Сумын Алдарт уяач Д.Үемэтболд: Арга байхгүй манай хар азарга айрагдсан юм билээ
АХ-ын 76 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Эрдэнэ сумын хоёр азарга дараагаараа орж айрагдсан тухай уншигч та нэг бус удаа дуулж байсан байх. Гэхдээ албан ёсны цуваан дээр өөр байдаг. Өөрөөр хэлбэл айргийн дөрөвт Г.Даваасүрэнгийн сарт хонгор, айргийн тавд Тод манлай уяач Д.Даваахүүгийн уясан М.Зоригийн хүрэн азарга хурдалсан хэмээн бүртгэгдсэн байдаг билээ. Ийнхүү маргаантай байдгийн учир нь гурван азарга зэрэг зурхайд гишгэж, бариач буруу талд байсан М.Зоригийн хүрнийг барьж дунд нь байсан С.Дүйсээгийн хар айргаас хасагдсан байдаг. Ийнхүү төрийн наадамд айрагдсан амжилтаа тооцуулж чадаагүй хурдан хар азарга өмнө нь Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын уралдаанд түрүүлэн мотоциклиор шагнуулж дуулиан дэгдээж байсан билээ. Бид С.Дүйсээ агсны хүү сумын Алдарт уяач Д.Үемэтболдтой хурдан харуудынх нь тухай ярилцлаа.
-Дүйсээгийн хар азарга гээд нэг бус удаа дуулж байлаа. Ярилцлагаа хурдан харын эзэн, таны аавын талаар эхлэх нь зүйтэй байх?
-Миний аав Садвахас овогтой Дүйсээ 1942 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. 1969 онд Төв аймгийн Эрдэнэ суманд шилжиж ирээд Техник мэргэжлийн сургуульд мужааны багш, нэгдлийн жолооч зэрэг ажлыг хийж байгаад 1982 оноос хойш мал маллаж, морь уясан. Намайг зургаан настай байхад үхэр суурийн Болд гэж өвгөнөөс надад онги тамгатай хээр морь авч өгсөн юм. Хоёр жилийн дараа би найман настай нөгөө хээр морийг унаж улсын наадамд 44-т давхиулж байлаа.
-Тэр нь хэдэн он вэ?
-1983 онд. Тэр жил 600 гаруй морь мордож миний хээр 44-т давхиж байсан юм. Тэр цагаас хойш аав маань хурдан моринд илүү шимтэж, хоёр хар азаргаар сайхан наадсан даа.
-Хар азаргануудынхаа удам угшлыг танилцуулаач?
-Манай Эрдэнэ сумын Загдгаравын хар азарга гэж хурдан хар халзан азарга байлаа. Тэрний төл хар азаргыг аавд найз нь дааганд нь бэлэглэсэн. Манай улсад айрагддаг /зургаалсан/ хар азарга бол энэ хар азарганы төл. Хар азарга ММСУХ-г үүсгэн байгуулагч Пунцагбалжир агсны нэрэмжт хаврын анхны уралдаанд хавчигтаа түрүүлээд 1997 онд улсад очиж таваар давхиж айрагдаад хасагдсан.
-Зарим нь айрагдсан, зарим нь үгүй гэлцдэг. Яагаад амжилтыг нь тооцоогүй юм бэ?
-Тэр жил манайх зургаан насны морь уяад аав азарга, үрээ хоёроо аваад улсын наадамд, харин би бусдыг авч үлдээд суманд уралдуулсан. Аав манай хамаатны нэг дүүтэй цуг явсан юм. Түүнээс сонсоход гурван азарга зэрэгцэж орж ирэхэд манай хар голд нь байсан юм билээ. Тэгтэл морь бариач буруу талынх нь азаргыг хөтлөөд явчихсан гэдэг. Тэр зураг нь ч байдаг. Ингээд л Даваахүү Тод манлайн хүрэн азарга айрагдаж манай хар азарга зургаад баригдсан даа. Тэр жил манай сумын Даваасүрэнгийн хонгор дөрвөөр давхисан. Үнэн шударгаар барьсан бол манай сумын хоёр азарга дараагаараа орсон гэдэг юм. Би хожуу тэр бичлэгийг нь үзэж байсан. Арга байхгүй манай хар азарга айрагдсан юм билээ.
-Тухайн үед аав тань юу гэж байсан бэ?
-Манлай уяач Гэсэрваань агсантай цуг явсан. Өвгөн “миний хүүгийн азарга арга байхгүй айрагдсан. Яахав яахав хэрүүл хийгээд дэмий” гэсэн юм билээ. Тэгээд л аав настай хүний үгэнд ороод юм хэлээгүй гэдэг юм. Тэр үеийн уяачид ер нь хэрүүл маргаан гаргахыг цээрлэдэг байсан шүү дээ.
-Үрээ нь хэдээр давхисан гэдэг вэ?
-Багахан үрээ авч явсан нь 90-н хэдээр давхисан байна лээ.
-Ингэхэд эцэг хар азарга нь уягдаж байсан уу?
-Эцэг хар азарга нь манайд даага ирээд шүдлэнд нь сургаж, уясан. Ер нь уралдсан болгондоо түрүүлж, айрагдаж байсан шүү. Тэр үед медаль ховор байлаа. Миний мэдэхийн манай том хар азарга гурав түрүүлж, арав гаруй айрагдсан. Шүдлэндээ нэг их шалиагүй ээ, 12-оор давхисан. Туранхай ч байсан даа. Хязаалангаасаа эхлээд хавчиг болтлоо түрүүлж, долоотой гуравлаад, наймтай азарга гурав түрүүлж байсан юм. Тэр жил манай энд гурван наадам болоход гурвууланд нь түрүүлсэн. Пунцагбалжир агсны нэрэмжит уралдаанд бага харыг түрүүлэхэд том хар 11-т орж байсан. Мөн 1996 онд бага хартай хамт улсын наадамд очоод 40-н хэдээр давхиж байсан юм.
-Бага хар нь хэдээр давхисан бэ?
-30 гаргаж давхисан гэдэг юм.
-Мотоциклийн байтай хаврын тэр уралдаан нэлээд өтгөн болж байсан дуулддаг.
-Анхны хаврын томоохон уралдаан байсан учраас их өргөн цар хүрээтэй болсон. Тухайн үед мотоциклийн байтай уралдаан ер нь болж байгаагүй дээ. Тэр утгаараа дандаа улсын том цолтой уяачид ирчихсэн. Очирбат Ерөнхийлөгч хүртэл голио ногооноор ирчихсэн дагаж байсан юмдаг. Тэр том уралдаанд манайх хоёр хар азаргатайгаа очоод нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь 11-ээр давхиулаад бөөн дуулиан болж байлаа. Уралдааны өмнөх сунгаанд бага хар нь түрүүлж, том хар нь айрагдаж байсан юм.Тэгээд л дараа жил нь улсад зургаалаад, 1998 онд сумаа төлөөлж “Их хурд”-д уралдаанд урилгаар оролцож байлаа.
-“Их хурд”-д хэдээр давхисан юм бэ?
-27-оор давхисан.
-Том хар нь уралдсан уу?
-Яваагүй.
-Ингэхэд бага хар хэдий үеэс уягдсан юм бэ?
-Даагандаа Гэсэрваань Манлайн нэрэмжит 9 сарын 1-ний уралдаанд түрүүлж амжилтын гараагаа эхлээд энэ хавьдаа болсон уралдаан наадмаас айраг алдаагүй. Хавчигтаа л суманд зургаалсан байх. Бусдад нь цөм түрүүлж, айрагдсан. Бага хар 13,14 хүртлээ уралдсан. Сүүл рүүгээ хөлний асуудалтай болчихсон юм.
-Том харын төлүүдээс өөр хурдалсан нь аль нь вэ?
-Манай том хар охин голдуу төлтэй. Эр ховор гардаг байсан юм. Гэхдээ цөөн ч гэсэн сайн адуунууд гарсаан. Харин уяж л болдоггүй байсан юм.
-Яагаад?
-Хүний буруугаас эсвэл уяаны алдаанаас болоод эндчихдэг. Эсвэл чоно идчихдэг, үгүй бол хулгай аваад явчихдаг. Бага хар азаргыг чинь гэсэн 2003 онд хулгайд алдчихаад олоогүй ш дээ. Хурдан гэдгийг нь мэдсэн хүмүүс төлийг нь авах гээд авчихсан байх гэж боддог юм. Манайд дээр хэлсэн ганц хүрэн үрээ л үлдсэн. Манай харуудын төл ерөнхийдөө нимгэндүү, бяд муутайхан төрдөг. Тиймээс хязааланд нь сургаад соёолон намар нь сумынхаа уяачдын баярт уралдуулсан айрагдсан юм. Ганц гайгүй морьтой болох нь гэсэн наймтайд нь хулгайд алдчихсан. Манай энүүгээр ер нь хулгай их шүү. Хар азаргаа хулгайд алдчихаад худ Авилвай гээд сайн уяачийнхаа бор азарганд хэдэн гүүгээ тавьсан юм. Тэгсэн дараа хавар нь дөрвөн эр, нэг охин унага гараад. Нэг бор даагыг нь оройхон сургаад намар уралдуулсан хол түрүүлсэн. Тэгээд азарга тавиад одоо олон сайхан төл өгч байна.
-Ингэхэд бага харын чинь эх ямар гүү байсан юм бэ?
-Бага харын эх нь манай Эрдэнэ сумын сахал Батнасан гэж хүний адууны хүрэн гүү. Хүрэн гүүний эх нь их сайхан том бие хаатай одоогоор бол эрлийз гэж хэлэхээр бор гүү байсан.
-Дүүсэй гуай морь уяхдаа юуг илүүтэй эрхэмлэдэг байсан бэ? Аавынхаа уяаны арга барилаас хуваалцаач?
-Миний мэдэхийн аав хүн амьтнаас асууж зөвлөж байгаагүй.Өөрийнхөөрөө уядаг. Ер нь малч хүн байсан шүү. Өөрийн морь болчихлоо гээд сэтгэл ханахгүй, өрөөлийн адуу болохгүй байвал харамгүй хэлнэ. Маргааш уралдах гэж байхад “өнөө шөнө ийм ажил хийгээрэй” гээд хэлнэ. Түүнийг нь хийсэн хүний морь урагшилна уу гэхээс ухрахгүй. Би аавыгаа байгалиас заяасан мэдрэмжтэй уяач хүн байсан л гэж боддог. Амьд сэрүүн байхад нь сумын Алдарт уяач цол өгсөн. Дараа нь амжилтыг нь бичээд аймгийн Алдарт уяачид тодорхойлсон өгөөгүй. Болдоггүй юм байлгүй.
-Аавыгаа залгамжлан морь уяж байгаа хүн танаас өөр бий юу?
-Би дээрээ нэг ах, дөрвөн эгчтэй, доороо таван эмэгтэй дүүтэй. Ах маань сургууль соёлын мөр хөөгөөд мал ахуйгаа хөндийрчихсөн. Насаараа цэргийн байгууллагат ажилласан дэд хурандаа цолтой хүн бий. Одоо ч тэтгэвэрт гарчихсан л даа. Миний хувьд хүүхэд байхаасаа аавыгаа дагаад найр наадамд явдаг. Сургуульдаа хүртэл мориор явдаг. Ер нь адууныхаа дэргэдээс холдолгүй өдий хүрлээ дээ.
-Адуу амьд энергитэй ойртсоноо холдуулдаггүй гэдэг.
-Үнэн байх шүү. Моринд томдож хасагдчихаад уралдаад ирж байгаа морио харахаар сэтгэл гэгэлзэж нулимс цийлэгнээд зүрх дэлсдэг байсан шүү. Манайх хоёр охинтой, нэг бандитай. Бага охиноос бусад нь хурдан морь унасан. Хүү нэлээд томдсон хойноо ч гэсэн нагац өвөөгийнхөө морийг унадаг л байсан. Ер нь манайхан адуутай ойр шүү.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2008 онд. Намайг Авилвай гуайн борын төл бор азарга маань Алдарт уяач болгосон доо. Дааганаасаа эхлээд энэ хавиараа олон түрүүлж, айрагдсан адуу байгаа юм. Одоо үр төлүүд нь хурдалж байна.
-Наадам болгон сайхан. Гэхдээ илүүтэй нандин дурсамж үлдээсэн нь хэдэн оны ямар наадам бэ?
-Аавтайгаа хамт явсан наадам болгон сайхан даа. Тэдгээрээс онцолбол 1980-аад оны үеийн нэг наадам юмуу даа. Би тэгэхэд хурдан морь унадаг. Том хар маань уралддаг байсан үе. Тэр жил аав маань таван насны морь уячихсан. Тэгэхдээ бүр азарга, их нас давхар, соёолон, хязаалан, шүдлэн дан. Азарга уралдахад би том харыгаа унаад түрүүллээ. Манай том хар чинь айхтар догшин. Эмээлгүй мордох аргагүй. Уяагаа авч явчих гээд л дүүхэлздэг адуу. Ааваас өөр хүнийг ойртуулах ч үгүй. Уралдаж ирчихээд хөлсийг нь хусах гэхээр өшиглөж тонгочоод хүргэдэггүй ааштай адуу байсан. Аашныхаа хэрээр давхидаг. Ядарч, цуцдаггүй. Гараагаараа ирдэг. Тэр жил том хар азарга түрүүлээд, нөгөө нь зургаалсан. Их насанд нэг нь тавлаад, нөгөө нь ахиад зургаалж, соёолон гурав, хязаалан дөрөв, шүдлэн долоо билүү наймаар орж байлаа. Тэгэхэд аав маань уясан бүх морьд нь арав дотор давхилаа гээд ихэд баярлаж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Манай сумын наадам ч бас л чанга шүү дээ.
-Цуут хүрнүүдийн нутаг шүү дээ. Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна