Аймгийн Алдарт уяач Л.Содномдаш: Миний амжилтанд их насны морьдын айраг, түрүү жин дардаг

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 13 -нд

Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Содномдаш гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1944 онд Цагаан даваа хэмээх газар төржээ.
-2014 онд олз омог дүүрэн байсан бололтой. Төрдөө үнэлүүлж Алтангадас хүртсэнд баяр хүргэе. 
-Баярлалаа. Сайхан жил байлаа. Төрийн дээд одон Алтангадасын эзэн болсондоо баяртай байна. Олон жилийн хөдөлмөрийг маань үнэлж олгосон гэж ойлгож байгаа. Би чинь нягтлан бодогч мэргэжилтэй ч багийн дарга, сумын орлогч, аймгийн намын хорооны гишүүнээр ажиллаж, аймгийн аварга удирдагч болж явсан хүн.
-Дээхнэ намын гишүүд морь уяна гэж хэцүү цаг байсан гэлцдэг дээ. Та хэдий үеэс уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Тиймээ, 1972 оноос албаны ажил хийх болж, наяад онд уяаны ажил маань хэсэг тасарсан. Ингээд ерээд оноос дахин уях болсон юм. Тэрнээс миний моринд орсон түүх гэвэл эртнээс эхэлнэ л дээ. Миний өвөө, аав уяач улс. Аав маань нутаг орондоо нэртэй уяач байлаа. Сум орондоо сайхан наадчихна, адуу мал их цуглуулна, арилжаа наймаа ч их хийнэ. Мөрөн, Дархан, Галшар, хойд Баянжаргалан, Сүмбэр гээд газар газраас сайн сайн адуунууд авчирч байлаа. Тийм болохоор миний хүүхэд нас адууны захад л өнгөрлөө. Таван наснаасаа хурдан морь унаж, түүнээс 12, 13 жилийн дараанаас одоог хүртэл л уяа сойлго эвлүүлж явна. Миний амжилтанд их насны морины цуваа жин дардаг.
-Унаач хүүгийн амжилтаас сонирхуулаач. Таны багад танайд ямар хурдан хурц хүлгүүд байв?
-Миний багад манайд хурдан удмын хүрэн, хээр цоохор гээд олон зүсийн морьд байлаа. Эндээс би хүрэн цоохор, зээрд халзан, хар морь, хул азаргаа унаж, олон ч наадмын тоосонд орсон. Манай эхийн тал бас адуу их сайтай улс байсан юм. Би чинь хоёр талаасаа их сайн адуутай азтай хүн л дээ.  Ээжийн маань адууны сайхан хүрэн гүү, аавын тавьсан азарганаас олон сайхан морьд төрж, түүнийгээ ойр хавийнхаа сумдаар айраг, түрүүнд хурдлуулж байлаа. 
-Содномдаш Алдарт өм нээсэн наадмын айраг, түрүүгээ хэзээ хүртэж байсан бэ?
-1963 онд аав  өөд болж, ах маань уяаны ажлыг нь үргэлжлүүлэх болсон юм. Ах маань сумын Алдарт Цэнд-Аюуш гэж байлаа. Тэгээд шүдлэн үрээ уяж, миний нэр дээр мордуулсан нь түрүү магнайд хурдалж билээ. Үүний дараанаас бие даан морь уях болсноор 50 жил морины сүүл боож байна. Морь уяж сурна гэж байхгүй юм байна. Хуучны хөгшчүүл шиг айхтар мэдэхгүй ч аз түшээд л миний морь давхидаг байх гэж боддог юм. Тэрнээс өөрийгөө сайн уяач гэж хэлэхгүй ээ. Сум орондоо л сайхан наадчихдаг. Нэгэн үе эцгийн тавьж өгсөн хул азарга, эхийн талын Оонон хүрэн гүү хоёроос гарсан  хэдэн халтар мориороо ойр хавийн  сумдаар тун ч одтой наадаж байлаа. Сүүлд Галшарт болсон аймгийн өмнөд бүсийн наадамд их насны морь түрүүлгэж, даага айрагдууллаа. 2010 билүү, 2011 онд Дүнжингаравт хавчиг азаргатай очоод 17-оор давхиуллаа. Тэр үед Энхболдын зээрд азарга түрүүлж байсан юмдаг. Хүйн долоон худагт болсон Гиннесийн уралдаанд оролцлоо. Тэгэхэд манай Дархан сумаас 30 гаруй хүн оролцсон. Би нэг морьтойгоо очоод, жагсаалд нь унаад, моринд нь уралдаад ирсэн дээ.
-Аавд тань хурдан цоохрууд байсан гэсэн дээ. Тэндээс та уяж сойж байв уу?
-Тиймээ, аавын хурдан цоохор морьд сайн давхидаг байлаа. Ах маань уяаны ажлыг нь хийдэг байсан юм. Аав маань цоохор морьдоо том хүүдээ, хул азаргатай адуугаа надад өвлүүлэн үлдээж байлаа. Тухайн үед чинь олон адуутай байх хориотой байлаа шүү дээ. Ингээд халтар морьдын дараагаар сайхан хонгор морь, халиун морины үе эхэлдэг. Сайхан хурдан буянгууд надад заяасан юм шүү. Халиун морийг МУ-ын Алдарт уяач Буяндэлгэр найз маань надад өгсөн юм. Халиун морь саяхны наадамд айрагдаж, 90 жилийн ойгоор тавлалаа. Харин хонгор морийг адуунд хорхойтой хүргэн маань бэлэглэж, надад ирээд Галшарын өмнөд бүсэд түрүүлээд байна.
-Уяа сойлго эвлүүлсэн он жилүүдээс оргил үе гэвэл хэзээ байсан бэ?
-Оргил үе гэвэл 1990 оноос хойшихыг хэлнэ. Эндээс 1997 онд зургаа, долоон айраг түрүүтэй наадаж билээ. Даланд айрагдуулаад, Дархандаа айрагдаж түрүүлгээд, Иххэтэд дахин айраг, түрүүнд хурдлуулж үнэхээр одтой наадсан. 
-Шинэ цагийн адуугаар наадаж байна уу?
-Би сонирхдоггүй. Монгол адуу цэвэр монголоороо л байх ёстой гэж боддог. Магадгүй буруу байж мэдэх юм. Минийхээр эрлийзжсэн адуу сайнгүй санагддаг. Чанартай адуутай болъё гэвэл монголоосоо л хурдаа сэлбээд явмаар байгаа юм. Өнөөдөр хар даа. Дээд насанд эрлийз адуу яаж давхиж байна. Азарга, их насанд тэр эрлийз цустай адуунууд орж байна уу, үгүй юу?
-Сүүлийн үед тэжээлгүй морь уралдахад бас хэцүү болчихлоо гэлцдэг. Энэ тал дээр?
-Би ч тэжээж чадахгүй л байна. Ганц нэг адуундаа багахан хэмжээгээр тэжээл өгөх л юм. Мэдээж тэжээгээд уралдана гэдэг байх ёстой. Бид морь малдаа хайртай байж, түүний төлөө хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө гаргаж байж үр шимийг нь үзнэ шүү дээ. Тэжээлийн буруу гэж байхгүй. Харин энэ эрлийз адууг би сонирхдоггүй. Дээр үеэсээ л өвгөчүүл ямарваа нэгэн юм эрлийздэх юм бол хувьсах хүчин чадал нь буурдаг гэж ярьдаг даа. Эхний жилүүддээ сайн байж болох юм. Гэхдээ ирээдүйгээ харах гэж хичээх хэрэгтэй.
-Та чинь бас сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан байхаа?
-Тийм ээ, би Дархан сумын “Дархан ажнай” уяачдын холбоог үүсгэн байгуулж, 1997-2006 он хүртэл тэргүүнээр нь ажиллаж байлаа. Манай Дархан сум чинь эрдэмт уяач олонтой. Чойжингийн Цагааншар, Намхайн Хишигсүрэн, улсад соёолон айрагдуулсан Буяндаш гээд  л олон сайхан уяачид байлаа. Одоо ч цаг сайхан болж, залуус моринд их орж байна. Би тэдэнд хэлдэг юм. Тэвчээртэй, хатуужилтай, ажилсаг, хөдөлмөрч хүн л уяач болдог юм гэж. Үгүйдээ л өглөө эрт морио бариад ирж чадахгүй унтаад байвал морь нь сайн давхина гэж ховор л доо. Бас хүлээцтэй байх хэрэгтэй. Тэрнээс хор шараар морь хурдалдаггүй юм. Уяа эвлүүлж буй хүнд сэтгэлийн хор байж болохгүй.
-Таны хөвгүүд удам залган уяа эвлүүлж байна уу?
-Манайх зургаан хүүхэдтэй. Хоёр хүү, дөрвөн охинтой. Хөвгүүд маань моринд дуртай. Гэхдээ уяаны ажлыг одоохондоо би гардаж хийдэг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та урт насалж, удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна