Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Адуу гэдэг чинь түмэнтэй танилцуулсан буянтай амьтан

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 26 -нд

Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жигмэлийн Лхагва гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1954 онд Манхаадай хэмээх газар төржээ.
-Лхагва Алдартын нэрийг гаргасан хурдан хурц хүлгэдийн тухай яриагаа эхлэмээр байна?
-Хурдан тууртын хийморьт сүслэн, уяа сойлго тааруулаад олон жил болж байна. Унаачаас уяачийн гараагаа эхэлж байлаа. Гэхдээ тухайн үедээ толгой томтой гээд жоохон гологдох маягтай. /инээв/ Тэрэндээ ч юмуу муу унаач байсан л даа. Миний эцэг аймгийн Алдарт уяач хүн байсан бол харин манай өвөөгийн Дагвын мянгат шарга гэж нутаг орондоо яригдсан сайхан хүлэг байсан юм. Өвгөн тэр шарга адууныхаа ганц шарга гүүтэй Оросоос давж ирсэн гэдэг юм билээ. Энэ шарга гүүнээс манай хурд эхтэй юм. Ер нь сайн эцгийн буянаар надад ойр орчмын угшилтай адуунууд нэг их олон биш ч бий бий. Донир адуу, Хэлт шарга, Хүрлээгийн улааны Зогоо адуу, бас Өмнөдэлгэр, Мөрөнгийн адуунууд гээд л .
Миний найз Өмнөдэлгэрийн Хулгана гэж уг нь Мөрөнгийн хүн л дээ. Тэр надад нэг хээр адуу өгсөн юм. Энэ нь бас түүхтэй. Мань нөхөр буруу замаар явж хоригдож байсан хүн л дээ. Тэгээд Хулгана хээр гэж морь Сэрээтэрт наймаагаар дамжиж ирсэн байдаг юм. Үзүүр дээрээ ирээд буруу харчихдаг болохоор Буруу хардаг хээр нэртэй. Гэхдээ надад ирээд буруу харахаа больж, их ч хурдалсан. Дараа нь эзэнтэй нь танилцаж, хээр морийг нь буцааж өгөхөд надад нэг шүдлэн үрээ өгсөн нь бас л их хурдан байлаа. Хожмоо Догной хул гэж нэрд гарсан. Биерхүү том болохоор ийн нэрийдсэн хэрэг л дээ. Манай буриад талынхан Тогоруу маягийн адууг Догной гэж нэрлэдэг юм. Надад ирээд сумын баяр наадмаар соёолон, хавчиг азарга тус тус айрагдаж, долоотой түрүүллээ. Үргэлжлүүлээд 2001 онд улсын наадамд хул азаргаа, нэг үрээтэйгээ авч очоод мордууллаа. Тэгэхэд 800-гаад азарга мордож, миний хул 63-аар давхисан. Ингээд хотоос наашаа ирж яваад Төв аймагт болсон Шувуун саарал наадамд хул азаргаа мордуулж түрүүлгэн, шүдлэн үрээгээ зургаалуулж явлаа. Төв аймгийн хурдан буянгууд цугласан бас чансаатай наадам байсан л даа.
-Өнөө хээрийг буруу харахыг нь та яаж болиулсан бэ?
-Миний найз Мантаан гэж байлаа. Одоо бурхан болсон л доо. Нутаг орондоо нэртэй хүн байгаа юм. Тэгсэн нэг наадмаар өглөө давхиад ирдэг юм байна. Тэгээд “За хөгшөөн, хээр моринд чинь хийх доморхуу юм хүнээс сонслоо. Наадах чинь хөгшин гүүний унага юм гэсэн. Магнайг нь бөглөсөн халзтай хазаараар дом хийдэг гэнэ. Гурван сүлд адуу зурчих” гэлээ. Үнэхээр л тэгж домноод зүгээр болсон, сонин юм шүү. Манай өвөг дээдэс чинь ийм л лут улс байж. Тэгээд хээр морио хурдлуулаад ирэхийн үестээ Хулгана бид хоёр наймаа хийсэн юм. Наймаа ч гэхэд бас хэцүү л дээ. Адаргад хорихын адуу уяад ганц нэг айрагдуулж яваад танилцсан нь тэр.
-Эцэг өвгөдөөс ирсэн шарга гүүгээ хаанахын азарганд хураалгаж хурдан адуунуудтай болсон юм бэ?
-Энд нэг улаан азарга байсан гэсэн. Эцэг тал нь энэ нутгийн л адуу. Жигмэдийн улаан халзан гэж олон түрүүлчихсэн азарга. Нутгийнхны яриагаар багаасаа айрагдаж, хоёр аман хүзүүдсэн байдаг юм. Соёолонгоосоо хойш нутаг орондоо ноёлж, ойролцоох сумдын азарга ирээд бардаггүй, үзүүрээ харахаараа сүүл нь шарваж ирээд сайхан зөрөөд, давхичихдаг байсан гэдэг юм.
-Тэр азарганы төлүүдээр та наадаж байсан байх нь ээ?
-Би улаан халзангийн төл бор үрээг Чингисийн 800 жилээр авч явдаг юм. Үрээ ч мордох боллоо. Тэгэхэд даага, шүдлэн түрүүлгэсэн Лоолой Алтангэрэлийн хүрэн үрээ бас очсон байлаа. Шүдлэн ч эргэлээ. Тэгсэн Сүхбаатарынхан бөгс харахгүй л нэг үрээ алга байна гээд байх юм. Би үрээгээ харсан чинь 40, 50 орчимд нэлээн урагшаа маягтай явж байна. Тэгээд бөгс хараад эргээд ирсэн үрээ маань байдаггүй шүү. Би ч буруу харчихлаа гэж бодсон. Тэгсэн хажууд байсан улс “өвөөгийн бор үрээ нүүрэнд гарчихсан юм биш биз дээ” гээд дамшиглах маягтай. Нэг харсан хоёр үрээ тасарчихсан явна. Сайн ажвал Алтангэрэлийн хүрэн, миний бор хоёр байдаг байгаа. Би чинь морь гараад ирэхээр биеэ хураачихдаг сонин хүн. Дуу гарахаа байчихдаг юм. Тэгээд хэсэг чимээгүй байтал аргагүй гараад ирлээ дээ. Тэгэхээр “Миний үрээ байна” гэвэл нөгөөдүүл маань сүйд болоод ирлээ. Ингээд хоёулаа хол тасархай давхиж, миний бор үрээ үзүүр дээрээ дийлдээд аман хүзүүдэж, өнөөх нь түрүүлж байлаа. Тэр их хурдан адуу байсан л даа. Гэхдээ соёолон үрээ Батсайханд өгчихсөн юм. Даанч хөлгүй болгочихсон байна лээ. Адуу гэдэг чинь түмэнтэй танилцуулсан сайхан амьтан шүү дээ.
-Сэтгэл хөдлөлөө их нуудаг хүн байх нь ээ?
-Тийм гэж болно шүү. Залуу байхад хачин л явлаа. Ер нь залуу насанд аархана гэдэг асуудал гэж боддог юм. Бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг тэрхэн мөчид харж байгаа хүн чинь сэтгэл хөдлөлөө гаргалгүй ч яахав. Орилж тэмүүлэх зөв шиг байгаа юм.
-Аавын тань шаргын удмын адуунууд их тарсан уу?
-Шарга гүүний хамгийн бага үрээг Дадалд 1969 онд зарсан байдаг юм. Ганцог гэж хүн Чингисийн 800-гаар түрүүлгээд, баруун тийшээ зарагдсан халзан морь манай унаган адуу юм. Энд нэгэн түүх сонирхуулахад манай аавын аав нь хэдэн онд ч юм бэ дээ, мянган төгрөгөөр морь үнэлж авсан гэнэ. Энэ тухай манай садангийн залуу Монголын морийг анх үнэд хүргэсэн хүн гэж сонинд ярилцлага өгсөн байна лээ. Адуунд маш дуртай хүн байсан шиг байгаа юм. Энэ нутаг усныхан Дагва өвгөнөөс л асууж сурна. Намайг анх уяач болж байхад “эцгийн шийр хатаах хүн гарлаа” гэж их дэмжиж байлаа шүү дээ. Би ч хүүхэд байж дээ. Адууг таньдаг гярхай хөгшчүүлийн хажууд юугаа мэдэхэв, хөөрхий. Ийнхүү Дагва, Жигмэд, Лхагва нарын удмыг залган дөрөв дэх үеийн уяач болж хүү маань хурдан тууртын дэл сүүл боож байна. Ноднин сумынхаа оны шилдэг уяачаар шалгарсан. Шагнал авахыг бодоход уяаны дөртэй болж байгаа юм байна гэж баярлаад л сууна. Би чинь хоёр хүүтэй. Уг нь нэг эцэг эхээс л заяасан улс байгаа юм. Гэтэл сонирхол нь шал өөр. Нэг нь хүүхэд байхын л адуу малаар “өвчилсөн” нэг байлаа. Харин өнөөх нь үгүй шүү. Би ч албаддаггүй юм.
-Та одоо морь мал уяж байна уу?
-Миний үеийн юм байхаа больж байх шиг байна. Урьдын уяа, одооны уяа өдөр шөнө шиг ялгаатай болж. Бидний үед цагаан өвсөөр уяад таван адуу мордуулахад тавуулаа дараагаар ороод л ирдэг байлаа. Одоо арчилгаа маллагаа сайн болж.
Залуус ч хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулж чадаж байгааг хараад баярлаж суух юм. Моринд хайртай, сэтгэлтэй Биндэрийн залуучууд голох юмгүй сайн уяж байна. Сум орноос ч уяачдаа их дэмжих юм. Манай Засаг дарга бас морь малд хорхойтой нэгэн байдаг юм.
Одоо эрлийз адуугүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Минийхээр оросын үүлдрүүд их дажгүй санагдаад байгаа юм. Хуучин морин тойруулгын хэд одоо ч чансаатай л байна шүү дээ. Би нэг цэвэр орос азарга авчирч тавьсан, энэ жил төл нь гарна даа. Сэлэнгээс ирсэн адуу байгаа юм.
-Таны дээдчүүл уяаны ямар онцлогтой байв. Танд өвлөн үлдсэн уяаны ямар “жор” байна вэ?
-Манай дээдчүүл усан заслаар морио засдаг. Аав ч, өвөө ч тэр. Энэ нь тэдний онцлог гэх юм уу. Усаар засаад, мал ч түргэн засал авдаг юм. Гэхдээ засал авах морио мэдэрч хийхгүй бол морь болгонд хийж болдоггүй юм шиг байгаа юм. Намрын цагт ус зайрмагтаад ирэх үед морьдоо ус руу аваад явдаг байлаа. Одоо бодохнээ дотор эмгэгийг авч байгаа учиртай юм уу даа. Тэгээд намар усан засал хийсний дараа унаж эдэлдэггүй, гэдсийг нь амраагаад адуунд нь тавьчихна. Ер нь муу эдэлснээс усан засал хийсэн нь зөв гэж зөвлөдөг байлаа. Тэгээд өвөлдөө тэжээлд оруулчихаж байгаа юм. Усан засал чинь дааганд тун ч дориун зохиод байдаг эд. Ер нь исгэл дааганд их хэрэглэдэг л дээ. Исгэл даагыг зөв замд нь хөтөлж оруулах уяаны эхлэл нь байгаа юм. Яахав нэг бодлын энэ чинь ядруу амьтанд зориулсан арга гэх юм уу. Ардаа бол нөлөөлөх муу юмгүй. Адуу хэвтэнэ барина гэдэг асуудал байхгүй. Аавынхаа энэ аргаар би одоо ч исгэл даагыг усаар засдаг. Гэхдээ сүүтэй дааганд усан засал таардаггүй юм. Би Хулгана хээрээ усаар уядаг байлаа. Тэгэхэд Цэвээндорж Ширээтийн нэгдлийн 50 жилийн ойгоор ирээд, “чи энэ адуугаа уясан юм уу, ер нь давхиулаад хэрэг байна уу, тавьсан нь дээр” ухааны юм ярьж л байлаа.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмуудад явж байв уу?
-Өнгөрсөн жилийн бүсийн наадмуудад очиж барсангүй шив дээ. Амьд байгаа дээрээ улсад дахиад нэг очно доо гэж боддог юм. Гол нь хүү маань завдахгүй байгаад байна.
Одоо ч хааяагүй адуу сайхан болоод байна. Галшарын адуу ойрын хэдэн жил сэргэж эхэллээ. Баруун тийшээ Өвөрхангай, Архангай гээд бас их сайн давхиж байна. Цэнхэрээс зарагдсан адуунууд ч бас гайгүй давхиад л байгаа харагдана. Хэнтийн адуу одоо л эргэж гарах болов уу. Нэгэн үе Сүхбаатарынханд иртэй дийлдсэн үе бий л дээ.
-Ингэхэд та 90 жилээрээ хэрхэн наадав даа?
-Тааруу тааруу, гурван зургаатай. Нүхтэнэ гэдэг л тэр. Салхи буруу байна. Дуртай үед бол цуваад л айрагдаад байдаг байлаа. Үүний шалтгаан нь азарганы талын юм гэж боддог. Ийм үед засал хийлгэх ёстой байдаг юм. Минийхээр шуудаг гэж ном тун зүгээр санагддаг. Гол нь сайн унших хүн хэрэгтэй. Дутуу хүнээр уншуулчих юм бол муу талын юм яригддаг. Одоо ч уншдаг нь цөөхөн болж дээ. Дээр нь итгэл сэтгэл гэж бас бий. Би нэг хэсэг үнэхээр бардаггүй шүү. Морио орхиж чадахгүй юм болохоор үзээд л байдаг, үзээд л байдаг. Тэгсэн Мантаан гэж нөхөртэй аймаг дээр явж байгаад таарсан “энд сэтгэлээрээ засдаг хүн байна” гэж хэлээд очсон юм. Өнөө хүн “цагаан морь энэ жил айрагдах юм байна” гэсэн нь яг л хэлснээр нь болсон. Түүнээс хойш айраг тасраагүй л дээ.
Уяач гэдэг чинь айхтар хэл амтай ажил. Би чинь залуу байхдаа “дэггүй” нөхөр явлаа. Уул хадаар их хэснэ, ан гөрөө ч их хийнэ. Ер нь олон жил ан хийсэн хүн чинь нэг ёсны байгаль хамгаалагч болчихдог юм ш дээ. Дээхнэ зохион байгуулалттайгаар анд гардаг байлаа. Гэтэл одоо алга. Ямар сайндаа л бид чинь чоноо дийлэхээ байлаа. Хойшоогоо унага авахад ч тун хэцүү болох нь. Чонын үргээлэг сумаас зохион байгуулж явуулж байгаа ч хөвчийнх болохоор дийлдэхгүйн зовлон байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх таныг ивээх болтугай.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна