морьтын Цэнд”-ийн хүү Төмөрхуяг уяач Төв аймгийнханы зүрхэнд шар ус хуруулж байлаа. Их баяр наадмын уралдаанд Айдасын даваагаар түрүүлж гарч ирсэн  таван азаргыг Чойрын хурдан хээр хөтөлсөн байлаа. Энэ таван  азарга давааны арлуу буухдаа засмал замыг баруун тийш огтлон гарч буруу хойшоо давхин оджээ.  Уралдааныг хошуучлагч  даамалын машин байсаар атал хүүхдүүд яагаад буруу замаар орсон нь оньсого хэвээр үлдсэн юм. Тасархай таван азарганы араас нэхэн гарч ирсэн зургаа, долоо дахь азаргануудын унаач хүүхдүүд зөв замаар орж, уралдааныг хошуучлагч болон давхиж, Алдар толгойг ороож Буянт-Ухаад гарч ирсэн юм. Тойруу замаар орж будилсан таван хүүхэд эргэж засмалаа гаталж, зүүн талд зөв замдаа орсон хэдий ч уралдааныг тэргүүлэн давхихаас нэгэнт өнгөрсөн гэдэг. Энэ таван хүүхэд бүгд л Доноговь, Хэнтийн зартай азаргануудыг унасан байсан учраас хэн нэг нь буруу зам заан дохио зангаа өгч чадаж орхисон хэрэг гэдэг. Тэр таван хүүхдээс хоёрхон нь эхний азаргыг нэхэн  хөөж хүрэх алдад барианд орсон гэдэг. Ийнхүү Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Даатамгын хул түрүүлж, Чойрын хээр азарга аман хүзүүдэж, Дундговийн Ж.Содномпилийн хүрэн, Улаанбаатарын Чойжамцын саарал, Төв аймгийн Сэргэлэнгийн Л.Дамдингийн хонгор халзан азарганууд айрагдсан байна. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг.  1991 онд бас л тэгш ойтой наадам болж, олон нас будилж, тасарч уралсан нас болгоныг барьж, бай шагнал олгосон хөгтэй явдал болсон юм. Тэр жил Сүрэнхорын хээр азарга түрүүлэн сүр дуулиан болж байхад Хөвсгөлийн Хишигбатын хонгорыг түрүүлгэхгүй гэсэн зарим наадамчид үймээн дэгдээж, их нас будилсан юм. Зарим нас бүр 3-4 тасран ирж байлаа. Соёолонгийн уралдаан гараанд хүрэлгүй эргэхэд их сунгаанд хол тасархай түрүүлсэн Даатамгын сайхан хар хээр үрээ ганцаараа Айдасын даваан дээр цойлон гарч ирэхэд тэнд зориуд зогсоодог байсан Да-гийн туслахууд “уралдаан будилсан” гэж бодоод татан зогсоосон байна. гэтэл хэрэг бишдэн араас нь нэхэн хөөлгөж, арай гэж айргийн дөрөвт оруулсан юм. Дараа нь Айдас дээр байсан туслахууд Даатамгаас айхавтар зэмлэл хүртсэн гэдэг. Ийнхүү 10 жилийн дараа улсын Алдарт уяач Даатамгад харамсам явдал тохиолдсон нь жирийн хэрэг бас л биш билээ. Чойрын хээр азарга 1992 онд 19 настайдаа сумандаа 20-т давхиж, тэр өвлөө үхсэн байна.
"Монголын хурдан морины домог, түүх" номноос

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна