Аймгийн Алдарт уяач Ч.Даш: Элбэг зээрд маань "Хотгойдын хурд-2"-т айрагдаж том наадмын өмийг нээсэн

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 15 -нд

Увс аймгийн Тэс сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ч.Даштай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Баруун аймгуудын хурдны цөм болсон Тэс нутгийн хүүгийн бага нас адуу, малнаас ангид өнгөрсөн гэж бодохгүй байна. Хүүхэд ахуй цагийн тань дурсамжаар яриагаа эхэлье?
-Хөдөөний хүүхэд малаас хол өснө гэж юу байхав. Сургууль амарлаа маргааш нь хөдөө явна шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд адуу маланд илүү ойр өсдөг тэр л жишгээр миний бага нас өнгөрсөн. Хурдан морь унадаг байснаа уядаг болсон. Манай нутаг чинь адуу сайтай. Байгаль цаг уурын хувьд эрс тэс. Амьдарвал амьдар гэсэн шиг халахдаа +40 хүрч, хөрөхдөө -56 болно шүү дээ. Тийм нутагт төрсөн эр хүн, эмээлт хүлэг хоёр эрхгүй чангардаг юм билээ.
-Таны өвөг дээдэс морь мал уядаг байв уу?
-Манай өвөө уяж байгаагүй ээ. Аав болохоор багийн даргын ажилтай ч завсар зайгаар нь ганц нэг морь уядаг байсан. Нэг зээрд морь нь сумандаа нэг түрүүлж, найм айрагдсан амжилттай. Нутгийнхан “Чүүгийн хурдан зээрд” гэхээр андахгүй дээ. Бид эцэг, эхээс 13-уулаа. Арван эрэгтэй, гурван охин. Ерөнхийдөө нэг тасаг цэрэг, нэг гэрт өссөн. /инээв/ Тэр олон эрчүүд хоол, унднаас эхлээд бүх зүйлд өөрөө л сэргэлэн байхыг шаардана шүү дээ. Гурван бууз үлдсэн ч тэрийгээ алдахгүйн тулд малгайдаа хийгээд дээрээс нь бүсээр хучиж, жаазны араар хийх жишээний. Тэгээд өглөө эртлэн босож өнөөхөө өрсөж иднэ. Энэ мэтчилэнгээр хар багаасаа бие даах чадвартай болдог юм билээ.
-Ёстой л тэгэх байх шүү...
-Би цэрэгт явахынхаа урд жил буюу 17 настайдаа анх морь уяж Тэс сумынхаа наадамд халтар даага айрагдуулж байлаа. Хоёрхон эр даагатай байсныхаа нэгийг уяад тийнхүү айрагдуулчихсандаа урамшаад дараа нь болсон ургацын баярт хонгор даагаа уяж түрүүлгэж байлаа. Тэгэхдээ бас их хөгтэй. Ургацын баярт очихдоо сүүлний шуултаа мартаж. Тэгэхээр нь хүмүүсийн нүднээс зайдуухан гараад, хөлийнхөө жийрэгнээс урж аваад шуугаад явуулчихсан. /инээв/ Мундаг уяач нар бол цэрвэх л байсан байх. Хүүхэд болохоор тоогоогүй, тэгээд ч даага маань түрүүлсэн. Уяачийн хувьд үзүүлсэн анхны амжилт энэ. Цэргээс ирснийхээ дараа халтарыг нь дахин уяж сум, аймагтаа хэд хэдэн удаа айрагдуулсан. Түрүүн өөрөө Тэсийн адуу хурдан гэлээ. Арга байхгүй үнэн. 1981 онд Төв аймгаас мэргэжилтнүүд ирж тойруулга руу авч явна гээд Тэсийн голын бүх адууг азарга азаргаар нь бүртгэж шилж сонгоод 80 гаруй адуу авч явсан юм билээ. Тухайн үед манай сум нэгдлийн дарга байсан Гэндэнгийн Норов гэж хүн ажиллаж байсан. Тэр сонгосон адуунуудыг нь Дагвын Баян, Лхангаа гэдэг хоёр хүнд тууж хүргэж өгсөн гэдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тойруулгын адуу хагас зуун жил хурдалж байгаад Тэс угшил холилдсон нь ямар нэг хэмжээгээр нөлөөлж байгаа шүү гэдгийг сануулах гэсэн юм.
-Энэ тухай хүмүүс ярьдаг л даа. Ингэхэд та хэзээ энэ нутагт ирсэн юм бэ?
-1997 онд тав зургаан гүү, даага сарваа нийлсэн хориод тооны адуутай ирсэн. Тэр үед чинь хүн болгон шахуу наймаа хийгээд би ч бас дутсангүй дэлгүүр ажиллуулж үзлээ. Гэхдээ зунд нь морио уядаг байсан л даа. Миний зандан хүрэн гэж морийг энэ хавийнхан сайн мэднээ. Зандан хүрэнгээ төв дээр Зээлийн хороололд авчирч, өвөлжин тэжээж зун нь уралдуулаад, айраг түрүү авч л байлаа. Тэгж байгаад 2005 оноос хөдөө гарч, хэдэн мал маань ч гэсэн өсөж одоо зуугаад адуутай болчихоод байна.
-Нутгаас ирсэн адуунаас авах санал цөөнгүй ирж байсан байх. Ялангуяа Тэсийн гүүтэй болохсон гэсэн хүсэл уяачдад түгээмэл бий шүү дээ?
-Авсан авсан. Найз нөхдөдөө бэлгэнд ч өгсөн. Бас өөрийнхөө хэдийг сайжруулах нэрээр холио солио ч нэлээд хийсэн. Адуу авсан зарим хүмүүс “гайгүй давхиж байна” л гэдэг. Зарим нь юм ярьдаггүй. Айлын хүүхдүүд өөр байдаг шиг адуу болгон адилгүй шүү дээ. Дээр нь хурдан адуу эрсдэл ихтэй. Тэргүүн зэргийн хурдан адуу хөлөө авахдаа амархан, унатлаа гүйж чадна, хөлөө автлаа гүйж чадна. Их хэмжээний хүч, хурд гаргаснаас нь болоод биед нь янз бүрийн согог сууна. Ах нь нутагтаа байхдаа Тува адуу авч байсан. Наашаа ирээд Хөвсгөлийн Тариалангаас нэг азарга авсан. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Оргодолхүү гэж залуугаас азарга авч тавиад байна. За тэгээд саяхан Арабын хоёрдугаар үеийн азарга авсан. Эхний үр төл нь шүдлэн болчихсон байна.
-Таны нэр усыг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байв. Тэднийгээ танилцуулаач?
-Миний нутагтаа уяж байсан халтар морь байна. Тэр аймгаасаа гурван айраг, түрүү авсан. Энд ирээд уяж байсан Зандан хүрэн морь маань аймгаас хоёр, бүсээс нэг айраг авсан. Одоо ид давхиж байгаа Элбэг зээрд морь маань 2010 онд “Хотгойдын хурд”-д хязааландаа дөрвөөр хурдалж, том наадмын өм нээсэн. Энд өнгөрсөн хаврын Эрдэнэтийн уралдаанд аман хүзүүдэж, аймагт айрагдаад байгаа.
-Элбэг зээрдийнхээ талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Элбэг зээрдийн эх тал нь Увс талын адуу. Даншигт түрүүлсэн Балжаагийн Үүлэн борын удамтай. Эхийнх нь эцэг бор азаргыг манай аав авч байсан юм. Би тэр бор азарганы төл бор гүүнд  хүрэн азарга тавьж Элбэг зээрд маань гарсан даа. Тэр хүрэн азарга болохоор Сэлэнгийн “Ногоон” Сүбээдэй гэж хүний адуу. Би худалдаж авсан юм.
-Элбэг зээрд гэдэг нь ямар учиртай нэр вэ?
-Бие сайхан элбэг. Толгой том, чих урт, хөл, мөч бүдүүн, цээж, ташаа өргөн. Ер нь бүх юм элбэгдүү. Тэгээд сайхан сайвар гишгэнэ. Давхихдаа бүр суналзаад сайхан чөлөөтэй болдог юм. Тэр шинжүүдийг нь харж байгаад Элбэг зээрд гэж нэрлэсэн дээ.
-Хэзээнээс уягдсан юм бэ?
-Шүдлэнгээс нь эхэлж уяад тэр жилээ Булган аймгийн Сэлэнгэ сумын наадамд түрүүлсэн. Дараа жил нь хязаалан үрээ Ургацын 50 жилийн ойд түрүүлээд давхар уяагаар “Хотгойдын хурд”-д дөрвөөр давхисан. Соёолон жилээ Төв аймгийн Жаргалант, Цээл сумдад түрүүлээд, Эрдэнэтэд ирсэн хойноо хөл нь гэмтчихсэн юм. Түүний дараа хоёр жил гам хийгээд уржнан найман настай морь жижиг наадмуудад хэд хэд орсон. Өнгөрсөн жилийн хувьд Эрдэнэтийнхээ хаврын уралдаанд аман хүзүүдсэн. Энэ жил арван настай морь “Дүнжингарав”-т уралдуулах санаатай л байна.
-Аймгийн Алдарт уяач цолоо хүртэхдээ ямар амжилт үзүүлээд байсан бэ?
-2008 онд аймгийн Алдарт уяач болохдоо бүсийн наадмын хоёр, аймгийн баяр наадмын найман айраг, түрүүний амжилттай байсан. Сум, овоо тахилгын наадмыг оролцуулбал 30 гаруй айраг, түрүүтэй болох байхаа.
-Улсын тэргүүний уран сайханчаар шалгарч байсан юм байна. Тэр талаараа хуучлаач?
-Ах нь цагтаа дуулж явлаа. Дээр үед бүх ард түмний урлагийн их наадам гэж болдог байсан. Тэрэнд Тэс сумаасаа шалгараад, аймгаасаа шалгараад улсад ирж дуулж байлаа. Түүнийг маань үнэлэн улсын тэргүүний уран сайханч цолоор шагнасан.
-Ардын, уртын, богино алиныг нь дуулах уу?
-Ардын богино болон зохиолын дуу дуулна. 1990-ээд оны үед аймаг аймгаас ардын богино дуулаачдыг шалгаруулахад би Увс аймгаа төлөөлж ирж байсан юм. Тэр тухай сонсоод зүрхний цохилт өөрчлөгдөх шиг санагдаж билээ. Дархан хотод болсон “Ум зандан ширээ” нэртэй ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд 41 дуучин оролцож ах нь 2-р байранд орсон. Гэхдээ ний нуугүй хэлэхэд түрүүлсэн. Тэр уралдааны хамгийн сүүлийн шалгаруулалтыг задгай тоглож, ард түмний үнэлгээгээр шалгаруулсан юм. Намайг хоёрдугаар байранд оруулсан чинь тэр үеийн залуучууд орилолдоод, “Увсын Даш түрүүлнэ, онцгой байна ш дээ” гээд л. Би ч нэг даруухан амьтан тэнд зогсож л байгаа юм.
-Аль аймгийн дуучин түрүүлсэн юм бэ?
-Ховдын Бат-Өлзий гэж хүн алтан медаль авсан. Тэр хүний ах Батмөнх нь Дарханы театрын дуучин. Тэмцээний дараа намайг гэртээ урьж аваачаад “за миний дүү уучлаарай, “Залуучууд” театраас суусан дөрвөн шүүгчид ах нь “миний дүүг жаахан бодолцоорой” гээд хэлчихсэн юм. Улсаас ирсэн ерөнхий шүүгч уртын дууч Цоодол гуайд л хэлж чадаагүй” гэсэн юм. Яахав дөрвөн хүний онооны нийлбэр дүнгээр нөгөөх маань өндөр гарчихаад байсан юм билээ л дээ. Гэхдээ сүүлийн нээлттэй шалгаруулалтан дээр би дөрвөн ятгатай, ард талдаа их хуур гээч сайхан хөгжимтэй гараад нэг дуу дуулах ёстой байсан ч зургаан дуу дуулсан.
-Таван удаа дахиулсан юм уу?
-Тийм. Түрүүлсэн Бат-Өлзий дөрвөн дуу дуулсан. Тэр үед би ард түмэн бүгдийг зөвөөр шүүдэг юм чинь би түрүүлсэн юм байна даа хэмээн дотроо омогшиж явлаа.
-Эрдэнэтэд ирснээсээ хойш урлаг, соёлын арга хэмжээнд орсон уу?
-Хоёр тэмцээнд орж хоёрдугаар байр эзэлсэн. Охидууд, хүүхнүүд чинь сүрхий дуулах юм./инээв/
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Төгсгөлд холбооныхоо 20 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна?
- Эрдэнэт хотод ирээд амьдрал ахуй минь өөдрөг сайхан л байна. Дээр нь адуу гэдэг хийморилог амьтны буянаар олон сайхан сайхан аавын хөвгүүдтэй анд нөхөр бололцож явна.. “Эрдэнэт хүлэг” МСУХ-ныхоо нийт гишүүд дэмжигч, уяачдадаа, намайг таньж, сайхан инээж мэндэлдэг түмэн олондоо мөнх хөх тэнгэрийн хүчин дор мөнгөн цагаан сарны ивээл дор, алтан шар нарны цацраг дор, баян тансаг байгаль эх дэлхийнхээ элгэн дээр урт насалж, удаан жарган, өөдрөг үйлс бүхэн чинь өргөн дэлгэрч явах болтугай хэмээн хүсэн ерөөе. Хүн хүнээ хайрлаж, хүндэлж, уучилж явбал амьдрал сайхан шүү дээ.
-Сайхан ерөөл байна. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна